2015/03/24

"Хайрлах урлаг" номын хураангүй (1р хэсэг)

  • Оршил

Германы сэтгэлзүйч, социологич, философич Эрих Фроммын бичсэн “Хайрлах урлаг” ном анхлан түмний хүртээл болсон нь тэртээх 1956 он байлаа. Номын агуулгыг товчхон эмхэтгэвэл, “The Art of Loving” гэж нэрлэсэнчлэн, энэ бол “Хайрлах арга технологийн” тухай бичсэн ном юм. Гэхдээ тэр нь, хаашаа болзоонд дагуулж яваад, юу яриад, ямар хэв маяг үзүүлбэл эсрэг хүйстэндээ таалагдах вэ мэтийн зүйл бичсэн “Дурлалын гарын авлага” биш юм.


Хэдий адилхан хайрлах арга технологи гээд, уг номонд гарах “арга технологи” бол бусад гарын авлага, заавар зөвлөгөөнөөс тэс ондоо гэхэд болно. Ерөөс номын дэлгүүрт ярайн эгнэх олонхи хайрын номууд “хүнд хайрлагдах арга техник” гэсэн сэдвээр бичигдсэн байдаг бол, энэ ном нь эсрэгээрээ “хүнийг хайрлах арга технологи” хэмээх сэдвийг цөмөө болгожээ. “Хайрлагдах”-аас илүүтэй “хайрлах” явдал нь хамаагүй чухал юм шүү, гэдгийг бичигч тэмдэглэсэн бий.
Мөн, хүний сэтгэлзүйд суурилан “Жинхэнэ хайр” гэж юу болох талаар дурьдаад өнгөрөх төдий бус, “Хайр хүнээс алсран одсон шалтгаан нь, өнөөгийн нийгмийн тогтолцоонд буй” гэсэн байр суурьнаас “хайр” ба “нийгэм” хоёрыг холбон авч үзэж, “хайр” гээчийн тухай ул суурьтай задлан шинжилж буй нь ч бас уг номны чухам онцлог билээ.
Энэ өнцгөөс харах юм бол, уг ном нь ердийн нэг “Хайрын онол” бус, нийгмийн төрх байдал болон хүний сэтгэлзүйгээс гараалан хайрын мөн чанарыг задлан шинжилсэн философийн ном, цаашлаад нийгмийн үзэл санааны ном гэж үзсэн ч болох биз ээ.
“Хайрлах урлаг” ном бичигдсэнээс хойш 60-аад жил өнгөрсөн хэдий ч, одоо уншсан ч агуулганд огтоос хуучирсан зүйл үгүй. Харин ч өнөө үед хүчирхийлэл, үл итгэлцэл, стресс депресс зэрэг нийгмийн шинжтэй олон том асуудал бий болж, биднээс хайр улам бүр алрсан одсоор буй мэт өнөөгийн Монголд харин ч “одоо л унших үнэ цэнэтэй ном” гэж санагдана. Тэгээд ч үүнтэй эн зэрэгцэх төстэй ном өнөөдөр хараахан Монголд алга л байна.
“Амьдрал хайр дээр тогтдог” гэж ярьвал магад өнөөгийн зарим хүмүүс “хуучин цагийн цэцэрхэл”, “агуулгагүй хоосон уриа”, “надад лав падгүй” гэх зэргээр үл тоомсорлож мэдэх юм. “Амьдралд хайраас чухал юм бас байнаа байна” гэж ам гарах хүн ч олон бий болов уу. Гэтэл аягүй бол чухам хайр байгаагийн ачаар л хүн төрөлхитөн өнөөдрийг хүртэл амьдран үргэлжилж ирсэн ч байж мэднэ. Өвчин, өлсгөлөн, ядуурал, хүчирхийлэл, дайн, байгалийн гамшиг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхал, хүйсийн тэгш бус харьцаа, бид бүхэнтэй нүүр тулах асуудлууд бүгд хайр үгүйгээр шийдэгдэх боломжгүй, үгүй ээ тэр ч бүү хэл шийдье ч гэж бодохгүй байсан бус уу?
Энэ номыг уншлаа гээд эсрэг хүйстэндээ од болчихгүй, хайр дурлалын баатар ч болохгүй. Гэвч уншихын өмнө ба хойно, таны доторхи хайрын тухай бодол төсөөлөл тань үндсээрээ өөрчлөгдсөн байх вий. Өнөөг хүртэл бид бүгдийн “хайр” гэж бодож байсан зүйлс үнэндээ хайр биш байж. Жинхэнэ “хайр” гэдэг туйлаас гүн гүнзгий гайхамшигтай зүйл байжээ, гэдгийг лавтайяа анзаарах болов уу гэж найдна.

1.  Хайр бол технологи юм

  • Өнөө цагийн хүмүүс хайрыг эндүү ойлгодог

Эрих Фроммын “Хайрлах урлаг” ном Америкт анх хэвлэгдсэн нь 1956 он байлаа. Хэвлэгдэн гарав уу үгүй юу BEST SELLER болж, түүнээс хойш 17 хэлээр орчуулагдан, 60 гаруй жилийн дараах өнөөдөр ч бас дэлхийн хүмүүст уншигдсаар байна. Гарчгийг нь хараад “хайрын талаарх гарын авлага юм байна” гэж андуураад авах хүн ч цөөнгүй байдаг бололтой (Үнэхээр ч Америкт анх зарагдаж эхлэхэд олон хүн сексийн гарын авлага гэж андуурсан гэдэг). Гэвч үнэндээ уг номонд хайрын тухай тодорхой арга техникууд гардаггүй. Өмнөтгөл үгэн дотроо ч доорхи анхааруулгыг бичсэн байдаг.

-     Хэрхэн хайрлах тухай хялбархан арга техник мэдэж авах хүлээлтээр энэ номыг уншиж буй хүмүүс лавтайяа урам хугарахаас зайлахгүй. Тийм хүлээлтээс тэс хөндлөнгөөр уг номны хэлэх гэсэн зүйл бол, хайр гэдэг бол тухайн хүний төлөвшлөөс үл хамааран хэн бүхэн хялбархан эзэмшчихдэг сэтгэлийн эмоц биш, гэсэн санаа юм.

