Сандел:
Өмнөх лекцээр бид усан
онгоцны гишүүд болох Дадли болон Стивенс нарын шүүх хурлын тухай хэлэлцсэн.
Далайд осолдсон залуус балчир хүүг алж идсэн тухай хэрэг.
Юуны өмнө мэтгэлцээний
агуулгыг эргэн санана уу. Хөлгийн ахмад болон залуурчин юу хийсэн, хийсэн
зүйлийнх нь талаар ямар ямар саналууд гарсан билээ? Тэдгээрийг толгойдоо
сэргээж аваад, философич Жереми Бентамын Утилитаризм (Utilitarianism)-ын
тухай яриандаа орцгооё.
Улс төрийн философич Бентам
1748 онд Англид төржээ. 12 настайдаа Оксфордын Их Сургуульд элсэн орж, 15
настайдаа хуулийн сургуульд орсон. 19 настайдаа хуульчийн шалгалтанд тэнцсэн
боловч хуульч бололгүй, хуулийн ухаан болон ёс суртахууны философид үлдсэн
амьдралаа зориулсан нэгэн. Бентамын Утилитаризмын тухай өмнөх лекцээр ч
хөндсөн, түүний цөм санаа нь тун энгийн зүйл байсан.
“Ёс суртахууны хамгийн дээд
зарчим бол, нийтийн аз жаргалын төлөө нийтлэг сайн сайхныг (welfare) хамгийн
их байлгах явдал бөгөөд, бүхлээр нь харвал аз жаргал нь зовлон бэрхшээлээс
илүү байхаар үйлдэх явдал юм”. Үүнийг ганц үгээр илэрхийлбэл “Ашиг тусын
максимум” гэж болно.
Бентам дараах байдлаар
тунгааж дээрх зарчмыг гаргаж ирсэн.
Бид нар бүгдээрээ зовлон бэрхшээл хийгээд баяр
баясгалан дунд савлан амьдарч явдаг. Тиймээс ямар ч үед зовлон бэрхшээл болон
баяр баясгалангийн харьцааг бодолцож явах шаардлагатай. Тэр үед хамгийн сайн
арга бол “Максималчлах (хамгийн их байлгах)” юм. Энэ нь “Үнэмлэхүй олонхын
төлөөх үнэмлэхүй аз жаргал” гэсэн зарчимтай холбогдоно.
Тэгвэл юуг максималчлах ёстой
вэ?
Бентамынхаар бол тэр нь “Аз
жаргал” буюу яг түүний нэрлэснээр бол “Ашиг тус” (utility). Ашиг тусыг
хамгийн их байлгах гэсэн зарчим маань зөвхөн хувь хүний төлөө бус, бүлэг
(community)-ийн төлөө ч бас байх ёстой. Тэндээсээ “Ерөөс тэр бүлэг гэж юу
билээ?” хэмээн Бентам бодож үзэв. Бүлэг гэдэг бол хувь хүмүүсийн бөөгнөрөл.
Тиймээс илүү сайн бодлого гаргах, хууль тогтоохыг оролдох үед, эсвэл юу хийх
нь зөв талаар тунгаах үед, хүн өөрөөсөө ингэж нягтлахгүй бол болохгүй. “Энэ
бодлогын үр дүнд бий болох бүлгийн гишүүн тус бүрийн үр ашгийн (benefit)
нийлбэрээс хохирол зардлыг хасаад гарах тэр үлдэгдэл хамгийн их байж чадвал,
тэр үед энэ бодлогыг зөв бодлого гэж үзэж болно”.
Тэгэхээр, өнөөдөр та бүгдээс
энэ үзлийг дэмжиж байгаа эсэхийг асууя гэж бодож байна.
Ингэхэд энэхүү Утилитари онол
маань өнөө үед “Зардал ашгийн анализ” (Cost-benefit analysis буюу CBA) гэдэг
хэлбэрээр компани болон засгийн газруудад өргөн хэрэглэгдсээр ирсэн. Энэ
тохиолдолд ашиг тусыг тоон утгаар илэрхийлдэг. Ихэнхдээ бол мөнгөн дүнд
шилжүүлж, төрөл бүрийн үйл ажиллагааны хувьд түүний зардал болон ашгийг тоон
дүн болгодог.
Саяхан Чех улсад тамхинд
ноогдуулах хэрэглээний татварыг өсгөх талаар санал гарчээ. Тэгэхээр нь Чехэд
маш өргөн хүрээний бизнес эрхэлдэг Америкийн нэгэн тамхины компани Чех дэхь
тамхины зардал ашгийн анализ хийж үзэж. Үр дүнд нь нэг зүйл тодорхой болов.
