Pages

Сэдвүүд

2016/05/11

Квалиа (2)

Өмнөх - Квалиа (1)

Жишээлбэл ийм байна.
Би улаан өнгийн сарнай руу заагаад асуутал, бүгд “улаан өнгө” гэж хариулжээ гэе.
Энэ үед намайг оролцуулаад бүх хүн “улаан гэх биет мэдрэмж (квалиа) мэдэрчээ” гэсэн үг болох боловч, миний мэдэрч буй “улаан өнгө” гэх энэ квалиа бусдынхтай адилхан эсэхийг нягтлах ямар ч боломжгүй юм.
Төсөөлөөд үз дээ. Ямар ч үг өгүүлбэр, тэмдэгт симбол, зүйрлэл дүрслэл ашиглалаа гээд, миний харж буй “энэ өнгө” гэж чухам ямар зүйл болохыг бусдад дамжуулж яагаад ч чадахгүй.

Бусдын харж буй өнгө”-ийг гаргаж ирээд “өөрийн харж буй өнгө”-тэй харьцуулж үзэх ч боломжгүй. Харьцуулах боломжгүй юм бол, “ижил өнгө (квалиа) харж байна” гэж хэлэх арга байхгүй.
Тиймээс, миний “энэ өнгө”-өөр хардаг сарнай цэцгийг надаас бусад нь аягүй бол бүгд “энэ өнгөөр” хардаг байхыг ч үгүйсгэх аргагүй.
Өөрөөр хэлбэл, бүгд “энэ өнгө”-ийг хараад “улаан” гэж дууддаг ч байж мэдэх бөгөөд, жинхэнэ асуудал нь гэвэл хэрэвзээ тийм байлаа ч гэсэн, тийм зөрүү үүсч буй явдлыг би ч, тэд ч, хэн ч хэзээ ч яагаад ч анзаарахгүй явдал юм.
Одоо харж байгаа өнгө чинь нөгөө жаргах нарны өнгө мөн биз дээ тэ?” гэж тайлбарлалаа гээд ямар ч нэмрийг олохгүй. Бүгд жаргах нарыг (миний хэлэх) “цэнхэр” өнгөөр харж, нүдний өмнөх сарнайг ч бас “тэр өнгөөр” харж байгаа юм хойно, “Тиймээ, яг жаргах нарны өнгөтэй байна” л гэх биз.
Нэг ёсондоо, улаан гэх үгний тодорхойлолт таарч байгаа л бол ярианд ямар ч зөрчил үүсэхгүй учир, квалиагийн агуулга зөрүүтэй байсан ч, тэр зөрүү хэрхэвч ил гарахгүй. Дээр нь энэ бол зөвхөн өнгөөр хязгаарлагдах яриа биш.
“Дуу, чимээ”, “амт”, “өвдөлт”, “айдас”, “гуниг”, “баяр”...
Ер бид бүхний мэдрэх бүхий л биет мэдрэмж (квалиа)-ийн хувьд дээрх яриа хүчин төгөлдөр гэж хэлж болно.
Тэгэхээр юу гэвэл, хичнээн яриа нийлж ам халлаа гээд, хоёр тал харилцан ижил зүйл мэдэрч байна гэх баталгаа хаана ч байхгүй ээ гэсэн үг юм.