Уг номыг хайр дурлалын гарын авлага маягийн зүйл биш болохыг ойлголоо гээд, “Хайр гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж чадахуйц сэтгэлийн эмоц биш юм” хэмээх гэнэтийн өчлийг магад олон хүн бүрэн хүлээж авахгүй ч байж мэднэ. Яагаад гэвэл, ихэнхи хүмүүс хайрын эмоцыг “бүх хүнд төрөлхөөс заяагдсан байдаг зүйл бөгөөд, хэн нэгэнд татагдан дурлаж хайранд унах нь хэний ч хувьд байх ёстой мэдээжийн явдал” гэж боддогтой нь холбоотой. Нэг ёсондоо, хайр дурлалын эмоцыг сэтгэлдээ тээх чадвар хэн бүхэнд байдаг учир хэн ч бусдыг хайрлаж чадна, тиймээс түүний тухай тусгайлан суралцах шаардлага байхгүй, гэж боддог учраас тэр юм.
Харин Фромм үүнийг тийм биш гэж өгүүлнэ. Хайр бол “бие гүйцэн төлөвшсөн насанд хүрсэн хүн” л мэдэрч чадах эд бөгөөд, жинхэнэ хайрыг амтлахын тулд хайр гэж ямархан зүйл болохыг гүнзгий суралцаж, хайрлахын төлөөх арга технологийг эзэмшсэн байх шаардлагатай юм, гэнэ. Тэгээд хайр хэмээх технологийг эзэмшихийн тулд, хайрын онолыг ойлгож, дасгал сургуулилтад шамдан мэрийх шаардлагатай.
“Хайр бол хэрэг болгож сургууль номноос суралцах ёстой эд бус, байгалийн жамаар мэдэрдэг зүйл юм” гэж бодох нь нийтлэг үзэл атал, яагаад Фромм эсрэгээр нь суралцах ёстой зүйл гэж тунгаасан юм бол? Тэр бол Фромм хайр алсарсаар буй өнөөгийн нийгмийн байдлаас аюулыг мэдрэх болсонтой нь шууд холбоотой. Уг ном бичигдэж байсан тухайн үеийн Америкт капиталист нийгэм нэгэнт ээдрээтэн данхайж, хүн гэдэг эдийн засгийг хөдөлгөх ердийн нэг эрэг шураг мэт оршихуй болоод байж. Тийм нийгэмд амьдран буй дундаа, хүмүүс хайрын мөн чанараас алсран төсөөрч, эндүү хайрыг “жинхэнэ хайр” гэж төөрөгдөх болж ирсэн, хэмээн Фроммд санагдсан гэдэг.
Энэ мэт “хайрын мөн чанар бүрэлзсэн нийгэм” айлчлан ирсэн нь огтоос Америкаар хязгаарлагдсангүй. Өнөөдрийн Монгол ч бас яг л тийм нөхцөлд байна гэж хэлэхэд дэгсдэл болохгүй биз. Сүүлийн үеийн Монголд “хүнтэй суугаагүй (буюу нөхөр олдохгүй) эмэгтэйчүүд олширсон”, “салалт элбэгшсэн” гэж яригдах болсон. Олонтаа дуулдах гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн харилцаан дахь элдэв үл ойлголцол, стресс депресс. Өнөөдрийн Монголыг харах ахул, нийгмээс хайр улам бүр алсран холдож буй мэт сэтгэгдэл төрнө. Фромм эдгээр асуудлуудын уг үндэс нь, өнөөгийн хүмүүс “хайрыг эндүү ойлгодог” болсноос үүдэлтэй гэж дүгнэсэн боловч, нээрээ л эргэн тойрноо болон өөрийгөө бас цэгнэн харвал, хайрыг буруу ойлгожээ гэмээр үйл хөдлөл олонтаа ажиглагдана. Тэгэхээр, юуны өмнө үндсэн асуудалдаа орохын урьд, Фроммын хэлэх “хайрын тухай эндүү ойлголт” гэж чухам юу болохыг өнөөгийн хүмүүсийн үйл хөдлөлтэй харьцуулан цэгнэе.

