Pages

Сэдвүүд

2020/11/26

Үхэл гэж юу вэ? - Сүнс ба биеийг салгаж үзэж болох уу?



Христ, буддизм…, ер ямар ч шашинд тулгуурлалгүйгээр “үхэл”-ийг өгүүлж чадах уу?

Лекцээ эхлэхийн өмнө ахиад хэдэн зүйлийн талаар тэмдэглэн хэлэх шаардлагатай байх.

Нэгдүгээрт, өмнө хэлсэнчлэн энэ бол философийн ном юм. Өөрөөр хэлбэл үндсэндээ бол үхлийн талаар мэдэж болох зүйлс болон ойлгож болох зүйлсийн талаар логикт тулгуурлан нухацтай тунгаахыг тууштайгаар хэрэгжүүлнэ. Энэ номд рациональ аргачлалаар үхлийн тухай тунгаахыг хичээнэ.

Тиймээс зарим төрлийн баталгаа ба үндэслэл зэргийг энэ номд ашиглахгүй гэдгийг тодотгон хэлэх шаардлагатай. Энэ нь нэг ёсондоо хувь хүний сүсэг бишрэлийн асуудал руу халдахгүй гэсэн үг.

Мэдээж та бүхэн аль хэдийнээ үхлийн дараах амьдралд итгэдэг байж болно. Өөрийгөө үхсэний дараа амьдран үргэлжилнэ хэмээн итгэдэг байж болно. Үхэшгүй мөнхөд итгэдэг байж бас болно. Тэгээд таны харьяалагддаг шашинд тэгж номлодог болохоор мэдээж хэрэг тэдгээрт бүгдэд нь итгэдэг байж ч болно. Тэглээ гээд ямар ч асуудалгүй. Би энд та бүхнийг ухуулж байгаад шашны итгэл үнэмшлийг чинь болиулж, сүсэг бишрэлийг чинь үгүйсгэх санаа агуулахгүй, тэгэх нь миний зорилго ч биш.

Харин энэ номд ямар нэгэн илчлэл зөгнөл, библийн сүр хүч, эсвэл өөр бусад юу ч бай тэдгээр шашинлаг үндэслэлүүдээс ашиглахгүй гэдгийг энд тэмдэглэхийг хүсэх байна.

Хэрвээ та бүхэн энэ номыг сүржин таамаг төдий хоосон цэцэрхэл гэж хэлмээр санагдвал тэгсэн ч болно. Гэвч хэрэвзээ бидэнд шашинлаг бус байр сууринаас үхлийн мөн чанарын талаар тунгаах шаардлага тулгарсан гэвэл бид ямар дүгнэлтэд хүрч очих бол? Хаанахын ч юм бурхны сүр хүчээр оноогдсон юу ч юм хариулт бус зөвхөн өөрийн оюун бодлын хүчинд найдсан гэвэл ямар дүгнэлт гаргаж чадах бол?

Хэрвээ та бүхэн бурхны илчлэлд итгэдэг юм гэвэл түүний үнэн зөв эсэхийг судлах өөр завшаан тохиох биз ээ. Энэ удаад бол тэр зүгийн ярианд огт хошуу дүрэхгүй.

 

Анх удаагаа тунгаах хүнд ч, үхэлтэй тэмцэн амьдарч буй хүнд ч хэрэгтэй танилцуулга ном

 

Эцэст нь, энэ ном философийн танилцуулга ном боловч тэр нь юу гэсэн утгатай болохыг мөн тайлбарлах шаардлагатай байх. Философийн танилцуулга ном гэдэг бол нэг ёсондоо уншигчаас философийн дэвсгэр мэдлэг огт шаардахгүй гэсэн үг.

Тэглээ гээд бас тийм хялбархан уншигдах ном гэсэн үг бас биш. Тэр ч байтугай нэлээд хэцүү агуулга ч холилдсон бий. Ганц унших төдийд утгыг нь чимхэж авч чадахааргүй хэсэг ч байж магадгүй. Шулуухандаа бол хэрвээ цаг байвал давтан уншсанаар илүү ойлгомжтой болох хэсгүүд ч олон бий.

Мэдээж та бүхнийг тэгнэ гэж үнэнээсээ найдаж буй учиртай биш ч, ямартай ч үүнийг тархиныхаа хаа нэгтээ санаад авахыг хүсэх байна. Тэгээд ч философи гэдэг угаасаа уншихад ярвигтай эд юм хойно доо.

