Pages

Сэдвүүд

2018/04/04

Их хөлгөний буддизм (3р хэсэг)

Өмнөх - Их хөлгөний буддизм (2р хэсэг)

Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.

  • Учрах боломжгүй буддатай учрах арга сүвэгчилсэн нь


Сурагч:
Их хөлгөний буддизмын ертөнцийн төсөөллийг ерөнхийд нь ойлголоо. Гэхдээ нэг л сэдвээсээ зөрөөд явчих шиг санагдах юм. Би уул нь “Хэрхэн яаж хар хүн чигээрээ будда болж чадах вэ?” гэж асуусан юмсан.

Багш:
Тийм ээ, саналгүй яах вэ. Одоо эндээс гол сэдэв рүүгээ оръё. Сая би, Шагжамүни багш урьд насандаа өөр буддатай учирч андгай өгснөөр бодьсадва болж, сансрын хүрдээр эргэлдэн амьдарсан гэж хэлсэн шүү дээ. Гэтэл сансрын хүрдээр эргэлдэн төрөх болгондоо заавал хүнээрээ байх албагүй. Тэнгэр төрөлд бурхан болж төрж ч болно, эсвэл адгуус төрөлд унаад амьтан болох тохиолдол ч гарах нь дамжиггүй. Гэхдээ жишээ нь туулай болж төрлөө ч гэсэн, урьд насандаа буддад андгай өгсөн бол тэр нь туулайны дүрээр бодьсадва болжээ гэсэн үг. Туулай даяанчлаад байж чадахгүй учир, тэр насандаа туулайны хувиар зөв амьдралыг туулах нь буддад тэмүүлэх бодьсадвагийн үйл болно. Ингэж тунгаавал их хөлгөний буддизмд яагаад даяанчлал хийхгүй байсан ч будда болох боломжтой вэ гэдэг нь харагдаад ирж байгаа биз?

Сурагч:
Өөрийгөө нэгэнт бодьсадва гэж бодох л юм бол, амьтан ч болдог бай хүн ч болдог бай зөв амьдралаар амьдрахыг л хичээгээд байхад тэр нь даяанчлал болно оо, гэсэн үг юм биз дээ. Гэхдээ Шагжамүни багш эцсийн мөчид будда болсон процессийг харвал, явж явж даяан хийх шаардлагатай л юм биш үү?

Багш:
Тийм л дээ, Шагжамүни багш даяан хийх хэлбэрээр гэгээрэлд хүрсэн нь үнэн. Гэхдээ тэр бол ердөө л төгсгөлийн ганц алхам төдий л зүйл байсан. Уртын урт үргэлжилсэн түүхтэй нь харьцуулбал, тэр нь дөнгөж мөсөн уулын үзүүрт болсон л явдал. Түүний дор аварга том урьд насны түүх бий. Шагжамүни багш ч бас төрөл бүрийн амьтны дүрд хувилангаа зөв амьдралаар даяанчлал үйлдэж ирсэн цаг үе байсан болоод л гэгээрэлд хүрч чадсан гэж тунгаах юм бол, бид нар ч бас хэдий хар хүн ч гэлээ Шагжамүни багштай ижил замналаар явж байж болох шүү дээ.

Сурагч:
Ммм.. Гэхдээ л “Зөв амьдрал даяанчлал болно” гэх нь надад бас нэг л бууж өгөхгүй байна. Их хөлгөний буддизмд ингэж ингэж амьдар гэсэн илүү тодорхой юм зааж сургадаггүй юм уу?

Багш:
Өмнө цухас дурьдаад өнгөрсөнчлөн, буян хураах (сайн үйл хийх) нь будда болохын төлөөх даяанчлал болно гэж их хөлгөнд үздэг. Бүр тодорхой хэлбэл “бусдыг гэсэн энэрэнгүй сэтгэлээр үйлд” гэсэн үг. Мэдээж шагжамүнийн буддизмд ч бас “энэрэл” гэх ухагдахуун байдаг. Гэхдээ тэр нь “өөртөө тусалснаар бусдыг энэрэх” гэсэн бүдүүвч хэлбэртэй. Өөрөө түүчээ болон хүнд хэцүү даяанд шамдах төрхөө харуулснаар, зовж шаналах бусад хүмүүст “Ийм авралын зам бас байдаг юм байна” гэсэн анзаарга төрүүлэх нь шагжамүнийн буддизм дахь энэрэл юм. Нэг ёсондоо, сайн үлгэр жишээ болж бусдыг манлайлан хөтлөх хэлбэрээр бусдыг энэрнэ гэсэн үг. Үүнтэй харьцуулахад их хөлгөний буддизм дахь энэрэл нь арай шууд утгатай буюу “өөрийгөө золиослоод ч болов бусдад тусал” гэсэн хэлбэртэй.