  • Хайранд эв дүйгүй залуус

Аз жаргалтай нь аргагүй ижилсэн алхах хосууд хотын гудмаар бялхах өнөөдрийн Монголыг харах төдийд, залуус чөлөөт хайрыг магтан дуулж буй мэт санагдана. Үнэхээр ч шинэ жил, валентиний баяраар гоё ганган ресторан, буудлууд хаа сайгүй битүү болдог юм гэсэн. Цаг үеэ дагаад эр эмийн харилцааны саад улам бүр багасч, хоорондоо танилцан үерхэх боломж ч огцом нэмэгдсээр байна. Энэ бол үнэн факт юм. Гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаа, хамтын амьдрал ч хэвийн явдал болж.
Гэвч бас сүүлийн үеийн залуус дунд хэдэн сар, эсвэл бүр хэдхэн 7 хоног үерхээд салах хосууд элбэг болсон нь ч бас үнэн факт юм. Тэд хамтрагчийнхаа үл ялиг таалагдахгүй зүйлээс болоод л салчихна. Зарим нь хамтрагчийнхаа гар утсанд танихгүй эсрэг хүйстний дуудлага ирсэн төдийд л “араар тавилаа” гэж сүрийг бадруулан хоёр тийшээ болно.
Ийм явдлыг жинхэнэ хайр гэж хэлэх үү? Зүгээр үерхлээ гээд тэнд оюун санааны гүнзгий холбоо үүсэх ч үгүй, тийм холбоо үүсгэхийг зорьж байгаа шинж ч ажиглагдахгүй. Ердөө л санаатай санаандгүй учирсан хоёр секс хийснийгээ “хайр” гэж эндүүрч буй мэт санагдана.
“Хайр гэдэг бол нэгэн төрлийн өвчин юм” гэх хуучны үг бий. Хайртай учирсан хүн яг л халуурдаг халдварт өвчин тусчихсан аятай түүнийхээ тухай бодохгүйгээр байж сууж чадахгүй болж, өөр юм хийх ч сөхөөгүй болдог. Гэвч нөгөөтэйгүүр хайрыг мэдэрсэнээр хайртынхаа тухай илүү гүнзгий мэдэхийг хүсэх болж, хайртдаа энэрэнгүй хандах сэтгэл төрдөг. Цаашлаад маргалдаж зөрчилдөн үрэлцэх дундаас, харилцан биесийнхээ үзэл бодлыг эргэцүүлж, бие хүн болон төлөвшин бойжино. “Анхны хайр хүний хүүхэд насыг үддэг” гэж ярьдаг шүү дээ. Ийм эерэг тал байдаг учраас л хайранд утга учир байдаг болов уу. Энэ өнцгөөс харвал, дургүй нь хүрэнгүүт л салаад дараагийн партнераа хайдаг өнөөгийн залуусын харилцаа гэдэг, хайранд хүрэхэд ахиад жоохон дутуу газар л ахин дахин хий дэмий эргэлдээд байгаа мэт хайран санагдана. Ийм байдлаар бол хүн ёсны төлөвшлийг тэднээс найдах аргагүй.
Мөн өнгөцхөн дурлалтай зууралдах залуусын хажуугаар, сүүлийн үед огт хайраас хол хөндий залуус ч бас ажиглагдах болж. Ихэнх тохиолдолд ямар нэгэн тэвчихийн аргагүй сэтгэлийн шарх амсаж, түүнээсээ болж депрессдэн, өөрийгөө аль болох нийгмээс тусгаарлан зожигрох нь элбэг. Тиймээс тэдгээр депрессэнд орсон хүмүүст хандан юу юугүй “алив, гарч зугаал” гэж уриалах санаа алга.
Гэвч нийгмээс тусгаарлагдсанаар алдах юм бишгүй олон байх нь гарцаагүй юм. Депрессийн бүх шалтгаан хайртай холбоотой гэж хэлэхгүй ч, өрөөндөө хоргон гадаад ертөнцөөс зайлсхийх үйлдэл хийснээр, тэр нь хүссэн хүсээгүй “хайраас татгалзаж” буй үр дүнд хүргэх болно. “Хайраас татгалзсан юм бишээ, хайрламаар байгаа ч чадахгүй байна” гэх хүн ч байж болох ч, эцсийн эцэст тэд ерөөсөө л өөрийгөө шархлуулахаас айж буй болов уу. Сэтгэлээ шархлуулан байж хайрлаж дурлахаар больсон нь дээр, хохирогч болсноос мөрөөрөө явъя, гэж бодоцгоож байгаа юм биш биз?
Сэтгэлээ шархлуулахаас айж байна гэдэг бол, эсрэгээр нь хэлбэл “Би л хамгийн нандин, би л хамгийн чухал” гэж буй хэрэг тул, энэ нь нэг төрлийн хувиа хичээх зан (нарциссизм) гэж хэлж болно. Нарициссизм нь хэт томрон урхагшвал эрүүл хайрыг тээх чадваргүй болно.
Өөр нэг хурц үзэгдэл гэвэл элдэв төрлийн хүчирхийлэл байна. Хүчирхийлэгчийн сэтгэлзүйд “бусдыг өөрийнхөө эрхшээлд байлгах” гэсэн далд хүсэл үйлчилж байдаг. Энэ ч бас “Би л хамгийн чухал” гэдэг талаараа нарциссистуудтай төстэй байж болох юм. Гэвч түүний уг үндэс нь нарциссистээс ялгаатай. Хүчирхийлэгчийн сэтгэлзүйг тайлах түлхүүр үг бол “Бусдад хүлээн зөвшөөрөгдөх” юм.
Хүн гэдэг амьтан, ямар нэг хэлбэрээр бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүйгээр амьд явж чадахгүйгээр бүтээгдсэн байдаг. Хэн нэгэнд хүлээнд зөвшөөрөгдөж, хэн нэгэнд хайрлагдаж байна гэсэн мэдрэмж үгүй бол БИ нь сүйрч орхино. Яагаад гэвэл энэхүү БИ гээч нь туйлын сул дорой бөгөөд, байдгаараа хичээнгүйлэн дэмжиж тойлж байхгүй л бол амархан эвдэрчихдэг эд юм. БИ гэдэг бол, энгийнээр хэлбэл зүгээр л “би” юм. “би” дотор, миний мэддэг би болон, бас миний мэддэггүй би гэж бий (дараа дахиж энэ тухай ярина). Үүн дотроос “миний мэддэг би” нь БИ (эго) юм. Миний бодон төсөөлж, таньж мэддэг тэр “би” гэсэн үг.
Хайрандаа буцалсандаа хүн алчихаад хойноос нь амиа егүүтгэсэн гэмт хэрэг мэр сэр дуулддаг ч, энэ бол чухамхүү хүлээн зөвшөөрөгдөж чадаагүйдээ БИ нь нуран унаж буйн жишээ.
БИ гэдгийг психоаналитикийн ухаанаар тайлбарлавал, төрөлхөөс хүнд суугдсан байдаг зүйл бус, хүн амьд явахын тулд хүчээр зохион бичсэн хийсвэр үлгэр (story) шиг эд гэдэг. Өөрөөр хэлбэл, хүн бид тус бүртээ өөрийнхөө тухай санаанаасаа үлгэр зохиогоод, тэр зохиол дотроо амьдарч явдаг гэсэн үг. Гэвч толгой дотроо санаанаасаа зохиосон үлгэр нь бодит амьдралтай тэр чигээрээ нийцнэ гэсэн баталгаа үгүй. Бодит ертөнц бидэнд нийцүүлэн өрнөж өгдөггүй юм. Тиймээс бид бүхэн шаналан байж, зовон байж мөнөөх үлгэртээ засвар оруулан цааш амьдрахад хүрнэ.
Харин тэгж үлгэртээ засвар өөрчлөлт хийх чадваргүй болсон хүмүүс бусдыг дарамталж, өс хонзон зангидаж, хүчирхийлэл үйлддэг. Зарим нь хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй тэр хор шараа тэс хөндлөнгийн хүнд (гэр бүл, үр хүүхэддээ) гаргах байдлаар дарна.
Энэ мэтчилэн өнөө үеийн хайр дурлалын хэв маягийг нягталж харахад, тэдний ихэнх нь “хайрлагдахыг хүсч байна” гэж бодохоос бус, бусдыг “хайрлаж”, бусдын сэтгэлийг ойлгож унших явдлыг огт орхидуулсан байх нь анзаарагдана.