 

Бас нэгэн тодотгоод орхивол зохих зүйл бол, энэ ном өөр нэг утгын хувьд ч бас танилцуулга ном юм. Юу гэвэл, одоо судалж эхлэх сэдвүүдийн тухайд өгүүлэх ёстой зүйлс ахиад ч бий гэх явдал.

Энэ номд эргэцүүлэх сэдэв нэг бүрийг үүнээс ч хавьгүй нарийвчлан онолдох боломжтой байх. Бас энд ярилцах зүйлс дээр нэмээд ахиад ч авч үзвэл зохих асуудлууд гарцаагүй байж таардаг. Тэгээд тэдгээр асуудлуудын олонх нь гэв гэнэт хэт туйлширсан гүнзгий яриа руу халтирч орхидог. Тиймд тэдгээрийг иймэрхүү төрлийн номонд хэтэрхий ахадсан ээдрээтэй учраас оруулах боломжгүй. Үүнээс хойш судлан ярих асуудлуудад ч энэ хамаатай.

Тиймээс аль ч асуудлын тухайд энэ номонд өгүүлэх зүйлсийг тухайн сэдвийн талаарх бүрэн хариулт гэж бүү эндүүрч ойлгоорой. Харин ч эсрэгээрээ энд бичигдсэнийг танилцуулга текст гэвэл илүүтэй дөхнө. Гэлээ гэхдээ танилцуулга текст гэдэг юу юунаас илүүтэй гарааны цэг байхад тохиромжтой эд шүү дээ.

 

Уншигч танаа

 

Та бүхний дөнгөж сая уншаад дууссан лекцийн хэсэгт энэ номын эхний хагас нь метафизикийн асуудал, өөрөөр хэлбэл сүнсний оршихуй болон үхлийн мөн чанар, үхлийн дараа ч оршин үргэлжлэх эсэх асуудлаар ярилцана гэж өгүүлсэн. Тэгээд номын сүүлийн хагаст тийнхүү үнэ цэний асуудалд харцаа чиглүүлнэ ч гэж өгүүлсэн. Үнэ цэний асуудал гэдэг нь үхэл яагаад хэрхэн яаж муу байх вэ? Үхлээс айх ёстой юу? Хэрэвзээ үхдэггүй мөнх болчихвол тэр нь хүсүүштэй зүйл үү? Амиа хорлолт зөвшөөрөгдөх тохиолдол байж болох уу? зэрэг асуудлууд юм.

Гэхдээ та бүгдийн уншиж буй энэ ном бол товчилсон хувилбар бөгөөд эхний хагасын ихэнх агуулгыг алгасаад шуудхан сүүлийн хагас руу үсрэн орно.

Нэг ёсондоо метафизикийн нарийн ширийн эргэцүүллийн ихэнхийг товчилж, этик болон үнэ цэнтэй холбоотой асуудлууд буюу үхлийн муу тал, амьдралын үнэ цэн болон үхэшгүй мөнхийн талаарх элдэв өнцгүүд, гарцаагүй үхнэ гэх тавиланг хүлээж авсан үедээ бид амьдралын хандлагаа хэрхэн яаж өөрчлөх ёстой талаарх эргэлзээнүүдэд анхаарлаа хандуулна.

Гэлээ гээд гайхах зүйл биш боловч эдгээр үнэ цэний асуудлаарх эргэцүүллүүд нь мэдээж эхний хагасын метафизик асуудлууд дахь миний өгүүлсэн дүгнэлтүүдэд суурилан өрнөнө. Цаашлаад, товчлогдон гээгдсэн лекцүүд дээр яригдах санаа болон байр суурийг ч дахин хөндөх үе гарна. Тиймээс татгалзан хэлэхэд, тэдгээр санаануудын зарим хэсгийг шалавхан тайлбарлаад түүний хойноос залган үргэлжлэх яриануудад эшлэл болон ашиглагдах үхлийн талаарх голлох суурь нөхцөлүүдийг юуны өмнө хөнгөхөн дурдаад орхиё.

 

Сэтгэл (cүнс) ба биеийг салган үзэж болох уу?

 

Энэхүү товчлол хувилбарт багтаагүй лекцүүдээр би янз бүрийн зүйлсийг ангилж салгасан ба түүн дотроос хамгийн чухал нь гэвэл “2 туйлт үзэл” (буюу дуализм) болон “Физик ертөнцийн үзэл” (буюу физикизм) хоёрын ангилал юм.

