2014/06/03

Философийн түүх (9-р хэсэг)

өмнөх - Харьцангуй үзлийн эхлэл (МЭӨ 450-д он)
  • Протагор ба Горгиас (МЭӨ 450 оны үед)
МЭӨ 450 оны үед философийн түүхэнд Харьцангуй үзэл гарч ирэв.

Тэгтэл.
Тухайн цаг үеийн Грекийн ардчилсан тогтолцоот нийгэмд эд баялаг хийгээд нэр алдарт хүрэхийн тулд олон түмний өмнө уран яруу илтгэдэг амны фигур чухал байсан тул, язгууртан, баячууд хуйгаараа сайн багшийн (софист буюу эрдэмт хүн) дор шавалддаг байж. Ийм шалтгаанаар тухайн үед софист гэдэг бизнес мундаг ашиг олдог байв.

Тэдэн дундаа нэн ялангуяа Протагор гэх софист овойж оцойтлоо баяжсан гэдэг. Ганц удаагийн хичээлийн төлбөр нь 2 хороо цэрэг авахад хүрэлцдэг байсан гэх нь бий.
Тэрхүү Протагор
-  Хүн бол бүх юмсын хэмжүүр юм
гэх үгээрээ алдартай.

Юу гэвэл
-           Нэг хүн усанд гараа дүрж үзээд “хүйтэн” гэж мэдэрлээ гэхэд, өөр хэн нэг нь гараа дүрж үзээд “бүлээн” гэж мэдэрч ч болох юм. Тиймээс “ус хүйтэн байна”, “ус бүлээн байна” гэх зэрэг бол, тухайн хүмүүс өөрийн хувийн хэмжүүрээр шийдэж тогтоодог зүйл юм
гэсэн энгийн хялбар яриа юм.

Тиймээс, “хүйтэн”, “бүлээн” гэдэг бол тухайн хүн бүрийн хэмжүүрээс хамааран харилцан өөр байдаг болохоор, абсолют туйлын үнэн байдлаар “энэ ус хүйтэн” ч юм уу “энэ ус бүлээн” гэж хэлэх ямар ч боломжгүй, гэсэн дүгнэлт мөрдөн гарна.

Тэгээд, үүнийхээ дагуу гүнзгийрүүлэн бясалгавал, “сайн ба муу” болон “ариун ба бузар”-ийн тухайд ч адилхан дүгнэлт хэлж болно.

Аль нэг газар “сайн” гэгдэх үйл, өөр нэг газар “муу” гэгдэх явдал ч бий.
Тиймээс хэн нэг нь “энэ бол сайн зүйл”, “энэ бол муу зүйл” гэж хэллээ ч, тэр нь зөвхөн тэр хүний л хувийн хэмжүүрээс гарсан хоосон мэдэмхийрэл төдий бөгөөд, эцсийн эцэст,
-     Энэ ус хүйтэн байна
гэдэг абсолют үнэн гэж байхгүйн адилаар
-          “Энэ бол сайн зүйл”, “Энэ бол муу зүйл” гэх абсолют хөдлөшгүй үнэн гэж хаа ч үгүй юм.

Тиймээс “Хүн алах бол гарцаагүй муу зүйл” гэх мэтийн үнэн ч бас оршин байх боломжгүй. Тийм биз? Нэгэнтээ л “юу муу вэ?” гэдэг чинь хүн тус бүрийн “хувийн хэмжүүрээс” л хамаарна шүү дээ.

Эндээс Протагор
-          Объектив хөдлөшгүй үнэн гэж хаа ч үгүй. Үнэн гэдэг үргэлж субьектив, харьцангуй шинжтэй байдаг
гэж дүгнэсэн байдаг.

