Pages

Сэдвүүд

2024/01/31

ЭРҮҮЛИЙН ДЭЭД (5-р хэсэг)

Өмнөх - ЭРҮҮЛИЙН ДЭЭД (4-р хэсэг)

 

II БҮЛЭГ – ҮРЭВСЭЛ БА ТҮГШҮҮР

7. Түгших эмгэг 15 жилд 2 дахин ихэссэн


1927 онд зохиолч Акутагава Рюносүкэ “Өрнийн хүн” зохиолоо бичиж дуусгасны дараа их хэмжээний нойрсуулах эм уун амиа хорлов. Тэр үедээ ийм бичээс үлдээсэн байдаг.
“Хэн ч амиа хорлогчийн сэтгэлзүйг тэр байгаагаар нь бичиж дүрсэлсэн нь үгүй. Би чамд илгээх сүүлчийн захидалдаа түүнийг тов тодоор дамжуулахыг хичээе. Сонин нээгээд нийгэм, цаг үеийн буланг шагайвал амьдралын бэрхшээл, өвчин зовлон, эсвэл сэтгэл санааны шаналал гээд өдий төдий амиа хорлох сэдлийн талаар олж мэдэж болох байх.
Гэвч миний туршлагаас хэлбэл тэдгээр зүйлс сэдлийг бүхэлд нь тайлбарлахгүй. Тэр байтугай ердөө л сэдэл хүртэлх замын зураг илэрхийлэхээс цаашгүй.
Үгүйдээ л надад бол тэр сэдэл тодорхойгүй бүрхэг түгшүүр төдий мэдрэмж. Өөрийн ирээдүйдээ хандсан тэр гэж хэлэх аргагүй түгшүүр тавгүйтэл л надад байна.”
Суут зохиолчийн хурц мэдрэмж амиа хорлолтын сэтгэлзүйг гаргаж ирсэн нь энэ. Бүхий л амиа егүүтгэгчид ижил сэтгэлийн төлөвөөр үхлийг угтдаг гэж хэлэх аргагүй ч Акутагавагийн илэрхийлэлд өнөөгийн олон хүмүүсийн тээж явдаг асуудлын сэжүүр дүрслэгдсэн байна. Энэ бол “иргэншлийн өвчин хэмээх түгшүүр”-ийн асуудал юм.

Өнөө үе “түгшүүрийн цаг үе” болохыг олон дата судалгаа илчилсээр байна.
2013 онд Вашингтоны Их Сургууль 44 орны датаг эмхэтгэн мета анализ хийж үзтэл дэлхийн 13 хүн тутмын нэг нь түгших эмгэгтэй гэж дүгнэхүйц хэмжээнд байна гэнэ. Амьдралынхаа аль нэг цаг үед түгшиж тавгүйтэх эмгэгт шаналж үзсэн хүн гээд тоолбол өвчлөлийн түвшин 3 хүн тутмын нэг хүртлээ цойлно.
Японд ч түгших эмгэгийн гаралт ихэссээр байгаа бөгөөд 2011 оны нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны судалгаагаар эмчилгээ хийлгэсэн өвчтөний тоо ойролцоогоор 1.57 сая хүн буюу 1999 оны датанаас 2 дахин их гэж гарчээ.

