Урьд цагт Мао Зэдун “Хүнийг
захирахад зуун цэрэг хэрэггүй, харин ганц дуу л байхад хангалттай” гэж хэлсэн
гэдэг.
Түүний тактикийн үр дүнд Төвөдийн дуу хөгжим бага багаар
хятадчилагдсаар, өнөө үед дуу нь ч бүжиг нь ч, бүр хувцаслалт хүртэл тэр
чигээрээ хятад хэв шинжтэй болсон гэх. Сүүлийн үед Төвөд хэл дээр дуулах нь
зөвшөөрөгддөг болсон гэдэг ч, өмнө нь бол зөвхөн хятад хэл дээр л дуулдаг байж.
Өнөөгийн Төвөд нь Хятадын нэг хэсэг гэгддэг боловч, одоогоос 10 жилийн өмнө Бээжингийн
олимптой зэрэгцэн өрнөж байсан Төвөдийн эсэргүүцлийн хөдөлгөөн одоо ч хүмүүсийн
ой тойнд тодхон. Тэгээд ч Төвөдийн оройн дээд удирдагч болох Далай лам Төвөд
нутагтаа очиж чадахгүй байгаа нь юу юунаас ч тодоор нөхцөл байдлыг илтгэнэ. Ингэхэд
ер нь Хятад, Төвөдийн холбоо ямар түүхтэй юм бол?
l Төвөд гэж хэн бэ?
Хятадын хоймор гэмээр уулсын
дундах Төвөд. Төвөд оршдог өндөрлөг хээр тал бол алдарт Гимлайн нурууны бэл,
дэлхийн хамгийн уудам талын нэг. Газар нутаг нь өнөөх Хятадынхаа 23%-ийг
эзэлнэ. “Уул усыг төрүүлдэг” гэдэгчлэн, Азийн голлох том мөрнүүд бүгд Төвөдийн
өндөрлөгөөс эх авна. Хятадыг ундлах Хөх мөрөн, Шар мөрөн, Энэтхэгийн Инд мөрөн,
Ганга мөрөн, цаашлаад зүүн өмнөд азийн Меконг мөрөн, Салуин мөрөн гээд тоочвол
Төвөдөөс эх авсан бүх мөрөн голууд дэлхийн хүн амын талыг ундаалж буй.
l Түүхт Төвөд
Төрт ёсны 2,200 гаруй жилийн
түүхтэй хэмээн Монголчууд бахархдаг бол, Төвөдүүд ч дутах юмгүй. Төвөд тооллоор
бол энэ жил 2145 он. Төвөдийн домогт гардгаар Төвөд нутгийг удаан хугацаанд
усан дор байсан гэдэг. Тэгээд хэзээ ч юм нэг мэдэхнээ өнөөгийн хээр тал болж, “Цасны
орон” гэх алдрыг авчээ. Тэгээд тэрхүү цасны оронд бууж ирсэн нь мөнөөх
Жанрайсиг бурхан. Тэр газрын эзэн болох хувь төөрөгт Жанрайсиг бодьсадва хүний
хүүхэд төрүүлэхээр хүн төрхөнд хувилж ирээд 6 хүүхэд төрүүлэв. Тэгээд тэдгээр 6
хүүхэд Төвөд үндэстний 6 аймгийг бүрдүүлжээ. Өнөө цагт, Төвөдийн дээд удирдагч
Далай ламыг Жанрайсиг бурхны хувилсан дүр гэж үздэг.