  • “Хайрлагдах” бус “Хайрлах”

Фромм уг номоо бичсэн 1950-д оны үеийн Америкт, мөн л өнөөгийн Монголтой адилаар зөвхөн “Хайрлагдмаар байна” гэсэн хүсэлд хөтлөгдөн чамин хээнцэр хайртай хөөцөлдөх хүмүүс олширч эхэлж байв. Тэдгээр хүмүүсийг Фромм хараад “хайрыг эндүү ойлгож байна” гэж бодсон гэдэг. Дашрамд хэлэхэд, Фромм “Хайрлах урлаг” дотроо өнөөгийн хүмүүсийн олонхид ажиглагдах “хайрын талаарх эндүү ойлголтыг” гурав хувааж тайлбарласан байдаг. Хайрын мөн чанарыг мэдэхэд сургамж болох жишээ гэж бодох тул, энд тэдгээрийг нэг бүрчлэн нарийсган тайлбарлая.
Юун түрүүний эндүүрэл бол, ихэнх хүмүүс хайрын асуудлыг “хайрлах асуудал” бус “хайрлагдах асуудал” гэж ойлгодогт байдаг.

-     Ихэнх хүмүүс хайрын асуудлыг хайрлах асуудал, хайрлах чадварын асуудал гэж бус, хайрлагдах асуудал гэдэг талаас нь хардаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хувьд хамгийн чухал нь яавал хайрлагдах вэ, яавал хүнд хайрлагдах хүн болох вэ, гэдэг тухай юм.

Номын дэлгүүрүүдэд ярайх “Хайрын тухай ном (хайр дурлалын гарын авлага)”-уудыг харахад л, өнөөгийн хүмүүс хайрыг “хайрлах явдал” бус “хайрлагдах явдал” гэж төөрөлддөг болох нь мэдэгдэнэ. Ихэнх ном “Хэрхэн биеэ авч явж, ямар хэв загварыг өөртөө хэвшүүлбэл эсрэг хүйстэндээ хайрлагдах вэ?” гэдэг тухай л залхтал нуршдаг. Эсрэгээрээ “хэрхэн партнераа хайрлах вэ?” гэдэг талаар бичсэн ном яагаад ч юм огт байдаггүй. Тэгвэл “Хайрлах урлаг” номын гарчгаас ч харж байгаачлан, хайрын суурь нөхцөлд байх ёстой нь Фроммынхоор бол “хайрлагдах явдал” бус “хайрлах явдал” юм.
Өмнө ярьсан жишээнүүд болох “хайрлагдмаар байгаа ч сэтгэлээ сэвтүүлэхээс айж буй” хүмүүс болон, “бусдын хайрыг татаж чадаагүйдээ хүчирхийлэл хийх” хүмүүсийг харсан ч тэдний сэтгэл зөвхөн хайрлагдмаар байна гэсэн цор хүсэлд автсан буй нь эргэлзээгүй гэж санагдана.
Хоёр дахь эндүүрэл бол, хайрыг “хэрхэн хайрлах тухай” асуудал бус “хэнийг хайрлах тухай” асуудал гэж хардагт бий.

-     Хайранд суралцах зүйл гэж юу ч байхгүй гэсэн бодлын угт байдаг хоёр дахь шалтгаан, тэр бол хайрын асуудал гэдэг нь хэнийг хайрлах тухай асуудал бөгөөд хэрхэн хайрлах тухай чадварын асуудал биш, гэсэн бодон төөрөгдөлд бий. Хайрлах бол хялбархан, харин хайрламаар хүн, эсвэл хайрлагдмаар хүн олох л хэцүү. Хүмүүс яг л ингэж бодоцгоодог.

Үүнд чөлөөт хайр дурлалын цаг үе айлчлан ирсэн явдал томоор нөлөөлжээ. Хуучин цагт эцэг эхийнхээ сонгож өгсөн хүнтэй юу ч гэсэн гэрлэчихвэл, түүний хойноос хайр төрөн гардаг гэж үздэг байж. Гэрлэх өдөр хүртлээ огт царайг нь хараагүй байх нь огтоос ховор зүйл байсангүй. Тэр нь чөлөөт хайр дурлалын эринд шилжихэд, партнераа өөрөө хайхгүй бол болохгүйд хүрэв. Энэ өөрчлөлтөөс болж хүмүүсийн энерги хайрлах чадварт бус, хайртаа хайж олох явдалд илүүтэй зарцуулагдах болсон учиртай.
Гэвч асуудлын гол нь партнераа сонгох аргад байгаа юм. Капиталист эдийн засагт бүрэн эзэмдүүлэн амьдрах бид бүхэн хайртаа сонгох үедээ өөрийн мэдэлгүй зах зээлийн зарчмаар, өөрөөр хэлбэл “солилцооны зарчимд” тулгуурлах хандлагатай байдаг. Өөрийнхөө нийгмийн үнэлэмжийг таньсны үндсэн дээр, өөртөө тохирсон төвшин дотроос хамгийн “ашигтай барааг” хайх гэдэг. Анхнаасаа хямдхан чанаргүй бараа авахыг зорьдог хүн гэж үгүй шүү дээ. Ихэнх хүмүүс “хямдарсан бараа” л хайдаг. Нэг ёсондоо, ердийн үед бол үнэтэй бөгөөд авахын аргагүй барааг тохиолдлоор яармаг худалдаан дээр хямдхан зарж буйтай тааралдахыг хүсдэг гэсэн үг.
Бүх хүн тийм гэж ам гарахгүй ч, өсөж бойжсон гэр бүлийн орчин, сурсан сургууль, бэл бэнчин, гадаад үзэмж зэрэг нөхцөлүүдээр шалгаруулж партнераа хайдаг болцгоосон. Гэтэл хүн гэдэг чинь бараа биш шүү дээ. Өөртөө ашигтай ашиггүйгээр партнераа сонгоно гэдэг үнэхээр хайр байж чадах уу? Ийн Фромм эргэлзсэн гэдэг.
Гурав дахь эндүүрэл нь, хайр гэдэг бол өөрийн хүсэл зоригоос үл шалтгаалан өөрөө “унаад ирдэг зүйл” гэж олон хүн бодон төөрөгддөгт бий гэнэ.

