2017/05/08

Дармапада номын хураангуй (2-р хэсэг)

Өмнөх - Дармапада номын хураангуй (1-р хэсэг)


2.        Атаархлаас хөндийрөх нь

Энэ хорвоо бүхэлдээ карма

Өмнөх хэсэгт Dukkha буюу зовлонгийн үнэний тухай өгүүлсэн. Тэгвэл ерөөс яагаад хүний сэтгэлд тэр мэт зовлонгууд үүсдэг юм бол? 2-р хэсэгтээ түүний суурь шалтгааны тухай эргэцүүлэн харцгаая.
Энд хамгийн чухал нь, энэ хорвоо дээр байж болох бүхий л үзэгдэгдлийн цаана карма буюу үйлийн үрийн хууль үйлчилж байдаг, гэх санаа юм. Бүхий л юмс үзэгдлүүд гарцаагүй ямар нэгэн кармагийн улмаас үүддэг бөгөөд, бүгд шалтгаан хийгээд үр дүнгийн холбоосоор хоорондоо холбогдож байдаг. “Үйлийн үрээ эдлэх” гэх мэтээр бид бүхэн ярьдагчлан, алив зүйлс бүгд үйлийн үртэй болохыг мэд гэх нь Буддагийн сургаалын нэгэн том онцлог юм.
Шагжамүнийн буддизм нь ер бусын хүчээр энэ ертөнцийг хөдөлгөх аливаа нэгэн абсолют оршихуйг хүлээн зөвшөөрдөггүй. Тийм бол энэ ертөнцийг хөдөлгөх хүч бол кармагийн хуулиас өөр юу ч байх боломжгүй болж таарна. Шагжамүнийн буддизм нь хэдий шашин боловч, туйлын рационаллаг реалистик үзэл санаан дээр тулгуурладаг гэдгээрээ бусад шашнаас эрс ялгардаг билээ.
Дармапада дотор ч бас тэрхүү санааг илэрхийлэх мөрүүд олноор бичигдсэн буй.

Бодол сэтгэл түрүүлж залаастай
Бүх юм сэтгэлээс үүдэлтэй
Гамшигт муу сэтгэл, үйлийн араас
Гай зовлон байнга дагаастай
Үхэрт хөллөсөн тэрэгний дугуй шиг
Үргэлж өнхрөн зовох тавилантай (1)

Бодол сэтгэл түрүүлж залаастай
Бүх юм сэтгэлээс үүдэлтэй
Ариун сэтгэлээр ярьж бас үйлдвээс
Алд биеэс сүүдэр салахгүй дагах адил
Амгалан жаргалан байнга дагаастай (2)

Уян хайлган сэтгэлээс уй гаслан үүсмү
Уян хайлган сэтгэлээс айх эмээх үүсмү
Уян хайлган сэтгэлээс бүрэн ангид хүмүүст
Учрах зовлон үгүйн учир юунаас айж эмээх вэ (213)

Зугаа цэнгэлээс уй гаслан үүсмү
Зугаа цэнгэлээс айх эмээх үүсмү
Зугаа цэнгэлээс бүрэн ангид хүмүүст
Зовлон үгүйн учир юунаас айж эмээх вэ (214)

Ийм байдлаар хүний бүхий л зовлонгийн цаана карма бий хэмээн Будда тунгаажээ.
Тэрхүү карма нь юу хэмээвээс, бидний сэтгэл доторх элдэв муу элементүүд буюу “нисванис” юм. Сая өгүүлсэн Дармападагийн үгээр бол “гамшигт муу сэтгэл”, “уян хайлган сэтгэл”, “зугаа цэнгэл” зэргийг хэлж буй. Нисванис хүнийг буруу зам руу залж, түүний үр дүнд хүн зовлонд гинжлэгдэн сансрын хүрдээр эргэлддэг гэх нь Буддагийн санаа юм.

