Pages

Сэдвүүд

2017/07/24

Шударга ёсны лекц 2-2: Дээгүүр болон доогуур зэрэглэлийн таашаал

Өмнөх - Нэгэн компаний алдаа

Сандел:
Өмнөх лекцээр Жереми Бентамын утилитаризмыг эсэргүүцсэн саналуудын талаар хэлэлцсэн.
Та бүхнээс хоёр төрлийн няцаалт гарч ирсэн. Нэг дэхь нь “Утилитаризм бол үнэмлэхүй олонхын төлөөх үнэмлэхүй аз жаргалыг чухалчилдаг учир, хувь хүний эрхийг дээдэлж чаддаггүй” гэсэн санаа байсан.

Үүн дээр тарчлаан зовоох (яргалал) болон терроризмын тухай бодож үзье л дээ. 9 сарын 10-нд нэгэн террорист сэжигтнийг барьжээ гэе. Тэр нөхөрт 3,000 илүү тооны хүн алахаар төлөвлөсөн террорист халдлагын талаарх маш чухал мэдээлэл байгаа гэдэгт чи бүрэн итгэлтэй байгаа боловч, тэр мэдээллийг түүнээс яаж гаргаж авахаа мэддэггүй.
Тэр мэдээллийг авахын тулд сэжигтнийг тарчлаан зовоох нь зөв үйлдэл үү? Эсвэл чамд хувь хүний эрхийг дээдлэх хөтөлбөргүй ёс суртахууны үүрэг байгаа учраас тэгж болохгүй юу? Нэг талаар энэ бол анх ярилцсан төмөр замын хэрэг болон эрхтэн шилжүүлэн суулгах хэрэг руу буцаж очно.
Түүнээс гадна өмнөх лекцээр зардал ашгийн анализын жишээг танилцуулсан. Гэвч олон хүн зардал ашгийн анализ хийхийн тулд амь насанд үнэ тогтоохыг зүйтэй гэж үзээгүй. Тэндээс хоёр дахь няцаалт холбогдон гарч ирсэн. “Ингэхэд ер нь бүхий л үнэ цэнийг нэг стандартад оруулах нь боломжтой зүйл үү?” гэх асуудал. Ялгаатай төрлийн зүйлийг нэг хэмжүүрээр хэмжиж ер нь болох уу?

Тэгвэл энэ удаад бас нэгэн өөр жишээ авч ярья. Энэ бол бодит түүх бөгөөд, миний өөрийн туршлагаас гарсан жишээ юм. Ямар ч байсан бүхий л үнэ цэнийг утилитаризмын логикоор харах нь зөв үү гэдгийг эргэцүүлэн бодуулж өгөх болов уу.
Олон жилийн өмнө, намайг их сургуулийн магистр оюутан байх үед, Оксфордын их сургууль нь охидын болон хөвгүүдийн коллеж гэсэн хоёр тусдаа сургууль байсан юм. Тэгээд охидын коллежийн дотуур байранд эрэгтэй хүн хонох хориотой байлаа. Гэсэн ч, тэр дүрэм хэлбэр төдий зүйл байсан ба, бүгд хэнэг ч үгүй зөрчдөг байсан. ...Гэж би сонссон юм (Бүгд хахаха).

1970-д оны сүүлээр энэ дүрмийг зөөлрүүлэхийг шаардах хөдөлгөөн өрнөж, охидын коллежийн нэг болох Сэйнт Анн коллежийн багш ажилчдын дунд нэгэн яриа болжээ. Ахмад настай багш нар консерватив (хуучинсаг) тул төдийг хүртлэх дүрмийг өөрчлөхийг эсэргүүцэж байв. Гэсэн ч цаг үе нэгэнт өөрчлөгдсөн. Тэд өөрсдийгөө хуучныг баримтлагч гэж хэлэхээс санаа зовсондоо юу, яриаг хувиргаж утилитарист маягийн үндэслэл гаргаж тавив: “Эрэгтэйчүүд дотуур байранд хонохоор их сургуулийн зардалд дарамт болж байна.”
Яагаад гэж үү?
“Эрчүүд усанд орвол халуун усны хэрэглээ өснө” гэнэ. Цаашлаад “Ор дэрний цагаан даавуу, матрас хүртэл хурдан элэгдэж, солих давтамж нь богиносож байна” гэсэн санал хүртэл гарав (Бүгд хахаха).

