2015/10/09

Санаа бүтээх техник (4р хэсэг)

Өмнөх - Санаа бүтээх техник (3р хэсэг)


  • Сэтгэл дэхь боловсруулах процесс

Ингээд та бүхнийг материал цуглуулах хэмээх мэргэжлийн ажил, өөрөөр хэлбэл нэгдүгээр үе шатыг бодитоор бүрэн биелүүлсэн гэж үзвэл, түүний дараах та бүгдийн сэтгэл тойрч өнгөрөхийн аргагүй үе шат юу байх вэ? Тэр бол цуглуулсан материалаа хэвж зажлах явдал юм. Идэж боловсруулах гэж буй хоолоо бид хэрхэн зажилдаг билээ, яг л түүнтэй адилаар.
Энэ үе шат эхнээсээ дуустал зөвхөн тархин дотор өрнөх тул, үүнийг дэлгэрүүлэн тайлбарлах нь өмнөх үе шаттай харьцуулахад тун хүндрэлтэй.

Та бүхний хийх ажил гэвэл цуглуулж авсан материалаа нэг нэгээр нь барьж аваад сэтгэлийнхээ хүртэх өнцөг гэж хэлэхүйц тэр зүйлээрээ тал талаас нь хүртэж сонжих явдал юм. Нэг фактыг өмнөө тавина. Түүнээ ийш нь ч нэг харуулж, тийш нь ч нэг харуулж, өөр өнгийн гэрэл дор ч барьж үзэж, тухайн фактын утга учрыг эрж хайна. Эсвэл хоёр факт зэрэгцүүлж бариад, яавал энэ хоёр харилцан уялдах талаар судалж үзнэ.
Эндээс та бүхний хайж буй зүйл бол Хамаарал бөгөөд, эвлүүлдэг тоглоом (jigsaw puzzle) шиг бүгд барьцалдан нийлэхүйц тийм угсралт юм.
Энд нэгэн хачирхалтай элемент холилдон орж ирнэ. Юу гэвэл, факт гээч зүйлийг хэт байгаагаар нь харж, тэр чигээр нь үгчилэн хүлээж авахгүй байсан нь илүүтэй хурданаар түүний утгыг илрүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Зөвхөн хажуунаас нь харах үед л далавч нь харагддаг мөнөөх шууданч хүүг (Грекийн үлгэр домогт гардаг Меркури бурхан) санаж байгаа биз дээ? Түүнтэй л төстэй юм. Үнэндээ бол энэ нь утга учир эрж хайх гэхээсээ илүү, утга учирт нь чих тавин чагнах гэвэл илүү дөхөх болов уу. Бүтээлч сэтгэлгээний өндөр чадавхитай хүмүүс энэ үе шатанд ирэхээрээ алмайн зогтусах нь түгээмэл харагддаг.
Та бүхэн энэхүү хоёрдугаар үе шатыг даван туулах үед доорхи хоёр зүйл тохиолдоно. Юуны өмнө бяцхан, түр зуурын, эсвэл бүрэн бус хэсэгчилсэн санаа танд айлчлан орж ирнэ. Тэдгээрийг нэг бүрчлэн цаасан дээр тэмдэглээд аваарай. Хичнээн тас хөндлөн гэж бодогдсон ч бай, эсвэл дутуу дульмаг гэж санагдсан ч бай, хамаагүй эргэлзэлгүй бүгдий нь бичиж авагтун. Энэ бол удахгүй төрөн гарах жинхэнэ санааны угтвар дохио бөгөөд, тэдгээрийг үг болгон цаасан дээр илэрхийлж буулгасанаар санаа бүтээх процесс урагшилан ахина. Энд ч мөн адил 3х5 инчийн карт ашиглавал тохиромжтой.
