Pages

Сэдвүүд

2024/01/26

ЭРҮҮЛИЙН ДЭЭД (3-р хэсэг)

Өмнөх - ЭРҮҮЛИЙН ДЭЭД (2-р хэсэг)

 

II БҮЛЭГ – ҮРЭВСЭЛ БА ТҮГШҮҮР

1. Урт насалдаг хүмүүсийн нийтлэг шинж – Биеийн “үрэвслийн түвшин” бага


1997 онд Францийн Арль хотод хатагтай Жанна Кальман 122 насандаа амьсгал хураасан. 1875 онд төрсөн тэрээр “Дэлхийн хамгийн урт насалсан хүн” болж Геннист бүртгэгдсэн бөгөөд Эйфелийн цамхагийн барилгын ажлыг тов тод санаж байгаагаа ярьдаг байв.
Хамгийн гайхалтай нь тэрээр нас ахисан ч тархи ба биеийн чадвараа хадгалсаар байсан юм. 85 насандаа туялзуур жадаар хичээллэж эхэлж, 100 хүртлээ дугуй унан Парисыг хөндлөн туулж, 114 насандаа жүжигчин болж гайхалтай дүр бүтээж байв. 1988 онд болсон Ван гогийн төрсний 100 жилийн ойн арга хэмжээнд Ван гогтой биеэр уулзсан цорын ганц хүний хувиар ярилцлага өгөхдөө “Тэр их балиар муухай ааштай хүн байсан” гэсэн хоржоонтой маазралаар олныг инээлгэж байлаа.
Түүн шиг супер өндөр настнууд бүх дэлхийд цөөнгүй бий.
Японд гэвэл 2017 онд 105 насандаа өөд болсон Хинохара Шигэаки эмч алдартай. 100 насыг давсан үедээ эмчийн ажлаа эд үргэлжлүүлж, телевиз радиогоор хэлэмгий доломгой ярьж, өндөр насжсан нийгэмдээ олон сургаал зөвлөгөө хэлж байсан түүний төрхөнд ямар ч доройтол ажиглагдаагүй.
Кальман хатагтай, Хинохара эмч шиг супер өндөр настнууд бусдаас чухам юугаараа өөр юм бол оо? Ердийн нэг санамсаргүй тохиолдол уу, эсвэл аягүй бол үхэх хүртлээ эрүүл мэндээ хадгалж ирсэн нууц арга техникийн үр дүн юм болов уу?

2016 онд Кэйо Их Сургуулийн анагаахын факультетийн баг өндөр настнуудын нууцыг олохоор судалгаа явуулжээ. Судалгаанд Японд амьдардаг 85 - 110 настай 1,554 хүн хамрагдсан. Цусны шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа болон эсийн элэгдэл, хөгширлийн илтгэцүүрийг хэмжтэл супер өндөр настнуудын биед нэгэн том онцлог ажиглагдсан байна. Ердийн өндөр настнуудтай харьцуулахад биеийн үрэвслийн түвшин ер бусын доогуур байх юм гэнэ.
Судалгааны баг үр дүнгээ ийн эмхэтгэсэн бий.
“Энэ судалгааны үр дүнд, биеийн үрэвслийн түвшингээр биеийн хөгшрөх хурдыг тааварлаж болох нь тогтоогдсон. Эрүүл саруул нас ахихын тулд «үрэвслийн эсрэг арга хэмжээ» хамгийн чухал болохыг эдгээр дата нотолж байгаа юм.”
Тэгвэл тэрхүү нэн чухал ”үрэвсэл” гээч нь чухам юу юм бол оо?

