Pages

Сэдвүүд

2016/05/10

Квалиа (1)

Квалиа (qualia) гэдэг бол шинжлэх ухаан дахь хамгийн том асуудал юм.
Квалиаг “Субьектив туршлагаас үүдэх биет мэдрэмж” гэж тодорхойлдог.

Арай ойлгомжтой хэлбэл, улаан цэцэг харах үеийн тэр “улаан” гэх биет мэдрэмжийг хэлж буй юм.

Бүр ойлгомжтойгоор хэлбэл, одоо яг бидний нүдэнд харагдаж буй чухам энэ “УЛААН”-ыг квалиа гээд байгаа юм.

За бүүүүр ойлгомжтой хэлье гэвэл..., ерөөсөө л, ерөөсөө л...
                 энэ.

Яг одоо бидний нүдний өмнө харагдаад байгаа “ЭНЭ ӨНГӨ” гэсэн үг.
Улаан юмс бидний нүдэнд “энэ өнгө”-өөр харагддаг нь дэндүү илэрхий мэдээжийн явдал тул, бид бүхэн ердийн үед үүний талаар эргэлздэг ч үгүй боловч, ерөөс энэ өнгө (улаан гэх биет мэдрэмж буюу квалиа) ингэхэд чухам ямар механизмаар, хэрхэн яаж, хаанаас гарч ирнэ вэ?

Мэдээж хэрэг, миний нүдэнд “тодорхой нэг урттай гэрлийн долгион” орж ирэх үед “энэ өнгө” харагддаг учиртай хэдий ч, тэр нь жишээ нь “энэ өнгө” ч юм уу, эсвэл бүр “энэ өнгө” болж харагдсан ч болох л байсан шүү дээ. Гэтэл бодит байдал яагаад ч юм би “энэ өнгө”-ийг л хардаг. Тэгвэл “энэ өнгө” байхгүй бол болохгүй гэсэн тэр шалтгаан, үндэслэл нь чухам юу юм бол? Ямар зарчим механизм цаана нь байгаа болоод “энэ өнгө” үүсдэг юм бол?

Энэ асуудлын тухайд өнөөгийн шинжлэх ухаан одоогийн байдлаар ор тас юу ч ойлгоогүй байдалтай байгаа гэхэд болно...

Гэвч, түүнээс ч ноцтой том асуудал байгаа нь:
Үүнээс цааш шинжлэх ухаан яаж ч хөгжлөө гээд, энэ асуудлыг тайлж нээх ямар ч найдвар байхгүй
гэх гунигт явдал юм.

Учир нь гэвэл, угаас тархийг яаж ч задалж онгичоод, түүний үйл ажиллагааг хичнээн ч судалж тогтоолоо гээд “улаан” гэх “биет мэдрэмж (квалиа)”-г чимхээд гаргаад ирэх боломж ч, яагаад ийм юм үүсээд байгааг тайлбарлах боломж ч огтоос байхгүй учраас тэр.

Жишээ нь, миний тархинд электрод зоож байгаад цахилгаан гүйдэл гүйлгээд ч юм уу, надад улаан юм харагдуулж ээ гэж бодъё л доо. Тэгтэл тархи судлаач шалавхан гэгч нь
Аан мөн мөн. Чиний тархин дотор одоо ийм ийм химийн урвал явагдаж байна.
гэж тайлбарлалаа гээд тэр нь хэрхэвч “миний яг одоо мэдэрч буй энэ өнгө”-ний үүсэл хийгээд механизмын тайлбар болж чадахгүй.

Өөрөөр хэлбэл, нэг ёсондоо, үүнээс цааш хүн төрөлхитөний шинжлэх ухаан технологи хөгжсөөр “тархийг атомын түвшинд бүхэлд нь судалж, түүний үйл ажиллагааг төгс таньж мэдлээ” ч гэсэн, мөн л “энэ БИ”-д мэдрэгдээд байгаа тэр “улаан өнгө”-ийг чухам хаанаас хэрхэн яаж гарч ирээд байгааг тайлбарлаж чадахгүй ээ, гэсэн үг бөгөөд, “материтай хөөцөлдөж, түүний хөдөлгөөний хууль дүрмийг тогтоох” гэсэн өнөөгийн шинжлэх ухааны арга барилаар явбал “бидний ухамсарт үүсэж буй энэхүү квалиа”-гийн эх сурвалжийг таньж нээх явдал нь зарчмын хувьд боломжгүй гэсэн үг юм.

Энэхүү Квалиа гэх асуудал нь 1990-д оны үед философич David Chalmers гаргаж тавьсан бөгөөд, “Хүний ухамсар энэ тэр бол ердөө л тархи гэдэг төхөөрөмжөөс үүсдэг дайвар бүтээгдэхүүн бөгөөд, энэ төхөөрөмжийг л гүйцэт таниад авчих юм бол хүний ухамсарын эх сурвалжийг ч бас танин мэдэж чадах болно” хэмээн өөдрөгөөр төсөөлж явсан тухайн үеийн тархи судлаачид, матерлистуудад том цохилт болсон билээ.

Үргэлжлэл - Квалиа (2)

6 comments:

Bat-Erdene said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

(y)

Anonymous said...

urgelleliig n tesen yadan hyleej bna shyy. yadaj hediigeer oryylah ve bagtsaa heleech

saixan said...

Yag ingej ugeer ilerxiilj chadaagui ch bodoj yavdag bsan bodol bna shu, iim notstoi asuudal gej bodooguim bna gexdee :)

Unknown said...

Өнгө зөвхөн жишээ байх тэ :).

Алтаар said...

Эрнст Маахын- тархи бидний субектив нүд Би гэж байхгүй, "Би"-г хайгаад олоогүй тухай мөрүүдийг санагдуулж байна :p сайхан бичсэн байна баярлалаа

Post a Comment