Гэлээ ч түгшүүрийг юу юугүй иргэншлийн өвчин гэхээр зөвшөөрөн үнэмших хүн төдийлөн олон гарахгүй байх. Өнөөгийн хүмүүсийн хувьд “түгшүүр” гэдэг нь байдаг л өдөр тутмын эмоц, хатуу ширүүн орчинд амьдарч байсан эртний хүмүүст ч бас ердийн үзэгдэл байсан байх учиртай шүү дээ.
Бодит байдал дээр хүн төрөлхтөн түгшүүртэй танилцсан түүх урт, аль 1621 онд бичигдсэн “Миленхолын задлан судлал” номонд илтгэл тавихдаа түгшдэг өвчтэй эрийн жишээ дүрслэгдсэн байдаг. НТӨ 5-р зуунд Хиппократусын үлдээсэн бичээст ч бас өнөөгийн “нийгмийн харилцааны түгшүүр”-тэй ив ижил шинж тэмдгийн тухай өгүүлдэг гэхчлэнгээр түгшүүр хэзээд хүр төрөлхтөнтэй хамт байж ирсэн.
Гэтэл нөгөө талаар түгших эмгэгийн хувь хэмжээ бүс нутгаас ихээр хамаардаг нь ч бас бодит факт.
2017 онд ДЭМБ (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага) 26 оронд судалгаа хийж үзээд, түгших эмгэгтэй өвчтөний тоо нь тухайн орны орчин үежилтийн түвшинтэй бараг тохирч байгааг тогтоосон. Америк болон Австралид түгших эмгэгээр өвчлөх хувь 8% дээш доош хавьцаа байхад Нигери зэрэг хөгжиж буй оронд ердөө 0.1% хүрэхтэй үгүйтэй байсан байна.
Тэгээд бодохоор гарцаа байхгүй л “иргэншил”-д өнөөгийн хүмүүсийн түгшүүрийг өдөөх ямар нэг зүйл байгаа бололтой юм.


8. “Тодорхой бус түгшүүр” ба “тодорхой түгшүүр”

Эртний саванна эсвэл ой шугуйн амьдралыг төсөөлж үзье.
Моддын ёроолоос махчин араатнууд мярааж, өвсөн дунд хортой ургамал шивээлнэ. Шаардлагатай ангаа гарцаагүй авлах баталгаа байхгүйн дээр эз нь таарвал модны жимс байтугай өвсний үндэс ч олдохгүй. Тэр чигээрээ айдас түгшүүрээр дүүрэн амьдрал.
Гэвч нөгөө талаар эрт цагийн тиймэрхүү түгшүүрт шийдэл нь хялбар гэх давуу тал байж. Араатны дайралтад өртвөл тулалдах уу, зугтах уу гэсэн хоёрхон хувилбараас л сонгоно. Хоол олдохгүй бол саваннаг хэрэн тэнүүчилж, өлсгөлөнгөө тэвчихээс өөр замгүй. Хэрэв өвчин тусвал амарч сувилангаа шим тэжээл авахаас өөрөөр юу ч хийж чадахгүй. Нэг үгээр тэнд бодоод байх зүйл тийм ч олон биш.
Тэгвэл өнөөгийн бидний түгшүүрийг харъя.
Хэрвээ таны одоо ажиллаж буй компани цалингаа нэмэхгүй бол цаашдын аж амьдралаа бодоод эртхэн өөр зам хайх уу, ахиад жаахан тэвчээд карьер өсөхөө хүлээх үү гэдгээ тийм ч хялбар шийдэж чадахгүй. Ажлын бүтээмж жилээс жилд дээшлэх ёстой гэсэн учир битүүлэг ердийн ойлголт дарамт болон шахаж, ажлын түгшүүр урьд хожид байгаагүй өндөр түвшинд нэмэгдсээр л.
Түүн дээр нэмээд харилцааны түгшүүр хэмээх өнөө цагийн шинэлэг үзэгдэл ч байна.
SNS-ийн (соошил медиа) ачаар харилцдаг хүмүүсийн тоо огцом өссөн ч нэр усгүй хаягуудаас ирэх хэтийдсэн үгэн дайралт, тоомжиргүй бичсэн үгнээсээ болж өөд уруугүй балбуулах, энэ бүгдээс ирэх сэтгэлзүйн гэмтэл шархны хэм хэмжээг эрт балрын ертөнцтэй жиших юм биш.
Нөгөө талд ан гөрөөчдийн нийгмийн харилцаа үсрээд л 200 гишүүнээр хязгаарлагдаж, түүнээс гадуур танихгүй мэдэхгүй хэн нэгэнтэй хэзээ ч харилцахгүй. Тоонд хязгаар байхын хэрээр хүн хоорондын харилцаа илүү нягт бөгөөд дотно, араар тавилт, хэрүүл зодоон мэтийн асуудал гарлаа ч омгийн ахлагч эсвэл бүлгийн хуулиар тэр дор нь шийдээд явах тул хүн хоорондын харилцааны түгшүүр удаан үргэлжлэх тохиолдол ховор.
Нэг ёсондоо эртний анхдагч нийгэмд ямар ч асуудлын шийдэл нь тодорхой бөгөөд шуурхай байсан юм. Акутагавагийн илэрхийлсэн “тодорхой бус түгшүүр”-ийг өнөө цагийн түгшүүр гэвэл эрт цагийн түгшүүр нь “тодорхой түгшүүр” байсан учиртай.
Гэхдээ энэ ялгаанаас болж “Эртний хүмүүсийн аж амьдрал хамаагүй амьд байж дээ” мэтийн рэтро (хуучныг дурсан сайшаах) дүгнэлт хийх нь магад яарсан үйлдэл.
Нягт бөгөөд дотно харилцаанд төдий чинээ дутагдал ч бий. Байнгын харилцан хяналт бүхий орчинд хувийн орон зай гэж байхгүй, тэр хэрээр эрх чөлөө ч хязгаарлагдмал тул оюун санааны дарангуйлал эртний нийгэмд илүү хүчтэй байсан болов уу.
Гэхдээ тэр тийм ч чухал биш л дээ. Эрт ба эдүгээ нийгмийн сайн мууг өрсөлдүүлээд яах ч билээ. Бидний хийж чадах зүйл бол ердөө л орчны өөрчлөлт хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлж ирснийг судалж, тохирох арга хэмжээг тухай бүрд нь сэтгээд явахаас өөр замгүй.

