2015/02/04

The Economist - Америкийн шинэ язгууртанууд


“Сурвалжит давхрагыг (aristocracy) дотор нь 2 төрөлд хувааж болно” гэж Томас Жефферсон (Thomas Jefferson. АНУ-ын 3 дахь ерөнхийлөгч) хэлжээ.
Нэг нь өөрийн авъяас билигээр тодорсон хүмүүс (a natural aristocracy). Нөгөө нь чинээлэг айлд төрсөн төдий хүмүүс (an artificial aristocracy).

Харин Жефферсон өөрөө энэ хоёрын холимог байлаа. Тэрээр хойд эцгээсээ 1,1000 акр газар, 135 боол өвлөх чинээлэг айлд төрсөний дээр, өөрөө бас чадварлаг хуульч байв.

Ерөөс Америк гэдэг улс сурвалжит давхрага (язгууртан) гээч зэрэг зиндааг удам залгуулахаас татгалзаж ирж. Тэр нь ч тулгар төрийн үзэл санаа байж, түүхэндээ энэ улс хаан хийгээд эзэнтэй болж байсангүй.
  • Оюуны хөрөнгө
Ямар ч үлэмж баялаг байлаа гээд хүүгийн үрэлгэн гараар ширгэж орхихыг үгүйсгэхгүй. Эсвэл АНУ-ын монополын эсрэг хуулиар ч юм уу, эсвэл өв залгамжлалын албан татвараар танагдаж ч болно.

Гэсэн ч цаг үеийг даван найдвартайгаар өвлөгдөх зүйл ч бас байна. The Economics сэтгүүлийн хэлэх “It is brains” нь тэр юм.
Мэдлэгт суурилсан эдийн засгийн хөдөлгөгч хүч болох “Оюуны хөрөнгө (intellectual capital)”.
Орчин үеийн нийгэмд түүнийг эзэмшигч этгээд “бялуунаас том зүсэм (a fat slice of the pie)” хүртэх боломжтой.

Өнөөдөр АНУ-д “Ухаалагаар амжилтанд хүрсэн эрчүүд, мөн ухаалагаар амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдтэй” гэрлэх явдал өдийг хүртлэх бүх цаг үеэс хавьгүй олширсон гэх.
Ийм ижил төрөлтнүүдийн гэрлэлтээс болж Америкт баян хоосны ялгаа 25%-иар тэлсэн гэх тооцоо ч байна. Яадаг ч бай тэдэнд орлогын 2 том эх үүсвэр байгаа хойно.

Тийм “хүчирхэг хосууд (power couples)” мэдээж хэрэг өөрсдийн хүүхэддээ ч хүчирхэг нөлөө үзүүлнэ.
The Economist
- Оюуны ажил хийдэг эцэг эхээс төрсөн хүүхдийн 4 нас хүртлээ сонсох үгийн тоо нь, нийгмийн халамжаар амьдрах эцэг эхийн хүүхэдтэй харьцуулахад даруй 32,000 үгээр илүү байдаг.
  • Их сургууль
Хэдий амьдрал ядуу ч гоц хүүхэд байвал Ivy League (дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн 8 хувийн их сургуулиас бүрдсэн холбоо)-ийн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж болох л юм.

Гэвч бодит байдал гэвэл, Америкийн их сургуулиудын сургалтын зардал 1980 оноос хойш, өрхийн дундаж орлогоос даруй 17 дахин хурдтайгаар өссөөр иржээ. Тиймээс дундаж давхрагын оюутнууд их сургуульд сурахын тулд тоймгүй их өр тавихаас өөр аргагүйд хүрээд буй.
Нэг ёсондоо, эцэг эхийн орлого болон хүүхдийн сурлага хоёрын хоорондын хамаарал (the link between parental income and a child’s academic success) нэгэнт хүчтэй болохоос өөр замгүй.

Өндөр зэрэглэлийн хороололд амьдрах Америкийн элит давхрага лимбэний хичээл, хятад хэлний гэрийн багш зэрэгт баруун солгойгүй цацаж, эцэст нь танил талаа ашиглан шилдэг их сургуулиуд дамжин талийж одно.