2. Үрэвсэл удаан үргэлжилбэл бүх биеийн үйл ажиллагаа суларна

Та бүдэрч унаад өвдгөө шалбалжээ гэе. Чингүүт тэр дороо шалбарсан хэсгээс наалдамхай шингэн ялгарч, хөнгөн хорссоор арьс улайн хавдаад ирнэ. Энэ бол “үрэвсэл” юм.
Бие махбод ямар нэг гэмтэл авсан үед үрэвслийн урвал өрнөдөг. Гадны хортой нөлөөг бушуухан арилгахаар дархлааны систем ачааллаж, гэмтлийг нөхөхөөр ажиллаж байгаа нь тэр. Үрэвсэл нь хувьслын явцад хүний биед суугдсан хамгаалалтын систем бөгөөд амьд явахын төлөөх зайлшгүй хэрэгцээт механизм юм.
Харин мартаж болохгүй нэг зүйл бол үрэвсэл зөвхөн биеийн гадарга дээр өрнөдөг юм биш.
Жишээ нь үе мөчний үрэвсэл гэвэл өвдөг эсвэл тохойн үрэвслээс өвдөлт мэдрэгдэж буй төлөв. Харшил (алерги) хөдлөх үед гаднаас орж ирсэн биетэд дархлааны систем хэт ачааллахдаа нүд улайх, хамар бөглөрөх гэх мэт үрэвсэлт реакци үзүүлж буй нь тэр. Үрэвсэл биеийн хаана ч өрнөж болдог.
Үрэвслээс болж бие сульддаг хамгийн ойрын жишээ гэвэл “ханиад”. Дархлааны систем вирустэй байлдсаар байгаад үр дүнд нь халуурч эсвэл нус гоожиж гэхчлэн янз бүрийн шинж тэмдэг өдөөж, халуурсны уршгаар тархины үйл ажиллагааг саатуулна. Хэн бүхэнд тохиолддог танил үзэгдэл шүү дээ.

Тэгтэл өнөөгийн хүмүүсийн биеийн сульдалт түүнээс ч ойлгомжгүй хэлбэрээр өрнөдөг. Ханиад шиг өндөр халууруулж догширох бус сулхаан галаар бүх биеийг аажуухан чанах мэт мэрнэ.
Гэмтэл, шарх мэтийн богино хугацааны үзэгдэл бол ямар ч асуудалгүй. Харин урт хугацааны халдвар эсвэл харшлын үрэвсэл сунжраад ирвэл яриа тэс өөр болж хувирна.
Бие махбодыг хамгаалагч дархлааны систем ширүүн тулаан хийсний уршгаар судас ч юм уу эс зэрэг ойр хавийн эд эрхтэнд ч хохирол учруулж, тэр нь явсаар бүх биеийн үйл ажиллагааг сулруулдаг болохоор тэр. Дайн хэт сунжрахаараа хамаг дэд бүтэц, цахилгаан дулааны шугамыг сүйтгэж, эцэстээ улсаараа сульдан доройтохтой төстэй гэсэн үг.

3. Дотор өөх багасахгүй бол бие шатсаар л байна

Үүн дээр “дотор өөх”-ний талаар авч үзье. Элэг, гэдэс зэрэг дотор эрхтнүүдийн гадуур тогтдог тэр өөхнүүд.
Хүний биеийн хувьд дотор өөх гэдэг нь “гадны биет”-ээс өөр юу ч биш юм. Тиймээс бидний биед дотор өөх нэмэгдэх хэрээр дархлааны системийн ачаалал ихсэж, өөхний эсээс ялгарах үрэвсэлт бодисууд эрхтнүүдийг үрэвсүүлнэ.
Гэвч дархлааны систем яаж ч чармайгаад дотор өөхийг арилгаж чадахгүй. Дотор өөхийг арилгахын тулд хоол болон хөдөлгөөнөөр илчлэгээ багасгахаас өөр ямар ч аргагүй юм.
Дотор өөх багасахгүй бол бие дотор мөнхийн гал ноцож, үрэвсэлт бодисонд гэмтсэн судас болон эсүүд судас хатуурал, цус харвалтын гох дэгээг бэлдэнэ. Энэ бол “метаболик синдром (бодисын солилцооны синдром)” эхэлж буй процесс.
Ийм төрлийн үрэвсэлд өөрт мэдрэгдэх зовуурь гэж байдаггүй. Ханиад шиг илт мэдэгдэхүйц шинж тэмдэг үгүй тул “Яагаад ч юм нэг л бие сул байна”, “Унтаад байхад л ядраад байх юм” гэх түвшний учир битүүлэг чилээрхэл байдлаар анзаарагдах нь элбэг. Үр дүнд нь олон хүн олигтой арга хэмжээ авалгүй явсаар цаг алдаж, үрэвслийн гал хамгаалагч хором хормоор дэлбэрэх мөчдөө дөхнө.

2017 онд Каролинска хүрээлэнгийн багийн хийсэн нэгэн алдартай судалгааг харцгаая. Судалгааны баг 50,000 гаруй Швед эрчүүдийг цуглуулж, хялбархан асуултад хариулт авчээ.

