2016/01/27

3. Декарт. Эргэлзэхийн аргагүй найдвартай юм юу вэ?

Өмнөх - 2. Сократ. Мэдэхгүйгээ мэдэж авах нь үнэнд ойртох эхний алхам юм

Гэвч, абсолют туйлын үнэн гээч юм тийм ч амархан олдсонгүй. Тэр хооронд Христийн шашин өрнийг бүрхсэн Дундад зуун тийш түүх гулсан орж, “Хүн зөвхөн оюун ухаанаар үнэнд хүрэх боломжгүй. Үнэнд хүрэхийн тулд бурханд итгэх сүсэг бишрэл шаардлагатай” гэх хандлага түгэн дэлгэрчээ.
Гэсэн ч түүний хойно Ренессанс (сэргэн мандалт буюу хуучны эрдэм мэдлэгийг дахин сэргээе хөдөлгөөн) болон Шашны шинэчлэл (сүм хийд өршөөлийн пайз зарахыг хориглоё хөдөлгөөн) зэрэг үйл явдлууд өрнөж, сүмийн эрх ямба бага багаар суларч ирэв. Тэгээд, шинжлэх ухаан болон математик зэрэг мэдлэгийн салбарууд хөгжин цэцэглэж, “хүний оюун ухаан гайхалтай” гэж дуулсан Орчин үе (ойрхи үе ч гэдэг) хэмээн нэрлэгдэх үе эхэлнэ. Дундад зуунаас орчин үе рүү хийсэн шилжилт гэдэг бол мөн чанартаа “сүсэг бишрэлийг чухалчлах цаг үе”-ээс “оюун ухааныг чухалчлах цаг үе” тийш хийсэн шилжилт байсан билээ. Үүгээр дөрөөлөн хүн төрөлхитөн бас дахин оюун ухаанаа ашиглан “Үнэн гэж юу вэ?” хэмээн эрэлхийлж эхэлнэ. Тэгээд 17-р зууны үед оюун ухааны хүчээр абсолют үнэнийг олж нээхийг зорьсон философич Декарт (1596 - 1650) төрөн гарав аа.
Декарт гэвэл “Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна” гэдгээр нь бид бүхэн мэдэх нэрт философич боловч, үнэндээ тэрээр бас математикч гэгдэн алдаршсан нэгэн юм. Жишээлбэл “Х, У тэнхлэг бүхий 2 хэмжээст координатын систем”-ийг сонсоогүй хүн үгүй болов уу гэж санах боловч, үүнийг албан ёсоор "Декартийн координатын систем" гэж нэрлэдэг. Математик тэгшитгэлийг дүрс болон график хэлбэрээр нүдэнд харагдахуйцаар дүрсэлдэг координатын систем гэх санаа бол тухайн үедээ гойд шинэлэг санаа байсан гэдэг.
Ингэхэд бага зэрэг ярианы сэдвийг өөрчлөхөд, ер нь математик гэж юу билээ? Хамгийн хялбархнаар тайлбарлах юм бол, юун түрүүнд эхлээд аксиом гэдэг батлах ч шаардлагагүй энгийн үнэн илэрхийлэл хэдийг олж зохиогоод, түүн дээрээ суурьлан логик гаргалгаагаар теорем олж нээн хөгжүүлдэг мэдлэгийн салбар гэж хэлж болно.
Жишээлбэл, бид бүхний дунд сургуульдаа үздэг, хавтгай цаасан дээр зурсан янз бүрийн дүрсний тухай хичээл болох (Евклидийн) геометрт “гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 хэм” гэх теорем байдаг. Энэ нь үнэндээ “параллел шулуунууд хэзээ ч огтолцохгүй” ч юм уу, “бүх тэгш өнцгүүд тэнцүү” гэх мэт туйлын хялбархан аксиомуудаас мөрдөгдөн гарсан эд юм. Тэгээд “Гурвалжны өнцгүүдийн нийлбэр 180 хэм” гэсэн уг теорем дээрээ суурьлаад ахиад өөр теормууд мөрдөгдөн гардаг учиртай боловч, тэдгээрийн эх суурь нь мөн л анхны аксиомууд болох тул, нэг ёсондоо “бүхий л теормууд аксиом дээр суурилж байдаг” гэж хэлж болох юм. Энэ бол ямар ч математикийн салбар системүүдийн хувьд адилхан бөгөөд, ямар ч дээд төвшний ээдрээтэй нарийн систем байлаа гээд, тэд бүгд аксиом гэгдэх энгийн хялбархан илэрхийллүүдээс мөрдөгдөн гардаг учиртай.
Эндээс чухал нь юу гэвэл, математик гэдэг маань уг аксиомыг нь л эхнээс нь тогтоогоод өгчих юм бол, түүнээс цааш “хүн болгон адилгүйгээс” үл хамааран хэн ч ижил дүгнэлтэнд хүрдэг ганц салаа зам хэлбэрийн систем болон хөгждөг явдал юм. Бага наснаасаа математикт туйлын дуртай байсан Декарт энэхүү математикийн арга зүйг философид ч хэрэглэх боломжгүй юм болов уу хэмээн боддог байжээ.