Тэгээд шинэчлэлийг шаардагчид тодорхой нөхцөлтэйгээр их сургуультай тохиролцоонд хүрчээ:
“Нэг охин 7 хоногт дээд тал нь 3 удаа эрэгтэй хүн өрөөндөө хонуулж болно (Бүгд хахаха). Тэр 3 нь заавал нэг хүн байх ёстой гэсэн заалт байхгүй (хаха).”
Дээр нь бас нэг нөхцөл: “Гадны хүн хоновол байрласны зардалд 50 пенс төлөх ёстой” (хахаха).
Маргааш нь нэгэн үндэсний хэмжээний сонины нүүрэн дээр ийм гарчиг дурайж харагдав:
“Сэйнт Анн коллежийн охидууд нэг шөнө 50 пенсийн үнэтэй” (Бүгд хахаха).
Энэ жишээ бол нэг төрлийн ариун ёсны тухай боловч, бүхий л үнэ цэнийг утилитарист томьёонд хувиргах нь ямар хэцүү зүйл болохыг үүгээр ч бас харж болж байна.

Өдийг хүртэл утилитари үзэлд хандах хоёр дахь няцаалттай холбоотой жишээнүүдийг хэлэлцэж ирсэн. Тэгээд тэдгээрт ямар ч байсан дараах эргэлзээ агуулагдаж байгаа нь анзаарагдсан:
“Бид бүхэн үнэ цэнэ гээч юмыг нэг л төрөлтэй бөгөөд, бүхий л зүйлсийн үнэ цэнийг нэг шугамаар хэмжиж, аливаа үйлдлийн ёс суртахуунлаг эсэхийг доллар ч юм уу ямар нэгэн юм руу шилжүүлэн тооцож болно гэж төсөөлж байгаа ч, үнэхээр тэгэх нь зөв гэж үү?”

Цаашлаад, бид бүхэн үнэ цэнэ хийгээд дур сонирхол зэргийг бөөндөж тооцохыг яаран таашаахгүй байгаагийн цаана бас нэг шалтгаан бий. Тэр нь “Яагаад хүмүүсийн дур сонирхлыг сайн сонирхол болон муу сонирхол гэхчлэн үнэлэлгүй, бүгдийг нь ижилхнээр хэмжих шаардлагатай юм бэ?” гэж боддогтой холбоотой. Бид бүхэн илүү дээгүүр зэрэглэлийн таашаал болон доогуур зэрэглэлийн таашаалыг ангилах ёстой биш гэж үү?



Хүний дур сонирхолд чанарын зэрэглэл байхгүй гэж үзэх нь нэгэн бодлын аятайхан санаа. Яагаад гэвэл зэрэглэж ялгах ч шаардлагагүй, дээр нь бүх хүмүүс тэгш эрхтэй гэж харагдах учраас.
Бентамын урсгалыг дагагч утилитаристууд хэний ч дур сонирхол адилхан чухал гэж хэлнэ. Бусад хүн юунд дурлах, харилцан өөр хүмүүс юунаас аз жаргалыг мэдрэхээс үл хамааран, бүх хүмүүсийн дур сонирхол нэгэн ижил чухал, гэнэ.
Бентамын чухалчилж буй зүйл..., санаж байгаа биз дээ? Баяр хөөр болон зовлон шаналалын төрөл нь бус, түүний хэмжээ болон үргэлжлэх хугацаа нь түүнд чухал байсан.

Бентамын хувьд нэг ёсондоо “дээд зэргийн таашаал” гэдэг бол, аль болох их хэмжээтэй аль болох удаан үргэлжлэх сэтгэлийн таашаал эдлүүлэх зүйл. Энэ санааг нь илэрхийлэх ийм нэг алдартай үг байдаг:
“Баясгах хэмжээ нь л ижилхэн бол, кноп ч бас яруу найрагтай эн тэнцүү сайн.”



Кноп гэдэг нь хананд хатгаж тоглодог хүүхдийн тоглоом боловч, түүнийг яруу найрагтай эн тэнцүү сайн гэж Бентам хэлсэн байна.
Энэ үгэнд иймэрхүү шууд санаа агуулагдаж байна, гэж санагдана. Бусдын баяр баясгаланг харьцуулж, “хэнийх нь илүү үнэ цэнэтэй байна, тансаг байна, сайн байна” гэхчлэн дүгнэх нь эрээ цээргүй явдал.

Энэхүү “зэрэглэлээс татгалзах” төрх байдалд үнэхээр санал нийлмээр. Олны дунд Моцартад дуртай хүн байхад Мадоннад дуртай ч хүн бий. Боллейбол сонирхдог хүн байхад боулинг сонирхдог нь ч бий. Бентамыг баримтлагчид бол “Хэнийх нь таашаал илүү дээд зэрэглэлийн бөгөөд үнэ цэнэтэй, тансаг вэ энэ тэр гэдгийг шүүх эрх хэнд ч байхгүй” гэж хэлэх биз.