Дуализмаар бол хүн нь бие махбод (биологичдын судалдаг биет) дээр нэмэх нь өөр нэг зүйл, тодруулж хэлбэл сэтгэл хоёрын нийлбэр гэдэг. Бие махбод гэдэг нь мэдээж бидний сайн таних мах цус, яс булчингийн бөөгнөрөл. Харин дуалистуудын хэлдгээр бол сэтгэл гээч нь өөр зүйл, ямар нэгэн биет бус зүйл бөгөөд ямар ч хэлбэр төрхгүй (атомоос тогтоогүй) гэдэг. Мэдээж тэр нь сүнсийг хэлж буй. Эсвэл сүнсэн дотор байдаг. Бүр эсвэл сүнснээс хамааралтай.

Тэгэхээр энэ номын туршид би сүнсний тухай ярих бүртээ үргэлж иймэрхүү метафизик өнцгөөс сүнсийг авч үзэх болно. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бидний ухамсар оюун, бодол санаа, эмоц, мэдрэмж, хүсэл тачаал, ой санамж гэх мэт нь бүгдээрээ ямар нэг биет бус зүйл дээр, ямар нэг бие махбодоос тусдаа зүйл дээр, ямар ч хэлбэр төрхгүй тэс өөр төрлийн ямар нэг зүйл дээр суурилдаг, эсвэл тийм зүйлээс хамааралтай гэх үзэл юм.

Бид хоёр үндсэн хэсгээс бүрэлддэг, өөрөөр хэлбэл хүн бол материлаг бие махбод ба материлаг бус сүнсний нийлмэл гэх энэхүү санаа бол мэдээж хэрэг “дуализм”-аас өөр юу ч биш юм.

 

Харин үүнд хандаж физикизм (физик ертөнцийн үзэл) болохоор сүнсийг оршин байдаггүй, зөвхөн бие махбод л байдаг гэнэ. Мэдээж энэ бол физикистүүд хүнд сэтгэл бий болохыг үгүйсгэдэг гэсэн үг биш. Яагаад гэвэл янз бүрийн оюун санааны үйл ажиллагаа, жишээ нь бодох, мэдрэх, бодлоо хуваалцах, хүсэж тачаах, санаж цээжлэх зэргийг байдаггүй гэж үгүйсгэх ямар ч аргагүй.

Гэхдээ физикистүүд эдгээрийг юу ч юм метарилаг бус онцгой ямар нэг хэсэг (буюу сүнс)-тэй холбож боддоггүй. Үнэндээ бол хүний бие махбод өөрөө бодож, мэдэрч, бодлоо хуваалцах чадвартай гэх төдий л хэрэг.

Сэтгэлийн тухай ярих нь (физикистүүдийнхээр бол) хэвийн ажиллаж буй хүний бие махбодын чадвар болох тэрхүү олон янзын гайхамшигтай оюун санааны үйл ажиллагааны талаар өгүүлэх нэг арга хэлбэрээс өөр юу ч биш. Өөрөөр хэлбэл, бие махбодын хийж чадах зүйлсийн жишээ болгож инээмсэглэлийг авч үзэхтэй адилаар, бодол санаа хийгээд сэрэл мэдрэлийг ч бас бие махбодын олон чадваруудын нэг гэж ярихын тулд сэтгэл гэх ухагдахуунаар төлөөлүүлдэг гэсэн үг.

Нэг ёсондоо физикистүүд бие хүн (personality) бүхий хүн гэдэг нь дээрх есөн шидийн чадвар (хайрлах, шүлэг бичих, ирээдүйгээ төлөвлөх, уламжлал интегралын бодлого бодох гэх мэт) бүхий бие махбодтой хүнийг л хэлнэ гэж үздэг. Физикистүүдийн хувьд хүн гэдэг бол ердөө л бие махбод, гайгүй хэлбэл нэлээн нарийн хийцтэй материлаг биетээс өөр юу ч биш гэсэн үг.

Мэдээж бид бол хаана ч байдаг ердийн нэг матери биш л дээ. Хүн бол гайхамшигтай биет бөгөөд бие хүн бүхий хүн бусад амьтдын үл чадах бүхий л төрлийн чадварыг өөртөө цогцлоосон байдаг (Тэдгээр чадварыг уг номд “Р функц” /person function/ гэж нэрлэх болно). Гээд тийм байлаа ч бид ердөө л нэг матери төдий. Бодит байдал дээр ердийн нэг машин л юм.

