2016/05/30

Квалиа (4) - Hard problem

өмнөх - Квалиа (3)

Тархины тухайн нэг хэсгийн үйл ажиллагааг зогсоовол, тэр хэсэгт харгалзах тухайн нэг өнгө (квалиа) харагдахаа болино.
Эсрэгээр нь тэр хэсгийг дахин ажилд оруулбал түүнд харгалзах өнгө (квалиа) дахин харагдах болно.
Мэдээж, яагаад тархи хэмээх төхөөрөмж ажиллахаар квалиа үүсээд байна вэ гэх тэр зарчим механизм огт тодорхойгүй хэвээр ч гэлээ, ямартай ч дээрх туршилтын үр дүнгээс Бидний ухамсарт гарч ирж буй квалиа гээч энэ зүйл тархи хэмээх төхөөрөмжтэй нягт холбоотой юм байна, гэсэн дүгнэлт гаргаж болох биз.

Тэгвэл ингэхэд, ерөөс тархи гэж яг юу билээ гээд бодохоор, тархи гэдэг бол ердөө л атом молекул зэрэг биетүүдийн бөөгнөрөл төдий л зүйл бөгөөд, тархин дотор өрнөж буй мэдээлэл боловсруулах механизм гэдэг нь ердөө л нэг мэдрэлийн эс ямар нэгэн химийн бодис ялгаруулж хажуугийн мэдрэлийн эсдээ нөлөөлөх гэсэн үйлдлийг зогсоо зайгүй давтаж буйгаас хэтрэхгүй учиртай. Бодитоор мэдрэлийн эс нэгийг сугалж гаргаж ирээд түүн дээр ямар ч ажиглалт туршилт хийгээд хийгээд, тэндээс “тодорхой дүрмийн дагуу ажиллах механик үйлдэл хийж буй” энгийн төрх л олж харна. Тиймээс тийм юмнаас хэрхэн яаж “ухамсар”, “субьектив мэдрэмж”, “квалиа” бий болно вэ гэдэгт ямар ч рациональ хариулт өгөх боломжгүй.
Мөнхүү тийм мэдрэлийн эс хэдэн саяараа цуглалаа гээд ч ялгаагүй, тийм механик элементүүдийн бөөгнөрөл яаж ч ээдрээтэй нарийн бүтэц үүсгэн холбогдсон бай тэр нь “ухамсар”, “субьектив мэдрэмж”, “квалиа” үүсч буйн рационаллаг тайлбар болж хэрхэвч чадахгүй.

Яриаг илүү ойлгомжтой болгохын тулд “Тоймгүй олон эрэг шураг, араа дамрыг угсарч бүтээсэн, хүнтэй авь адилхан үйлдэл хийх чадвартай өндөр технологийн робот” байна гээд төсөөлөөд үзнэ үү.

Энэ робот гадаад төрх үг үйлдлээрээ хүнээс ялгарахын аргагүй байлаа ч гэсэн, түүний дотор баахан эрэг шурагнаас өөр юм байхгүй.
Энэ үед бид бүхэн
Тоймгүй олон эрэг шургийг нарийн схемээр угсарч холбосон учраас хүн шиг ажиллаж чадаж байна
гэж тайлбарлавал ойлгож хүлээн зөвшөөрч болох ч,
Тоймгүй олон эрэг шургийг нарийн схемээр угсарч холбосон учраас ухамсар болон квалиа үүсч байна
гэж тайлбарлавал яасан ч ойлгож хүлээн зөвшөөрч чадахгүй.

Ердийн эрүүл ухаанаар тунгаавал
- За яалаа гэж. Наад эрэг шургийг чинь яаж ч угсарч холболоо гээд, наанаас чинь ухамсар энээ тэрээ үүснэ гэж юу байсан юм?
гэх нь хамаагүй амьдраллаг сонсогдох биз.

Өөр үгээр хэлбэл, бид бүхэн “бодисуудын цугларалын үр дүнд ухамсар болон квалиа бий болжээ” гэсэн тайлбарыг рационаллагаар ойлгон хүлээж авах сэтгэхүйн чадамжгүй гэж хэлж болно.
Энэхүү “яагаад бодисоос ухамсар болон квалиа үүснэ вэ?” гэдгийг рационаллагаар хэрхэн тайлбарлах вэ гэх асуудлыг “Hard problem (хүнд асуудал)" гэж нэрлэдэг бөгөөд, шинжлэх ухааны шийдэгдээгүй асуудлуудын нэг болоод буй юм. Тэгээд энэ hard problem-ын хувьд, ерөөсөө юуг хаанаас нь хэрхэн судлах ёстойгоо ч мэдэхгүй, дэмий л санаа алдсан байдалтай байгаа бөгөөд, шинжлэх ухаан уг асуудлыг шийдэх найдвар одоогийн байдлаар огт байхгүй шиг байгаа юм (магадгүй үүрд?).