Гэсэн ч, үнэхээр тэгэх нь асуудалгүй гэж үү? Таашаалын чанарын зэрэглэлийг харгалзахгүй байх нь асуудалгүй юу? Адилхан баяр хөөр ч гэлээ, зарим төрлийнх нь бусдаасаа илүү гойд байж, үнэ цэнэ нь илүү өндөр байж болно гэсэн санааг огт тооцохгүй орхиж болно гэж үү?
Эртний Ромын Колизейн жишээг эргэн санавал, нийт Ромчуудын зугаа цэнгэлийн төлөө Христ шүтлэгтнүүдийн хүний эрхэнд халдаж байсан. Эндээс Бентамын үзлийн өөр нэг асуудалтай тал ч бас харагдсан. “Нийт олонхын сайн сайхны төлөө ямар нэгэн шийдвэр гаргахын тулд, тулаан үзэх Ромчуудын мэдэрсэн тэр өрөвдөлтэй хөгийн ялзарсан таашаалд ч бас ямар нэгэн үнэ цэнэ оноож үнэлэх ёстой юм гэж үү?” Энэ бол Бентамын утилитаризмд өгөх няцаалт юм.

Үнэндээ, нэгэн цагт энэ няцаалтад хариулахыг зорьсон нэгэн хүн байсан. Тэр бол хожмын утилитарист Жон Стюарт Милл юм. Үүнээс цааш бүгдээрээ Бентамын утилитаризмд өгсөн няцаалтын эсрэг Жон Стюарт Милл ончтой хариу барьж чадсан эсэхийг харцгаая.
Жон Стюарт Милл 1806 онд төржээ. Эцэг Жеймс Милл нь Жереми Бентамын шавь байсан ба, хүү Жон Стюартдаа шавхийсэн боловсрол эзэмшүүлэхийг зорьжээ.
Жон Стюарт Милл бурхны адисласан хүү байлаа. Тэрээр 3 насандаа Грек хэлийг, 8 насандаа Латин хэлийг ойлгож, 10 насандаа Ромын хуулийн түүхийн талаар бичив (Хахаха). Тэгээд 20 насандаа невроз туссан (Бүгд хахаха).



Түүнээс хойш 5 жилийн турш депрэсстэй явсан боловч, 25 насандаа Харриет Тэйлор хэмээх бүсгүйтэй учирснаар депрессээсээ мултран гарна. Тэр хоёр хуримаа хийж, аз жаргалтай амьдрав. Тэгээд эхнэрийнхээ халамж дор Жон Стюарт Милл утилитаризмыг цус гүйсэн амьд үзэл болгохоор санаа шулуудсан гэдэг.

Милл хувь хүний эрх зэрэг хүмүүнлигийн (хүнлиг?) асуудал болон, дээгүүр ба доогуур зэрэглэлийн таашаалыг ангилах шаардлагыг бодолцож шигтгэсэн байдлаар утилитари үзлийн тооцоолох аргыг өргөтгөн өөрчлөх боломжтой эсэхийг шалгаж үзэхийг оролджээ.
1859 онд алдарт бүтээл “Эрх чөлөө”-гөө бичиж, хувь хүний эрх болон цөөнхийн эрхийг хамгаалахын чухлыг онолдов. Цаашлаад 1861 онд энэхүү лекц дээр ч авч ярилцах “Утилитаризм” бүтээлээ бичжээ.
Милл тэндээ ашиг тусыг ёс суртахууны цорын ганц хэмжүүр мөн хэмээх санаагаа илэрхийлсэн байдаг. Нэг ёсондоо, Бентамын үзлийн суурь нөхцлийг үгүйсгэсэн бус, харин ч түүнийг тунхаглан бататгасан байна. Түүнийхээ үндэслэлийг тэрээр тов тодорхой ингэж өгүүлсэн бий:
“Хүсэмжит зүйл болохыг илтгэх цорын ганц нотолгоо бол бодитоор хүн тэр зүйлийг хүсэх явдал юм.”




Бодит туршлагаас үүдэх хүсэл тачаал л ёс суртахууныг үнэлэх зохистой нотолгоо мөн, хэмээн Милл өгүүлжээ.
Гэвч номын 2-р бүлгийн хуудас 8 дээр тэрээр “Утилитаристууд дээгүүр болон доогуур зэрэглэлийн таашаалыг ангилах боломжтой” гэж бас онолдсон бий.
За тэгэхээр, Миллийг аль хэдийнэ уншсан хүмүүс түүнийг хэрхэн ангилж болно гэснийг мэдэж байгаа байх. Утилитаристууд чанаргүй хийгээд олиггүй зүйлс, үнэ цэнэгүй зүйлсээс хэрхэн яаж чанартай зүйлийг ангилж чадах вэ?
Босоод хариулаарай

Жон:
Аль алийг нь туршиж үзвэл хүн хар аяндаа дээгүүр зэрэглэлийн юмыг таашаана.