Өөр нэгэн софистийг танилцуулъя. Горгиас.
Тэрээр доорх байдлаар философидсон байдаг
-          Алив юмс хүний мэдрэхүй үгүйгээр орших нь боломжгүй
-          Алив юмсын оршихуй болон түүний талаарх хүний төсөөлөл ижилхэн байх нь боломжгүй
-          Хүний мэдрэмжийг үгээр илэрхийлэх нь боломжгүй бөгөөд, мэдрэмжээ бусдад тэр хэвээр дамжуулах нь боломжгүй

Ямар вэ дээ? Ёстой л NO IDEA байгаа биз?
Гэхдээ бодоод үзвэл нээрээ л Горгиасын зөв.
Улаан” гэх мэдрэмж болон “улаан” гэх төсөөлөл (буюу үг) хоёр бол ижилхэн биш. Мөн хэн нэгэнд “би улааныг харж байна” гэж хэллээ гээд, өөрийн харж буй “улаан” гэх тэр өнгийг яг мэдэрсэнээрээ бусдад дамжуулж хэрхэвч чадахгүй.

Тэрээр бас ийм зүйл хэлсэн байдаг.
-          Энэ ертөнцөд (нэгэн бодлын) юмс оршин байхгүй гэж хэлж болох юм. Учир нь, хэрэвзээ юм оршин байлаа ч бид тэр юмсыг хэрхэвч мэдэж чадахгүй, мөн хэрэвзээ тэр юмсыг мэдэж чадлаа ч, бусдад хэрхэвч дамжуулж чадахгүй.

Нэг ёсондоо Горгиас нь
-          Хүн бол энэ ертөнцийн тухай юу ч мэдэж чадахгүй, юу ч хүүрнэж чадахгүй. Мэдрэхүй ч, төсөөлөл ч, үг ч,... ер юу ч нэмэр болохгүй. Бүх юм хий дэмий дэмий дэмий дэмий дэмий дэмий дэмий дэмий дэмий !!!

хэмээн бүхнийг үндсээр нь үгүйсгэхийг оролдсон хэрэг юм.

Ямартай ч, эдгээр софистуудын нөлөөгөөр
-          Абсолют үнэ цэнийн хэмжүүр болон туйлын үнэн гэж үгүй, бүгд харьцангуй шинжтэй гэх Харьцангуй үзэл
-          Хүн хэзээ ч үнэнд хүрэх боломжгүй гэх Агностик үзэл

эртний Грекэд түгэн дэлгэрчээ.

Үргэлжлэл - Сократ (МЭӨ 450-д он)

6 comments:

  1. Танин мэдэхүйн сайн нийтлэл бичиж байдаг тань баярлалаа. Цаашдаа улам их мэдээлэл оруулаарай.

    ReplyDelete
  2. Nice. Энэ дуу санаанд орж байна. Өөрийн сэтгэл гэмтэй бол бусдыг гэмээр харна аа гэж.
    https://www.facebook.com/photo.php?v=653854764707374&set=vb.176696389089883&type=3&theater

    ReplyDelete
  3. Данзанравжаагийн үнэн үнэний туйл үхэх, төрөх, орших 3 гэснийг нь уншиж байсан юм байна. Яахав ж нь өвлийн улиралд монголд ирсэн африк хүний хувьд хүйтэн байна гэх бол харин аляскаас ирсэн хүний хувьд дулаахан байна гэх байх л да. Эндээс бүх зүйл харьцануй үнэн гэж ойлгож болно байх л да. Гэхдээ үхэх, төрөхийн хувьд юу хэлэх вэ. Үхсэн хүнийг хараад хэн ч(африк, аляска) амьд байна, амьсгаатай байна гэхгүй байх л да. Тэхэр үхэх, төрөхийг туйлын үнэн зүйл гэж ойлгох уу. Та энэ талаар юу гэж бодож байна?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн хэлж мэдэхгүй л байна. Үнэхээр үхээд дуусдаг ч юм уу, үгүй ч юм уу. Наанаа бол үхэж харагддаг л байх. Цаашаагаа амьдраад явдаг ч юм билүү. Ер нь бол мэдэхгүй зүйлээ, тэр тусмаа хэзээ ч мэдэх боломжгүй зүйлийн тухай юу ч яриад нэмэргүй л дээ.

      Delete