Ичиж зовомгүй юмнаас ичиж зовдог
Ичиж зовмоор юмнаас ичиж зовдоггүй
Гаж буруу үзэлтэй тийм хүмүүс
Гай зовлонд унаму (316)

Айж эмээмээр юмнаас айж эмээдэггүй
Айж эмээмгүй юмнаас айж эмээдэг
Гаж буруу үзэлтэй тийм хүмүүс
Гай зовлонд унаму (317)

Тамтаггүй залхуу агаад шунаг
Тарган гахай мэт орондоо хөлбөрөгч
Даанч назгай тийм хүмүүн
Дахин дахин төрөл уруудан төрмү (325)

Тэгэхээр энэ мэт зовлонт үхэл амьдралын гинжин хэлхээг тасалж, нэгэнт ахиж үл хувирах үүрдийн амар амгаланд хүрэх нь дээдийн дээд өндөрлөг хэмээсэн учиртай. Тэрхүү төлвийг “Нирваан дүр” гэдэг. Бас сансрын хүрднээс мултарч чөлөөлөгдсөн гэдэг утгаар “Чөлөөлөгдсөн хүн” ч гэх нь бий.

Нисванисын эх бол “мунхаг”

Нисванис гэсэн ганц үгээр хэлэх ч, үнэндээ олон төрлийн муу сэтгэлүүд бий. Жишээ нь шунал ч юм уу, атаархал ч юм уу, бардамнал, үзэн ядалт гээд тоочоод байвал дуусахгүй. Харин Будда тэдгээрийн дотроос хамгийн эх үндэс болох нисванисыг “мунхаг” хэмээн тунгаав.
Энэхүү “мунхаг” гээч нь Никаяаг чухалчлах өмнийн буддист орнуудад ердийн мэдлэг болтлоо түгсэн ойлголт бөгөөд, “харанхуй”, “эрдэмгүй”, “саруул ухаангүй” гэсэн утгыг илэрхийлнэ. Тэгэхээр харанхуй мунхаг л хамаг муугийн үндэс, нисванисын эх гэж буй хэрэг юм.
Гэхдээ “харанхуй, мунхаг” гэж байгаа ч, тэр нь зүгээр мэдлэг нимгэнтэй ч юм уу, эрдэм номгүй мэтийн өнгөн талын утгаар биш юм. Аливааг зөв, рационаллагаар тунгаах чадвараар дутмаг, хүлэгдмэл бодолтой гэсэн “тэнэг”-ийн мөн чанарыг зааж буй.
Дармападад мунхагийн талаар юу өгүүлснийг харцгаая.
Будда юун түрүүнд ингэж айлджээ.

Завхай зайдан явдал бүсгүй хүмүүнд гутамшиг
Захгүй хармын сэтгэл өглөгийн эзэнд гутамшиг
Эдүгээ болоод хойтын хойт насанд
Эдгээр булай гутамшиг үнэн нүгэлтэй болой (242)

Тэгээд үүний араас

Энэ бүх гутамшигт булайн дотроос
Эс мэдэхүйн гутамшиг адгийн булай
Гагцхүү энэ л гутамшгийг лам нар минь
Гарцаагүй сайтар цэвэрлэж явагтун (243)

хэмээн өгүүлсэн байна.
Мунхаг бол адгийн гутамшиг тул, гарцаагүй муугийн доторх муу нь гэж буй хэрэг. Мунхаг мулгуу хүнийг хайр найргүйгээр буруушаан шүүмжилсэн дараах мөр ч бас бий.

Сайн эрдэм багатай хүн
Сарлаг үхэр шиг мунхарч өтөлнө
Хэрсүү ухаан суухын оронд
Хэвэл гүзээ нь сунаж өөхөлнө (152)

Толгой буурал ламтан л
Тэргүүн нь байх албагүй
Өндөр наснаас гавих өөр зүйлгүй аваас
Өгөөж үргүй өтөлсөн настан гэмү түүнийг (260)

Хурц боловч хорвоогийн үнэнийг түс тас шулуун өгүүлжээ. Дармападад номлох Буддагийн үгс нь илэрхийлэн дүрслэл талаасаа маш сонирхолтой, түүгээрээ ч бас олны сонирхлыг татдаг гэлцдэг.
Мунхагийг засах нь мэдээж чухал боловч, өөрийгөө мунхаг болохыг мэдэх явдал ч бас өөрцгүй чухал.