-     Гурав дахь эндүүрэл бол, “хайранд унах” хэмээх анхны мэдрэмжийг, хайрлаж байна, эсвэл бүр тодорхой илэрхийлэх юм бол “хайранд саатан байна” гэх тогтвортой үргэлжлэх төлөвтэй хольж хутгадагт бий юм.

Англи хэлэнд “fall in love” гэх илэрхийлэл байдаг. Бид ч бас “хайранд уначихлаа” гэж ярьж төсөөлөх нь бий. Магадгүй “хайранд унах” гэдэг тэр мэдрэмж дэлхийн хаана ч нийтлэг байж мэдэх юм.
Анхны харцаар танилцсан хоёр гэнэт ойртон дотносох тэр агшин, үнэхээр л ид шидийн гэмээр хүч үйлчлэн “хайранд уначихсан” мэт болдог нь бодит үнэн. Ялангуяа бэлгийн харьцаанаас эхэлсэн хайранд ийм агшин зуурын гэгэлзэл томоор нөлөөлж байдаг. Гэсэн ч, энэ ч бас жинхэнэ хайр биш гэж Фромм хэлнэ. Эгшин зуур оволзон ассан хайр эхэндээ хоёр биедээ автан татагдах боловч, яваандаа тэр хөөрлөөсөө сэрж орхино. Үнэндээ бол тогтвортойгоор “саатан буй” төлөв л жинхэнэ хайр юм гэнэ.
Энэ бол, танилцаад тэр дороо “секс” хүртэл өргөжиж, түүнийгээ “хайр” гэж үнэмших хүмүүст ч тэр чигээрээ хамаатай юм. Фромм иймэрхүү хайрыг “төдийг хүртэл хэр зэрэг ганцаардаж байснаа илэрхийлж буйгаас хэтрэхгүй” хэмээн шүүмжилсэн байдаг.
Эдгээр нь Фроммын хэлэх өнөөгийн хүмүүс төөрөгдөх нь элбэг “хайрын талаархи 3 эндүүрэл” юм. Гэтэл эргэцүүлэн бодож үзвэл, эдгээр нь үнэхээр эндүүрэл юм бол бидний дийлэнх олонхын “хайр” гэж итгэж байсан тэр зүйл бараг бүгдээрээ эндүүрэл болж таарахад хүрнэ. Эсрэг хүйстэндээ хүлээн зөвшөөрөгдөхүйцээр гадаад болон дотоод төрхөө тойлж, өөртөө тохирсон партнерийг хайж, харилцан дотносож биеийн харьцаанд орох. Энийг жинхэнэ хайр биш юм гэвэл тэгээд юуг хайр гэж нэрлэх вэ?
Фроммын тунгаах “Хайр гэж юу вэ?”-г дараагийн бүлэгт нарийвчлан өгүүлэх боловч, түүний өмнө, Фромм чухам яагаад төдийг хүртэл бараг хэн ч анхаарлаа хандуулаагүй “хайрын мөн чанар”-т сонирхол нь төвлөрч гүнзгий бясалгах болсон юм бол? Үүнийг төрж өссөн цаг үеийн дэвсгэртэй нь харьцуулан тунгааж үзье.

  • Дэлхийн төгсгөлийг хараад үнэлэмжийн хэмжүүр өөрчлөгдөв

Эрих Фромм нь 1900 онд Германы Франкфурт хотод Еврей гэр бүлийн ганц хүү болон төржээ. Үе үеийн раввин (еврейн шашин дахь шашны удирдагч, хуульч) удамтай бөгөөд, өндөр өвөө болон өвөө нар нь алдартай раввин байж. Аав нь бас раввин болох хүсэлтэй байсан боловч тэр нь биелэлгүй, амьдрахын эрхээр виноны дэлгүүр ажиллуулдаг байв. Фромм өвөөгийнхөө нөлөөгөөр бага наснаасаа Талмуд судлалд (Еврейн шашин судлагч) татагдах болж, 13 наснаасаа раввины удирдлага дор Талмуд судлаач болохоор хичээнгүйлэн суралцаж эхэлсэн гэдэг.
Яг тэр үед (1914 он) Дэлхийн нэгдүгээр дайн дэгдэнэ. Энэ дайн тухайн үеийн Герман хүмүүсийн хувьд цочир үйл явдал байлаа. Төдийг хүртэл Европод газар нутгийн маргаан тойрсон дайн тулаан тогтмол өрнөдөг байсан ч, тэдгээрээс дэлхийн нэгдүгээр дайн нь эрс ялгаатай байсан юм. Өмнөх дайнууд бол гол төлөв бүс нутгийн шинжтэй байсан ба энгийн иргэдийг хохироох явдал бараг гардаггүй байсан бол, уг дайн нүд ирмэхийн зуур Европын бүх газрыг нөмөрч, цэргүүд төдийгүй энгийн ардыг ч татан оруулсан бүх хүний дайн болон өргөжих нь тэр.
Дэлхийн нэгдүгээр дайнаар Европын хуучны сайхан уламжлалт соёл сууриараа ганхаж, хүмүүсийн итгэж биширч байсан бүхэн бүгд их дуу гарган эвдрэн сүйдэж байлаа. Тэр нь тухайн үеийн хүмүүсийн хувьд иргэншлийн төгсгөл, магадгүй бүр дэлхийн төгсгөл гэж хэлсэн ч болохуйц үйл явдал байсан биз. Арваадхан настай байсан Фроммын хувьд энэ дайн төдийг хүртлэх үнэлэмжийн хэмжүүрийг нь хөмрүүлэхүйц том утга учрыг агуулж байсан бололтой байдаг. Энэ цагийн сэтгэгдэлээ тэрээр хожим нь ингэж өгүүлсэн нь бий.