Сандел:
Яг зөв. Нэр хэн бэ?

Жон:
Жон.

Сандел:
Жоны хэлсэнчлэн Милл ингэж бичсэн байдаг:
“Хүмүүсийн хүсэл тачаал болон дур сонирхлыг орхигдуулан тунгаах боломжгүй. Яагаад гэвэл, тэгэх нь утилитаризмын суурь нөхцлийг нурааж орхино. Дээгүүр болон доогуур зэрэглэлийн таашаалыг ангилах арга цор ганц бий. Хоёуланг нь туршиж үзсэн хүн түүнийг сонирхох уу үгүй юу гэдгээр мэдэж болно.”

Мөн 2-р бүлэгт сая Жоны тайлбарлаж өгснийг илэрхийлсэн Миллийн нэгэн мөр бий:
“Хоёр таашаалын аль алийг нь туршиж үзсэн хүмүүс бүгдээрээ, үгүй бол дийлэнх олонх нь ёс суртахууны хариуцлагын дарамтгүйгээр (өөрөөр хэлбэл ямар ч цензурт баригдалгүйгээр) эргэлзэлгүй сонгох зүйл байвал, тэр нь илүү хүсэмжит таашаал мөн.”



Тэгэхээр та бүхэн үүнийг юу гэж бодож байна даа? Энэ санаа ончтой болж чадаж уу? Болсон байна гэж үзэх хүмүүс гараа өргө дөө? Энэ аргаар дээгүүр болон доогуур зэрэглэлийн таашаалыг ангилж чадна гэж бодох хүмүүс?

За тэгвэл, боломжгүй гэж бодох хүмүүс? (талаас илүү нь гараа өргөв).
Үндэслэлийг нь сонсмоор байгаа ч, түүний өмнө Миллийн аргыг шалгаж үзэх нэгэн туршилт хийе гэж бодож байна.
Одоо та бүгдэд 3 янзын бичлэг үзүүлнэ. Алдартай кино болон нэвтрүүлгийн богинохон хэсгүүд. Эхнийх нь Гамлетын монолог (Гамлетын өгүүлэл), дараа нь..., өөр ямар нэгэн хоёр юм гарна (хахаха). За эхэлцгээе.




Гамлет:
Хүн гэдэг юу гээчийн гайхалтай бүтээл вэ?
Ихэмсэг дээд оюун ухаан
Хязгаар үгүй авьяас билиг
Үзэсгэлэнт төрх, шалмаг хөдөлгөөн
Тэнгэр элч мэт үйлдэл
Бурхан мэт бодол санаа
Ёстой л энэ ертөнцийн гоо сайхан
Амьд байгалийн үлгэр жишээ
Гэтэл миний хувьд
Ямар ч утгагүй тоосонцрын бөөгнөрөл
Хүн гэдэг даанч надад сонин биш...

(Бүгд алга ташив)



Өгүүлэгч:
Таны айдас бодитоор биелж байгаагаар төсөөлөөд үз.

Эмэгтэй:
Намайг хазаад байна!

Өгүүлэгч:
6 өрсөлдөгч 3 хэсэгт үхлийн тулаан өрнүүлнэ.

Аймшигт даалгаварууд оролцогчдын яс мах, сэтгэл санааг хэмэлнэ.

6 оролцогчоос ердөө ганц нь ялж үлдэнэ.

Эмэгтэй:
Чадчихлаа!

Өгүүлэгч:
Фийр фактор

(Бүгд алга ташив)



Фландерсын нөхөр:
Сайн уу манайхаан! Алив, бут ниргээд өгцгөөе.

Хома:
Фладенрс! Чи бас ийм юм сонирхдог байсан юм уу?

Фландерсын нөхөр:
Хурдыг нь сонирхдоггүй юм өө. Дуулга, анхааруулах туг, бас цэвэр агаарт нь л нугасгүй дуртай.

Фландерсын эхнэр:
Би цэвэр агаар, тэгээд ядуу хүмүүсийг нь харах дуртай.

Охин:
Хүүе, манай ээж аав байна шдээ.

Хүү:
Хонгор минь, одоо наадуул чинь бидний ээж аав шүү дээ.

(Бүгд алга ташив).

Сандел:
Аль нь илүү таалагдсан талаар асуугаад ч хэрэггүй биз, тийм үү?
Симпсонс (The Simpsons) таалагдсанууд нь? (хахаха, нижигнэтэл алга ташив)
“Гамлет” таалагдсан нь? (хөнгөхөн алга ташив)
Фийр фактор (Fear Factor) ямар байсан бэ? Фийр фактор таалагдсан хүмүүс? (Ганц хоёр хүн гараа өргөв).

