2013/06/20

Хоосон чанарын философи

Нагаржунайн "Хоосон чанарын философи"-ыг хамгийн тодоор илэрхийлдэг нь "Милинда хааны асуулт" (Questions of Milinda) гэх судрын домог юм.

Нэгэн өдөр Милинда хаан дээд лам Нагаржунайд хандан ийн асуув
- Чи Нагаржунай мөн үү?


Нагаржунай хариулав
- Тиймээ, тэгж нэрлэгдэх билээ би. Гэвч тэр бол зөвхөн "нэр, ухагдахуун, зуршил" төдийхөн бөгөөд, үнэндээ тэнд Нагаржунай гэдэг биет байхгүй билээ.

Харсаар атал нүдний өмнө өөрөө байх мөртөө "биет биш (хоосон)" гэж хэлэх нь ямар учир байна хэмээн гайхсан хаан дахин асуув
- Ай Нагаржунай. Хэрэв тэнд биет үгүй болбоос, хэн миний бэлэг болох ламын орхидос, унтлага хувцас, эм тан, хоол хүнсийг хүлээн авах болно? Хэн тэнд бясалгал үйлдэж, ном хураах болно? Хэрэв чамайг алж орхивол тэр нь хэн нэгний амийг тасалсан хэрэг болохгүй хэрэг үү? Чи өөрийгөө "Нагаржунай гэж нэрлэгддэг" гэх атал, тэгээд хэн тэр Нагаржунай болох? Миний өмнө зогсох энэ бие Нагаржунай биш хэрэг үү?

- Үгүй хаантан минь. Хумс, шүд, мах, яс төдийхөн Нагаржунайг орлохгүй.

- Тэгвэл чиний үзэж, харж, мэдэрч буй тэр ухаан чинь Нагаржунай хэрэг үү?

- Үгүй ээ, хаантан минь.

- Тийм бол тэгээд хаанаас ч Нагаржунайг олж үл болох хэрэг үү? Надад худал хэлэн, надаар тохуурхаж байгаа болох нь ээ?

Огтоос үл ухагдах Нагаржунайн хариултанд хаан зогтусч орхив.

Тэгтэл Нагаржунай гэнэт ярианы сэдвийг өөрчлөв.
- Хаантан минь, өнөөдөр юутай халуун өдөр вэ. Та энэ халуун газрыг явган туулж морьлов уу?

- Үгүй ээ, морин тэргээр ирлээ.

- Тэгвэл хаантан минь, танаас асууж болохсон болов уу? Морин тэрэг гэж морийг хэлээд байна уу?

- Үгүй ээ, морь бол морь.

- Тэгвэл цулбуур нь морин тэрэг юм уу? Эсвэл тэрэгний арал нь морин тэрэг юм уу? Эсвэл ташуур нь морин тэрэг юм уу?

- Үгүй ээ, аль нь ч биш.

Үүнийг сонссон Нагаржунай инээд алдан хариу өчив
- Тийм бол тэгээд морин тэрэг гэж хаана ч байхгүй хэрэг үү? Хаантан та "морин тэргээр морьлов" хэмээн надаар тохуурхаж байгаа болох нь ээ?

Хаан толгой дохин хариулав
- Аан мөөн. Тэгэхээр морь, цулбуур, тэрэгний арал, ташуур зэргээс морин тэрэг гэх "нэр, ухагдахуун, зуршил" бий болсон төдийд, үнэндээ тэнд "морин тэрэг" гэж юм байхгүй байх нь ээ?

- Ай хаантан минь, та дөнгөж сая "морин тэрэг" гээчийн мөн чанарыг ойлголоо. Би ч бас хумс, шүд, мах, яс, ухаан зэргээс үүссэн "Нагаржунай гэж нэрлэгдэх" үзэгдэл төдий бөгөөд, үнэндээ тэнд Нагаржунай гэгдэх ямар ч биет байхгүй билээ.

Дээрх домгийг өнөө цагт хөрвүүлэн буулгавал,
- "Машин" гэдэг нь, дугуй, мотор, хааз, тормоз, зэрэг өч дөчнөөн эд ангиудын угсармалаас үүдэн бий болсон зүйлд "машин" гэж нэр оноосон төдийд, үнэндээ тэнд "машин" гэхээр биет зүйл огтоос үгүй
болох нь эрхбиш төсөөлөгдөх болов уу.

Үнэхээр ч, мотор, дугуй, хааз, тормоз зэргийг эд ангиар нь салгаад авчихвал, тэндээс ямар ч "машин" гэх зүйлийг аваагүй атал, огтоос тэнд машин байхгүй болж хувирна. Тэгэхээр яалт ч үгүй, машин бол гарт баригдаж, нүдэнд үзэгдэх биет зүйл байдлаар оршдоггүй, ердөө л мотор, дугуй гэсэн эд ангиудын цуглуулгыг нь бүхэлд "машин" гэж дуудаж байгаа төдйи л зүйл юм.

Цаашлуулж хэлбэл, энэ яриа нь ахиад мотор, дугуй гэсэн эд анги тус бүрийн хувьд ч хүчинтэй. Жишээ нь, мотор гэхээр нэг цул биет зүйл мэт санагдах авч, үнэндээ тэр бол төмрийн атомууд цуглаж нэгдээд, нэгэн хэлбэр үүсгэсэн төдийд тэгж нэрлэгддэгээс бус, үнэндээ тэнд "мотор" гэдэг тусдаа биет хаана нь ч байхгүй. Төмрийн атомуудыг нэг нэгээр нь салгаад тавьчихвал тэнд анхнаасаа огт байгаагүй юм шиг л эгшин зуур "мотор" үгүй болно.