-     1918 онд дайн дуусах үед, аль хэдийн идэр залуу болоод байсан би маш ихээр санааширч, яагаад ийм дайн болов гэх эргэлзээ, өөрөөр хэлбэл хүний бүлгийн үйл хөдлөл дэхь иррациональ шинжийг ойлгохсон гэх хүсэл болон, энх тайван хийгээд олон улсын харилцан ойлголцлыг хүсэмжлэх халуун хүсэлд тачиадан автаж байлаа. Мөн тэрчлэн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн идеологи болон албан ёсны тунхаглал мэтийн зүйлд туйлаас сэжиглэнгүй хандах болж, “бүхий л зүйлсэд эргэлзэхгүй бол болохгүй” гэсэн бат итгэлээр дүүрээд байлаа.

Дэлхийн нэгдүгээр дайн дуусгавар болсон тэр жил Фромм Франкфуртын их сургуулийн хуулийн ангид суралцаж байсан боловч, “хуулинд миний хүсэх мэдлэг алга” хэмээн тооцож, 1-р курсээсээ сургуулиа орхив. Түүний хойно Хайдэлбэргийн их сургуульд нийгмийн ухаан, сэтгэл судлал, философид суралцаж эхэлнэ. Магад түүний дайныг биеэр туулсан туршлага нь, илүү өргөн хүрээнд нийгмийн төрх хийгээд хүний үйл хөдлөлийг судлах сонирхол тийш хөтөлсөн болов уу.
Түүний хойно, их сургуульд төрөл бүрийн салбарын ухаанаас суралцахын хажуугаар, Еврейчүүдийн элдэв үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдах болж, олон мэдлэгт хүмүүстэй харилцаагаа зузаатгаж байв. Тэдэн дотроос Фрейдийн психоаналитиктай учирсанаар хүний сэтгэлзүйг гүнзгий сонирхох болж, явсаар психоаналитикийн судалгааг шаргуу оролдох болно.
Фрейдийн тухай төдийлөн мэдэхгүй хүмүүст зориулж, энд түүний онолын талаар бяцхан тайлбар хийе.
Хүний оюуны функцийг “доод би”, “БИ”, “дээд би” гэж 3 хувааж үзэх нь Фрейдийн онолын суурь юм. “Доод би” гэдэг бол Герман хэлний “es” буюу “тэр” гэсэн утгатай үгийн буулгалт. “Тэр” гэдэг бол ердийн үед тухайн хүнээс гадна байдаг зүйл шүү дээ. Тэрхүү гадны “тэр” нь өөрийн дотор байна гэсэн санаа нь психоаналитикийн өвөрмөц тал юм. Тэгвэл тэр “доод би” гэж юу юм гэхээр, бэлгийн дур тачаал төвтэй ухамсараас доошхи хүний хүсэл тачаалыг (төрөлхийн шинжтэй энерги) хэлнэ. “БИ” гэдэг бол би бөгөөд, “доод би”-ийн хүсэл тачаалыг гадаад ертөнцөд нийцүүлэхээр зохьцуулж байдаг ухамсарыг хэлж буй. “Дээд би” бол “БИ”-ийн нэг хэсэг ч мөн ба, эцэг эхийн боловсрол, хүмүүжлээр бүтээгдэн бий болсон нийгмийн норм (хэм хэмжээ) буюу цэвэр сэтгэлийг зааж буй юм. Ямар нэгэн буруу зүйл хийх үед цэвэр сэтгэлийн хөндүүрийг мэдэрдэг шүү дээ. Тэр цэвэр сэтгэлийг зааж буй хэрэг. Энэ гурван оюуны функцийн өгөө авааны үр дүн л хүний үйл хөдлөлийг бүтээн хэлбэржүүлж байдаг, гэх нь психоаналитикийн үндэс юм.
Психоаналитик болон психологи (сэтгэл судлал) нь нэг зүйл биш боловч, энд психологийн нэг салбар нь психоаналитик гээд ойлгочиход болох болов уу.