(Гар өргөсөн хүнийг заан) Үгүй байлгүй дээ? (Бүгд хахаха).

Гамлетээс илүү Симпсонс таалагдсан хүмүүс хамаагүй олон байна. Тэгвэл бага зэрэг асуултаа өөрчилж үзье.
Аль нь хамгийн дээгүүр зэрэглэлийн үзвэр, хамгийн дээд таашаал мэдрүүлнэ гэж бодож байна даа?
Гамлет гэж бодож байгаа хүмүүс? (тодорхой тооны хүн гараа өргөв)
Фийр фактор гэж бодож байгаа хүмүүс? (нэг хүн гараа өргөв)
За арай үгүй байлгүй дээ? Нээрэнгээсээ гэж үү? (Бүгд хахаха)
Яагаад?
Алив босоод хариулаарай

Нэйт:
Хамгийн сонирхолтой байсан болохоор.

Сандел:
Тэрийг ч ойлгож байна л даа. Гэхдээ аль нь хамгийн үнэ цэнэтэй шидээвэр үзвэр байсан бэ гэвэл?

Нэйт:
Миний хувьд зугаатай зүйл л үнэ цэнэтэй. Бусад хүмүүс юу гэж бодох нь надад хамаагүй биш үү?

Сандел:
Ойлголоо. Чи тэгвэл цэвэр Бентам урсгалд харьяалагдах юм байна. Хүмүүсийн бодит дур сонирхлыг судалж нэмж тооцоод зогсохгүй, үнэ цэнийг нь хэн нэгэн хэмжиж шүүх нь утгагүй явдал, гэж байна, тийм үү? Сайн байна, болно оо. Нэр хэн билээ?

Нэйт:
Нэйт.

Сандел:
Нэйт гэнэ ээ. Баярлалаа.

Тэгвэл, дуртай дургүй эсэхийг түр орхиод, Симпсонс үнэхээр дээгүүр зэрэглэлийн үзвэр гэж бодож байгаа хүмүүс гараа өргө дөө? (Тодорхой тооны хүн гараа өргөв).
Болно.
Гамлет нь илүү дээгүүр зэрэглэлийнх гэж бодож байгаа нь гараа өргө дөө? (Илүү олон хүн гараа өргөв).
За болно.
Гэхдээ яагаад юм бол? Болбол Гамлетыг дээгүүр зэрэглэлийнх гэж бодож байгаа хүмүүс дотроос, үнэндээ Симпсонст илүү дуртай гэсэн хүмүүсийн саналыг сонсмоор байна.

Аниша:
Симпсонс бол хөгжилтэй зугаатай болохоор харах төдийд л таашаал авч чадна. Харин Гамлетаас таашаал авахын тулд яаж унших, яаж тайлбарлаж ойлгох гэх зэргийг хэн нэгнээр заалгуулж суралцахгүй бол болохгүй. Рембрандтын зураг ч бас түүнтэй ижил.

Сандел:
Нэр хэн билээ?

Аниша:
Аниша.

Сандел:
Аниша! Хэрвээ хэн нэгэн чамд “Гамлет нь илүү” гэж зааж өгвөл чи яах вэ? Чи тэр хүний зөвлөгөөг үг дуугүй хүлээж авах уу? Гамлетыг илүү дээгүүр зэрэглэлийнх гэж гараа өргөсөн чинь, хэн нэгэн чамд тэгж заасан учраас уу? Эсвэл өөрөө ч гэсэн тэгж боддог болохоор уу?

Аниша:
Гамлетыг бол тэгж заалгасан болохоор биш ч, Рембрандтыг бол заалгасан. “Рембрандтын зураг гайхамшигтай” гэж хэн нэгэн хэлбэл тэгж бодож болох ч, бодитоор түүний зурганд анализ хийж сууснаас комик уншсан нь илүү зугаатай гэж бодож байна.

Сандел:
Мөөн. Чиний хэлсэнчлэн соёл болон уламжлал зэргээс шахалт хүчлэлт гээч юм тодорхой хэмжээнд байдаг л байх. Тэндээс бидэнд аль нь илүү сайн бүтээл болохыг зааж чиглүүлдэг шүү дээ.
Өөр санал байна уу?

Жо:
Өнөөдрийн лекц дээр надад Симпсонс хамгийн зугаатай санагдсан. Гэхдээ хэрвээ үлдсэн амьдралаа саяын 3 бүтээлээс нэгнийх нь л тухай эргэцүүлэн тунгааж өнгөрөөнө гэвэл, би Симпсонс ч юм уу Фийр факторыг сонгохгүй гэж бодож байна.
Гүнзгий таашаалын талаар сайтар тунгаан бодвол өөрийн харах өнцөг ч тэлж, улам их таашаалыг мэдэрч чадна гэж бодож байна.