Дашрамд өгүүлэхэд, үнэндээ бол ерөөс шинжлэх ухаанд “яагаад мэдрэлийн эсүүд цуглахаар ухамсар болон квалиа үүснэ вэ?” гэдгийн тухайд рационаллаг тайлбар өгөх үүрэг байхгүй!
гэж үзэх хүмүүс ч бас байдаг.

Жишээ нь, “масс бүхий 2 матери байх үед, тэдний хооронд татах хүч үүсдэг” гэсэн физикийн онол ч гэсэн “А гэсэн физик нөхцөл бүрдвэл В гэсэн үзэгдэл үүсдэг” болохыг тайлбарлаж буйгаас хэтрэхгүй. Бодитоор түүнд нь хандаж “масс бүхий 2 матери байх үед, яагаад татах хүч гэсэн үзэгдэл үүсдэг юм бэ?” гээд шалтгааныг нь асуух юм бол
- Ёоох ядаргаа. Би яаж мэдэх юм? Энэ чинь ертөнцийн зүй тогтол. Ийм л зүйл тогтолтой юм байна.
гэхээс өөр үг хэлж чадахгүй.

(Магадгүй хэн нэг нь татах хүчийг татах хүчний бөөм мэтийн таамаг ашиглаад ч юм уу тайлбарлаж болох ч, тэр таамаг нь хэрэвзээ үнэн байлаа ч мөн л адилхан өрнөл болно. “За тэгвэл яагаад татах хүчний бөөм байхаар татах хүч үүсдэг юм бэ?” гэх эргэлзээ үлдэх тул, бас л рационаллаг тайлбар болж чадахгүй. Тиймээс шинжлэх ухаан гэдэг эцсийн эцэст “огторгуй ертөнц ийм зүй тогтолтой” гэхээс илүү юм хүүрнэх чадваргүй тул, мөн чанартаа бол ертөнцийн талаар рационаллаг тайлбар хийх ямар ч чадавхгүй гэсэн үг юм.)

Тэгэхээр шинжлэх ухаан гээч маань “А гэдэг физик нөхцөл бүрдвэл В гэдэг үзэгдэл үүсдэг”, “Нөхцөл А үзэгдэл В” гэсэн хууль дүрэм буй болохыг л илэрхийлэхээс бус, тэр хууль дүрмийнх нь тухайд бол оогт тайлбар хийж чадахгүй, хийх үүрэг ч байхгүй.

Тиймээс шинжлэх ухаан нь квалиагийн хувьд ч бас ижил зүйл хэлсэн ч болох л асуудал.
- Ёоох ядаргаа. Би яаж мэдэх юм? Энэ чинь ертөнцийн зүй тогтол. Мэдрэлийн эсүүд зөндөө олон цуглахаар квалиа үүсдэг юм, за юу!?!
гээд ам таглаж болно оо л гэсэн үг. Тэгэх юм бол тэгээд нөгөө hard problem чинь төгс шийдэгдчихнэ гэсэн үг.

Бодит байдал дээр Квант механикийн онол ч бас “Хос нүхний туршилт” дээрх электроны хөдөлгөөнийг рационаллагаар тайлбарлаж чадаагүй, магад хэзээ ч чадахгүй. Гэсэн ч онцын асуудалгүйгээр өнөөдөр түүнийг шинжлэх ухааны онол гээд амжилттай хэрэглээд болж л байна.

Дүгнээд хэлбэл, шинжлэх ухаан нь “яагаад мэдрэлийн эсүүд олноороо цуглахаар квалиа үүсдэг юм бэ?” гэх hard problem-ыг рационаллагаар (оновчтойгоор) тайлбарлаж чадахгүй ч, бусад онолын адилаар “ямар ч байсан л тэгдэг юм аа” гээд харанхуй шийдээд явчихвал тэгээд л асуудалгүй гэсэн үг юм.

Гэвч эсрэгээрээ тэгээд харанхуй шийдчих юм бол, бид бүхэн квалиагийн асуудлын талаар шинжлэх ухаанлаг тайлбар хэзээ ч олж сонсож чадахгүйд хүрнэ...

... Бид бүхэн квалиаг ойлгох өдөр ирэх болов уу?

Үргэлжлэл - Квалиа (5). Дайвар үзэгдлийн тайлбар

8 comments:

  1. Anonymous30/5/16 15:36

    Ireh l blgude ;)

    ReplyDelete
  2. Anonymous31/5/16 11:54

    suuri oilgoltond maani l asuudal bh shig.