Тэгтэл "моторыг бүрдүүлж буй тэр төмрийн атомууд бол харин ч нэг найдвартай биет шүү" гэж санагдаж магадгүй авч, үнэндээ тэр нь бас л машин, мотороос өөрцгүй хийсвэр оршихуй юм. Төмрийн атомноос атомын цөм, электроныг нь салгаад авчихвал огтоос тэнд төмрийн атом байхгүй болж хувирна. Тэгээд атомын цөм ч бас ялгаагүй, протон болон нейтрон зэргийн бөөгнөрөл. Протон ч бас олон тооны кваркийн бөөгнөрөл...

Тэгвэл явж явж кварк л хамгийн язгуур эгэл биет үү?

Харамсалтай нь энэ хүртэл микро болоод ирэхээр ажиглалтын хязгаарыг нэгэнт давах тул, үүнээс нарийсган судлах ямар ч боломжгүй юм.

Ямартай ч, бидний биет гэж боддог тэдгээр бүхий л зүйлс үнэндээ яг л "машин" шиг биет бус хоосон зүйлс байдаг байх нь.

Нэг ёсондоо бид бүхэн хэсэг элементүүдийн цугларал дотроос, тухайн нэг хэсгийг нь салгаж заагаад түүнд нь нэр оноодог төдий болохоос, үнэндээ тэр нэрний заах үзүүрт огтоос тодорхой биет зүйл юу ч байдаггүй хэрэг юм.

Тэгэхээр, энэ хүрээд танд нэгэн зүйл анзаарагдаж болох юм.
Яг тийм. Энд хэлсэнчлэн "тухайн нэг хэсгийг нь салгаж заах" үед, яг хаагуур нь яаж салгах талаар ямар ч тогтсон хууль дүрэм журам гэсэн зүйл үнэндээ байхгүй.

Тийм ч учраас, жишээ нь "мотор", тэгээд түүний ойр хавьд байх нэг "хүчилтөрөгчийн молекул", тэгсэнээ тохиолдлоор дэргэд нь байсан хаа хамаагүй нэг "шонгийн мод" 3-ыг нийлүүлж заагаад, тэрэндээ нэр оноосон ч болно. Ер нь ч, үнэхээр тэгж зааж нэрлэсэний ашиг тус (үнэ цэнэ, утга учир) гэж байдаг бол (жишээ нь, тэр 3-ын хоорондын байршилаас хамаарч, баруун гарт нь сансар огторгуйн агуу хүч хуримтлагдаж, далд авъяас нь сад хийн тавьдаг тийм нэг сонин нөхөр байг) , тэр үед гарцаагүй тэр 3-ийн нэгдэлд нэр оноогоод (юу ч юм, "төгсөшгүй супер хонгио" ч юм уу), түүнийхээ тухай ярьдаг байхаас зайлахгүй биз.

Харин тэгж нэрлэхийн ашиг тус, үнэ цэнэ, утга учрыг үл ойлгох бидний нүдээр харах аваас "мотор", "хүчилтөрөгчийн атом", "шонгийн мод" 3-ыг нийлүүлээд хэрэг болгож нэрлэх нь огтоос учир битүүлэг зүйл байх тул, бидэндээ бол тэнд ямар ч "төгсөшгүй супер хонгио" гэдэг зүйл оршин байхгүй гэхэд болно.

Хэн нэг нь
- Тэрийг хараа!!!, тэнд "төгсөшгүй супер хонгио" байна
гээд бидэнд зааж үзүүлбэл
- Битгий дэмийрээд бай. Санаанаасаа сонин юм зохиож нэрлэчихээд, үхсэний чинь "төгсөшгүй супер хонгио". Тийм юм гэж байхгүй малаа
гэх биз.

Яг үүнтэй адилаар, бодит ертөнц дээр ч бас, үнэндээ огтоос "машин", "мотор", "төмрийн атом", "шонгийн мод", "морин тэрэг", "төгсөшгүй супер хонгио" гэх мэт зүйлс бодитоор оршин байдаггүй. Бид л санаан зоргоороо тэгж ярьдаг төдий. Хэн нэг нь гадна талаас нь "эндээс энэ хүртлэхийг мотор гэж нэрлэе" гээд тасалж гаргаж ирсэн учраас л "мотор гэдэг зүйл" оршин байгаа мэт санагддаг бөгөөд, тэгж тасалж салгах хэн нэгэн байхгүйсэн бол огтоос "мотор" гээч зүйл оршин байдаггүй билээ.

2 comments:

  1. Anonymous25/1/15 19:02

    хайж байсан зүйлээ оллоо баяраллаа

    ReplyDelete
  2. 1рт хөдөлгөөн зогсвол хоосон нь тодорхой 2рт бүр ганцхан ширхэг биет( одоо жишээ нь альфа бетта кварк ч юмуу хамгийн жижиг биет) бүх ертөнцийг бүрдүүлдэг гээд төсөөлж үзсэн үү?тэр жижиг биет бидний төсөөлөшгүй хурдтай гэсэн үг л дээ!бүр фантастик маягаар төсөөлүүл тэр нэг ойлгомжгүй зүйлээ орлуулах дуртай бурхан гэдэг нөхөрийн нясалсан хамгын жижиг үрэл эсвэл тууз тэр ганц үрэл асар хурдтай хөдөлж намайг чамайг эд юмс орчлон ертөнцийг бүрдүүлнэ.

    ReplyDelete