2012/09/22

Шинжлэх ухааны философи түүх (1р хэсэг)

- Энэ чинь шинжлэх ухаанаар батлагдчихсан.
гээд хэлчхэд л өнөө цагт олон хүн дуугаа хураан хүлээн зөвшөөрдөг болж.
Гэтэл ерөөс шинжлэх ухаан гэж юу вэ? Юуг шинжлэх ухаан, юуг шинжлэх ухаан биш гэж заагладаг юм бэ?
Хүн төрөлхитөний хувьд энэхүү зааг шугам хэрхэвч анхнаасаа илэрхий ойлгомжтой байсангүй.
Энэ удаад шинжлэх ухааны зааг тогтоолтын асуудлын түүхэн өрнөлийг хялбаршуулсан байдлаар хүүрнэж өгье.


1. Индукцийн арга


1600-аад оны үед Английн 
Francis Bacon-ы дэвшүүлсэн "Шинжлэх ухааны тухай үзэл" юм.
Товчхон тайлбарлавал:
- Бодит факт нэг бүрийг цуглуулаад, бүгдэд нь байх нийтлэг хамаарлыг олж илрүүлээд, түүнээсээ хэзээд үнэн гэсэн ерөнхий дүрэм, шинж чанарыг мөрдлөг болгон гаргах
тухай санаа.

Жишээ нь, бүх дэлхийгээр хэрэн хэсч, хэрээ ямар өнгөтэй болохыг асууж сураглаад ирлээ гэе.
Тэгтэл "Хэрээ хар өнгөтэй" гэсэн факт л ажиглагдсан байвал
- Хэрээ бол хар өнгөтэй шувуу юм
гэсэн мөрдлөг гаргаж болно.
Ингэж гаргаж авсан "Хэрээ бол хар" гэдэг мөрдлөг нь, ажигласан фактын тоо их байх тусмаа улам найдвартай болж, улам баталгаажиж, улам нийтэд хүлээн зөвшөөрөгдөх учиртай.

Энэ санаа нь тэр үеийн хүмүүст гайгүй ойлгомжтой санагдсан тул Bacon улам оодорч
- Чухам л индукцын аргаар шинжлэх ухааныг хөгжүүлэх нь зүйтэй
маягийн юм хэлэв.
Нэг ёсондоо
- Шинжлэх ухаан бол, зөвхөн бодит факт болон туршилтан дээр тулгуурлан хөгжих ёстой!!!.

Үүнийг сонсоод аягүй бол та ингэж бодож магадгүй юм.
- Мэдээж шд. Өөр тэгээд яах
юм?
гэж.

Гэвч, бодит үнэнийг өгүүлбэл, Bacon-оос өмнөх шинжлэх ухаан нь эрх мэдэлтнүүдийн үндэслэлгүй туйлширсан үзэлд нэвт автсан, эсвэл эртний цуу яриагаар дүүрсэн эрээвэр хураавар шар сонин шиг эд байсан юм. Суут Аристотелийн тааж буудсан
- Хүнд биет хөнгөн биетээс хурдан унадаг
гэсэн бодит үндэслэлгүй өнгөц сэтгэгдлийг хүн төрөлхитөн 2000-аад жилийн турш эргэлзэлгүй итгэж
ирсэн байдаг.

Bacon тэрхүү худал хуурмагийг нэг амьсгаагаар цэвэрлэн ялгаж, оригинал шинжлэх ухаантай болъё гээд чадлаараа зүтгэл гаргаж л дээ. Үр дүн ч гарч, тухайн үеийн олон хүн ам сайтай хүлээн авч байв. Үнэхээр ч индукцын арга бол товхийсэн логиктой, тухайн үедээ эргэлт гаргахуйц санаа байж, хожмын шинжлэх ухааны тойм төрхийг тодорхойлж чадсан билээ.

Өнөөгийн ердийн хүмүүсийн төсөөлдөг тэрхүү "шинжлэх ухаан"–лаг сэтгэлгээ гээч нь гол төлөв Индукцын арга байдаг болов уу.
Индукцын аргад тулгуурласан шинжлэх ухаан урамтай сайхан хөгжлөө. Хүн төрөлхтөн тийнхүү эрх мэдэл хийгээд шашны гажсан ухуулгаас эгнэгт чөлөөлөгдөж, ертөнцийг таних хүчирхэг зэвсгийг арай гэж гартаа оруулж 
чадсан!!!

...юм шиг санагдлаа.



2 comments:

  1. Баярлалаа яг надад хэрэгтэй сэдэв

    ReplyDelete
  2. ih sonirholtoi style-aar oilgomjtoi engiin bichdeg yum shig sanagdlaa. Bicheed baigaarai

    ReplyDelete