Тэнэг гэдгээ мэдэж байвал
Тэрэнд бас гэгээ байна
Харин тэнэгээ мэдэхгүй бол
Харанхуй нүх шиг балар байна (63)

Дээрх үг Сократын хэлсэн “Мэдэхгүйгээ мэдэх” гэх үгтэй ойролцоо байгаа биз?
Мунхагийн гайгаар зовлон үүдэх механизмыг тайлбарлах өвөрмөц нэгэн хууль буддизмд байдгийг “12 шүтэн барилдлага” гэдэг. Шууд ойлгоход хүндрэлтэй танил бус үгүүд гарах хэдий ч, товчхон дурдаад орхиё.



Юун түрүүнд зовлон үүдэх үндсийн үндэс нь “мунхаг”-аас эхэлж (зураг дээр түүнийг хараагүй хүнээр төлөөлүүлэн дүрсэлжээ), түүнээс цааш “хуран үйлдэхүй” “танин мэдэхүй” “нэр дүрс” “төрөн түгэхүй” “хурьцахгүй” “хүртэхүй” “сэрэхүй” “авахуй” “болохуй” “төрөхүй” “өтлөх үхэхүй” гэсэн дарааллаар өрнөнө. Үг тус бүрийн нарийн тодорхойлолтын тухайд олон янзын тайлбар байдаг тул энэ удаад хүрэлгүй алгасъя. Ямартай ч энд мунхагийн гайгаар алив юмсын мөн чанарыг ойлгоогүйн улмаас өтлөх үхэхийн айдас зовлонгууд үүддэг гэх гинжин процессыг дүрслэн үзүүлдэг.
Энэ процессыг ойлгож хүлээж авсны үндсэн дээр сэтгэлийн дасгалаа хичээнгүйлэн давтаж, мунхаг гэх эхний шалтгааныг арилгаж чадвал түүнээс цааш даалуу нурахын адилаар дээрх процессын алхам бүр ханаран арилж, эцсийн бүлэгт өтлөх үхэхийн зовлон ч арилах учиртай.

Мунхагийн хүүхдүүд

Мунхаг гэх “нисванисын эх”-ийн будилаанд ороогдож, бид бүхэн зүйл бүрийн буруу үйл тийш гүйлдэж, түүний шалтгаанаар хоёр дахь түвшний өөр өөр нисванисууд төрөн гардаг учиртай бөгөөд, хэлбээс тэдгээр нь бүгд мунхагийн хүүхдүүд юм.
Мунхагийн хүүхдүүд дотор зүйл бүрийн юмс байх агаад, мэдээж хэрэг “атаа хорсол” ч бас тэдний нэг. Энэ талаар Дармагападаас иш татан харцгаая.

Хорсол хилэнг энэ ертөнцөд
Хорсол хилэнгээр номхотгож эс чадмой
Эс хилэнгэх, эс хорсохуй бээр номхотгох нь
Эгээ мөнхийн хууль болой (5)

“Атаа хорслыг хая” гэх үзэл нь Дармападаг нандигнан дээдэлж ирсэн Шриланка, Тайландад нэг шашны сургаал гэх хүрээг хальж, ард түмний шинж чанар болтлоо хүмүүсийнх нь сэтгэлд гүн шингэжээ.
Мөн ийм үг ч бас бий.