“Яг одоо таны биеийн эрүүл мэнд ерөнхий байдлаараа аль нь вэ?”
“Маш сайн, сайн, ердийн, муу, маш муу”

Залгуулаад судалгаанд оролцогчдын үрэвслийн маркерыг шалгаж үзтэл сонирхолтой зүй тогтол ажиглагдаж. Асуултад “муу” гэж хариулсан байхын хэрээр биеийн дотоод үрэвслийн түвшин өндөр байсан байна. Нэг ёсондоо, өөрийгөө “Нэг л чилээрхүү…” гэж мэдэрч буй хүний бие дотор аль хэдийнэ түймэр асаж байх магадлал өндөр гэсэн үг.
Хэрвээ одоогийн биеийн төлөв тань “ердийн”-өөс дээш байвал асуудалгүй боловч “муу” эсвэл “маш муу” гэж санагдаж буй бол бие доторх үрэвсэл чинь нэлээд хүндэрсэн байх өндөр магадлалтай.
Эндээс харвал учир битүүлэг чилээрхэл ба үрэвсэл хоёр тов тодорхой хамааралд байдаг аж.

Архаг үрэвсэл тархины үйл ажиллагааг ч ноцтой хохирооно.
Түүний түгээмэл жишээ бол “депресс” юм. Депрессийн талаар олон янзын тайлбар байдаг ч тархины химийн бодисуудад төвлөрсөн тайлбар өдийг хүртэл хамгийн магадлал өндөртэйд тооцогддог байв. Тэр нь серотонин болон дофамин зэрэг тархины гормонуудын тэнцвэр алдагдаж, оюун санаанд түгшүүр үүсгэдэг гэх тайлбар. Өнөөгийн депрессийн эсрэг эм бэлдмэл ч бас тархины гормонуудыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй байдаг.
Гэтэл депресст шаналах өвчтөнүүд дунд тийм бэлдмэл нөлөөлөхгүй байх тохиолдол ч цөөнгүй. Мичиганы Их Сургуулийн судалгаагаар серотонин багатай хүмүүс дунд эрүүл менталтай хүн олон байхаас гадна эсрэгээрээ хурц депресстэй хэр нь ээ серотонин их ялгардаг хүмүүс ч бас тодорхой тоогоор байдаг нь нотлогдсон бий. Угаас депресстэй бөгөөд серотонин ба дофамин багатай хүмүүс нийт олонлогийн 1/4-т ч хүрдэггүй гээд бодвол гормоны таамаг төгс тайлбар биш нь тодорхой.
Харин сүүлийн үед анхаарал татаж буй нь “депрессийн үрэвслийн загвар” юм. Хүний бие ямар нэг гэмтэл авахаар цитокин гэх үрэвслийн шинжтэй бодис ялгаруулж, тэр нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг гэх санаа.
Цитокин депрессийг үүсгэж буй арга зам хараахан тодорхой биш боловч урьд нь хийгдэж байсан хоёр ч мета анализаар олон депрессийн өвчтөнүүдэд CRP болон IL6 гэх мэт үрэвслийн маркерын ихсэлт ажиглагдсан байдаг.
Мета анализ гэдэг нь хийгдээд дууссан олон тооны туршилт, судалгааны датаг багцалж шинжлээд, түүнээсээ ямар нэг том дүгнэлт гаргах судалгааны арга зүй бөгөөд шинжлэх ухааны өндөр найдвартай судалгааны аргад тооцогддог. Тиймээс энэхүү “депрессийн үрэвслийн загвар” өнөөгийн байдлаар нэлээд нарийвчлал өндөртэй таамаг гэж хэлж болохоор байгаа юм.


4. Ан гөрөөчин омгийнхны үрэвслийн түвшин ямар байв?