    ReplyDelete
  3. Яахлаараа энэ биет мэдрэмжийг тархи буюу мэдрэлийн эсийн бөөгнөрөлд хүлээн аваад байна гэж холбоод байгаа юм бэ? Эрчим хүчний хөдөлгөөнөөр үү? Тэглээ гээд заавал тийм байх албагүйг өөрсдөө ч мэдэж байгаа шүү дээ. Эхний таамаг суурин дээрээс 2 дахь давхараа их бодитой тавих юм. Гэтэл эхний суурь өөрөө их хийсвэр байна шүү дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Квалиаг тархи мэдэрдэггүй байж болох ч, тархитай холбоотойгоор үүсдэг гэдгийг бол хүлээн зөвшөөрч байна уу? Бодитоор, хүний зөвхөн тархинд нөлөөлж нүдний өмнөх зарим зүйлийг харагдахгүй болгодог туршилт ч хийгдсэн байдаг. Энд ярьж байгаа нь, яагаад мэдрэлийн эсүүдийн бөөгнөрөл буюу тархи байхад квалиа гэдэг үзэгдэл бий болно вэ гэдэг асуудал. Тэрнээс квалиаг хэн хаана ямар механизмаар мэдэрч байгаа тухай бол биш.

      Delete
    2. Ммм. Тархины тухай тийм туршилтаар тархи л эдгээрийг бий болгоод байна гэж үзэх болсон юм байна.

      Delete
  4. Би нэг сонин туршилт хийж үзсэн юм. HTML дээр дэлгэцийн нэг талыг улаан, нөгөө талыг цэнхэрээр дүүргээд, зааг дээр нь A4 цаас босгож байгаад нэг нүдээ нэгрүү нь, нөгөө нүдээ нөгөөрүү нь (cross-eye хийхгүй, хоёр нүдээ параллел болгоод) харахад надад аль өнгө үзэгдэж байгааг ажиглав. Цэнхэр байж байснаа аажимаар (яг л булаан эзлэж байгаа юм шиг замбараагүй) улаан болоод, тэр чигтээ улаан болж хэсэг байж байснаа эргээд цэнхэр нь аажимаар... Яахав хичээх юм бол ягаан (magenta) өнгө харж л байгаам. Гэхдээ ягаан чинь бас өөрийн гэсэн долгионы уртгүй, visual spectrum дээр байдаггүй өнгө шүү дээ.

    Миний бодлоор нүд (ер нь бүх мэдрэл) ажиглахдаа зөвхөн заагийн хөдөлгөөний мэдрээд, тухайн заагийн доторхыг ялгаатай гэрлийн долгионы урт бүрт зориулж буддаг (cone, rod эсүүдийн сигналын сэлгэмэл), яг л буддаг ном шиг. Нэг ийм snapshot буучихсаны дараа нүдэнд огт хөдөлгөөн, өөрчлөлт илрэхгүй бол аяндаа тухайн дүрс сарнидаг (нэг цэгрүү удаан ширтэхээр ийм үзэгдэл болдог). Тэгэхээр байгал дээр өнгө гэж байдаггүй бөгөөд бидний тархи л будаж үзүүлдэг болж таарна, blind spot бас ингэж ажилладаг.

    Миний бодлоор квалиа өөр хэмжээсийн, сүнслэг газар байх ёстой. Тархитай тархигүй ажилладаг, гэхдээ тархи бидэнд 3D-гээс өгөгдөл хүлээж авахад тусладаг ч юм уу. Яарж бичсэн болохоор тодорхой дүгнэлттэй юм бичиж чадсангүй, бодоод л байна :D

    ReplyDelete
  5. Anonymous26/7/16 18:34

    sanaa aldsan baidaltai bgaa gj unshixiin yag umnu sanaa aldav, tun dajgui taarsan bn shu kkkk

    ReplyDelete
  6. таалагдлаа. шинжлэх ухаан ийм зүйл яаж болоод байна вэ? гэдгийг тайлбарлах гэж оролддог. харин яагаад? гэж асуувал тэгээд л дуусаа. шинжлэх ухаан балчир хүүхэд шүү дээ. их сониуч юмны учрыг олох гэсэн. даан ч чаддаггүй. одоогийн шинжлэх ухааны хүрсэн түвшин, технологийн дэвшил энээ тэрээ гэдэг бол нүд хуурсан л зүйл. тэгээд ч шинжлэх ухаан хүний тав тухыг хангах тал дээр л ажиллаад байгаа шүү дээ

    ReplyDelete