Хорсол дайсагналын дунд ч
Найрсаг дотно амьдрана бид
Хорсол дайсагналын дунд ч
Хор хонзонгүй амьдрана бид (197)

Гайхаж магадгүй боловч “хайр” ч бас мунхагийн хүүхэд юм. Бид бүхэн хайр гэхээр үзэсгэлэнтэй зүйлийг ургуулан төсөөлдөг хэдий ч, буддизмд бол заавал сайн утгыг илэрхийлдэггүй бөгөөд, өнгөнд дурлах ч юм уу аливааг эзэмшихийг хүсэх шуналтай холбогдох нисванис гэдэг талтай нь илүүтэй холбон авч үздэг.
Дармападад олон жишээ зүйрлэл ашиглан үүнийг буруушаасан бий.

Хайрын мөрөөсөлд автсан хүмүүс
Хашигдсан туулай мэт холхин гүйлдмү
Чанга гинжлүүлж сэтгэлийн дөнгөнд
Чанадын зовлонг дахин дахин эдэлмү (342)

Энэрэл асрал гэдэг утгаар бусдад аз жаргалыг хүсэх нь муу зүйл биш боловч, хэн нэгнийг өөр рүүгээ хандуулмаар байна ч юм уу, хэн нэгний сэтгэлийг бусад руу хандуулмааргүй байна гэж хүсвэл, тэр нь нэгэнт нисванис болно. Тэгээд тэр нь биелэхгүй бол атаа хорсол ч юм уу уур хилэн гэх улам зовлонт сэтгэл хөдлөлийг төрүүлж “гинж дөнгө” болдог учиртай.
2,500 жилийн өмнө ч одоо ч хүн нисванист автах төрх байдал юугаараа ч өөрчлөгдсөнгүй. Энэ тухайд дараагийн хэсэгт гарах “Шунал”-тай гүнзгий холбогдох тул дахин жич өгүүлье.