Тэгвэл нөгөө талд, ан гөрөөчдийн үрэвслийн түвшин ямар байдаг вэ?
1989 онд хүн судлаач Стаффан Линдберг Папуа Шинэ Гвинейд амьдардаг Китава омогт хээрийн судалгаа хийсэн байна. Китава омог нь загас, төмсөөр хооллодог уламжлалт омог бөгөөд өнөөдрийн байдлаар хуучин чулуун зэвсгийн үеийн хэв маягтай хамгийн ойр амьдралтайд тооцогддог.
Судалгааны зорилго Китава омгийн эрүүл мэндийн төлвийг судлах байж. Тэр нь 1960 ー 70-д онд хийгдсэн түрүү судалгааны датанаас “Хөгжингүй орнуудаас ан гөрөөчид нь илүү эрүүл байж мэдэх юм” гэсэн таамаг гарсан байсантай холбоотой.
Ингээд 220 Китава хүнээс цусны шинжилгээ автал яг л таамгийн дагуух үр дүн гарсан байна. Китава омгийнхонд цус харвалт, судас хатуурлын тохиолдол байхгүй, чихрийн шижингээр өвчилсөн хувь хэмжээ 1% (Японд энэ тоо 15%), 80-аас дээш настнууд дунд зөнөсөн хүн байхгүй, хорт хавдрын тоо ч бараг 0 байсан гэнэ.
Өөр бусад судалгааны ажлуудаар ч уламжлалт отог омгуудад үрэвслээс гаралтай өвчин бараг ажиглагддаггүй болох нь харагддаг. Ан гөрөөчид үнэхээр атаархам эрүүл бие хаатай бололтой юм.

Өнөөгийн иргэншсэн хүмүүс ба ан гөрөөчдийн ялгааг дараах байдлаар эмхэтгэн харж болно.

  • Ан гөрөөчид = Гадаад шарх ба халдвараас үүдэх богино ба дунд хугацааны үрэвсэл голчилно. Өндөр халуун, бөөлжих гэх мэт хөндлөнгөөс хараад шууд анзаарах шинж тэмдэг элбэг.
  • Өнөөгийн иргэншсэн хүмүүс = Биеийн дотоодод байнгын ноцсон урт хугацааны үрэвсэл голчилно. Гаднаас нь хараад анзаарагдах шинж тэмдэг илрэлгүй бага багаар биеийн доройтол хүндэрнэ.

Гайхмаар биш гэж үү? Генийн түвшинд харвал төдийлөн ялгаагүй шахуу адилхан л хүн гэдэг амьтад. Тийм байтал яагаад бидний биеийн үрэвслийн түвшин ийм өндөр юм бол? Чухам ямар шалтгаанаар бидний бие сэтгэл чимээгүй сэмэрсээр байна вэ?
Үүн дээр Харвардын Их Сургуулийн эртний хүн судлаач Даниел Льеберманы дэвшүүлсэн бүдүүвч хэрэг болно. Льеберман эрт цаг ба өнөө цагийн үл нийцлийн хэв шинжийг гурван хүрээнд гаргаж багцалсан байдаг.

Хэт их: Эрт цагт ховор байсан юм өнөө цагт хэт элбэг болсон
Хэт бага: Эрт цагт элбэг байсан юм өнөө цагт хэт ховор болсон
Хэт шинэ: Эрт цагт байгаагүй юм орчин үед бий болсон

Энэ ангиллыг ашиглавал асуудлын ээдрээ арай цэгцэрч харагдана.
Жишээ нь “хэт их”-ийн сонгодог жишээ бол “илчлэг”. Хөгжингүй орнуудын датаг харвал сүүлийн 30 жилд нэг өдөрт авдаг илчлэгийн хэмжээ өссөөр байгаа ба 70-д оныхоос бараг 400 ккал хүртэл өсөөд байна. Түүнийг дагаад таргалалтын хувь хэмжээ ч өссөөр, урьд хожид байгаагүй түвшинд чихрийн шижин, даралт өндөрсөх өвчний гаралт ихэссээр.
6 сая жилийн түүхэндээ хүн төрөлхтөн илчлэг хүрэлцдэггүй орчинг тэсэхийн төлөө хувьсаж ирсэн. Тиймдээ ч бидний тархи ба бие “бага илчлэг”-т тэсэж чадах ч “өндөр илчлэг”-ийг тэсэхдээ тааруухан. Илүүдэл илчлэгийг зохицуулдаг байхаар схемчлэгдээгүй юм.
Өндөр илчлэг бүхий төлөв удаан үргэлжилбэл илүүдэл энерги арьсан доорх өөх, эсвэл дотор өөх болон хуримтлагдаж, сая өгүүлсэн үрэвслийн галыг түлшээр хангана. Нэг ёсондоо “хэт их”-ээс үрэвсэл бий болно.



Үргэлжлэл - ЭРҮҮЛИЙН ДЭЭД (4-р хэсэг)

No comments:

Post a Comment