Сандел:
Нэр хэн бэ?

Жо:
Жо.

Сандел:
Жо! Тэгвэл чи үлдсэн насаа Кансасын тариалангийн талбай дээр өнгөрөөхөөр болж, Симпсонс, Гамлет хоёрын аль нэгийг нь л үзэж болно гэвэл, чи Гамлетыг сонгох юм байна тийм үү? (Жо толгой дохив).

Жон Стюарт Милл хэлэхдээ дээгүүр болон доогуур зэрэглэлийн таашаалыг хоёуланг нь туршиж үзсэн хүн гарцаагүй дээгүүр зэрэглэлийнхийг нь сонгоно гэсэн. Тэгвэл чиний хувьд саяын бидний туршилтын үр дүн түүнийг батлав уу?

Жо:
Өөр жишээ хэлж болох уу?
Мэдрэл судлалын хичээл дээр заалгасан юм, хулганы тархинд хүчтэй таашаал мэдрүүлдэг мэдрэлийн хэсэг байдаг бөгөөд, тэрийгээ өдөөх арга олж сурсан хулгана идэхээ хүртэл мартаад үхчихдэг гэсэн. Төдий дайны хүчтэй таашаал мэдэрдэг гэсэн үг. Би бол тийм хүчтэй таашаалыг бүх амьдралынхаа туршид олж авах таашаалтай харьцуулахад чанарын хувьд муу гэж бодож байна. Мэдээж хэрэг хүчтэй таашаалыг би хүсдэг л дээ (Бүгд хахаха). Тийм л биз дээ? (Бүгд хахаха) Нээрэнгээсээ.

Гэхдээ, бүр уртаар харах юм бол, энд байгаа бараг бүх хүмүүс хормын төдий хүчтэй таашаалд мансуураад үхдэг хулгана байснаас, дээд зэрэглэлийн таашаалыг мэдрэх хүн байхыг илүүд үзнэ гэж бодож байна.
Багшийн асуултад хариулахад, эндээс батлагдаж буй зүйл, батлагдсан хүртэл биш юм аа гэхэд, эндээс хэлж болох зүйл гэвэл, хоёр таашаалаас алийг нь сонгох вэ гэж асуувал талаас олонх нь дээгүүр зэрэглэлийн таашаалыг сонгож таарах болов уу, гэж бодож байна.

Сандел:
Өөрөөр хэлбэл, Миллийн зөв байсан гэж үү?

Жо:
Тийм ээ.

Сандел:
Баярлалаа.
Хэн нэгэн Жог няцаах хүн байхгүй биз? Энэ удаагийн туршилтаар Миллийн шалгуур хангалтгүй болох нь харагдлаа гэж бодож байгаа хүн? Утилитаризмын хүрээн дотор таашаалыг дээгүүр болон доогуур гэж ангилах нь боломжгүй гэж үзэж байгаа хүн байна уу? Босоод хариулаарай.

Эрэгтэй оюутан:
Хүн сайн юмыг сонгодог. Энэ бол харьцангуй ойлголт бөгөөд, объектив тодорхойлолт биш учир Симпсонсыг илүүтэй таашаах нийгэм ч гэж байж болно. Симпсонсыг хэн ч үзээд ойлгох бол, Гамлетыг ойлгохын тулд боловсрол шаардлагатай гэж бодож байна.

Сандел:
Мөөн. Дээгүүр зэрэглэлийн зүйлийг ойлгохын тулд боловсрол хэрэгтэй гэж байна. Милл ч бас дээгүүр зэрэглэлийн таашаал нь боловсрол хийгээд ухаан шаардана гэж хэлсэн байдаг. Тэр тал дээр бол маргалдаагүй. Тэгээд нэгэнт боловсорсон хүн дээгүүр болон доогуур зэрэглэлийн юмсын ялгааг таньдаг болж, цаашлаад бодитоор доогуур зэрэглэлийн юмсаас илүүтэй дээгүүр зэрэглэлийн юмсыг сонгон таашаадаг болно гэсэн байдаг.

Жон Стюарт Миллийн ийм нэг алдартай үг бий:
“Сэтгэл хангалуун гахай байснаас, сэтгэл дундуур хүн байсан нь дээр. Сэтгэл хангалуун мунхаг явснаас, сэтгэл дундуур Сократ байсан нь дээр. Хэрэв мунхагууд үүнийг үгүйсгэвэл, тэр нь тэд мунхагууд өөрсдөөсөө бусдыг мэдэхгүй болохоор л тэр юм.”