Бүх юмс хувиран өөрчлөгдөнө

Тэгвэл ахиад жаахан лавширч, нисванисын эх болох мунхаг нь бодитоор чухам ямар мунхаглал болох талаар тунгааж үзье. Энэ бол шагжамүнийн буддизмын маш чухал хэсэг гэж хэлж болно.
Дээр өгүүлснээр мунхаг гээч нь “эрдэмгүй”, “саруул ухаангүй” гэх явдал боловч, тэгвэл чухам хэрхэн саруул ухаангүй байна вэ хэмээвээс “Энэ ертөнцөд өрнөж буй алив юмс үзэгдлийг зөвөөр таньж ойлгох ухаан үгүй байна” гэсэн утгаар хэлж буй. Эсвэл “Энэ ертөнцөд өрнөж буй алив юмс үзэгдлийг өөрийн тааллаар гуйвуулан харах” ч гэж хэлж болно. Үүнийг тонгоруулж хэлбэл, бодит ертөнцийг яг байгаагаар нь зөв таньж ойлгож чадаж байвал, тэр нь мунхаг харанхуйн эсрэг буюу “гэгээ” болно оо гэсэн үг.
Тэгвэл энэ ертөнцөд өрнөж буй юмсын үнэн төрх юу вэ? Тэр бол нэг ёсондоо “Бүх юмс хувиран өөрчлөгдөх” явдал юм. Бүхий л юмс цаг хором бүр хувиран өөрчлөгдөж, үүрдийн мөнх зүйл гэж хаана ч үгүй. Үүнийг “Хуран үүдсэн бүхэн мөнх бус” буюу Anicca гэнэ.
Өмнө кармагийн тухай өгүүлсэнчлэн энэ ертөнц зөвхөн шалтгаан болон үр дагаварын холбоогоор хөдөлдөг юм гэвэл, бүхий л зүйлс кармагийн торны нүднүүд гэсэн үг болох тул, үргэлжид биендээ харилцан нөлөөлнө. Бид ч бас тэр хязгааргүй хэлхээ торны ганц нүд төдий бяцхан хэсэг нь. Би ч, мөнхүү намайг хүрээлэх орчин тойрон ч бүгд кармагийн тороор холбогдсон үргэлжид хувирах оршихуй төдий юм.
Жишээлбэл, “Миний энэ аж амьдрал минь ямар жаргалтай вэ. Цаашид ч байнга иймээрээ л байна” гэж бодож буй хүн байвал, тэр бол мунхаглал. Учир нь тэр хүн одоогийн энэ нөхцөл байдлыг үүрд энэ чигээрээ үргэлжилнэ гэж бодож буй болохоор тэр. Бодит ертөнцийг харвал бүх юмс хувиран өөрчлөгдөж буй явдал хэнд ч илэрхий атал, тэр үнэнээс нүд буруулж “Одоогийн амьдрал минь цаашид ч иймээрээ үргэлжилнэ” хэмээн өөрийн таалалд нийцүүлэн бодон тайвширч, тэр бодолдоо суурилан цаашдын амьдралаа төлөвлөнө. Энэ бол чухамхүү “ертөнцөд өрнөж буй бүхнийг өөрийн тааллаар гуйвуулан харж буй” явдал бөгөөд маш түгээмэл мунхаглалын нэг. Туйлшруулж хэлэх юм бол, нүдний өмнөх зугаа цэнгэлээр амьдралыг таашааж буй хүмүүс бүгд мунхагууд юм.
Хожмын зовлон бэрхшээлийг огоорон хэнэггүйхэн амьдралыг таашаагчид гэвэл яах аргагүй залуу хүмүүс биз. Хэн бүхэн залуу насандаа тийм л байдаг ч, түүнийг шууд өчиггүй буруушаах ч бас аргагүй. Залуу хүн өөрийн ирээдүйдээ хүсэл мөрөөдөл тээн амьдрах нь огтоос мэдээжийн, байх ёстой асуудал. Гэвч үүн дээр санаж явах ёстой чухал зүйл бол, хүний нэг насны амьдрал гэдэг зөвхөн хүсэл мөрөөдлөөр дөрлөөд үл хүчрэх олон зовлон гашуугаар бас бялхаж байдаг гэх бодит факт юм.
Залуу цагтаа тийм гутранги бодолд заавал сэтгэлээ хандуулах шаардлага гэж үгүй л дээ. Өөрийн сонгосон замаараа цэх шулуун зүтгээд явбал ирээдүй алхам алхмаар чамд хаалгаа нээж өгнө. Харин нас хэлбийх цагаар, эсвэл гэнэтийн том осол гамшигтай учирвал, хүн хүссэн хүсээгүй хорвоогийн бодит үнэн тийш эгцэлж харахаас өөр аргагүй болно. Тэгээд энэ хорвоог “хуран үүдсэн бүхэн мөнх бус” гэж мэдсэн тэр цагт, бодит үнэнийг хэрхэн хүлээж авах вэ? Харсан ч хараагүй дүр эсгэн урьдын адил БИ төвтэй хий хоосон аз жаргалын ертөнцдөө зуурдын зугаа цэнгэл хөөн одох уу? Эсвэл бодит үнэнийг байгаагаар нь хүлээн авч, тэр ертөнцөд хатуужин тэсэх өөрийн үнэлэмжийн хэмжүүр, ертөнцийг үзэх үзлээ өөрчлөөд явах уу? Ийм салаа замын ирмэг дээр Буддагийн сургаал бид бүхнийг зөв зүг рүү залан дэмжиж өгдөг билээ.
Дармападын үгээс харцгаая.

Энэ бие бол хэлхээ яс
Эгэлдэргэж тогтсон махны бүрдэл
Өтөлж, хөгширч үхэхээс гадуур
Өөр ирээдүй өмнө байхгүй
(148).