l Хүчирхэг Төвөд
Төвөд нутагт жинхэнэ төрт улс
бий болсон нь НТӨ 127 он. Эндээс өнөөгийн төвөд он тоолол эхэлдэг. Гэвч түүнээс
хэдэн 100 жил өнгөрч байж түүхт Соронзон Гомбо хаан гарч ирэн Төвөдийн хээр
талыг анх удаагаа нэгтгэн төвхнүүлснээр анхны тулгар төрийн эцэг бол болон
мөнхөрчээ. Тэр цагт Төвөд нь үлэмж хүчирхэг, Хятад болон Непалын хаад охиноо
бэр болгон өгч тал засдаг хүртэл байж. Хааны үхлээс хойш ч Төвөд нь 300 жилийн
турш оршин тогтнож, Тайзун хааны үед Тангийн нийслэл Чанъяань хотыг ч буулгаж
явсан түүхтэй.
l Монголын нөлөө
Дэлхийг нөмөрсөн Монголын эзэнт
гүрний эрчит хуй Төвөдийн хээр талаар ч бас дэгдэв. Тэгтэл Төвөд нь шашны ариун
газар хэмээгдэж, Монгол Төвөдийн холбоо нь “эзлэгч эзлэгдэгч” гэхээсээ “сүм
сүсэгтний” холбоо болон тогтов. Их хаан Хубилай Төвөдийн буддын шашинд дагаар
орж, Төвөдийг багшаа хэмээн залан урив. Дэлхийн эзэнт гүрний төрийн шашин
болсон Төвөд нь их гүрний харьяанд хэдий ч байр суурь нь тусгай, шууд
захиргаанд ч орохгүй, татвар өргөл ч өгдөггүй байж. Ийнхүү төв азид бүрэлдэн
тогтсон этгээд холбоо хожмын Хятадыг захирах Манж гүрний эринд ч өвлөгдөн
үлдэв. Бурхны орон болсон Манж өөрийн сүм болох Төвөдөө хамгаалахаар хэдэн ч
удаа цэрэг хөдөлгөсөн түүхтэй.
Төвөдийн байр суурийг европоор
зүйрлэвэл, Төвөдийн засгийн газар нь Ромын паптай ойролцоо байсан гэдэг. 19-р
зууны дундуур Төвөдөд байсан хүний тэмдэглэлд “Зүйрлүүлж хэлбэл, Төвөдийн засгийн газар бол Ромын пап, Хятадын амбан
бол Ромд байрлах Австрийн элчин сайд” гэж дурджээ.
l Өрнөөс ирсэн колончлолын давалгаа
Шинэ давалгаа Англиас нөмрөн
ирэв. Инергийн шинэ эх үүсвэр нүүрсийг чадмаг ашигласан Их Британи улс дэлхийн
далайд цойлон гарч ирэх нь тэр. Түүний сүр хүч хавьтахуйеэ бэрх. Энэтхэг
тэргүүтэй Төвөдийн өмнө байрлах улсууд ээлж дараалан Английн хүчинд толгой
бөхийж, Манж гүрэн хүртэл хар тамхины нэгдүгээр дайнд өвдөг сөхрөв. Тэрхүү
Английн эзэнт гүрний өөдөөс хориглон тогтоох хүч болсон нь Орос улс. Умрын
Оросууд догширон довтолж өмнө тийш нөлөөгөө тэлж, Төвөдүүд ардаасаа Оросуудад
өмнөөсөө Англичуудад хайчлагдан хавчигдав. Бурхны орон Манж нь түшиж тулах нь
бүү хэл харин ч бүр цэрэг барин цөмрөөд ороод ирэх нь тэр.
Өрнийн мэсний ирэнд сийчигдсэн
Ази тив хямралын туйлд байв. Эх газраас тусгаар Япон хүртэл жишгээс гажсангүй.