Бас нэг зүйл бол, та бүхэнд паззл угсрах ажилдаа ядран халшрах сэтгэл төрж ирнэ. Гэвч, яаж ийгээд хэт хурдан халшрах сэтгэл төрүүлэхгүй байхаар хичээхийг хүсье. Сэтгэлд ч бас амьсгаадан давчдахыг даван гарсан хэвийн төлөв гэж бий. Энэ үе шат дээр сэтгэлийнхээ энергийн ядаж хоёр дахь давхрагад нэвтэртэл нь шавхан зүтгүүлээсэй гэж хүснэ. Нэг эсвэл түүнээс олон хэсэгчилсэн эргэцүүллийг өөрсдийн картандаа дараалуулан бичихийг хичээгээрэй.
Гэвч явсаар та бүхэн цөхрөлийн туйлд тулж очино. Юм бүхэн юутай ийтээгээ та бүхний сэтгэлд холилдон уймарч, хаанаас ч тов хийсэн дүгнэлт төрөн орж ирэхээ болино. Энэ хүртэл нь явсны дараа, өөрөөр хэлбэл паззл угсрах чармайлтаа бодитоор бүрэн хэрэгжүүлсэн тэр үед, та бүхэн хоёрдугаар үе шатыг дуусгаж, гуравдугаар үе шат руу орох бэлтгэл хангагдах юм.
Гуравдугаар үе шатанд гарвал та бүхэн нэгэнт ямар ч шууд хүчин чармайлт гаргах шаардлагагүй болно. Та бүхэн асуудлаас бүрэн хөндийрч, аль болох бүхлээр нь асуудлыг сэтгэлийнхээ гадагш түлхэн гаргах ёстой юм.
Чухал нь гэвэл энэ үе шат нь өмнөх хоёр үе шаттай нэгэн адилаар шийдвэрлэх, мөнхүү зайлшгүй дамжин өнгөрөх ёстой болохыг биеэр амсах явдал.
Энд хийх ёстой ажил бол, асуудлыг далд ухамсарын сэтгэлдээ шилжүүлж, унтаж байх хооронд өөрөө автоматаар ажиллахад нь даатгах гэхэд болно.
Энэ үе шатанд асуудлыг ухамсарынхаа гадна аваачиж, далд ухамсарын бүтээлч процессийг өдөөхөд нэмэр болохуйц та бүхний хийж чадах зүйл гэвэл ердөө ганцхан бий. Та бүхэн Шерлок Холмс үргэлж гэмт хэргийн ид дундуур мөрдөлтөө зогсоогоод Ватсоныг хөгжмийн үзвэрт дагуулан явдгийг санаж буй нь лав биз. Практикч бөгөөд эв хавгүй Ватсоны хувьд энэ нь залхмаар хяслантай горим байдаг. Гэвч зохиолч Conan Doyle бол гайхамшигтай бүтээн туурвигч бөгөөд бүтээх процесс гэж юу болохыг сайн мэддэг нэгэн байсан юм.
Тиймээс санаа бүтээх гуравдугаар үе шатанд хүрэхээрээ асуудлыг бүрэн орхиж, өөрийн төсөөлөн бодох чадвар хийгээд сэтгэл хөдлөлөө өдөөх юу ч хамаагүй хийхэд сэтгэлээ төвлөрүүлэх хэрэгтэй юм. Хөгжим сонсож, театрт кино үзэж, шүлэг юм уу ном зохиол унших гэх мэт.
Нэгдүгээр үе шатанд хоол хүнс цуглуулсан. Хоёрдугаар үе шатанд түүнийгээ хангалттай зажилсан. Одоо бол боловсруулах процесс эхэлсэн учиртай. Тиймээс тэр чигт нь орхи. Гэхдээ болвол ходоодныхоо шүүсний ялгаралтыг аль болох өдөөж өгөх хэрэгтэй гэсэн үг.