...Аварга том билльярдын ширээ, тэгээд түүн дээр өнхрөлдөх тоогүй олон бөмбөг байна гээд төсөөлөөд үзнэ үү.
Ширээн дээрх бөмбөгнүүд тасралтгүй өнхрөлдсөөр. Бүх бөмбөгнүүд физикийн хууль хэмээх абсолют дүрэмд захирагдан хөдөлж, басхүү хэрхэвч тэр дүрмээс гажих нь үгүй. Үе үе өөр бөмбөгтэй мөргөлдөх явдал гарах боловч, тэр үед ч бас физикийн хуулинд захирагдан цэвэрхээн механик ойлт хийгээд өнгөрнө.
Тэгвэл сансар огторгуйг “Яг ийм бөмбөгнүүд (атомуу) хийгээд тэдгээрийн хөдөлгөөнөөс” бүрдэж байна гээд бодоод үз.
Тоогүй олон бөмбөгнүүд (атомууд) тодорхой дүрэмд захирагдан үүрд мөнх хөдлөх, тийм ертөнц.
Тэнд байх бөмбөгний тоо хэдэн дүнчүүр, хэдэн живаагаар тоологдом зүйрлэшгүй олон бол, тэдний хөдөлгөөн ч бас төсөөлөшгүй ээдрээтэй учир замбараагүй болж, билльярдын ширээнээ хачирхалтай дүрс хээнүүд ч энд тэнд үе үе харагдах нь дамжиггүй биз. Заримдаа тэдний үүсгэх дүрснүүд яг л хувийн хүсэл зориг бүхий амьд амьтан мэт харагдахыг ч байг гэхгүй болов уу.
Тэгтэл, цуцашгүй урсах цагийн хэлхээн дунд, тун ч санамсаргүй тохиолдлоор, хэсэг бөмбөгний бөөгнөрөл нэгэн “хүний дүрс”-ийг бүтээжээ гэе. Тэрхүү хүний дүрс бүхий зүйл гараа ч хөдөлгөж, царайгаа ч хувиргаж, зүйл зүйлийн ааш авир гаргаж харагдана.
Гэсэн ч, бодитоор тэрхүү хүний дүрсэнд хүсэл зориг гээч юм үгүй нь илэрхий. Яадаг ч бай, тэр дүрс эцсийн эцэст физикийн хуулинд захирагдсан механик бөмбөгнүүдийн бөөгнөрөлөөс өөр юу ч биш шүү дээ.
Хүний дүрс бүхий тэр зүйл “Би баруун гараа өргөлөө! Энэ бол миний чөлөөт хүсэл зориг!” гэж орилсон ч түүнийг “чөлөөт хүсэл зориг бус, ердөө л механик хөдөлгөөний үр дүн” гэж үзвэл зохино.

Чи яагаад баруун гараа өргөнө вэ?
Түүндээ “чөлөөт хүсэл зориг” мэтийн хий хоосон төөрөгдөл оруулж ирэх ямар шаардлага байна?
Наадах чинь ердөө л бөмбөгний хөдөлгөөнөөр бүрэн тайлбарлагдах зүйл. Бүхий л юмс үзэгдэл физикийн хуулинд захирагдан механикаар өрнөж байгаа. Хэдий бөмбөг нэг бүрийн хөдөлгөөнийг нарийвчлан мэдэхэд хэцүү ч гэлээ, туйлшраад хэлбэл “чи” гэдэг бол “физикийн хуулинд захирагдах бөмбөгнүүдийн бөөгнөрөл” мөнөөс хойш, чамайг механик оршихуйгаас өөр юу ч биш гэж үзэх нь даанч илэрхий ойлгомжтой.

Ийм байдлаар тунгаах нь нэг талаар маргах юмгүй зөв гэж санагдана.

Гэвч.
Гэвч та сайн бодож үзнэ үү.

Хэрэвзээ бүхий л бөмбөгнүүдийн хөдөлгөөнийг нэг бүрчлэн тайлбарлаж чадах шинжлэх ухааны онол олдоод, түүгээр хүний бүхий л үйл хөдлөлийг төгс тайлбарлаж чадлаа ч гэсэн, тэгээд ч цаана нь торойн тунах асуулт үлдэх болно.
Тэр бол, “Яг одоо, бодитоор миний мэдэрч буй энэ улаан хаанаас гарч ирээд байгааг тайлбарлаж чадахгүй” гэх тэр эргэлзээ.

Эцсийн эцэст, механикаар хөдлөх бөмбөгний хөдөлгөөн яаж ч ээдрээтэн хүндэрлээ гээд, тэндээс “яг одоо миний бодитоор анзаараад байгаа энэ субьектив мэдрэмж” үүснэ гэж үгүй. Тиймээс тэдгээр бөмбөгнүүдийн хөдөлгөөнийг яаж ч онолдлоо гээд, квалиагийн асуудлын талаар ширхэг тайлбар олох боломжгүй юм.

Ингэхэд, энэ хүртлэх ярианд “ертөнц бол бөмбөгнүүдийн бөөгнөрөл юм” гэсэн хуучны сонгодог бөгөөд энгийн ертөнцийн төсөөлөл дээр тайлбар хийсэн боловч, мэдээж хэрэг хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны онолуудаас харвал ертөнц түүнээс арай илүү ээдрээтэй нарийн бүтэцтэй. Гэсэн ч энэ яриа Супер утаслагийн онол дээр ч, Квант механикийн онол дээр ч, ер ямар ч орчин үеийн солиотой онол дээр байсан зарчмын хувьд адилхан хүчин төгөлдөр юм.