“Чехийн засгийн газар иргэдийнхээ тамхины хэрэглээнээс ашиг олж байна” гэнэ.
Тэгэхээр засгийн газар хэрхэн ашиг олдог байх вэ?
Тамхины хэрэглээ Чехийн засгийн газрын санхүүд сөргөөр нөлөөлдөг нь
ойлгомжтой. Тамхи татсанаас болж өвдсөн хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээн
дэхь дарамт ихсэх учраас.
Тэгтэл нөгөөтэйгүүр эерэг
нөлөө ч бас байна гэнэ. Тийм зүйл нь судалгааны хүснэгтийн “ашиг” гэсэн
жагсаалтанд нэмэгдэж бичигдсэн байна. Эерэг нөлөөний ихэнх хэсгийг бүрдүүлж
байгаа нь, тамхитай холбоотой худалдаа наймаанаас олох төрөл бүрийн албан
татвар юм.
Гэвч, түүнээс гадна хүмүүс
эрт үхсэнээр засгийн газарт хэмнэгдэх эмнэлгийн үйлчилгээний зардал ч бас
эерэг нөлөөнд тооцогдсон байна. Мөн тэтгэвэр болон өндөр настнуудад зориулсан
орон сууцны зардал ч бас хэмнэгдэнэ.
Эдгээр бүх зардал ашгийг тооцож гаргасан тамхины
компаний судалгааны үр дүн энэ байна.
Чехийн засгийн газрын цэвэр ашиг нь 147 сая доллараар
өснө. Тамхинаас болж эрт үхсэн хүн тус бүрээс засгийн газар орон сууцны
зардал болон эрүүл мэндийн үйлчилгээний зардал, мөн тэтгэвэрийн зардал гээд
нийтдээ 1,220 гаруй доллар хэмнэх боломжтой.
Энэ бол зардал ашгийн анализ юм. За тэгэхээр, та нарын
дунд утилитари үзлийг өмөөрөгчид хүртэл энэхүү зардал ашгийн анализыг хараад
ой гутмаар гэж санагдаж болох юм. Энэ тамхины компани ч бас хэвлэл мэдээлэлд
балбуулсаар, эцэстээ энэ сэтгэлгүй хөгийн тооцооныхоо талаар уучлалт гуйгаад
өнгөрсөн байдаг.
Жинхэнэ утилитаристууд байсан бол энэ тооцоонд хүний
амь насны үнэ цэнийг гарцаагүй оруулж тооцох байсан гэж хэлэх хүн гарч болох
юм. Өөрөөр хэлбэл уушгины хорт хавдраар нас барах хүмүүс болон түүний ар
гэрийнхний хувь дахь амь насны үнэ цэнэ. “Амь насны үнэ цэнийг яагаад
тоооцохгүй байгаа юм?” гэж. Зардал ашгийн анализад түүнийг оролцуулан тооцсон
тохиолдол ч байдаг.
Хамгийн алдартай нь гэвэл
Америкийн нэгэн компанийн үйлдвэрлэсэн нэгэн машины хэрэг. 70-д оны үед
болсон явдал л даа, Пинто гэдэг нэртэй машиныг санаж байгаа хүн байгаа болов
уу? Тэр бол жижигхээн мөртлөө хүмүүсийн анхаарлыг гойд татсан машин байсан
юм. Даанч нэг асуудал байсан. Тэр нь шатахууны танк нь машины ард байрладаг
болохоор, ардаасаа мөргүүлбэл гал авалцах аюултай гэсэн асуудал байж. Тэрнээс
болж ослоор нас барсан хүн ч бий, хүнд гэмтэл авсан хүн ч бий. Хохирсон хүмүүс
уг компанийг шүүхэд өгчээ. Тэгээд шүүхдэх явцад, үйлдвэрлэгч тал аль эртнээс
шатахууны танканд ийм дутагдал байсныг мэдэж байсан болох нь илэрсэн байна.
Үйлдвэрлэгч шатахууны танканд хамгаалалтын бүрхүүл тавих эсэх талаар шийдэхдээ,
тэгэх шаадлага байгаа эсэхийг тогтоохын тулд зардал ашгийн анализ хийж үзсэн
байгаа юм. Энэ удаад, машины аюулгүй байдлыг сайжруулахын тулд гарах зардлыг
нэг машин тутамд 11 доллар гэж үзэв. Шүүх хурлаар дэлгэгдсэн компани талын
зардал ашгийн анализын үр дүн нь энэ байна.