Эндээс ч бас муу таашаал хийгээд сайн таашаалыг ангилах гэсэн төрх харагдаж байна.
Үзэсгэлэн явах уу, гэрийнхээ буйдан дээр пиво уунгаа ТВ үзэх үү? Заримдаа бид сүүлийнх нь уруу таталтад ялагдах ч үе бий. Үүнийг Милл ч хүлээн зөвшөөрсөн.
Гэвч, Бид бүхэн ингэж тэгэн ажин түжин явах дундаа ч “Үзэсгэлэнд очиж Рембрандтын зураг үзвэл илүү дээгүүр зэрэглэлийн таашаал авна даа” гэдгээ мэддэг. Учир нь аль алийг нь туршиж үзсэн учраас.
Тэгээд Рембрандт нь илүү дээгүүр зэрэглэлийнх гэдэг нь, хүн төрөлхитөний өндөр түвшний чадвартай холбоотой.

Хувь хүний эрхийг дээдлэхгүй байна гэсэн буруушаалтад Милл хэрхэн хариулсан бол? Нэг талаар тэрээр үүнтэй төстэй үндэслэл ашигласан ба, тэр нь 5-р бүлэгт гарч ирнэ. Милл ингэж хэлжээ:
“Би ашиг тусанд суурилаагүй шударга ёсны хий хоосон хэмжүүрийг зохиох ямар ч өнгөц онолыг буруушаах болно. Эсрэгээрээ ашиг тусанд үндэслэсэн шударга ёс л бүхий л ёс суртахууны гол багана бөгөөд, халдашгүй ариуны дээр хамгийн хүчин төгөлдөр шинжтэй гэж үзнэ.”



Өөрөөр хэлбэл, шударга ёс бол хамгийн дээд зэрэглэлийн зүйл бөгөөд, хэдий хувь хүний эрх онцгой шинжтэй боловч, тэр нь утилитаризмын нөхцлөөс халиагүй хүрээн дотор л дээдлэгдэнэ, гэжээ.

“Шударга ёс гэдэг бол нэгэн төрөл ёс суртахуунлаг шаардлагад оноосон нэр бөгөөд, үүнийг бүхэлд нь харвал тэндээс үүдэх нийгмийн ашиг тусын хэмжээ нь юутай ч зүйрлэмгүй том, юунаас ч илүү дээгүүр эрэмбэлэгдэх ёстой үүрэг мөн.”



Шударга ёс бол халдашгүй ариун, бүхнээс дээгүүр эрэмбэлэгдэх ёстой бөгөөд, түүнээс муу зүйлээр хялбархан орлуулагдах эд биш. Гэвч, түүний шалтгаан нь эцсийн эцэст утилитаризмын тооцоонд тулгуурласан зүйл юм. Энэ бол Миллийн тайлбар.
“Бидний бодох ёстой зүйл бол бүхий л хүн төрөлхитөний хөгжил дэвшил хийгээд, урт хугацааны үр ашиг юм. Хэрэв бид шударга ёсыг баримталж, хүний эрхийг эрхэмлэн дээдэлбэл, эцсийн бүлэгтээ бүх нийтээр дэвшин урагшилна.”



Энэ санаа хүлээн зөвшөөрөхүйц байж чадаж байна уу? Эсвэл Милл чанартай таашаал болон халдашгүй ариун хүний эрхийн тухай онолдсоноор өөрөө ч мэдэлгүй утилитаризмын хүрээг халиад явчив уу?

Гэвч энэ удаад дээрх асуултын талаар хариулт хэлэх боломжгүй. Эрх болон шударга ёсыг онолдохын тулд утилитаизмыг түр орхиод, өөр талаас нь эрх гэж юу болох тухай тайлбарлаж, тэдгээр тайлбарууд ончтой болж чадсан эсэх талаар нягтлахгүй бол болохгүй учраас тэр.

Сонирхуулахад, ёс суртахуун хийгээд хуулийн философийн үзэл санаа хэмээн утилитаризмыг тунхагласан Жереми Бентам 1832 онд 85 насандаа таалал төгсчээ. Гэвч Лондонд очвол шууд утгаараа өнөөдөр ч түүнтэй уулзаж болно. Бентам “Миний цогцосыг занданшуулаад Лондонгийн Их Сургуульд үзмэр болгон тавьж өгнө үү” хэмээн гэрээсэлсэн байж. Түүнийг нь ёсоор болгож, Бентам үнэхээр амьд ахуйдаа өмсөж байсан хувцастайгаа шилэн хоргон дотор сууж байгаа. Үхэхийнхээ өмнө тэрээр өөрийн философитой холбоотой нэгэн асуултанд хариулсан гэдэг. “Үхсэн хүн ямар байдлаар бусдад тус болж чадах вэ?. Нэг бол задлан судлалд цогцосоо ашиглуулж болно. Гэвч агуу философич бол ирээдүйн сэтгэгчдийг хурцлахын тулд, өөрийн цогцосоо тэр чигт нь хадгалуулсан нь дээр.” (хахаха).
Чихмэл болсон Бентамыг хармаар байна уу? Май, энэ байна (Бүгд хахаха)