  • Ямагт түүнийгээ бодон тунгаа

Та бүхэн бодитоор дээрхи гурван үе шатанд хийх ёстой зүйлсээ хийн давсан бол, дөрөвдүгээр үе шат танд гарцаагүй хүрэлцэн ирэх нь эргэлзээгүй.
Хаанаас ч шинэ санаа гарч ирэхгүй.
Тэр  таны хүрч ирэхийг нь огтхон ч горьлоогүй тэр үед, жишээлбэл сахлаа авч байх үед, усанд орж байх үед, эсвэл хамгийн түгээмэл нь өглөө нүд тань бүрэн сэрээгүй байх хооронд тэр танд айлчлан ирэх болно. Магадгүй тэр таныг гүн шөнөөр гэнэтхэн нойрноос чинь сэрээж ч мэднэ.
Тухайлбал, зохиолт хатагтай Mary Roberts Rinehart-ынхаар бол, тэр нь иймэрхүү байдлаар хүрч ирнэ. “Miss Pinkerton” зохиолдоо тэрээр зохиолын баатраар ийн хэлүүлсэн нь бий: “Тэгээд би ‘Бүргэдийн орд’ номыг хаан дараа уншихаар буланд тавих үед, ямар нэгэн юм толгойд минь сэм орж ирэв. Өмнө нь ч бас ийм зүйл тохиолдож байсан. Би ямар нэгэн зүйлийн талаар тултал нь бодно. Тэгсээр эцэстээ би бүрэн самуурч, тэр бодлоо орхино. Чингүүт цаг нь ирэхээр ямар ч тодорхой шалтгаангүйгээр миний толгойд хариулт нь нисэн орж ирдэг”.
Өөр нэг жишээ татвал, цэгэн хэвлэлийг (halftone) зохион бүтээсэн Ives-ийн өгүүлсэнээр бол тэрхүү бүтээлийн өрнөл нэг иймэрхүү байв.
“Итака дүүрэгт өөрийн стерео зургийн ажлаа хийнгээ хажуугаар нь цэгэн хэвлэлийн асуудлуудыг бас судалж байсан юм (1р үе шат). Нэг орой мөн л тэр асуудалтайгаа зууралдсаар манарсан байдалтай чигээрээ хажуулдав (2р үе шат төгсөж, 3р үе шатанд оров). Тэгээд өглөө сэрэх тэр эгшинд (3р үе шатын төгсгөл) миний нүдний өмнөх таазнаа бүрэн шийдэгдсэн процесс болон хэвийн ажиллаж буй төхөөрөмж тов тодорхой дүрслэгдэн харагдах нь тэр (4р үе шат)”.
Тэгэхээр санаа нэг иймэрхүү байдлаар айлчлан ирдэг байх нь. Та бүхний санаа хайн эрэлхийлэх тэр сэтгэлийн хөвчрөл тавирч, амарч тухалсан хэсэг мөчийг өнгөрүүлж байж тохиодог гэсэн үг.
Тиймээс Исаак Ньютон болон түүний татах хүчний нээлтийн тухай ярианууд магадгүй 100% бодит үнэн биш байж ч мэдэх юм. Бидний сонссоноор бол, нэгэн авхай алдарч эрдэмтэнээс хэрхэн яаж энэ нээлтээ хийсэн тухай асуухад нь “Ямагт түүнийгээ бодон тунгаадаг байсан болохоор” гэж Ньютон хариулсан гэдэг. Тэрээр агуу нээлтийг хийж чадсан нь түүнийхээ тухай ямагт бодож явсаны үр дүн байж. Гэвч, хэрэвзээ тэр хүртлэх бодит өрнөлийг олж мэдэж чадвал, үнэндээ эцсийн шийдэл Ньютон гуайг гол даган зугаалж явахад нь харван орж ирсэнийг бид бүхэн нээн илрүүлэх нь лавтай биз ээ.



  • Сүүлчийн үе шат

Санаа бүтээх процессийг бүрэн дуусгахын тулд тойрч өнгөрөх аргагүй сүүлчийн үе шат, өглөөний хүйт даасан саарал гэгээ ч нэрлэмээр тэр хэсэг.
Энэ үе шатанд та бүхэн дөнгөж төрөөд буй нялх өхөөрдөм санааг бодит ертөнц тийш хөтөлж гарахгүй бол болохгүй. Чингүүт, тэр бяцхан хүү та бүхний анх төрүүлэн гаргаж байхдаа төсөөлж байсан шиг гайхамшигтай хүү оогт биш болохыг анзаарах нь түгээмэл. Бараг бүхий л шинэ санаанууд тийм байдаг бөгөөд, тэр санааг жинхэнэ эд хаваа үзүүлэх учиртай бодит ертөнцийн харгис ширүүн орчинд зохицуулахын тулд тэвчээртэйгээр төрөл бүрийн өөрчлөлт туршиж үзэх шаардлагатай.
Олон сайн санаанууд нар үзэж амжилгүй гээгдэж орхидог нь чухам энэ үе шат байдаг. Зохион бүтээгчидтэй адилаар санаа бүтээгчид ч бас энэхүү зохицуулах үе шатыг давж гарахад шаардлагатай тэвчээр хийгээд практикч чадвараар дутагдах тохиолдол олонтаа бий. Гэвч, санаа гээчийг давчуу завгүй энэ хорвоод амьдруулая л гэж байгаа бол үүнийг гарцаагүй хийхгүй бол болохгүй юм.
Энэ үе шат хүртэл явж ирээд өөрийн санаагаа цээжний мухартаа хав дарж битгий буруудаарай гэж захъя. Түүний оронд учир ойлгох хүмүүсийн шүүмж сэтгэгдэлийг цуглуул.
Тэгвэл гайхалтай зүйл тохиох болно. Жинхэнэ сайн санаа гээч юм өөрөө өсөж бойждог шинж чанартай болохыг та бүхэн анзаарна. Сайн санаа нь түүнийг харсан хүмүүсийг өдөөдөг тул, хүмүүс тэр санааг дэмжин баяжуулж өгдөг. Та бүхэн өөрсдөө олж харж чадаагүй байсан тухайн санаанд агуулагдах төрөл бүрийн боломжууд ингэж гэрэл үздэг билээ.

