Pages

Сэдвүүд

2016/01/22

2. Сократ. Мэдэхгүйгээ мэдэж авах нь үнэнд ойртох эхний алхам юм

Өмнөх - 1. Протагор. Абсолют үнэн гэж хаа ч үгүй


Протагорын номлох “Абсолют үнэн гэж үгүй, үнэн гэдэг бол хэзээд харьцангуй ойлголт юм” гэх Харьцангуй үзлийн философи. Энэ бол өнөө цагийн хүмүүс бидний өнцгөөс харахад ч туйлын ухаалаг гэж санагдаж мэднэ. Жишээ нь, “Ерөөсөө энэ л яг үнэн!!!” гэж хэлэх хүний дэргэд, “Юм бүхэн наанатай цаанатай шүү дээ” гэж хэлэх хүн нь илүүтэй ухаалаг, уян хатан, өргөн хүрээнд харж буй мэт сэтгэгдэл төрүүлэхгүй гэж үү?

Гэвч бодит байдал дээр, энэхүү “Юм бүхэн наанатай цаанатай” гэх Харьцангуй үзэл нь нэгэн базаахгүй сөрөг үр дагаварт хүргэх явдал бий. Тэр нь юу гэвэл, “Юм бүхэн наанатай цаанатай, туйлын үнэн гэж юм байхгүйгээс хойш, тийм юм эрэлхийлж явах нь утгагүй хэрэг” гэсэн уур амьсгалыг өдөөж, үнэнийг эрэлхийлэх гал халуун эрмэлзлийг бөхөөж орхидог талтай.

Ерөөс хичнээн “Абсолют үнэн гэж байдаггүй юм аа” гэж хэллээ гээд, бид бүхэн мөн л ямар нэгэн “үнэн мөнийн хэмжүүртэй” байхгүй бол болохгүй шүү дээ. Хэрхэн яаж амьдрах вэ, хэрхэн яаж үхэх вэ, улс орон ямар байх ёстой вэ, юуны төлөө би ажиллана вэ, энэ бүгдийг огт бодолгүй амьдрах аргагүй. Тэгээд ч, усны хүйтэн халуун эсэх нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй байлаа гээд, үгүйдээ л гэхэд нийтийн халуун усны газар байгуулбал тэнд хамгийн тохиромжтой усны дулааныг яаж ийгээд олж тогтоох л ёстой болно (Ер нь ч тэгээд хүний нийгэм гэдэг тийм л халуун усны газар шиг эд юм).

Гэтэл Харьцангуй үзлийн сэтгэлгээнд туйлширч орхивол, “Юуг ч яг таг шийдэж болохгүйгээс хойш, тэгэсхийгээд л болно шдээ” гэх маягаар халтуурдаж, хичээнгүйлэн бодохоос залхууран хойш суухыг байг гэх газаргүй.

Ялангуяа ардчилсан тогтолцоот нийгмийн хувьд энэ бол маш урхагтай аюул юм. Ардчилсан нийгэмд үндсэндээ “олонхийн саналыг” чухалчилдаг учиртай боловч, тэрхүү олонхийн санал гэдэг механизм маань үр дүнтэй ажилладаг байхын тулд, шийдвэр гаргахын өмнө хүн бүр өөрийн гэсэн үнэлэмжийн хэмжүүр хийгээд үнэт зүйл, итгэл үнэмшлээрээ халцартал хэлэлцэн мэтгэлцэж, туйлд нь хүртэл тунгаасан байх шаардлагатай. Тэгж байж сая олонхийн саналын шийдвэр маань “голыг нь олсон тэр газраа очиж тогтох” байдлаар зөв ажиллах учиртай. Гэтэл, бүгдээрээ “энэ зөв” ч юм уу “ингэх ёстой” гэх мэт өөрийн гэсэн үзэл бодлын луужин болохуйц үнэлэмжийн хэмжүүргүй бол, олонхийн санал гэдэг механизм маань үр дүнтэй ажиллаж чадахгүй. Ерөнхийдөө нэг уур амьсгал харж байгаад, олны амыг дагуулсхийгээд саналаа өгөх тул, уран донгоддог ам фигуртнүүд буюу хамгийн үнэмшилтэй ярьдгаас цаашгүй поп улс төрчдийн санал л хамгийн ихээр дэмжигдэн тодорч, нөгөө ардчилал нь зүгээр л цаг уурын байдлыг даган савладаг хариуцлагагүй тоглоомын улс төр (mobocracy) болон замхарч орхиход хүрнэ.