9. Түгшүүр ой тогтоолт, шийдвэр гаргах чадварыг булааж, үхлийг наашлуулна

“Тодорхой бус түгшүүр” өнөөгийн хүмүүсийн тархины чадамж хийгээд QOL-д (quality of life) үлэмж нөлөөлж байна. Тэдгээрээс дөрвөн тод жишээг гаргаж харъя.
Нэгдүгээрт, архаг түгшүүр таны ой тогтоох чадварыг муутгана.
2013 онд Энэтхэгийн Үндэсний Биологийн Шинжлэх Ухаан Судалгааны Төвд хийсэн судалгаагаар байнга ямар нэг түгшүүр тээж явдаг хүмүүсийн тархины хиппокампус (hippocampus) жижгэрдэг үзэгдлийг тогтоосон байдаг. Хиппокампус нь тархины лимбийн системийн нэг хэсэг бөгөөд шинэ ой санамж, суралцах чадварт оролцдог эрхтэн юм.
Хоёрдугаарт, түгшүүр танаас ухаалгаар шийдвэр гаргах чадварыг тань булаана.
Юмс санаснаар өрнөж байх үед бидний тархи эмоц хийгээд хүсэл тачаалаа зохицуулж чаддаг. Харин түгшүүрийн мэдрэмж өндөрсөөд ирвэл зүйл бүрийн химийн бодисын гинжин урвал өрнөж, анхдагч тархины үйл ажиллагаа илүү давамгайлаад явдаг. Түгшсэн үедээ логиктой тунгаах чадвараа алдах тохиолдол хэн бүхэнд л байдаг шүү дээ.
Гуравдугаарт, түгшүүр таны үхлийг наашлуулна.
2013 оны ажиглалтын судалгаагаар 70,000 гаруй өндөр настныг 10 жилийн турш дагуулж хартал өдөр тутмын түгшүүрийн түвшин өндөр хүмүүс зүрхний өвчин тусах, тархинд цус харвах эрсдэл 29% хүртэл өндөрссөн байж.
Шалтгаан нь тийм ч тодорхой биш боловч судалгааны баг “Хүчтэй түгшиж тавгүйтдэг хүмүүс өөрийгөө хайхардаггүйтэй холбоотой байж мэдэх юм” хэмээн тааварлаж буй. Түгшүүрийн мэдрэмж өөрийгөө эрхэмлэх сэтгэлийг унтрааж, хэтрүүлэн архи уух, хөдөлгөөний дутагдалд орох гэх мэт тойруу нөлөө өдөөдгийг үгүйсгэхгүй ээ гэсэн санаа.
Эцэст нь түгшүүр өөрөө түгшүүрийг улам далладаг. Тодорхой бус түгшүүрийн уршгаар бүйлсэн тархи мэдрэг болж, яваандаа шалихгүй стресст хэтрүүлэн реакцилдаг болж ирнэ. Хулгайчаас айгаад гэрээрээ дүүрэн хяналтын камер суулгаснаас болж, гудамжны муур хашааны дэргэдүүр өнгөрөх төдийд л аваарын дохио хангинахтай төстэй юм болно.
Хальт марзан сонсогдож магадгүй ч тодорхойгүй бүрхэг түгшүүр нь депрессээс эхлээд амиа хорлолт хүртэл даамжрах магадлал бүхий “үхэлд хүргэх өвчин” ч бас мөн юм. Тархины чадвар сулрах төдий бол яая гэх сэн, гэтэл амиа алдахдаа тулбал тун ч инээгээд байх аргагүй л болов уу.