Учир нь гэвэл ямар ч шинжлэх ухааны онол байлаа гээд мөн чанартаа бол “Ертөнц нь матери Х-ийн бөөгнөрөлөөс тогтоно. Тэр матери Х нь У хуулийн дагуу хөдөлгөөн (өөрчлөлт) хийнэ” гэх төдий зүйлс л өгүүлдэг. Нэг ёсондоо, тухайн онолоосоо хамаараад тэр матери Х нь атом ч юм уу, квант ч юм уу, эсвэл утаслаг ч юм уу болж, хууль У нь ямар нэгэн хэцүү комплекс томьёо байна, гэсэн л ялгаа байдаг төдий юм.

Тиймээс, “Бөмбөгнүүдийн цугцуулга гэсэн энэ арга барилаар явбал, яагаад квалиа үүсээд байгааг тайлбарлах боломжгүй” гэх энэ асуудал нь ямар ч шинжлэх ухааны онолд хамаатай бөгөөд, мөнхүү ирээдүйд шинжлэх ухаан яаж ч хөгжин урагшиллаа гээд, арга барилаа өөрчлөөгүй цагт хэрхэвч квалиагийн асуудлыг шийдэх найдваргүй гэсэн үг юм.

Энэ бол квалиагийн шинжлэх ухаанд тулгаж буй асуудлын мөн чанар нь болой.

Үргэлжлэл - Квалиа (3)

12 comments:

Khaschuluu Munkhbayar said...

Би нэг сонин юм бодлоо. Бид бодож сэтгэхэд хүний тархи голлох үүрэг гүйцэтгэдэг буюу хүний тархийг нь биенээс нь салгаад авчихвал тэр хүний сэтгэл, мэдрэмж, тэр куалиа нь байсаар байна гэж ойлгодог. Би харин яг эсэргээр нь сэтгээд үзэх гэж оролдлоолдоо.

Хүний биеээр нилэнхүйдээ, судас мэт тархсан мэдрэлийн судал, зангилаанууд бүхэлдээ хүний "би" гэсэн оршихуйн ухамсрыг бүтээдэг байя, тархи бол зөвхөн ямар нэг уургийн ч юм уу энергийг цахилгаан энерги болгох зорилготой "цахилгаан станц" маягийн юм. Тэр цахилгаан станцаас тог гарч, хүний бүх мэдрэлийн судлуудаар гүйх ба тэр мэдрэлийн судас нь зөвхөн "өөрчлөлт"-ийг л мэдэрдэг буюу ямар нэг нугларах, халах, дарах мэтийн тайван байгаа төлөвөөсөө гажсан үед цахилгааны арай өөр гүйдлийг бий болгодог сенсор маягийн судалнууд гэсэн үг. Харин тухайн судал дээгүүр гүйсэн хүчдэл, гүйдлийн хүчний өөрчлөлт бүр тухайн судлын төлөвийг буюу тог дамжуулах, мэдрэх чадамжуудыг нь өөрчилж байдаг. Өөрөөр хэлбэл судал бүр өөр дээрээ өгөгдөл хадаглах боломжтой. Энэ нь бидний "ой" болж байгаа юм.

Дээрх аргаар төсөөлөөд үзэхэд бидний гар хөдлөх даалгаварыг тархинаас биш, гар өөрөө бий болгодог бөгөөд, тухайн гар хөдлөхөд шаардлагатай энерги буюу "ток"-ийг тархинаас захиалдаг. Захиалсан тог тархинаас гарч гарлуу очихдоо гарлуу тог явуулдаг тархины хэсгийн хавьд идэвхжил явагддагийг бид тархи уншдаг их долгионы урттай цахилгаан соронзон орон мэдрэгчээр бүртгэж авдаг төдий.

Нэг ёсондоо бидний мэдрэлийн систем дээр ухамсар, ой, сэтгэлгээ, алдарт куали нь хүртэл бүхэлдээ оршиж байдаг, дан ганц тархинд биш. Тэгэхээр нүдний торлог дээр ирсэн мэдээлэл тархилуу очдоггүй, зүгээр л мэдэрч буй тухайн үед их/бага, ямар нэг өөрчлөлттэй цахилгаан орон шаардах ба тархинаас нүдэнд шаардлагатай тогийг явуулж байхад л тархины тухайн хэсэгт идэвхжил мэдрэгддэг гэсэн үг.