Хэрхэн яаж Английн давалгааг сөрж, Оросын түрэлтийг зогсоох вэ хэмээн улс
даяараа дайнд бэлдэж байлаа. Тэгээд тийнхүү Орос Японы дайн дахь Японы түүхэн
ялалтын ачаар, Азийг бүхэлд нь залгихаар нөмрөн авсан өрнийн колончлолын
давалгааг эцсийн мөчид хазаарлан тогтоож чадсан билээ. Тэр бол Мэйжигийн шинэ
засгийн мэргэн зүтгэлтнүүдийн алсыг харсан ухаан, их газарт урьтаж байр сууриа
батжуулж авсны үр дүн байлаа. Дашрамд дурьдахад, өрнийн колончлолд өртөөгүй азийн
хоёрхон улс байдаг нь Япон болон Тайланд юм.
l ХКН Төвөдийг эзэлсэн нь
Төвөдөд жинхэнэ түймэр дэгдсэн
нь, Номхон далай дахь дайны гал намжиж, 1949 онд Хятадын Коммунист Нам (ХКН)
Гоминданыг буулган авч, БНХАУ байгуулагдсанаас эхэлжээ.
Төвөдөд цөмрөн орж ирсэн ардын
чөлөөлөх армийн 40,000 цэрэг Төвөдийн 8,000 цэргийг ердөө хоёрхон хоногийн
дотор буулган авч, зүүн Төвөдийн нийслэл Чамдог эзлэв. Энэхүү түрэмгийллийг
Төвөдийн тал “Хүчтэй нь хүчгүйгээ барих хамгийн жигшүүрт жишээ” хэмээн дэлхий
нийтэд зарлан тараав. Даанч дэлхий “харамсал” илэрхийлсэн төдийгөөс
хэтэрсэнгүй. Хайр дүүрэн засгийн газар, сэтгэл дүүрэн ард түмнээс тогтох аз
жаргалтай Төвөд улс тийнхүү түрэмгийлүүлж, чөлөөлөх нэрэн дор эзлэгдсэн нь
тэр болов.
Дэлхийн аврах завь ирэхгүй
гэдгийг ухаарсан Төвөд улс ХКН-тай хийх шууд хэлэлцээрт хамаг ирээдүйгээ
даатгахаас өөр замгүй хоцров. Тэгтэл Бээжинд очсон Төвөдийн төлөөлөгчид үгийн
муугаар хараалгаж, үйлийн муугаар доромжлуулж, эгээ л гэмт хэрэгтэн шиг
баривчлагдаж орхих нь тэр. Тартагтаа тулсан тэд буу хүчирхийллийн тулгалтанд
арга буюу “Энхийн гэрээ”-нд гарын үсэг зурав. Гарын үсэг зурсан ч, гэрээний
хүчин төгөлдөр байдалд шаардлагатай гэгддэг тамгаа дарахаас татгалзжээ. Гэтэл
Хятадын засгийн газар Төвөдийн тамгыг хуурамчаар үйлдээд гэрээн дээр дарж
орхисноор, Хятад Төвөдийн 17 зүйл бүхий энхийн гэрээ хийгдсэн түүхтэй.
l Хоосон ариун зорилго
Энэ гэрээ бол илэрхий олон улсын
хуулинд харш, уул шугамандаа бол залилан гээд шууд хүчингүй болох ёстой боловч,
ХКН уг гэрээгээр бамбай хийн Төвөд дэхь цэргийн дарангуйллаа хэрэгжүүлсэн
байдаг. Тэр дарангуйллын нэг ариун зорилго нь “Төвөдийг өрнийн имперализмаас
чөлөөлөх” байсан боловч, ХКН-ын цэргүүд нэвтрэхээс өмнө Төвөдөд европын ердөө 6
хүн л байж. Тэгээд ч цэргүүдийг ирэхэд тэд бүгд Төвөдийг орхин явсан байсан
гэдэг.