Энэ хүртлэх бол санааг бүтээх бүрэн процесс буюу аргачлал юм.
Нэгдүгээрт: Материал цуглуулах. Та бүхэнд яг одоо тулгараад буй асуудлын талаарх материал болон ерөнхий мэдлэгийг тань тасралтгүй баяжуулсанаар бүрэлдэх материал.
Хоёрдугаарт: Сэтгэл дотроо цуглуулсан материалуудаа оролдож сонжих.
Гуравдугаарт: Боловсруулах. Энд та бүхэн ухамсарын гадна ямар нэгэн зүйл өөрөө угсрагдан бэлэн болоход даатгана.
Дөрөвдүгээрт: Санаа бодитоор төрөн гарах. Еврика!. Оллоо!. Болчлоо! гэх үе шат. Тэгээд
Тавдугаарт: Бодит хэрэглээнд тохирохуйцаар санаагаа эцсийн байдлаар биежүүлж хөгжүүлэх үе шат.

  • Нэмээд хоёр, гурван үг

Энэ номны маань өмнөх хэвлэлүүдийг уншсан хүмүүсээс олон тооны захиа хүлээж авсандаа одоо ч баярлаад барамгүй. Тэр дундаа хамгийн баярлуулсан нь, энэ ном үнэхээр хэрэг боллоо гэж хэлсэн хүмүүс, өөрөөр хэлбэл дээрх жорын дагуу яваад үр дүнд хүрсэн гэж хэлсэн хүмүүсийн илгээлтүүд байлаа.

Түүнээс гадна, зар сурталчилгаатай огт хамааралгүй бусад салбарын бүтээгчид, яруу найрагч зохиолч найруулагч инженер эрдэмтэн, цаашлаад нэгэн шүүхийн бичиг баримт хөтлөгч эрхэм гээд зүсэн зүйлийн хүмүүсээс захиа хүлээн авсан билээ. Эдгээр хүмүүс намайг өөрсдийнх нь үзэж анзаарсан тэр туршлагаас нь бичжээ гэж хэлсэн байв. Энэ эерэг нотолгоо эхлэн сонирхогчдод урам зориг өгөх болов уу гэж хувийн зүгээс найдна. Зар сурталчилгааны ажил болон засгийн газар, олон нийтийн ажилтай ч холбогдож явсан миний өөрийн хожмын туршлагаас харвал, энэхүү санаа бүтээх процесстоо засвар оруулая гэхээр зарчимын шинжтэй хэсэг нэгээхэн ч алга. Харин ганцхан зүйлийн тухай тухайлан тодотгохыг хүснэ. Юу гэвэл, санаа бүтээгчидийн агуулах доторх ерөнхий материалын хуримтлалын тухай юм. Өөрийн хувийн яриагаар үүнээ тайлбарлахыг минь хүлцэн болгооно уу.