Фромм, хүний үйл хөдлөлийн зарчмын үндэс болох “сэтгэл”-ийг сонирхох болсон нь, дэлхийн нэгдүгээр дайнаас улбаатай нь маргаангүй боловч, бага насанд нь тохиолдсон танил охиных нь үхэл бас түүнийг психоаналитикийн зам руу чиглүүлэх шалтгаан болсон гэдэг. Фроммыг 12 настай байх үед, тэр охин хамгаас хайрт аав нь өвчнөөр өөд болоход хойноос нь дагаад амиа хорлосон гэнэ. Яагаад, ийм залуухан авьяас билиг цогцолсон гэрэлт ирээдүйтэй охин, аавыгаа үхсэний төлөө амиа хорлох ёстой байсан юм бол? Балчир Фроммд үүний шалтгаан яагаад ч ухаж үл ойлгогдох учир битүүлэг санагдсан гэдэг. Эндээс тээж үлдсэн эргэлзээ хожим нь түүнийг хүний сэтгэлзүйг тухайлан сонирхох зам тийш хөтөлжээ гэлцдэг.
Психоаналитик болон психологиор туйлшрах болсон Фромм, 30 насандаа Франкфуртын нийгмийн судалгааны төвд нийгмийн сэтгэлзүй судлалын факультетийн даргаар томилогдох боловч, тэр үеийн Германы дотоодод нэг л жигтэй уур амьсгал хөвөлзөж эхлээд байлаа. Национализмыг магтан дуулах Гитлер аажмаар хүч түрж эхэлж байв. Нацизмын үндэс бол эрх мэдлээр ард олныг хатуу нэгтгэж, национализмд суурилсан хүчирхэг төрийг бүтээх үзэл санаа юм. Либерализм, ардчилал, парламентат засаглалыг үгүйсгээд зогсохгүй, тэд евгеник үзэл санаанд тулгуурлан Еврей үндэстэний эсрэг дарамт шахалтаа чангаруулж ирэв.
Эцэстээ 1933 онд Нацистууд засгийн эрхийг авч, Герман улс дотооддоо фашизмын ганц өнгөөр будагдах нь тэр. Фроммын харьяалагдаж байсан Франкфуртын нийгмийн судалгааны төв төрийн хувьд эсэргүү байгууллага гэгдэх болсон тул, 1934 онд судалгааны төвийн гишүүд Америк руу дүрвэхээр болов.
Фромм бусдаас түрүүнд Чикагогийн Психоаналитикийн судалгааны төвд уригдан Америкийг зорьсон тул, түүний хойно өрнөсөн нацистуудын еврейн эсрэг галзуурал мэт дарамт, хоморголон утсгалыг биеэр үзэлгүй тойруулж чадсан ч, Германы ард түмэн эрх чөлөөг орхиж фашизм тийш ханаран нурах аюулт нөхцөл байдлыг бие сэтгэлээрээ мэдэрч байсан нь лав биз.
Фашизмыг мэдэрсэн Фромм урьд өмнөхөөсөө ч илүүтэй “Яагаад дайн болдог юм бэ? Яагаад хүмүүс иррациональ үйлдэл рүү зүглэдэг юм бэ?” хэмээх хүний мөн чанар хийгээд нийгмийн хамаарлыг улам гүнзгий тунгаах болно. Түүнээ дагаад сонирхол нь Фрейдийн онолоос Марксын үзэл санаа тийш аажмаар шилжив. Маркс гэдэг нь “Капитал”-ыг бичсэн мөнөөх алдарт эдийн засагч. “Сэтгэлзүй төдийхөн судалсанаар нийгмийг өөрчлөх найдвар алга. Нийгмийн системийн төрх байдлыг эргэн харж, тэндээс хүний үйл хөдлөлийн зарчмыг хайх шаардлагатай юм байна” гэж Фромм үзэх болжээ.
Дашрамд хэлэхэд, Фрейдийн үзүүлсэн “Доод би”, “БИ”, “Дээд би”-ийн санаа нь, хувь хүн болон нийгэм нь харилцан параллел бөгөөд, тэр чигээр нь “ард түмэн”, “засгийн газар”, “төр” гэсэн нийгмийн бүтэцтэй харгалзуулан авч үзэж болох учиртай байсан боловч, тухайн үеийн мэдлэгийн салбарын ертөнцөд Фрейдийн онолыг ердөө л хувь хүний асуудлыг шийдэх зориулалттай эд гэж үзэхээс хараахан хэтэрч чадаагүй байсан бололтой.
Тэр үеийн Америкт, хүний үйл хөдлөлийг Фрейд шиг биологийн байр суурьнаас авч үзэх төдийгүй, үйл хөдлөлийн шалтгааныг нийгмийн систем дотроос эрж хайх урсгал ч өргөн дэлгэрээд байж. Тэд “Шинэ Фрейд урсгал”, “Фрейдийн зүүнтэнүүд” гэгдэж байсан ба, Фромм ч тэдний нэг байлаа.