Өөр нэг зорилго нь “Тариачдыг
чөлөөлөх”. ХКН-ынхаар хэлүүлбэл, Төвөдийн хүн амын 90% нь дарлал мөлжлөг дор
амьдардаг, чухам л энэ насны там байж. Гэвч үнэндээ хятадуудын хэлэх тариачин
боол гэхээр хүмүүс төдийлөн үгүй, гуйлгачин хүн гээд тоолбол гарын 10 хуруунд
багтахаар байсан гэдэг. Өөрөө өөрийгөө хангадаг Төвөд улс нь там битгий хэл,
өлсгөлөн гэдгийг ч мэдэхгүй амар амгалангийн орон байв. Харин тэр оронд жинхэнэ
там нүүрлэсэн нь, Хятадад эзлэгдсэнээс хойшхи Мао Зэдуны “Их үсрэлтийн бодлого”
хэрэгжсэнээс эхэлсэн юм. Түүний үр дүнд Төвөд улс анх удаагаа өлсгөлөнд
нэрвэгдэж үзжээ (1959 - 63). Тэгээд залган авсан Соёлын хувьсгал Төвөдөд улам
их үхэл, сүйрлийн давалгааг өрдөнө.
l Тэнгэрийн орон нэртэй там
Төвөдөөсөө арга буюу дүрвэсэн
Далай лам хожмоо ийн тэмдэглэсэн байдаг. “Хүмүүсийн
ам дамжин чихэнд хүрэх аймшигт ярианууд арай дэндүү хэрций балмад байсны тул,
хэдэн жилийн туршид итгэж чадахгүй байж билээ. Цовдлох, задлах, цувуулах, хөл
гарыг нь тайрахаас эхлээд, толгой тасдах, шатааж алах, мориноос чирэх, хөл
гарыг нь хүлж хүйтэн усанд үйж алах гээд харгислалын жагсаалт өршөөлгүй
цуварна. Цаазын дундуур “Далай лам мандтугай” гэж орилуулахгүйн тулд хэлийг нь
хүртэл сугалдаг байсан...”
ХКН социализмын диваажинг Төвөд
хүмүүст амалсан. Харин тэр диваажин нь ямар гээч юм байх нь тэр вэ? Энэтхэгт
байрлах Төвөдийн орогнолын засгийн газрын тэргүүн Лувсан Сэнгэ ийн өгүүлнэ. “Социализмын диваажинг амалсан Хятад Төвөд
рүү зам татах нэрийдлээр ой модыг хяргаж, Төвөдийн байгалийн баялгийг зөөгөөд,
үнэт зүйлс бурхан баримал, соёлын өвүүдийг нь хүртэл булаан одсон. Социализмын
диваажин гэдэг нь, Төвөдийг Хятадын колони болгож байгаад эдийн засгаа
хөгжүүлэхийн төлөөх бааз болгон шулах хэрэгсэл байсан юм.”
Хятад Төвөдийг эзэлснээс хойш,
Төвөдийн баялаг ой модны тал нь түүхий эд болон арилж, газар доор чимээгүй
нойрсож байсан байгалийн эрдэс баялаг нь хайр найргүй онгичин ухагдсан. Ингэж
харалган халдсан бодлогоос нь болж, усны нөөцийн сав болсон Төвөдийн өндөрлөг
тал сүйдэж, тэндээс ундаалдаг дэлхийн хүн амын талд их бага гэлгүй муугаар
нөлөөлсөн нь лавтай. Мөн, Төвөдөд байсан сүм хийдийн 97% илүү нь сүйтгэгдэн
эзгүйрч, бүх Төвөдөөр байсан 6,259 газраас бүтэн үлдсэн нь ердөө 8 бий гэх.
l Ижилсүүлэх бодлого
1954 онд ашиглалтанд орсон Хятад
Төвөдийг холбох 2 том зам. Эхэндээ түүгээр цэрэг нэвтрүүлдэг байсан бол, хожмоо
хятад хүмүүсийн өргөн хүрээний нүүдлийн зам болов. Өнөөдөр Төвөдөд 6 сая төвөд
хүн амьдардаг бол, хятад хүн нь тэднээс ч их буюу 7.5 саяд хүрээд буй.