Ерөөс төдийг хүртлэх философи гэвэл, янз бүрийн философичид “би ингэж бодож байна”, “үгүй, би тэгвэл ингэж бодож байна” гэх зэргээр хүн бүр өөрийнхөөрөө өгүүлсэн зүйлс л байдаг байв. Тиймдээ ч философич болгоны тоогоор “○○ үзэл”, “△△изм”-үүд бий болж, философи нь математик шиг нэгдсэн цогц мэдлэгийн салбар болж чадаагүй байж. Гэтэл тэр хэвээрээ байвал эцсийн эцэст философи гэдэг “хүн хүний хувийн бодол” төдий зүйл л болно шүү дээ.
Ингээд Декарт философи ч бас математикийн адилаар “хэн ч үнэн гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй найдвартай зүйл”-ийг эхлээд Нэгдүгээр зарчим (буюу аксиом) болгон зоогоод, тэндээсээ логик гаргалгаагаар элдэв дүгнэлтүүд мөрдөн гаргах байдлаар философийн цогц систем үүсгэх хэрэгтэй гэж үзсэн байна. Тэгж чадвал өдийг хүртэл хүн хүний хувьд өөр байсан философи маань хэн ч ижилхэн дүгнэлтэд хүрч, “хэн ч үнэн гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй цорын ганц туйлын үнэн философи” тийш хөгжих боломжтой болох учиртай.
Энэхүү Декартын санаа бол туйлаас гайхамшигтайн дээр, бас маш зоримог алхам байжээ гэж санагдана. Гэлээ гээд, тийм байлаа ч, түүний төлөө юун түрүүнд философийн хувьд “Энэ бол гарцаа байхгүй хөдлөшгүй үнэн мөн” хэмээн бүх хүн хүлээн зөвшөөрөхүйц энгийн аксиом буюу нэгдүгээр зарчмыг олохгүй бол болохгүй. Хэрэв тийм зүйл үнэхээр олддог юм бол, түүнийг болбоос “туйлын үнэн” гэж ойлгосон ч болох биз ээ.
Гэтэл тийм зүйлийг хэрхэн яаж олох вэ? Анхааруулж хэлэхэд, энэхүү нэгдүгээр зарчмыг олж тогтоох ажлыг асар хянамгай нухацтай хийхгүй бол болохгүй. Яагаад гэвэл, хамгийн эхний гарааны цэг болох учиртай нэгдүгээр зарчим маань хэрвээ худлаа байж таарах юм бол…, тэндээс мөрдөн гарах зүйлс ч бас худлаа болж, бүх юм сууриасаа мордохын хазгай болж орхино. Тиймээс философийн үндэс суурь болох нэгдүгээр зарчим болгон тогтоох илэрхийлэл нь “үнэхээр найдвартай, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй тийм үнэн” байхгүй бол болохгүй юм.
Декарт тэр үнэнийг хичээнгүйлэн хайж гарав. Гэхдээ түүний жинхэнэ агуу байсан нь, тэрээр найдвартай үнэн аксиомыг хойноос нь ухнатаж хайлгүй, “эхлээд бүх юмсыг эргэлзэх” гэдэг тактикаар үнэнд хүрэхийг зорьсон явдал юм. Өөрөөр хэлбэл, тэрээр “Яаж ч эргэлзээд эргэлзээд, эргэлзэхийн аргагүй” тийм зүйл л үнэний нөхцлийг хангана гэж үзжээ.
Зүйрлүүлж тайлбарлавал, та “хэзээ ч хагарахгүй хамгийн хатуу зүйл” эрж байна гээд төсөөлөөд үз дээ. Та хэрхэн хайх вэ? “Энэ овоо хатуу чулуу байх шиг байна, энэ юм болов уу?” гээд харсан болгоноо нэг бүрчлэн барьж үзэх байдлаар ухнатаад явбал мөдгүй юм болно. Тэгвэл яах ёстой гэж? Аварга том тэсрэх бөмбөг барьж ирээд дэлхийг тэр чигээр нь дэлбэлчих. Тэгвэл “хэзээ ч хагарахгүй хатуу зүйл” нь үлдэж таарна биз? Тэр чинь л таны эрсэн тэр зүйл юм шүү дээ.
Декарт ч бас үүнтэй адилаар үйлдэв. Тэрээр “Наадах чинь үнэхээр үнэн үү? Эргэлзээтэй биш үү?” гэх эргэлзлийн тэсрэх бөмбөгийг бүгдэд чиглүүлэн дэлбэлж орхив.
