2023/05/08

Аз жаргалд хүргэх философи ー Хамгийн хүчирхэг Ницшегийн сургаал (2-р хэсэг)

Өмнөх

“Цагаан философи” ба “хар философи”


Багш:

За тэгвэл ахиад философи гэж юу вэ гэсэн яриандаа ороход…, үнэндээ философийг ерөнхийлөн ангилбал хоёрхон төрөл л байдаг юм.


Охин:

Ямар хоёр төрөл вэ?


Багш:

Хялбарчлаад хэлбэл “цагаан философи”, “хар философи” гэсэн хоёр төрөл.


Охин:

Хар, цагаан…!? Нэг тийм хар шид, цагаан шид гэж байгаа ч юм шиг. Ойлгомжтой ч гэсэн шууд л сэжигтэй санагдаад явчлаа.


Багш:

Ти, тийм гэж үү? (сандрав). Уул нь миний оргиналь хэллэг юм л даа. Мэргэжлийн хэллэг нь цагааныг “Мөн чанарын философи”, харыг нь “Экзистенцийн философи” гэдэг юм.  Гэхдээ төсөөлөхөд хялбар болов уу гэж бодоод албаар “цагаан философи”, “хар философи” гэж хэлсэн ухаантай юм сан.


Охин:

Мөн чанар…? Экзистен…? За за больё, наад хар, цагаанаар чинь явья. Ницше тэгээд аль талынх нь философич юм бэ дээ?


Багш:

Хар талынх нь философич л доо.


Охин:

Хөөх, тийм юм уу? Ницшегийн мэргэн үгсийн олонх нь гайгүй эерэг зүйл шиг санагдсан болохоор цагаан талынх байх гэж бодсон юм сан. Гэхдээ хар талынх гэсэн чинь шилжилтийн насныхны тэрслүү авир шиг бас күүл ч юм уу…


Философи гэдэг бол “материйг давсан зүйл”-ийн талаар тунгаадаг мэдлэгийн салбар


Багш:

Ницше “хар философи” буюу “экзистенцийн философи” талынх ч гэсэн эхлээд ямартай ч “цагаан философи”-ийг тайлбарлах нь зөв байх.


Охин:

Яагаад?


Багш:

Яагаад гэвэл философи гэвэл уул шугамандаа цагаан философийг хэлдэг юм л даа. Цагаан нь философийн стандарт үндсэн урсгал байгаа юм.


Охин:

Хүүе, тэгэхээр чинь хар философийн Ницше туслах урсгал нь болж таарч байна уу?


Багш:

Тийм л юм даа (хэхэ). Философич гэхээр бүгд Ницшег төсөөлдөг тийм алдартай хэрнээ яг үнэндээ философи нь бол туслах урсгалд харьяалагддаг юм.


Охин:

Туслах урсгал. Гоё л сонсогдож байна… Бушуухан заалгая аа.


Багш:

За тайван тайван. Туслах урсгалыг ойлгохын тулд эхлээд үндсэн урсгалыг нь мэдэх хэрэгтэй биз дээ?


Охин:

Заа за.


Багш:

(Зандраад байна уу даа?) За тэгвэл эхлээд үндсэн урсгал болох “цагаан философи (мөн чанарын философи)” гэж юу вэ гэхээр, ингэхэд ер нь “философи” гэдэг үгийн гарал үүслийг мэдэх үү? “Философи” гэдэг маань уул шугамандаа грек хэлнээс гаралтай үг байгаа юм. Фило гэдэг нь “хайр”, софи гэдэг нь “мэдлэг” гэсэн утгатай. Нэг ёсондоо “Мэдлэгийг хайрлах”, “мэдлэгт дурлах” гэсэн утгатай гэх үү.


Охин:

Тийм бий вий. “Фило софи”, “Философи”, “мэдлэг хайр”... Заа за, ойлголоо. Ямар ч байсан философи гэдэг бол мэдлэгт дурлах юм байна. Ойлгомжтой… гэж бодсон чинь биш ээ, бас л ойлгоогүй юм байна. Нэг тийм, “Хөл бөмбөг гэж юу вэ?” гэсэн чинь “Гүйхийг хайрлах” гэсэн хариулт авсан юм шиг санагдаад явчихлаа. “Философи гэдэг бол мэдлэгт дурлах” гэж хэлсэн ч “Үгүй ээ, тэр чинь тэгээд яг юу гэсэн үг юм бэ?” гэж асуумаар болно биз дээ?


Багш:

Тийм л дээ. “Философи гэж юу вэ?” гэсэн асуултанд “философи” гэдэг үгийн гарал үүслийг нь хөөж тайлбарлаад “Мэдлэгт дурлах явдал байхгүй юу” гэсэн хариулт их харагддаг л даа. Даанч тэгж хэллээ гээд бас л сайн ойж өгөхгүй байгаа биз? Тэгвэл ахиад нэг өөр илэрхийлэл харъя. Үнэндээ философийг “метафизик” ч гэж бас хэлдэг юм.


Охин:

Ёстой сонсож байгаагүй юм байна. Юу гэсэн үг юм бэ?