Цэргийн дарангуйллаас, соёлын
ижилсэл. Энэ бол эхэнд бичсэн Маогийн бодлого буюу “Хүнийг захирахад зуун цэрэг
хэрэггүй, ганц дуу л байхад хангалттай” гэх үгийн хэрэгжилт ч бас мөн. Хятадын
засгийн газар Төвөдийн шилдэг хүүхдүүдийг Шанхай гэх мэт хотуудын тусгай
сургуулиудад шилжүүлэн авна. 5-6 насандаа Төвөдөөс хөндийрсөн хүүхдүүд 12-13
нас хүрэхэд нэгэнт хятад хэлээр л ярьдаг болж, тэр чигээрээ хятад боловсрол
эзэмшинэ. Муулаад хэлбэл, энэ бол ижилсүүлэх бодлогын тархи угаалт юм.
l Өнөө цагийн цагаан хэрэм
Өнөөгийн Хятадын засгийн газар
бусад улсад хандаж “Төвөд бол Хятадын
дотоод асуудал тул дотоод асуудалд гаднаас хутгалдахыг зөвшөөрөхгүй” гэж
онцолдог. Хэрэгт дуртай Америкт болохоор “Америк
Төвөдийн талаар хушуу дүрэх юм бол, бид америкийн уугуул иргэдийн талаар
асуумаар байна” гэж хариу барина.
Цаг үе сошиалжиж, ертөнц даяаршиж
буй өнөөдөр ч ХКН гөжүүд хөшүүн чигээрээ, интернэтийг хатуу хязгаарлах “Fire
wall”-ын тусламжтайгаар тууштай хяналт тавьсаар байна. Тэр нь, урьд цагт дорнын
зэрлэгүүдээс хамгаалж ирсэн мөнөөх Их цагаан хэрэм (The great wall) адил
халхалж, эрээвэр хурааврын цуглуулга болсон Хятад орныг хашин тогтоох мэт.
Энэтхэгт байрлах Төвөдийн
орогнолын засгийн газрын тэргүүн Лувсан Сэнгийн цалин, Энэтхэгийн дундаж цалинд
ч хүрэхгүй 600,000 төгрөг хэртэй. Гэсэн ч хүнд хүчир ажилдаа тууштай зүтгэх
түүнийг итгэл үнэмшил нь л өдий хүртэл чирч яваа гэлтэй. Төвөдийн шашинд
“Шантидива” гэх үг бий. “Асуудал
шийдэгдэх боломжтой бол юунд шаналах. Шийдэгдэх боломжгүй бол шаналаад юу хийх.”
гэсэн утгатай. Төвөдийн асуудал шийдэгдэх боломжтой юм болов уу, эсвэл
боломжгүй юм болов уу. Аль нь ч бай ерөнхий сайд Лувсанд “шаналал” үгүй гэнэ.
Төвөд хэлэнд “Зүгээр зүгээр” гэхийг “Дигдүит, дигдүит” гэнэ. “Шийдэгдэх боломжтой асуудал шийдэгдэх л
болно. Бүх хүчээ зориулсан л бол түүнээс цааш шаналал үгүй.” Төгсгөлд нь
тэрээр шүүрс алдан ийн хэлэв. “Бидний
мөрөөдөл бол нийслэл Лхасынхаа барааг харах. Будала ордноосоо Лхасын тал
хөндийг тольдон харж, цээж дүүрэн амьсгалаад ‘Энэ чинь л Төвөд шүү дээ’ гэж дуу
алдахыг хүсдэг.”