  • Фашизм гарч ирсэн ба хүнд хандах эргэлзээ

Дэлхийн хоёрдугаар дайн ид өрнөх 1941 онд, Фромм анхны ном болох “Эрх чөлөөнөөс дайжихуй” номоо хэвлүүлэв. Энэ ном нь, фашизм Германд гарч ирсэн шалтгааныг нийгэм судлалын болон сэтгэлзүй судлалын өнцгөөс тайлбарласан онолын ном хэмээгдэн өндөр үнэлгээ авч, Фромм нийгмийн үзэл санааны сэтгэгч, психоаналитикч гэгдэн ганц амьсгаагаар олны анхааралд орж явчив. “Хайрлах урлаг” номтой ч гүнзгий холбоотой агуулга учир, Фромм уг номоороо ил болгосон “Фашизм төрөн гарсан процессийн” талаар зухас тайлбарлаад орхиё.
“Хүн ганцаардлаас хамгийн их айдаг” гэх нь бүхний суурь нөхцөл болно. Ганцаардлыг үл тэвчих хэрнээ, хажуугаар нь бас эрх чөлөөг ч хүсэмжилнэ. Үүний улмаар зайлшгүйгээр хүмүүс эрх чөлөө тийш зүглэн урагшлах боловч, адармаатай нь гэвэл эрх чөлөөтэй болох тусам хувь хүмүүс тус тусдаа салангид амьдрахад хүрч, явсаар ганцаардалд шаналах болно. Тийм болмогц, энэ удаад ганцаардлаас зугатахын тулд хүмүүс эрх чөлөөнөөс сайн дураараа татгалзаж, аварга том эрх мэдэлд биеэ тушаах хандлага тийш зүглэн одно. Өөрөөр хэлбэл ганцаардлаас аврагдахын тулд эрх чөлөөгөө наймаалцах сэтгэлзүй төрөн гарсан нь фашизм юм, хэмээх нь Фроммын тунгаасан онол юм.
Энэ ном бол “Хайрлах урлаг”-тай зэрэгцээд Фроммын үзэл санааг илэрхийлэх алдарт бүтээл гэгддэг ба, тэгж үнэлэгдэх болсны учир нь, фашизмд хүмүүс хошуурах болсон цаад шалтгааныг нацистуудаас хайх бус, хүний үйл хөдлөлийн зарчим дотроос хайхыг оролдсон явдалд бий болов уу гэж санагдана. “Яагаад Гитлер шиг дарангуйлагч төрж, фашист төр гарч ирэв ээ?” хэмээх асуултыг ахиулан ухаад байвал, эцсийн эцэст ард түмэн л өөрсдөө хүсэж бий болгожээ гэсэн тэр бодит фактад тулж очих учиртай. Өөрөөр хэлбэл тэнд бичигдсэн зүйл бол, өнөөдрийг амьдрах бид бүхний ч тээн буй нийтлэг сэтгэлийн асуудал байсан юм.
1947 онд хэвлэгдсэн бас нэгэн Фроммын дээж бүтээл болох “Өөрийнхөө төлөө хүн: Этикийн сэтгэлзүйгээс авах лавлагаа” ч бас өмнөхтэй адилаар эрх чөлөөний сэдвээр бичсэн ном юм. Уг номд Фромм, хүн эрх чөлөөтэй амьдрахын тулд бүтээлч зан чанараа зүлгэн тордох явдал чухал бөгөөд, түүний төлөө зөв хайр болон мөн чанарыг олж таних ухаанаа хурцалж, ганцаардлаас үл айсан төрхтэй байх шаардлагатай, хэмээн өөрийн онолоо хүнлиг үзэл тийш улам өргөжүүлэн хөгжүүлсэн байдаг.
Ингээд 1956 онд хэвлэгдсэн нь “Хайрлах урлаг” ном юм. Эх нэр нь “The Art of Loving”. Art гэдэгт “урлаг” гэсэн утга ч бас бий боловч, энд хэлэгдэх art бол “арга технологи” гэсэн утгаар хэрэглэгдэж буй. Шууд орчуулбал “Хайрлах арга технологи” болно. Гарчгаас нь харж буйчлан, уг номд хайрын арга технологийг онолдож байгаа ч, эхэнд өгүүлсэний дагуу техникийн онол бичсэн ном биш юм.
Хайрын сэдэв боловч, үнэндээ “Эрх чөлөөнөөс дайжихуй”, “Өөрийнхөө төлөө хүн: Этикийн сэтгэлзүйгээс авах лавлагаа” дээрх онолоо улам ахиулан хөгжүүлсэн нийгмийн үзэл санааны, философийн ном гэж дүгнэсэн ч болох талтай. Нийгмийг өөрчлөхийн тулд төрийн бүтэц тогтолцоо болон улс төрийн асуудалд анхаарлаа хандуулах нь мэдээж чухал боловч, үнэндээ нийгмээс хайр улам бүр алсран холдсоор буй явдал л чухам хамгийн том асуудал бус уу? Энд л уг номны гол утга санаа оршино.
Хайр гэдэг хэлбэр төрхгүй, үнэн бодитоор нь мэдэх аргагүй зүйл гэдэг нь маргаангүй. Гэвч хүний нийгмийг нөхцөлдүүлж буй хамгийн том фактор бөгөөд, өргөн утгаараа хайр хүмүүсийг, мөнхүү дэлхий ертөнцийг ч холбож буй нь эргэлзээгүй юм. Еврей хүн болж энэ хорвоод ирээд, хоёр ч том дайныг биеэр туулах дундаа хүний оюун бодол болон нийгмийн төрх байдалд анхаарлаа хандуулж, бүхий л зүйлд “яагаад?” хэмээн эргэлзэж ирсэн Фромм эцсийн бүлэгт тулж очсон нь “хайрын асуудал” байсан учиртай билээ.

Үргэлжлэл - "Хайрлах урлаг" номын хураангүй (2р хэсэг)

15 comments:

Dora.D said...

勉強になりました。

Bayasum said...

зүгээр л сүпэррр.. блогий чинь унших бүрдээ л талархаж ханахгүйм..
Ном нь хурдхан орчуулагдаж гараасай билээ..

Bayasum said...

Блогоос чинь Будда - н сургаалийн талаар уншихсан гэсэн хүлээлт бас байдгийн.. :)

ТОМё БОДё said...

Баярлалаа. Хэн нэг нь орчуулж дууссан юм гэсэн. Удахгүй гарах биз.

Анандгэрэл said...

Маш их таалагдлаа. Өнөө үед их л хэрэгтэй ном байна даа. Сайхан бичлэг оруулж байдагт талархаж байнаа :-))

тулга said...

Hen neg n bhdaa yadiin :\

Anonymous said...

Medeelel neelttei bolson mortloo, heregtei hereggui medeeleld buluulsaar bgaad, ene blog deerh shig aguulgatai zuilsiig ter bur olj unshij chaddagui yum bn. tsaashdaa tasralttui urgeljluulne gej naidaj baina. bainga shine bichleg huleej baidag shuu. Bas iluu olon hund iimerhuu jintei aguulgatai medeelluud hureesei. Bayrllaa.

Bayasum said...

https://www.internom.mn/%D0%BD%D0%BE%D0%BC/%D1%85%D0%B0%D0%B9%D1%80%D0%BB%D0%B0%D1%85-%D1%83%D1%80%D0%BB%D0%B0%D0%B3/#.VSUoR_mUfp4

Энэ мөн үү?

Unknown said...

бичихдээ уран дүрслэл, утга зохиол шиг хийсвэр хэрнээ маш ойлгомжтой бичдэг юм байна. бичих авьяас гэж байдаг бол танд байна шүү. харин хэт өөрийн үгээр тайлбарлаж байгаад үндсэн санаанаасаа гажчихвийдээ...

Anonymous said...

сайхан бичдэг. их талархдаг.

ТОМё БОДё said...

Баярлалаа. Хааяа ч тэгдэг тал бий.

ТОМё БОДё said...

мөн

ТОМё БОДё said...

Хэзээ нэгэн цагт заавал оруулна аа.

ТОМё БОДё said...

Би бишээ л гэсэн юм.

Unknown said...

Маш их таалагдлаа

Post a Comment