Декарт энэ ертөнц дээрх бүхий л зүйлийг эргэлзэв. Эргэлзэн эргэлзэж, бүхнийг эргэлзсээр, нүдний өмнөх бодит байдлыг ч хүртэл эргэлзэв. Жишээ нь, нүдний өмнө алим байна. Энэ үнэхээр үнэн гэж үү? Үгүй ээ, үнэндээ зүгээр л зүүдэлж байж ч болох. Алим гэж огтоос байдаггүй ч байж мэднэ. Тийм бол нүдний өмнө ер юу ч байлаа гээд тэр нь үнэн байх албагүйд хүрнэ.
Тэгвэл математик? онол? Эд бүгд худлаа гэж үү? Үгүй ээ, эд бүгдийг үнэн гэж итгэх нь хоосон төөрөгдөл ч байж мэднэ. Зүүдэлж байхдаа бид илэрхий логикгүй зүйлийг ч олж анзаардаггүй шүү дээ. Тиймээс математик болон онолууд ч бас эргэлзэх боломжтой, сэжиг бүхий.
Нэгэнт энэ хүртэл эргэлзэж орхивол өөр юу ч үнэн гэж хэлэхүйц зүйл үгүй мэт санагдана. Гэсэн ч Декарт цаашаа улам хүчтэй эргэлзэх болов. Тэрээр бүр “муу санаат албин” хэмээх оршихуйг хүртэл гаргаж тавих нь тэр. Тэр албин нь хүнд хоосон зэрэглээ үзүүлэн тохуурхах, байгалийг давсан муу санаат оршихуй юм гэнэ. Ийм зүйл үнэхээр байдаг гэвэл, “олчихлоо, жинхэнэ үнэн чинь энэ байна” гээд юу ч хэлдэг бай, тэр нь “үгүй ээ, наадах чинь зүгээр л муу санаат албин чамайг хоосон төөрөгдүүлж байгаа ч юм билүү” гээд үгүйсгэгдэх боломжтой болно биз? Энэ бол шулуухан хэлэхэд арай хэтийдсэн эргэлзээ байлаа.
Яаж ч бодсон, эргэлзэж болох дээд хязгаарыг давчихжээ. Гэсэн ч тэрээр тууштайгаар эргэлзсээр. Тэр үеийн Декарт бол эргэлзээгүй “Дэлхийн номер нэг үнэнийг эрэлхийлэгч, дэлхийн номер нэг үнэнийг эргэлзэгч” байсан биз. Ингэтэл бүхнийг эргэлзэж орхивол, тэнд нэгэнт шинжлэх ухаан ч, математик ч, ер юу ч үлдэх боломжгүй. Ёстой л эргэлзлийн тэсрэх бөмбөг... Тэгтэл тэрхүү хэт эргэлзэгч тэсрэх бөмбөгнөөс гайхамшиг үлдэж хоцрох нь тэр...
Нэгэн өдөр, өглөө ч орой ч гэлгүй тасралтгүй эргэлзэх Декартын тархинд, гэв гэнэт оч харвав уу гэмээр нэгэн санаа зурсхийн орж ирэв.
-      Бид бүхний мэдрэмж бүгд худлаа, хуурмаг байхыг үгүйсгэхгүй... Тиймдээ ч бүхий л зүйлс сэжиг бүхий. Гэвч,... энэ хорвоогийн бүх юмсад эргэлзлээ ч, “тэдгээрийг эргэлзэн буй би” оршин байгааг харин яасан ч “эргэлзэх боломжгүй” бус уу?
Яагаад гэвэл, хэдий тэрхүү “эргэлзэн буй би”-г эргэлзлээ гээд, тэр нь мөн л “тийн эргэлзэж буй би” байгаагийн нотолгоо болох учраас.
Нэг ёсондоо, хэдий бүхнийг зүүд (хуурмаг) хэмээн эргэлзлээ ч, тэрхүү зүүдийг үзэж, “зүүд биш үү?” хэмээн эргэлзэн буй би өөрөө оршин байгаа явдал маань хэрхэвч эргэлзэх аргагүй юм. Хоосон зүүд үзүүлж буй муу санаат албин байлаа ч, тэр зүүдийг нь үзэх би оршин байхгүй бол, хэрхэн хоосон зүүд үзүүлж чадах билээ. Тэгэхээр, ямар ч хэтийдсэн эргэлзээг даван гарч үлдэх цорын ганц зүйл, тэр бол гарцаа байхгүй “эргэлзэн буй БИ” болж таарах нь.
Тэгээд Декартын тархинд харвасан тэрхүү оч нь өнөөгийн бидэнд ийм үг болон өвлөгдөж иржээ.
-      Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна.

Хичнээн бүх зүйлс худлаа байлаа гээд, түүнийг би “худлаа биш үү?” гэж сэтгэн буйгаас хойш, тэр бол миний оршин буйн хөдлөшгүй нотолгоо мөн.

Ийнхүү Декарт философийн суурь болох “эргэлзэхийн аргагүй абсолют үнэн”-ийг мөрдөн гаргасан нь энэ бөлгөө.


Үргэлжлэл - 4. Хьюм. Бурхан ч, шинжлэх ухаан ч хоосон төөрөгдлөөс цаашгүй

Хялбаршуулсан философи

No comments:

Post a Comment