12.5 сая машины аюулгүй
байдлыг сайжруулахад нийт 137 сая доллар шаардлагатай. Тэндээс, энэ мөнгийг
гаргаад машиныг зассан тохиолдлын ашиг, өөрөөр хэлбэл ослоос сэргийлсний
ачаар хэмнэгдэх мөнгийг тооцов. Үхсэн хүн 180, нэг хүний амь насыг мөнгөн
дүнд шилжүүлбэл 200,000 доллар. Гэмтсэн хүн ч бас 180, тус бүр 67,000 доллар.
Осол гарснаар шатсан машины тоо 2,000 бөгөөд, нэг бүрийн засварын зардал 700
доллар. Ийм тооцоогоор бодоод үзтэл нийт ашиг ердөө 49.5 сая доллар болсон
тул, үйлдвэрлэгч машинаа засахгүйгээр шийдсэн байна. Шүүх хурал дээр компани
талаас хийсэн дээрх зардал ашгийн анализын ноорог материал дэлгэгдтэл,
иргэний төлөөлөгчид мэдээж дэлбэртлээ уурлаж, асар их хэмжээний нөхөн төлбөр
ноогдуулсан.
Энэхүү машины үйлдвэрлэгч амь насанд үнийн стандарт
тогтоосон байгаа юм чинь, үүнийг утилитарист маягийн тооцоо мөн гэж хэлж
болно биз?
Тэгэхээр энэ танхимд үйлдвэрлэгчийн талд зогсож, зардал
ашгийн анализыг өмгөөлмөөр байгаа хүн байна уу? Өмгөөлж чадах хүн? Аль эсвэл
үүнийг утилитарист маягийн тооцооллыг гажуудуулсан байна гэж үзэх хүн байна
уу?
|
2 comments:
Их сонирхолтой байлаа. Миний хувьд бол хүний сүрэг буюу нийгэм маань хэдий хүн боловч ухамсрын өөр өөр хөгжлийн түвшинд явагддаг тул европын нийтлэг эрх болон нийтлэг шударга ёсыг бүрэн дагадаггүй л дээ.
Энэ ч үүднээсээ ютилитаризмыг би бүрэн авч үзэж болохгүй гэж үзэж байна. Би арай өөр өнцөгөөс харж байна. Аливаа үнэ цэнэ, тэр тусмаа хүний амийн хувьд ашгийг тооцохдоо хүний тоогоор нь тооцохгүй, тооноос үл хамааран 50 50ин хувьд тооцох хэрэгтэй. Нэг ёсондоо нэг жаалын амь түүний хэр байгаагаас үл хамааран үлдсэн 3 залуугийн, тэдний гэр бүлийн бүгдийнх нь амь нас, жаргалтай тэнцүү буюу тэд хичнээн тооны хувьд ихэссэн ч 50 хувиас хэтрэх ёсгүй гэсэн санаа юм. Мөн түүнчлэн үүнийг хүлээн зөвшөөрч, бодолцсоны дараа бусад хүчин зүйл, зөвшөөрөл, зуурдын үхэл гэх мэтийг тооцох нь дээр байх. Учир нь 2 тэрбум хятадуудын төлөө 3хан сая монголчуудыг золиослочихож болохгүй шүү дээ. Хятадууд хэт олон байлаа гээд амь насны хувьд давуу тал олж чадахгүй гэсэн үг. хЭхэ
Хүний амь насыг үнэлж болно Гэхдээ мөн л дээрх жишээ адил чи вагоны жолооч уу гүүрэн дээрээс харагч уу гэдгээс шиг ..,
Чиний үр хүүхэд чамд бол чиний амьсгалаас илүү байх нь ойлгомжтой Харин дайсан чинь хасах үнэлгээтэй байх жишигтэй
Төр засагт бол чи хэдэн төг хиидэг хэдэн жил хэдэн төг татвар төлөх хэдийг буцааж авах бас та гэр бүлээ тэжээх зардал мэтээр тооцоод хэдэн жил амьдарсан хэдэн жил амьдрах гэх мэт "хувьсагчуудаар" бодоход бараг гарна даа хэрвээ хэн нэгэнд тийм тоо хэрэгтэй бол .., шүүгчид бас компаниудад байгаа биз дээ !
Далимд хэлэхэд соирхож уншдаг шүү Томье Бодье !!! Их сайхан ойлгомжтой энгийн буулгасан байна Баярлалаа Амжилт 👍👍👍
Чиний үнэлгээ бас өсөж байна гэсэн үг юм уу даа Хэ хэ хэ
ВВ
Post a Comment