“Хуран үүдсэн бүхэн мөнх бус” болохыг тун хатуу үгээр илэрхийлэн өгүүлжээ. Шагжамүнийн буддизм энэ зарчмыг хэрхэн чухалчилж, шавь нартаа шургуу сэнхрүүлэн ухуулж буй нь, үгийн сонголт дахь хүч оруулалтаас нь анзаарагдаж буй болов уу.
Үүний хажуугаар мэдээж хэрэг тэрхүү мөнх бус ертөнцийг зөвөөр таньж мунхагаас салснаар, хүн жинхэнэ амар амгаланд хүрэх боломжтой гэдгийг ч тов тодорхой өгүүлсэн бий.

Хуран үүдсэн бүхэн мөнх бус болохыг
Хурц ухаанаар сайтар эгээрэх аваас
Элдэв зовлонгоос хагацах болно оо хүмүүс
Энэ л ариусахын зам мөр мөн болой (277).

Мөнх бусын шинжлэх ухаан

Бага зэрэг яриа хазайхад, Шагжамүнийн буддизмын талаар ярих үед хамгийн ихээр ойлгон хүлээж авдаг нь шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид гэж санагдах нь бий. Зүсэн зүйлийн төрөл хэлбэрийн буддизмууд дотроо “Шагжамүнийн буддизм” нь нууцлаг ер бусын элемент бараг үгүй учир шинжлэх ухааны хүрээллийн хүмүүсийн хувьд түүний логикийг ойлгож танихад төдийлөн хүндрэл учирдаггүй бололтой байдаг.
Мөн ер бусын дээд оршихуйг үл зөвшөөрч, ертөнцийг шалтгаан ба үр дагаварын механик хуулиар тайлбарлаж буй өнцөг нь ч бас Шагжамүнийн буддизм болон шинжлэх ухаан хоёрыг нийтлэг болгож өгдөг. Буддизм тэрхүү үйлийн үрийн хуулийг оюун санааны дотоод хөгжилд ашиглаж, харин шинжлэх ухаан нь гадаад ертөнцийн хууль дүрмийг таньж мэдэхэд ашигладаг гэсэн ялгаа л байгаа төдийд, логик түвшиндээ бол төдийлөн ялгаагүй гэж хэлж болно.
Энэ талаар ахиад жаахан тодруулж харъя. “Хуран үүдсэн бүхэн мөнх бус”-ын зарчмыг дараах зүйрлэлээр тайлбарлах явдал байдаг.
Нүдний өмнөх ширээн дээр харандаа байжээ гэе. Тэр чигт нь орхичихвол маргааш ч бас тэр л янзаараа ширээн дээр байж байх биз. Түүний төрх байдал өнөөдрийнхтэй авь адилхан байх учиртай. Нөгөөдөр ч бас адил. Тэгвэл түүнийг огт хөдөлгөж хөндөлгүй 1,000 жил байлгавал юу болох бол? Гарцаагүй хорчийн хатаад үйрч таарна. Тэгвэл тэр харандаа яг хэзээ хорчийгоод хатчихсан хэрэг вэ? Ингэж асуувал ихэнх хүмүүс түрхэн зуур самгардан зогтусах ч, тэр дор нь хариуг нь олно.
Хариу нь мэдээж, 1,000 жилийн туршид цаг хором мөч бүхэн юм. Харандаа түүнийг ширээн дээр тавьсан тэр эгшнээс хойш тасралтгүй хатах болно. 5 минутын өмнө ба одоо, өчигдөр ба маргаашийн хооронд огтоос өөрчлөлт үгүй мэт харагдах ч, үнэндээ бол хором бүр зогсолтгүй бас тасралтгүй хатсаар байна.
Нэгэн хүндлэн биширч явдаг буддын багш маань киноны прожектороор зүйрлүүлэн мөнх бус (Anicca)-г ойлгомжтой дүрслэн ярьж байсныг санаж байна. Энэ ертөнцийн цагийн урсалт бол прожектроор гүйх киноны хальс шиг зүйл бөгөөд, хараахан гараагүй кадр нь ирээдүй, тэр нь гэрлийн өмнө ирээд дэлгэцэн дээр буух тэр эгшин бол одоо цаг. Тэгээд урсан өнгөрөөд хуйлагдсан хэсэг нь өнгөрсөн цаг юм, гэх зүйрлэл.
Дэлгэцэн дээрх дүрс айхтар хурдаар шилжин өөрчлөгдөх тул, үзэгчийн нүдэнд нэг оршихуй тасралтгүй хөдөлж буй мэт харагдах боловч, үнэндээ бол ганц кадр, ганц кадраар тусгаарлагдсан тусдаа байх тайван биетүүд эгшин бүрт бий болмогцоо алга болон урсана. Тэрхүү тасралтгүй байдал л энэ ертөнцийн үнэн төрх юм. Энэ ертөнц бол түүнээс цааш хуваах боломжгүй богинохон хугацааны нэгжээс бүрдэх олонлогийн бүрдэл юм, гэсэн санаа.