Хэдэн жилийн өмнө би Нью-Мексикт хувийн байшинтай боллоо. Түүнээс хойш жил бүр жилийн ихэнх хагасыг тэндээ өнгөрүүлдэг болов. Үр дүнд нь би индианчуудын амьдрал, манай улс дахь Испаничуудын түүх, ардын урлаг, уугуул иргэдийн ёс заншил зэргийг хамруулсан нэгэн шинэ сэдвийн талаар сонирхох болов.
Эндээс надад нутгийн хүмүүсийн эд хэрэглэлүүдийг интернэтээр худалдаалах боломжийн тухай 2, 3 санаа төрөн гарсан юм. Түүн дотроосоо гар хийцийн зангиагаар ажлаа эхлэв. Зангианыхаа интернэт худалдаанд зориулж хэд хэдэн реклам ч хийж үзлээ. Үр дүнд нь бяцхан боловч аятайхан нэгэн хөөрхөн бизнес босч ирсэн билээ.
Тэгэхээр хэлэх гэсэн зүйл маань ийм юм. Баруун өмнөд хэсэг болон тэр нутгийн хүмүүсийн талаарх ерөнхий мэдлэгээс бизнес эхлүүлэх санаа төрөн гарсан төдийгүй, реклам тус бүрийн тусгай санаанууд ч бас бүгдээр адилхан энэ эх үүсвэрээс гарч ирсэн гэх факт. Би Индианчуудын уламжлал, Испани ба Америкийн хоорондахь хэлэлцээр, Испани хэл, гар урлалын философи гэх мэт зүйлсийн тухай, тэдэнд өөрсдөд нь ач холбогдол өгч сонирхоогүйсэн бол, тэдгээр зар сурталчилгааг үр дүнтэй болгож чадсан гэж миний итгэж буй материалуудын хуримтлалыг би хэрхэвч юм болгож чадахгүй байхсан биз ээ.
Би өдийг хүртэл хэдэн зуун удаа гэлтгүй бодит ажил үйлээрээ дамжуулж энэ зарчимын үнэн зөвийг нягталж ирсэн. Зар сурталчилгаан дунд, та бүхэн нас ахихгүй л бол бичиж чадахааргүй зүйлс, жишээ нь хүний хань, хүүхдийн эцэг эх, бизнесман болон бусад элдэв туршлагуудыг даван туулахгүй л бол бичих боломжгүй зар сурталчилгаа ч гэж байна. Насны цагираг давхарлана гэдэг, та бүхэн идэвхитэй эрч хүчтэй эмоцлог хэмнэлээ алдчихгүй л бол, та бүгдийн агуулахыг баялаг болгоход тун ач тустай явдал билээ.
Мөн та бүхэн дам хэлбэрээр ч бас хувийн туршлагаа өргөжүүлэх боломжтой. “Sard Harker”-ын зохиолч өмнөд америкт ганц ч очиж үзсэн байх учиргүй боловч, тэрээр өмнөд америкийн талаар гайхамшигтай адал явдалт зохиол бичсэн байдаг. Гэхдээ миний хувийн итгэл үнэмшилээр бол, иймэрхүү дам туршлага нь ямар нэгэн тусдаа зорилгын төлөө улайран мэрийх бус, чухам түүнийх нь ач холбогдолын төлөө хөөн эрэлхийлэх үед л хамгийн сайн цуглуулж чаддаг гэж санагддаг.
Бас нэгэн зүйлийг та бүгдэд урам зориг өгөх үүднээс тэмдэглэе. Та бүгд магад өдийг хүртэл, миний энд бичсэн шат дамжлагуудыг туулалгүйгээр гэнэтхэн л зулайнаасаа гоё санаа гаргаад ирчихмээр санагдах тийм хүмүүстэй учирсан байж болох юм. Магадгүй та бүгд түүний зөвхөн “Еврика!” гэх тэр үе шатыг л анзаарсан байж ч болох. Гэвч миний энд санал болгох урт гэгчийн дасгал сургуулилтын үр дүнг өөрийн туршлага дундаа нягталж явсан байхаас зайлахгүй. Учир нь энэ дасгал сургуулилт бол, баялаг материал хуримтлуулж, шалмагаар аливаа зүйлсийн хамаарлыг анзаарч, маш хурдан санаа бүтээж чадахүйц тийм сэтгэлийг бэлддэг.
Ахиад бас нэг зүйлийн талаар нарийвчлан тайлбарлах ёстой зүйл бол Үг юм. Бид бүхэн үг гээчийг өөрийг нь санаа болохыг мартчихдаг талай. Үг бол ухаан мэдрэлгүй болсон санаа гээд хэлчихэд болно. Үгийг өөриймшүүлж чадвал санаа гэдэг тун ч амархан урган гардаг билээ.
Semantics (үгийн утгазүй) гэх үгийг жишээ болгоод үзье. Та бүхэн энэ үгийг өөрийг нь зар сурталчилгаанд ашиглах боломж мэдээж үгүй. Харин энэ үг та бүгдийн үгийн санд байвал, та бүгд бодит үнэ цэнэ өндөртэй симбол болох үгийн хэрэглээний талаар цөөнгүй санаа гартаа олуулах болно.
Энэ мэтээр үг гэдэг бол санааны симбол (буюу тэмдэгт) учир, үгийг цуглуулсанаар санааг ч бас цуглуулах боломжтой юм. Толь бичиг уншаад тэндээс ямар ч хүүрнэл өгүүлэмж олж харсангүй гэх хүмүүс толь бичгийг богино өгүүллэгүүдийн түүвэр болохыг нь орхигдуулсан төдий л байдаг.
Эцэст нь энэхүү санаа бүтээх процессийг бүхэлд нь гүнзгийрүүлэн ойлгож авахад тус болох доорхи 3 номыг та бүхэнд танилцуулаад өндөрлөе.

Graham Walles (1858 ~ 1932) The Art of Thought (Английн улс төр судлаач, нийгэм судлаач)

Jules Henri Poincare (1854 ~ 1912) Science of Methode (Францын алдарт математикч, физикч, одон оронч)

W.I.B. Beveridge The Art of Scientific Investigation
 

No comments:

Post a Comment