Тэгвэл өнөөгийн хүмүүс чухам яаж яваад түгшүүрийг тэгтэл ужигруулж орхисон юм бол?
Нарийн ширийн шалтгаанууд захаас аваад л санаанд буух биз. Тогтворгүй ажлын байр, хүрэлцээ муутай орлого, тамир тэнхээ доройтож, хайртай хүмүүс халин одно. Аль нь ч цаг ямагт бодож явдаг зүйлс биш ч гэлээ толгойны хаа нэгтээгээс шуум болон байнга шивнэж, нэг л анзаарахад биднийг уймарсан түгшүүрт татан унагана.
Гэвч тэр мэт нарийн ширийн шалтгаануудтай нэг бүрчлэн тэмцэнэ гэвэл хэзээ ч бүтэхгүй. Түгшүүрийг сууриар нь шийдэхийн тулд “иргэншлийн өвчин”-д анхаарлаа төвлөрүүлэнгээ өнөө үе ба удамшлын үл нийцлийг эрж олох нь чухал. Үүний тулд ерөөс “түгшүүр” гэж юу болохыг тогтож харцгаая.

Хувьслын онолоор бол хүнд байх бүхий л шинж чанар, эрхтэн тогтолцоо бүгд ямар нэг зорилготой гэж үздэг. Нүд ойр орчны мэдээлэл авахын тулд, хөл идэшдээ хүрч очихын тулд гэх мэт.
Ямар ч жижиг эрхтэнд ч өөрийн гэсэн үүрэг бий. Хөмсөг духаар урсах шингэнээс нүдийг хамгаалах үүрэгтэй, хумс мэдрэлийг хамгаалж, гар хөлийн атгалт зууралтыг дэмждэг. Дээхэн үед хэрэггүй эрхтэн гэж яригддаг байсан мухар олгой хүртэл сүүлийн үед гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангахад оролцдог болох нь тогтоогдож ирээд буй. Бүгд л ямар нэг учир зорилготой.
Үүнийг бидний сэтгэл хөдлөлүүдийн хувьд ч бас хэлэх боломжтой.
Жишээ нь “уур” оршин байдаг шалтгаан юу вэ? Орчин үед уурыг сөрөг сэтгэл хөдлөл гэж харах хандлага давамгайлах болсон ч Юутагийн Их Сургуулийн хүн судлаач Элизабет Кашдан ингэж хэлсэн байдаг.
“Түрэмгий шинж бол хүн төрөлхтөнд суугдсан суурь шинжүүдийн нэг. Уурлах, өс зангидах, хорон санаа мэтийн сэтгэл хөдлөл нь тухайн нэг орчин нөхцөлд хувь хүний амьд үлдэж, үржин олшрох боломжийг өндөрсгөхийн төлөө хувьсаж ирсэн”.
Бүхий л амьтад амьд үлдэхийн төлөө тасралтгүй хувьсаж, өөрийн генийг хойч үедээ дамжуулахыг эцсийн зорилгоо болгож ирсэн (хувьслын онолд телеологи буюу зорилгот шинж байхгүй гэж үздэг нь үнэн боловч хувьслын эцсийн үр дүн ямагт оршин үргэлжлэх л байдаг. Эсрэгээрээ оршин үргэлжилж чадаагүй хувьслыг бид мөхсөн гэдэг. Орчуулагчийн нэмэлт).
Эрт балрын ертөнцийг даван туулахад “уур”-ын эмоц зайлшгүй шаардлагатай багаж байсан биз. Бусад омгуудын довтолгоонд өртөх, хэн нэгэнд хоолоо булаалгах үед яаралтай хариу үйлдэл хийхийн тулд уурын хүч зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл амьд үлдэж, үржин олшроход аюул нүүрлэвэл хариу үйлдэл хийх зоригийг хурцалж өгөх нь “уур”-ын үндсэн үүрэг юм.