Тэрхүү “түүнээс цааш хуваах боломжгүй богинохон хугацаа”-г буддизмд ksana гэх ба агшин гэсэн утгатай. Тэгээд орчлон ертөнцөд хаа сайгүй орших элдэв биетүүд бүгд агшин бүрт хувиран өөрчлөгддөг гэж үздэг. Энэ бол чухам мөнөөх дижитал цаг хугацааны ухагдахуун тул, үүнтэй адилхан цаг хугацааны төсөөллөөр ертөнцийг тооцдог онолын физикийн судлаачид туйлаас сонирхон хүлээж авдаг билээ.
Нөгөөтэйгүүр буддизмыг тархи судлалын өнцгөөс тунгаан харах ч бас ихээхэн сонирхол татсан ярианы нэг юм.
Жишээ нь, саяын ksana буюу тасархай кадруудын нийлмэл дээр орчлонгийн цаг хугацаа тогтдог байлаа ч, бид бүхэн түүнийг тасралтгүй аналог байдлаар ажигладаг шүү дээ. Тэгвэл бидний тархины танин мэдрэх функц чухам яаж тэр тасархай үзэгдлүүдийг мэдэрдэг юм бол?
Хүний тархи гэдэг нь нүдний өмнө өрнөх тасархай үзэгдлүүдийн хоорон дахь зай завсрыг “тааварлах функц”-ийнхээ тусламжтайгаар нөхөж, тасралтгүй үргэлжилсэн процесс болгон таньж мэдэрдэг гэдэг. Үүний баталгаа гэвэл, тэр функц нь ямар нэгэн шалтгаанаар эвдэрч алга болоод, алив үзэгдлийг зөвхөн тасархай тасархай агшин байдлаар л анзаардаг, тийм хүмүүсийн тухай мэдээллүүд дэлхийн олон газраас сонсогддог.
Тэдгээр хүмүүс аяганд ус хийх үед, усыг бага багаар дүүрч байгаа байдлаар ажиглаж чаддаггүй. Хов хоосон, дундуур, дүүрэн гэх байдлаар, тасархай тасархай агшнуудыг л ажиглана. Яг одоо аянганд дөнгөж талаар нь ус байгааг ажиглалаа гэхэд, дараагийн удаа аягыг анзаарах тэр агшинд ус аль хэдийнэ дүүрээд хальж байна, гэх байдлаар ажиглах тул аятайхан ч ус аягалж чаддаггүй юм гэдэг.
Гэтэл үнэндээ аягүй бол тэр нь илүүтэй ертөнцийг объективоор ажиглаж буй явдал ч юм билүү. Аль нь чухам ертөнцийн жинхэнэ дүр төрх болоод, аль нь тархины функцийн нөхөлтөөр бий болсон виртуал үзэгдэл болохыг олж тогтоох нь тархи судлалын хариуцах асуудал биз.
Мөн өмнө өгүүлсэнчлэн, бид бүхэн нэг л мэдэхэд өөрийн дур зоргоор аливааг тайлбарлаж, өөрөө л үүрд эрүүл энх амьдрах юм шиг, эсвэл өнөөдрийн сайхан амьдрал цаашид ч үргэлжлэх юм шигээр харанхуй бодон төөрөгдөж явдаг. Өөрөөр хэлбэл, өөрийн өнцгөөс буруу ташаа ертөнцийг сэтгэл дотроо бүтээж орхидог. Түүнийг Будда “мунхаг” гэж хэлсэн учиртай ч, аягүй бол тэр нь нисванисын арга заль гэхээсээ илүүтэй тархины танин мэдрэх функцийн асуудал байж ч мэдэх талтай.
Хэрэв тийм бол, түүнийг даяанчлал гэх хувийн дасгал сургуулилтаар ямар хэмжээнд засаж өөрчлөх боломжтой юм бол? Эсвэл тархины байгалийн бүтцийн хувьд угаас бүтэшгүй зүйл юм болов уу? Эдгээрийн талаар сүүлийн үеийн тархи судлаачид нарийвчлан судлаасай гэж хүснэ.
Гэгээрэл болон бясалгалын талаар шинжлэх ухааны байр суурьнаас судлах нь ч бас эдүгээ цагийн чухал асуудал гэлтэй. Гэгээрэл гээч зүйл оюун санааны сураалд суурилдаг буддын ертөнцийн ярианаас хальж, шинжлэх ухааны хувьд ч хөдлөшгүй үнэн хэмээн хэрэв нотлогдвол “Шагжамүнийн буддизм”-ыг харах өнцөг ч өөрчлөгдөж, тун сонирхолтой юм болох нь гарцаагүй биз.

