2012/09/25

Хүч – дөрвөн хүч

Ингэхэд Хүч гэж ер нь хэдэн төрөл байдаг юм бол?
– За байз тоолоод үзье. Татах хүч, үрэлтийн хүч, даралтын хүч, төвөөс зугатах хүч, Архимедын хүч, Болдын хайрын хүч, Чингисийн морин цэргийн хүч, миний баруун гарын хүч... За больё, тоолж барахгүй юм байна.

Харин физикт бол бүх хүчийг доорх 4 төрөлд хуваадаг

  1. Татах хүч (буюу таталцлын харилцан үйлчлэл)
  2. Цахилгаан соронзон хүч (буюу цахилгаан соронзон харилцан үйлчлэл)
  3. Сул хүч (буюу сул харилцан үйлчлэл)
  4. Их хүч (буюу их харилцан үйлчлэл)
Яг тийм, ердөө л Дөрөвхөн хүч. Орчлон ерөнц дээр болж байгаа бүхий л юмс үзэгдэл энэ Дөрвөн хүчний нөлөөн дор өрнөж байдаг гэнэ. Үүнийг яагаад ингэж хэлж чадаж байна вэ гэхээр, дараах байдлаар төсөөлбөл үнэмшихэд амар байх болов уу.
Хүний бие, машин техник, чулуу, солонго, ер бүхий л биет нь бөөм гэсэн эгэл нэгжээс бүрэлддэг. Тэгэхээр физик биетэд нөлөөлөх аливаа хүчийг эцсийн дүндээ, тэдгээр биетийг бүрдүүлж буй эгэл нэгжийн хооронд үйлчлэх хүч рүү шилжүүлж бодож болно гэсэн үг.
Тэгээд, одоогоор мэдэгдэж байгаагаар, бөөмсийн хооронд үйлчилдэг хүч нь ердөө л дээрх 4 төрөл байдаг байна.
Тийм учраас, Энэ ертөнцийг удирдан залдаг нь дээрх Дөрвөн хүч гэж хэлж болох юм.

Эгэл бидний хувьд
– Өө, ердөө л дөрөвхөн хүч юм уу?  амар юм байна шд
гэж санагдах биз. Харин эгэл биш физикчдийн баримжаагаар бол чанх эсрэгээрээ гэхэд болно.

– Дөрвийн дөрвөн хүч байхдаа яах вэ дээ?

Тэдний хувьд орчлон ертөнцийг дөрвөн хүчээр тайлбарлаад сэтгэл ханах уу гэвэл үгүй юм.
– Ерөнцийг дөрвийн дөрвөн өгүүлбэрээр тайлбарлана гэдэг, дэндүү нуршуу хэрэг. Бод л доо, дөрөв байхдаа яахав дээ. Энэ чинь дөрвөн тусдаа онол гэсэн үг шдээ. Арай л...
гэх жишээтэй.

Болж өгвөл энэ 4 онолыг нэгтгэж байгаад, бүхнийг тайлбарладаг цор ганц онолтой болчих санаатай. Ингэхийн тулд, дээрх дөрвөн хүчний эх шалтгаан болсон Цор ганц тэр хүчийг олох шаардлагатай гэсэн үг.

– Хэрвээ түүнийг олж чадвал?!?...
– Бүхнийг тайлбарлагч цор ганц төгс онол...
Сүпер нэгдэлийн онол...

Энэ бол физикчдийн туйлын дээд мөрөөдөл юм.
Үүний төлөө, яг одоо энэ агшинд ч, физикчид толгой өндийх завгүй ажилцгааж л байгаа.

Дашрамд хэлэхэд, одоогийн байдлаар цахилгаан соронзон хүч, сул хүч хоёрыг нэгтгэсэн Цахилгаан сул Нэгдэлийн Онол (Electroweak Theory) бүрэн боловсорч, мөн үүн дээр их хүчийг нэгтгэсэн Их Нэгдэлийн Онол (Grand Unified Theory) боловсрогдох шатандаа явж байгаа гэнэ.
Харин татах хүчийг нэгтгэх нь хамгийн хэцүү гэх бөгөөд, одоогийн байдлаар Супер Утаслагийн Онол (Superstring Theory), М–онол гэх мэтийн хувилбарууд яригдаж байгаа бололтой гэнэ лээ.

Үргэлжлэл: Сул хүч

3 comments:

Unknown said...

Grand Design дээр M-онол ер нь бүгдийг нь нэгтгэчихсэн мэтийн юм бичсэн байсан та сонирхож үзсэн үү?

Харилцан үйлчлэл гэж үзээд түүнийхээ хэмжээг Хүчээр илэрхийлнэ гэж багш хэлж байсан хэхэ Яг ч дөрвөн хүч гэж нэрлэж болохгүй физикт хүч бол олон төрөл бий гэж байсан.

ТОМё БОДё said...

танай багшийн зөв байх өө. Би мэргэжилийн хүн биш болохоор.
М–онол энэ тэр чинь одоогоор Супер нэгдэлийн онолд нэр дэвшигч гэдэг л статустай байгаа байх. гэхдээ тэр нь М–онол бол дутуу, эсвэл худлаа гэсэн үг биш. Ердөө л бүх нийтээр тэрийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа л гэсэн үг.

Anonymous said...

Тэр таталцлын хүч, цахилгаан соронзон хүч, эерэг сөрөг цэнэг хаанаас бий болоод байна?

Post a Comment