НТӨ 400 оны үеийн эртний Грекийн ардчилсан тогтолцоот төрд яг үүнтэй ижил нөхцөл байдал нүүрлээд байлаа.



-        Ард түмний төлөө! Шударга ёсны төлөө! Бүхнийг үндсээр нь шинэчилнэ!



Протагороос Харьцангуй үзлийн философийг сурсан улс төрчид уран гоё үгээр ард олны толгойг эргүүлэн өөрсдөө алдаршиж байлаа. Тэд хэзээ ч ард олонд хандаж нухацтай улс төр ярьсангүй. Тэр нь ч аргагүй. Нухацтай улс төр ярьж, угаас улс төрд сонирхолгүй ард олныг залхааж байхаар, зүгээр л чихэнд чимэгтэй, агуулгагүй хоосон хэлц үгнүүд давтан улигласан нь илүүтэй хүнд хүрэх нь тодорхой юм хойно.

Тэгээд ч өрсөлдөгч улс төрчид нь бас л бүгд Харьцангуй үзэлд мэргэшсэн байх тул, худлаа мэдэмхийрч “Ийм байх ёстой!”, “Ингэцгээе!” мэтийн тодорхой зүйл ярьчих юм бол, Харьцангуй үнэлэмжийн хэмжүүрээр өрсөлдөгчдөө няцаагдан, газрын гав руу чихүүлж орхино. Тийм бол аль болох өө багатай, бодит агуулгагүй хэвшмэл хэлц хэлэх юм уу, эсвэл ядаж л өрсөлдөгчөө муулаад сууж байсан нь хамаагүй эрсдэл багатай. Ирээдүйн карьераа баллаж мэдэх эрсдлийг үүрэн байж чухал улс төр ярина гэдэг огтоос мулгуу хүний л санадаг санаа.



Хамгийн хүчирхэг мэтгэлцэгч



Ийн яадгаа алдсан тоглоомын улс төр бүхий төрийн дээр лантуу буулгах нэгэн эр гарч ирсэн нь Сократ (НТӨ 469 – НТӨ 399 он) байлаа. Сократ өөрийгөө “Том моринд зүүгдсэн бяцхан соно” хэмээн нэрийдэж, муу сайн улс төрчдийг ганц сайн болгож өгье гэсээр тэдэнд хэрүүл өдөж гарах нь тэр ээ.

Гэвч, тэд бол Харьцангуй үзлийн арга техникээр мэргэшсэн, тухайн үедээ бол хамгийн шилдэг үгийн мастерууд, чадварлаг мэтгэлцэгчид байлаа. Халз тулаад маргавал Харьцангуй үзлийн мэхэнд хөнгөхөн тонгоруулаад арчуулах нь физикийн хууль биз. Тиймээс Сократ нэгэн хачирхалтай арга бодож олжээ.

Тэрээр эхлээд юу ч мэдэхгүй тэнэг хүний дүрээр гарч ирэн

-        Та сая шударга ёс гэлээ л дээ. Ингэхэд шударга ёс гэж яг юу юм бэ?

гэх байдлаар асууна. Чингүүт нөгөөх нь хариу болгон

-        Аан, тэр бол нийтийн аз жаргал юм шүү дээ

 гэдэг ч юм уу хариуллаа гэж бодоход

-        Тэгвэл аз жаргал гэж юу юм бэ?

 хэмээн цааш нь лавшруулан асууна. Үүнийгээ улам давтаад явбал нөгөөх нь хэзээ нэгэн цагт ээрч мууран мухардаж таарна. Яг тэрийг нь өлгөж аваад

-        Хариулж чадахгүй байна гэдэг чинь та үүнийг мэдэхгүй юм байна тиймүү? Мэдэхгүй хэрнээ мэддэг юм шиг түрүүнээс хойш яриад байсан байх нь ээ? кк

гэж хэлээд ил тод шившиглэж орхих юм.

Нэг ёсондоо асуулт асууж л байвал, тэр хүн үргэлж довтлогчийн байранд байна гэсэн үг. Эсрэгээрээ асуултад хариулагч тал нь ямар нэгэн зөрчилгүйгээр хичээнгүйлэн асуултанд хариулахгүй бол болохгүй учир, удаанаар яриаг үргэлжлүүлбэл хэзээ нэгэн цагт довтлогч тал нь санаачлагыг гартаа авна аа л гэсэн тактик. Ийм байдлаар Сократ “... гэж юу юм бэ?” гэсэн эцэс төгсгөлгүй асуултаар өрсөлдөгчөө мухардалд оруулмагц буцаан үгүйсгэх тактикаараа лут лут улс төрчдийг ээлж дараалан мадалж гарчээ.