Багш:

Метафизикийн “мета” гэдэг нь дээд түвшний (дээгүүр эрэмбийн), “физик” гэдэг нь бодислог зүйл гэсэн утгатай юм л даа. Бодислог зүйл гэдэг нь нэг ёсны алим, чулуу гэх мэт яг л шууд утгаараа “бодислог зүйл”..., за ер нь энгийндээ бол “биет” гэсэн үг.


Охин:

Тэгэхээр чинь “дээд түвшний, биет”...? Эсвэл “Биетийн дээгүүр” гэсэн үг үү?


Багш:

Мхн. Ахиад жаахан дөхүүлбэл “Биетийг давсан оршихуй” гэх үү дээ. Тийм болохоор философи буюу “метафизик” гэдэг бол “Биетийг давсан оршихуйн тухай бясалгадаг мэдлэгийн салбар” юм аа гээд ойлгочход болно.


Охин:

Бас л сайн ойлгосонгүй. “Биетийг давсан оршихуй” гэж яг юу вэ?


Багш:

Жишээ нь “шударга ёс” гэдэг биет байдаггүй биз дээ? Тэгэхээр шударга ёс бол “биетийг давсан оршихуй” гэж хэлж болно. Тиймээс “шударга ёс”-ны тухай судалдаг мэдлэгийн салбар нь философи гэсэн үг.


Охин:

Аан, зөв зөв. Нээрээ “Шударга ёсны тухай тунгаацгаая” гэхээр асар философилог сонсогддог тэ?


Багш:

Тийм байгаа биз? Нэг ёсондоо биетийн шинж чанар, хөдөлгөөн гэх мэт “материлаг зүйл”-ийг “шинжлэх ухаан”-аар судалдаг бол философи нь “материйг давсан зүйл”, жишээ нь “утга учир” ч юм уу “үнэ цэн” ч юм уу “сайн” ч юм уу “харах, хүрэх боломжгүй матери биш зүйл”-ийн тухай судалдаг мэдлэгийн салбар байгаа юм.


Охин:

За байз, тэгэхээр чинь жишээ нь хүний бие махбод чинь “материлаг” зүйл шүү дээ. Тэгэхээр бие махбод яадаг ийдэг талаар судлах нь “шинжлэх ухаан”..., тэгээд тэр бие махбод амьд яваа “утга учир”-ыг тунгаах нь…


Багш:

Яг тийм! Философи! Яагаад гэвэл утга учир гэдэг чинь “биет” биш, харах барих боломжгүй “биетийг давсан оршихуй” шүү дээ.




Охин:

Одоо л нэг юм философи гэж юу болох нь ойгоод ирлээ. Өдийг хүртэл нэг л тийм философи гэхээр “Амьдралын утга учир ч юм уу, аз жаргал ч юм уу, шударга ёс ч юм уу, тиймэрхүү барих барьцгүй агаарын яриаг хийцгүйрсэн хэдэн хөгшчүүл амандаа бувтнадаг төдий зүйл” гэсэн төсөөлөлтэй байсан чинь дөнгөж сая нээх гоё үгэнд буугаад, загатнасан газраа маажуулах шиг боллоо.


Багш:

Тэгж хэлэхээ болиорой. Салбарын хөгшчүүлд алуулав!


Үргэлжлэл

2 comments:

Anonymous said...

Энэ бүр аягүй муухай ном байсаан.
Ницше-г битгий ингэ л дээ гээд уйлмаар.
Философи цагаан толгой дээр Ницше-г ямар гоё тайлбарласан билээ дээ тэ?
Шашин, ёс суртхуун мэт бол сул доройтнуудын ресентимент
Бурхан үхсэн ертөнцөд гээд
Үнэн тасархай. Уншаад сэтгэл хөөрөөд, зүрх булгилаад, тархи шууд дур тавимаар. Товчхон, тодорхой, нүдэнд харагдмаар, оюун бодолд хоногшиж үлдэхээр. Нэг л уншчих, тэгээд амьдрал чинь тэр чигтээ өөрчлөгдөнө гэж ам гарах найман хуудас.

Тийм байтал Ницше гэж бүтэн ном бичихдээ ямар хог биччихээв дээ Ямча гуай гэж гайхсаан.

Эсвэл энэ Ямча, ТОМё БОДё 2 нийлж байгаад намайг нэг тийм донтогч болгочихсон байх. Одоо тэгээд хэр баргийн юм уншаад сэтгэл ханадаггүй, цаддаггүй архагшсан донтолт маань Ямча-гаа уншсан ч сэтгэл хөөрөхөөргүй болчихсон юм болов уу..
Тэгвэл муухай ном байна гэж гомдоллохын оронд тархины хүлээн авагчид сэргээж өг нтр гэж гомдоллох ёстой юм болов уу?

Нэгэнт мэдсэн бол мэдэхгүй болж чадахгүй гэдэг биз дээ.
Надад тийм их аз жаргал, сэтгэл ханамж мэдрүүлчихээд одоо битгий орхиоч дээ, би буцаж чадахгүй. Надад илүү ихийг өгөөч дээ.
ХАХА

ТОМё БОДё said...

Нишцег ойлгоод гутарсан юм уу? Эсвэл Ницшег буруу тайлбарласан байна гээд гутарсан юм уу? Эсвэл аль нь ч биш, харин энэ ном нь Ямчагийн бусад номноос онцгүй болж гээд гутарсан юм уу? (хүлээлтэнд хүрээгүй болохоор гэх үү)

Post a Comment