Гэхдээ ойроос сайн харвал, түүний жинхэнэ толгойг амжилттай занданшуулж чадаагүйн улмаас оронд нь лаагаар толгой хийж тавьсан байгаа. Тэгээд хөл рүү нь харвал, тэнд жинхэнэ толгойг нь тавьсан бий. Тавган дээр (Бүгд хахаха). Харагдаж байна уу? Энэ байна.

Тэгэхээр энэ ярианаас юу сурч болох вэ?

Дашрамд хэлэхэд, их сургууль Бентамын цогцосыг хурлын танхимд байрлуулаад протокол дээр “Ирцээ бүртгүүлсэн боловч, саналаа өгөөгүй” гэж бичиж байсан гэдэг (Бүгд хахаха).
Харав уу, жинхэнэ философич хүн гэж чухам үүнийг л хэлнэ. Амьд байхдаа ч, үхсэн хойноо ч өөрийн философийн зарчимдаа тууштай байж чадаж байна.
За ингээд дараагийн лекцээр эрхийн тухай ярилцъя (Бүгд алга ташив).

Тайлбар:
Энэ удаад Бентамтай эн зэрэгцэх утилитаризмын өөр нэгэн төлөөлөгч Жон Стюарт Миллийн онолыг голчлон ярьж байна.

Жон Стюарт Милл нь Бентамын онолыг залган авч хөгжүүлэн “Хүний дур сонирхол, баяр хөөр зэрэгт чанарын ялгаа байж болох уу?” гэсэн асуултыг дэвшүүлдэг.
Лекцэнд түүний хэлсэн хамгийн алдартай үг болох “Сэтгэл хангалуун мунхаг явснаас, сэтгэл дундуур Сократ байсан нь дээр” гэх үг гарч байна. Мунхаг болон Сократ хоёрын харьцуулалтаар илэрхийлэгдэж буйчлан “хүний үйл хөдлөлд чанарын ялгаа гэж юм бий” гэсэн асуудал энд агуулагдаж буй бөгөөд, энэ нь нөгөө талаар “ариун ёс ч юмуу, этик гэх мэтийн талаар ч бодолцох шаардлагатай биш үү?” гэсэн асуудалтай гүнзгий холбоотой юм.

Энэ талаар оюутнуудыг бодуулахын тулд профессор Америкийн сүүлийн үеийн алдартай хоёр шоу болон Шекспирийн жүжгийг зэрэгцүүлэн үзүүлж, тэдний реакцийг харсан. Тэгтэл оюутнуудын ихэнх нь сүүлийн үеийн шоу нь аргагүй сонирхолтой гэж хэлэх мөртлөө, түүн дотор “Гамлет нь илүү дээгүүр зэрэглэлийнх болов уу” гэсэн оюутнууд ч олон байсан. Энэхүү хуучны сонгодог асуултыг бодож үзвэл, профессорын хийсэн туршилтаас маш сонирхолтой үр дүн гарлаа, гэж санагдана.


Профессор Сандел эндээс “Миллийн онол утилитаризмынхаа хүрээн дотор байж чадаж байна уу?” гэсэн асуултыг дэвшүүлж байгаа юм. Энэ асуулт нь чанарын сайн мууг тунгаахтай холбоотойгоор цуврал лекцийн сүүл хэсэгт профессорын дэвшүүлэн тавих Зорилгод суурилсан үзэл рүү нэг алхам ойртуулсан асуулт билээ.

Бүрэн эхээр нь МПЛАС-аас сонсоорой.



8 comments:

amar said...

Баярлалаа

Anonymous said...

Яасан бэ үргэлжлүүлээд нийтлэхгүй байсан юм уу?

ASE said...

Үнэхээр сонирхолтой байлаа. Харахад сайн болон муугаас үл хамааран тухайн үзэл онолоо нарийн ухаж, хөгжүүлэх ёстойг саналаа. Баярлалаа.

miracle said...

Нээрээ л дээд зэргийн таашаалыг мэдрэхийн тулд тодорхой хэмжээний боловсрол хэрэгтэй юм даа.

KiTe said...

ene lektsiig shuud uzheer link bnu

ТОМё БОДё said...

https://www.youtube.com/watch?v=kBdfcR-8hEY

wasc said...

энэ лекцээс хойшоо бусад лекц нь байгаа юу?

ТОМё БОДё said...

Байгаа

Post a Comment