Бага зэрэг яриа хазайсан боловч, шинжлэх ухааныг сонирхогчийн хувиар энэ мэт зүйлийн тухай эргэцүүлэн бодож суух нь заримдаа тун ч зугаатай санагддаг билээ.




4 comments:

  1. Сайхан нийтлэл болжээ амжилт хүсье. Задалж яривал өчнөөн л зүйл байгаа байх. Үлгэр домог мэт яригдах ид шидийн зүйлээс тусдаа юмуу, будда өөрөө тэрхүү зүйлийг хүлээн зөвшөөрдөг байсан уу гээд л ярихад бөөн маргаан, хэн батлах вэ өнөөдөр....
    Логикийн хувьд ч зөрчил байсаар байна байна байна. Ихэнх томоохон лам нар амьдрал дээр тэс хөндлөн юм ярина шүү дээ. Өөрчлөлт хийхэд үнэхээр бэрх ажгуу...

    ReplyDelete
  2. "Будда чухам юу сургасан бэ" гэж ном орчуулагдан гарсан байдаг. Хэлэх гэсэн санаа нь чухам л Дарма-ийн цөм нь юм болов уу гэж бодогдлоо. Үнэндээ будда яг юу гэж сургаж, үнэнийг танисан нь чухал болохоос бусад үлгэр домог шиг яриа, элдэв мистикууд хамаагүй шиг санагддаг.
    Тухайлбал ертөнцийн үүсэл гарал, мөхлийн талаар буддын шашны онолын түвшинд аль хэдийн тогтчихсон үзэл байдаг юм байна. Үүний уг гарвалыг хөөвөл будда дээр буцаад очих жишээтэй. Тэр номонд тэгж бичсэн, энэ номонд ингэж бичсэн байдаг гээд л, энэ замбараагүй олон салаа замыг судлаад явсан хүн ч толгой эргэм. заза амжилт илүү ихийг оруулаарай

    ReplyDelete
  3. Anonymous24/5/17 22:36

    танай мэдээллийг байнга уншдаг шүү. маш алгуур, болгоомжтойгоор алсын бодолтой мэдээллүүд оруулдагт талархдаг. "шагжамүни буддизм"... энэ үгэнд ч гэсэн энэ бодлого байгаа гэдэгт итгэж байна.

    ReplyDelete