Гар нугларахад тухайн үед өөрчлөлт орсон мэдрэлийн судлууд дээгүүр тог гүйх ба тархины аль нэг хэсгээс тийшээ тог очино, тархинаас гар хүртэлх тэдгээр судлуудын төлөвийн өөрчлөлт бидэнд туршлага болж үлдэх ба, тухайн хэсэг дээр тог өгсөнөөр гарыг яг өмнөх шиг нугалж болох юм байна гэсэн хориг урвал тогтоно. Ингэж бид анх удаа биеээ хөдөлгөж сурах юм.

Дүгнэлт. Бидний насан туршдаа мэдрэлийн систем дээгүүрээ гүйлгэсэн тогны нөлөөнөөс өөрчлөгдсөн бидний мэдрэлийн систем өөрөө бидний амьдралын туршлага (experience) болж байдаг байх нь.

Anonymous said...

өөрөөр хэлбэл огт улаан өнгө харж байгаагүй хүн болон хиймэл оюунттай робот хоёр анх удаа улаан өнгийг хараад гарах ялгааг хэлээд байна уу? хүн улаан өнгийг хараад "улаан өнгө"-ыг таних боловч улаан гэдэг нэрийг нь мэдэхгүй. харин робот улаан өнгийн "улаан өнгө"ийг нь танихгүй тохирох мэдээлэл хайдаг. тиймээс улаан өнгийг таниад байгаа нь ухамсар/мэдрэмж/ гэж байна гэсэн үг үү?Матерлистуудад өгсөн хариу нь энэ мөн үү? буруу юм яриад байна уу

Anonymous said...

"улаан өнгө"-ний мэдээлэлгүй ухамсарт "улаан өнгө"-ийг "таниулж"/мэдрүүлж/ байгаа тэр өнгөний мэдээлэл нь хаанаас гараад байна аа?

ТОМё БОДё said...

Тархинаас бусад газар тархи байхгүй, гар өөрийгөө хөдөлгөдөггүй. Зөвхөн тархи л биеийг удирддаг. Тэгэхдээ биеийн бусад хэсгээс ирсэн мэдээлэл дээр үндэслэнэ. Дээрх байдлаар тайлбарлалаа гээд ямар асуудлыг шийдэж байгааг ойлгохгүй байна.

ТОМё БОДё said...

Квалиа матери хоёрыг яаж хооронд нь холбох вэ гэдэг асуулт нь матералистуудад өгч байгаа цохилт юм. Улааныг хэрхэн таньж байгаа нь энд чухал биш. Улааныг харах үед таны дотор дүрслэгдээд байгаа тэр виртуал ертөнц буюу ухамсарт мэдрэмж, тэрийг квалиа гэж нэрлээд, тэр квалиа гэж чухам юу вэ гэдэг л асуудал байгаа юм.

Lhagvaa said...

Тархи биеийг удирддаг гэж яаж батлаад байна?
Дээрх хүний таамаглал шиг зөвхөн энерги түгээх л зориулалттай байж болно шүү дээ..

ТОМё БОДё said...

Инергийг тархинаас биш өөр газраас өгвөл гар тэгээд дураараа хөдлөөд ажиллаад л байх уу?

Lhagvaa said...

Магадгүй. Тэр энергийг өгдөг өөр юмаа дагаад гар нь салаад явчиж ч магадгүй. Эс эсээрээ энергийн эх үүсвэртэй болчихвол бутраад өөр өөрийн замаа хөөгөөд явах байх..

Khaschuluu Munkhbayar said...

Ер нь миний бодол буруу юм байна гэдгийг ойлголоо. Гар нь, тал бие нь тасарчихсан хүмүүс байж л байдагшд нээрээ. Зүгээр л шэл тэнэг юм бодоод, тэгээд үлдээчихэж ээ, цагийг нь үрсэн бол уучлаарай.

Unknown said...

Квалиа нь эс юмуу бактерт үүсэх боломжтой юу?

ТОМё БОДё said...

Тэрийг бодохын өмнө, эс юмуу бактерит квалиа хэрэгтэй эсэхийг бодож үзээрэй.

Anonymous said...

Надад боломжтой л санагдаж байна. Гар өөрөө эрчим хүчний эх үүсвэртэй болвол яаж хөдлөх нь таохинд ямар хамаа байна. Тэр нэгэнт тархиас хүчээ аваагүй юм чинь өөрийнхөөрөө хөдлөх нь тодорхой. Энэ мэтээр явсаар бид нэг бүхэл зүйл гэдгээ ухамсарлахад хүрэх тул та тууштай өөрийн бодлоо үргэлжлүүлэх хэрэгтэй.

Post a Comment