Ай, эх нутгийнхаа барааг харахыг
мөрөөдөхийг юу ч гэмээр гунигтай үг гэх вэ. Хэрэв Япон Орост ялагдаж, Манжийг
Англи колончилж, Монгол Орост булаагдсан бол өнөөдрийн бидний мөрөөдөл “Өргөө
хотынхоо барааг харах” болох байсан уу? Аз болоход, европын колончлол
хазаарлагдаж, ХКН Гоминдантайгаа ноцолдож, Сталин сиймхийг ашиглан гадаад
монголыг тусгаар тогтнуулан жийргэвчилж. Өнөөгийн бидний хавчигдмал ч гэлээ
бүрэн улстайгаа яваа нь сохрын голоор шургаж гарсан зол ч юм билүү. Аягүй бол,
энхийн гэрээнд Монголын тамга дарагдсан байхыг хэн байг гэх вэ.
Төвөд хүмүүс үйлийн эрхээр улсаа
алджээ. Магад Уйгарууд ч, Тайванууд ч ижил хөндүүр тээсээр яваа биз.
l Будаг түрхсэн түүх
Үе үеийн их хаадын эргэлтэнд
дахин дахин хувирсан Хятад хэмээх төр өмнөх хаадынхаа түүхийг “будаж
хадгалах”-даа гаршсан төрийн уламжлалтай. Өөрөөр хэлбэл, өмнөхөө үгүйсгэж
өнөөдрийг зөвтгөхдөө чадварлаг нэгэн. Тухайн цагтаа үндэсгүй зохиомол гэж
санагдах зүйл ч бай, албан ёсны түүх бичлэгтээ болсон явдал гээд тэмдэглэчхэд
л, хожмын хүмүүс уншаад толгой сэгсрэн үнэмшиж орхино. Энэ удаагийн тэмдэглэл
Төвөдийн орогнолын засгийн газрын бичсэн түүхэнд тулгуурласан боловч, яг энэ
түүхийг Хятадын засгийн газар бичих юм бол тэс өөр дүр төрх тодрон харагдах
вий. Аль альных нь өчилд их бага будаг түрхэгдэх нь аргагүй явдал ч гэлээ, арай
хэт будаж будилуулсан нь ХКН-ынх гэдгийг анзаарахгүй байж боломгүй.
Үе үеийн төрүүд хэрэг явдлыг тод
гэрлээр товойлгон түүх бичнэ. Үр дүнд нь сүүдэрлэгдсэн хэсэг бараантан бүдгэрч,
эцэстээ мартагдана. Аль хэдийнэ сүүдэрт орсон Төвөдийн орогнолын засгийн газар
хэзээ нэгтээ үгүй болбол, тэр үеийн түүхийг ХКН будаж хадгалах биз ээ.
Төвөд лам нарын цогцос зулын гол
болон эсэргүүцэж дэлхийг шимшрүүлнэ. Харин ХКН-ын хожмын түүх тэр явдлыг
“террорист халдлага” гэхээс илүүгээр тэмдэглэхгүй...
...Гэсэн ч Төвөдийн өндөр уулс
чив чимээгүй дүнхийсээр л. Хүний түүх гэдэг тийм шалихгүй эд юм гэж үү?
Усан дороос урган гарсан
Төвөдийн хээр тал ч бас түр зуурын үзэгдэл юм ч билүү...
Ямартай ч Төвөдийн Жанрайсиг
бурхан л бүхнийг мэдэж буй нь лавтай юм болов уу. Өнгөрснийг ч, бас өнөөдрийг
ч...
5 comments:
ihiig boduulsan niitlel boljeee bayrlalaaa
Хүний түүх гэдэг тийм шалихгүй эд юм гэж үү? сонирхолтой асуулт байна.
Tuvdiin tuux mash sonirxoltoi blaa, tiim surxii xuchirxeg uls yavsniig n ch medeeguim bna.
Ter Shantidiva, Digduit gej bodoj yavmaar yamar saixan utga sanaatai ugnuud ve, suraad avaya
Маш сонирхолтой нийтлэл болжээ.
"Өнөөгийн бидний хавчигдмал ч гэлээ бүрэн улстайгаа яваа нь сохрын голоор шургаж гарсан зол ч юм билүү" үнэхээр сайхан нийтлэл байна.
Post a Comment