10. Аюулыг сануулах сэрүүлгийн үүрэг

Тэгвэл “түгшүүр” ямар үүрэгтэй вэ? Хүн төрөлхтний хувьслын явцад “түгшүүр” ямар үүрэг гүйцэтгэж ирсэн юм бол?
Шуудхан хэлбэл, түгшүүрийн үүрэг бол “сэрүүлэг” юм.
Бут хөдөллөө, арслан цаана нь гэтэж байгаа юм биш биз? Энэ навчийг идвэл гэдэс өвдөхгүй байгаа? Энэ мэт тодорхой бус аюулыг мэдрэхээрээ тархи “түгшүүр” хэлбэрээр сэрүүлэг хангинуулдаг учиртай.
Түгшүүр гэх асар чухал энэ функц байгаагүй бол хүн төрөлхтөн айсуй аюулын эсрэг юу ч хийж амжилгүй хялбархан мөхөх байсан биз.
Нөгөө талд “хөөрөх”, “баярлах” зэрэг эерэг эмоц байхгүй байсан бол шууд оршихуйн аюулд орох байсан уу гэвэл эргэлзээтэй. Мэдээж хөөр баяргүй амьдралыг хэн хүсэх вэ. Гэвч үгүйдээ л хүн төрөлхтний хувьслын явцад сөрөг эмоц нь илүүтэй хэрэг болж ирсэн нь эргэлзээгүй юм.
Түүний нотолгоо нь сэтгэл судлалын ертөнцөд “Эерэг эмоцоос сөрөг эмоц нь илүү хүчтэй (зэрэглэл өндөр)” гэх үзэгдэл эртнээс ажиглагдсан байдаг.
Алдартай жишээ гэвэл 2004 онд Рөүд-Айленд Их Сургуулийн туршилтыг хэлж болно. Судалгааны баг алдартай компаниудын 60 хэлтсийг судалж, ашиг орлого, үйлчлэгчийн сэтгэл ханамж зэрэгт тулгуурлан шилдэг баг ба муу багуудын ялгаа юунд байгааг шалгаж үзэж.
Үр дүн нь судлаачдын хувьд төсөөлөөгүй зүйл байв. Хамгийн амжилттай яваа хэлтсийн гишүүд ажлын үеэр эерэг үг хэлэх хувь хэмжээ нь сөрөг үгээсээ 6 дахин олон байсан гэнэ.
Энэ бол “Дараа сарын ашиг улам дордох нь…” мэтийн тавгүй комментын сөрөг нөлөөг дарахын тулд “Чиний саналыг бүрэн дэмжиж байна” гэх мэт эерэг коммент зургааг хэлэх шаардлагатай болохыг харуулж байгаа юм. Сөрөг эмоц төдий дайтай бидний сэтгэлийг самрах хүчтэй гэсэн үг.
Сонирхуулж хэлэхэд, ашиг хамгийн муу багийн “эерэг : сөрөг” үгийн харьцаа 0.36 ~ 1 хавьцаа байсан гэдэг. Эндээс харвал эерэг, сөрөг нь тэнцүү байсан ч бидний чадамж ихээр унадаг бололтой юм.
Эерэг, сөргийн тэнцвэргүй харьцаа балар цагт илүү сайнаар үйлчилдэг байсан байх. Түгшүүрийн нөлөө хүчтэй байсны ачаар хүн төрөлхтөн араатны аюулаас сэргийлж, халдварт өвчний эрсдлийг даван туулж, үр удмаа үлдээж чадсан.
Даанч харамсалтай нь түгшүүрийн шинж чанар өөрчлөгдсөн өнөө үед нөгөө функц нь урьдынх шигээ хэрэг болохгүй. “Тодорхой бус түгшүүр”-ийн гайгаар сэрүүлэг худлаа дуугарч, яваандаа тархин дотор аваарын дохио хангинасан төлөвтөө гацаж орхидог болохоор тэр.


No comments:

Post a Comment