The Economist
- Олон их сургуулиуд элсэлт авахдаа, өөрийн төгсөгчидийн хүүхдэд (the children of alumni) найрсаг хандах “Legacy system”-тэй байдаг.

Тэгээд мэдээж шилдэг их сургуулиас шилдэг ажлын байр тийш зам нь дурайна. Судалгаагаар бол, их сургууль төгссөн залуусын орлого, ахлах сургууль төгсөгчидийнхөөс 63% илүү байдаг гэх.

Ерөөс ахлах сургууль төгсөөд ажилд орно гэдэг өөрөө тун хүндрэлтэй бөгөөд, эмэгтэйчүүдийн хувьд гэхэд гэрлэлгүй ээж болох хувь хэмжээ нь 61% хүртэл өндөрсдөг (тэгтэл их сургууль төгссөн гэрлээгүй ээжийн хувь хэмжээ нь ердөө 9%).

Хөгжингүй орнууд дундаа Америк бол баян хоосны ялгаагаар хамгийн том нь бөгөөд, дээр нь нэмээд ядуусын хорооллын сургуулиас илүү хөрөнгийг баячуудын хорооллын сургуульд төсөвлөдөг 3-хан хөгжингүй орны нэг юм.
  • Боловсрол
The Economist
- Америк нь дэлхийн стандарттай харьцуулсан ч цэцэрлэгийн боловсролд хоцрогдолтой явна. Америкийн хамгийн ядуу дүүргийн цэцэрлэгийн боловсролыг сайжруулбал, оруулсан хөрөнгөнөөсөө 10, магадгүй түүнээс ч их орлого буцаан олох бүрэн боломжтой.

The Economist сэтгүүлийн хэлж буйгаар бол Америкт “ер бусын хүчтэйгээр бүтээмжид суурьлах үнэлэмжийн системийг эсэргүйцэх армитай (anti-meritocratic forces)” гэнэ.
- Юу гэвэл, багш нарын эвлэл холбоод бүхнийг захирч байдаг. Шилдэг багшид урамшуулал олгох ёстой ч юм уу, муу багшийг халах ёстой мэтийн санал өчүүхэн цухалзах төдийд багш нарын эвлэл дүрэлзтэл эсэргүйцдэг.

Америкт ерөөс “бүтээмжид суурьлах үнэлэмжийн систем (meritocracy)” бүрэн нэвтрээгүй гэж The Economist сэтгүүл үргэлжлүүлнэ.

- Зөвхөн сургалтын дүнгээр нь элсэлтийг шийддэг их сургууль гэвэл Калифорнийн технологийн их сургууль мэтийн тоотой хэдхэн сургууль бий. Өнөөдөр Америкт ашиглагдаагүй авъяас даанч олон байна. Төрөлт болон амжилтын хамаарал (the link between birth and success) суларвал, Америк улам баян тансаг болох биз ээ.

Үүнээс хойшхи Америкт юу хэрэгтэй вэ?
- Бас нэг Клинтон уу? Эсвэл дахиад л Буш уу?
(Дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд Билл Клинтоны эхнэр Хилари Клинтон, Жорж Бушын дүү Жебб Буш нарын нэр явж буй)

Зохиомол сурвалжит давхрага (an artificial aristocracy) үүлэн дээр үргэлжлэн суусаар аваас, тэр төр аажмаар амьсгаа нь бүтнэ.
Америкийн тулгар төрийн эцэг Томас Жефферсон тийн хэлжээ.

- Түүний дэвшүүлсэн үзэл цаг үеийг даван хэзээд хүчинтэй юм (The Economist)

1 comment:

  1. Huniig niigmiin technologiin ed angi gej uzej baigaa ued tiim shaardlaga tulgarah ni zailshgui bizee. Gehdee hund tohirson organic niigmiin butets heregtei baina shvv de.

    ReplyDelete