Энэ хоёрын ялгааг амьтдын үйлдэлтэй зүйрлүүлэн харвал илүү ойлгомжтой болов уу. Шувуу дэгдээхэйнхээ нүдэн дээр хоол олж идэхэд, түүнийг нь харсан дэгдээхэй нь эхийгээ дуурайн өөрөө хоол олж иддэг болно. Өөрөөр хэлбэл хоол олж идэж байгаагаа дэгдээхэйдээ үзүүлэх нь явж явж дэгдээхэйд нь тус болж байна гэсэн үг. Энэ бол шагжамүнийн буддизмын тунгаах энэрэл. Харин их хөлгөний буддизм дахь энэрэл гэдэг нь, жишээ нь өлсгөлөн барыг аврахын тулд “намайг идээд тэнхрээд ав” гээд баранд өөрийгөө барьж өгөх явдлыг хэлнэ.

Сурагч:
Энэрэл гэвэл, ердийн үед бол их хөлгөний буддизмын энэрэлийг л төсөөлөх юм байна.

Багш:
Тэгэлгүй яах вэ. Яагаад гэвэл Япон бол их хөлгөний буддизмын орон шүү дээ. Тиймээс шагжамүнийн буддизмын “өөртөө тусалснаар бусдыг энэрэх” гэдэг санаа тийм ч амархан толгойд орж ирэхгүй. Их хөлгөний буддизмын “өөрийгөө золиослох” энэрэл нь, бусдад туслахын тулд эхлээд бусдад гараа сунгах ёстой гэдгээрээ илүү гайхамшигтай гэж санагдаж магадгүй ч, бүр уг үндэс рүү нь хөөж харвал тэр нь өөрөө бурхан болохын төлөөх өөрийн тусын тулд үйлдэж буй энэрэл учраас “бусдыг энэрэх өөртөө туслах” гэсэн бүтэцтэй юм.

Ингээд, “өдөр тутмын амьдралдаа үйлдэх буян нь будда болохын төлөөх чухал даяан болно” гэж үзсэн их хөлгөний буддизм яваандаа “туйлын дээд буян”-ыг эрж хайх болно.

Сурагч:
Тэр нь юу юм бол?

Багш:
“Буддатай учирч, түүнийг тахин шүтэж, залбирал үйлдэх нь буддад хүрэх дөт зам” гэж тунгаах болсон байгаа юм.

Сурагч:
Айн? Наадах чинь юу гэсэн үг вэ?

Багш:
“Өдөр тутамдаа үйлдэх буян будда болох инерги болно” гэдэг ч, уул утгаараа бол тэр нь ойр хавийнхаа амьтан хүнд энэрэнгүй сэтгэлээр туслахыг хэлдэг учиртай. Гэвч, “өдөр тутмын буян”-ыг арай өөр үйлээр орлуулан солих ч бас боломжтой. Жишээ нь, бид нар сүм хийдэд очиж алга хавсран мөргөл үйлдэхийг “буян” гэж боддог шүү дээ. Үүнтэй адилаар буддаг тахин шүтэж, залбирал үйлдэх нь буян гэх санаа төрөн гарах болж, тэр нь явсаар эцэстээ “Бид бүхэн буддад залбирал үйлдсэнээр будда болж чадна” гэсэн үзэл болон тогтсон байдаг.

Сурагч:
Буддатай учирч, түүнийг тахин шүтэх нь будда болох дөт зам гэж байгаа ч, энэ ертөнцийн хаанаас тэр буддаг нь олж уулзаж болох юм бэ?

Багш:
Наадах чинь яг асуудлын гол байгаа юм. Их хөлгөний буддын сургаалд хамгийн том зангилаа болдог нь, “бодитоор буддатай уулзах боломжгүй” гэх явдал. Тиймийн учир их хөлгөний буддизмд уулзах боломжгүй буддатай хэрхэн яаж уулзах вэ, үнэндээ бол уулзах учиргүй буддатай уулзсан гэдгээ хэрхэн яаж бусдад батлах вэ гэхчлэн янз бүрийн арга ухаан сүвэгчлэх ёстой болно. Тэр нь их хөлгөний буддизмын сонирхолтой тал бөгөөд, үндсэн төрх нь ч бас мөн юм.

Өнөө үед “Билиг барамидын судар”, “Цагаан лянхуа судар”, “Аватамсака судар”, “Нирвана судар” гэхчлэн олон олон их хөлгөн судрууд өвлөгдөн ирж, цаг үе улирах тоолонд ар араасаа ялгаатай судрууд бүтээгдэж ирсний цаад шалтгаан ч бас үнэндээ үүнтэй холбоотой. Эдгээр судруудын онцлог хийгээд ялгааны тухай дараа дараагийн лекцээр нарийвчлан ярилцацгаая.

Үргэлжлэл - Их хөлгөний буддизм (4р хэсэг)

1 comment:

Unknown said...

Ийм гоё нийтлэлууд хаанаас олоод байдаг юм бэ? Нийтлэлуудийнхээ эх сурвалжийг хуваалцаач. Сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл оруулдагт чинь их баярлаж явдаг шуу

Post a Comment