Энэ санааг би уг номдоо үе үе дараах байдлаар илэрхийлэх болно. “Физикистүүдийнхээр бол хүн гэдэг нь эдгээр есөн шидийн чадвар бүхий ердийн нэг бие махбод, бүхий л Р функцийг гүйцэтгэж чадах бие махбод юм” гэж.

 

Дуализм ба физикизм гэх хоорондоо нэлээд ялгаатай хоёр метафизик байр суурийн алийг сонгох вэ гэдэг маш чухал асуудал гэдэг нь илт тодорхой. Аль нь зөв бол?

Бие махбод байдаг гэдэгт хэн бүхэн нэгэнт итгэдгээс хойш бидний тавих ёстой асуулт бол сүнс байдагт итгэх ёстой эсэхэд тулж очно. Өөрөөр хэлбэл бие махбод дээр нэмээд биет бус сэтгэл ч бас оршин байдаг гэдэгт итгэх дайны шалтгаан бидэнд бий юү?

Энэхүү товчлогдсон эмхэтгэлээс гээгдсэн эхний хэсгийн лекцүүд дээр би биет бус сүнсний оршихуйг нотлох гэж оролдсон хэд хэдэн гаргалгааг авч үзэн судалсан. Харин одоо тэдгээр гаргалгаануудыг энд нарийвчлан тайлбарлах ч юм уу, хураангуйлан тоочих санаа алга. Тэдгээр гаргалгаануудад үнэмшил төрүүлэх хангалттай үндэслэл алга гэх өөрийн байр сууриа энд илтгэх төдийгөөр хязгаарлая.

Минийхээр бол тэдгээр гаргалгаануудыг анхааралтайгаар нэг бүрчлэн судлах дайны үнэ цэн гарцаагүй бий (сүнс гэдэг ухагдахуун бол хэрхэвч дэмий яриа биш, хөнгөхөн тойроод өнгөрөх ёстой ч эд биш). Гэлээ гээд тэдгээр гаргалгаанууд сүнсний оршихуйд итгэх дайны хангалттай үндэслэл гаргаж тавих тал дээр амжилт олоогүй.

Тиймээс би физикистүүдийн байр суурийг хамгийн зохистой гэж дүгнэж байна. Үнэхээр ч хүн бол Р функцийг гүйцэтгэх чадвар бүхий ердийн нэг бие махбод төдий болохыг бид бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой.

Энгийнээр бодвол хүн өөрийн бие махбодын үхлийн дараа ч оршин үргэлжлэх нь байж боломгүй, тас эндүүрсэн зүйл болохыг миний дээрх дүгнэлт илэрхийлнэ гэж ойлгох ёстой байх. Яадаг ч бай, хэрвээ хүн онцгой чадвар бүхий сонин содон хэлбэртэй бие махбодоос хэтрэхгүй юм бол тэр бие махбод л үхчихвэл тухайн хүн ч бас мөхөж алга болох нь илэрхий болж таарна.

 

“Энэ би” ба “маргаашийн би” хоёр үнэхээр “нэг хүн” үү? 3 янзын тайлбар

 

Гэвч үнэндээ асуудал ахиад жаахан ээдрээтэй. Яагаад гэвэл энэ удаад яг энэ эгшнээс дараагийн эгшин хүртэл хүн оршин үргэлжилнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэдгийг тодруулахгүй бол болохгүй.

Хэрвээ би дараа 7 хоног хүртэл үргэлжлэн амьдарна гэвэл (тэгээсэй гэж үнэнээсээ хүсэж байна!) нэг хүн дараа 7 хоногт ч оршин байгаад, тэр хүн өнөөдөр энд энэ үгийг бичиж байгаа хүнтэй хэлбэр төрх талаасаа гарцаагүй нэг хүн байна гэсэн үг болно. Гэвч тэгж хэлэхийн тулд юу шаардлагатай вэ?

Хэн нэг хүнийг (дараа 7 хоногийн хүн) өнөөдөр энд амьд байгаа хүнтэй нэг хүн гэж хэлүүлэхэд шаардлагатай “метафизик цавуу” нь юу вэ? (философичид үүнийг “бие хүний нэгэн ижил шинжийн асуудал” гэдэг).

Бүрэн эхээр нь МПЛАС-аас уншаарай.

3 comments:

Skizzo said...

Keep going

Jagana said...

nice

Tumen said...

Үргэлжлэлийг хүлээсээр байгаа шүү

Post a Comment