Сократ яах гэж ийм зүйл хийсэн юм бол? Тэрээр өөрөө ч хэлсэнчлэн, улс төрчдийг өдлөө гээд ширхэг зоосны ч ашиггүй. Харин ч тэдэнд нүд үзүүрлэгдэнэ. Тийм байтал яагаад ийм хориотой ч гэмээр мэх хэрэглэн улс төрчдийн мууг нь үзсэн хэрэг вэ?

Яагаад гэвэл, Сократ Харьцангуй үзэлд сэтгэл амралгүй, абсолют үнэ цэн, туйлын үнэн гэсэн “жинхэнэ ямар нэгэн зүйлийг” хүмүүс хайн эрэлхийлэх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байсан учраас байлаа. Тэрээр “Үнэлэмжийн хэмжүүр чинь хүн бүрт өөр юм аа” гэх мэргэн үгтэй нөхцөж жинхэнэ үнэнийг олохоос залхуурах олон түмэн, хэлбэр төдий уран үгээр нийгмийг хуурах улс төрчдийг тэвчиж чадаагүй юм. Тиймээс Харьцангуй үзлийн сэтгэлгээ тийш живсэн тэр нийгмийг яаж ийгээд хувиргачих юмсан гэж ганцаараа бачууран дэвхцэхдээ, Харьцангуй үзлийг өөгшүүлэн түгээгч улс төрчдийг дуэльд дуудсан хэрэг байлаа.

Тэгээд тэрээр мөнөөх хориотой мэхээрээ өрсөлдөгчөө тонгорч унагамагц, цугласан олонд хандаж ийн асуудаг байв



-        Жинхэнэ үнэн гэж юу вэ? Жинхэнэ ариун ёс гэж юу вэ? Эдгээр лут улс төрчид үнэндээ үүнийг огт мэдэхгүй. Мэдэхгүй мөртлөө мэддэг юм шиг уран яруу ярьцгааж байна. Мэдээж би ч бас эдний адил юу ч мэдэхгүй. Тиймээс хамтдаа энэ тухай бодож үзэцгээвэл ямар вэ? Жинхэнэ ариун үнэн гэж чухам юу юм бэ?



Энд чухал нь юу гэвэл, Сократ тэдгээр лут улс төрчид шигээ мэддэг дүр эсгэн худлаа мэдэмхийрч, “Үнэн гэж энийг хэлдэг юм” гэж өөрийн санаагаа бусдад тулгахыг зорьсонгүй. Харин ч эсрэгээрээ “үнэний тухай юу ч мэдэхгүй” гэдгээ ил тод хүлээн зөвшөөрч, “Тиймээс энэ тухай хамтдаа тунгаацгаая” хэмээн гудамжаар алхах хүмүүсийг уриалсан юм. Сократ өөрийн мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрсөн тухай яриа нь өнөө үед “мэдэхгүйгээ мэдэх” гэдэг хэлц үг болон яригдаж ирсэн бөгөөд, дунд сургуулийн сурах бичиг дээр ч гарч баймаар алдартай домог болон үлджээ. Гэвч энэ үгийг

-        Сократ нь өөрийнхөө мэдэхгүйг мэддэг учраас, мэдэхгүйгээ ч мэдэхгүй мэдлэгтнүүдээс илүү мундаг

гэх байдлаар тайлбарлаад аргалах явдал олон байдаг. Үүнийг хэрхэвч “Мэддэггүйгээ мэддэг даруухан би илүү мундаг” гэх аятай зальжин сургаал мэтээр ойлгож болохгүй. “Мэдэхгүйгээ мэдэх” гэдэг үгний жинхэнэ утгыг мэдье гэвэл Сократын үйл хэргийг ухан үзвээс ил болно.

Эцсийн эцэст тэрээр зөвхөн үнэнийг мэдэхийг л туйлаас хүсч байсан. Тэгээд, үнэнийг мэдье гэх ямар ч эрмэлзэлгүй олон түмнийг хараад бухимдан бачуурч, мундаг их мэдэгчдийг үнэндээ үл мэдэгчид болохыг нь илчлэн уудлахыг зорьсон. Яагаад гэвэл тэрээр “мэдэхгүйгээ ухаарах” явдал л “мэдэхийн төлөөх хүсэл эрмэлзлийг” бадраан асаана гэж санасан учраас тэр байлаа.

Үнэхээр ч “мэднэ” гэж бодож байгаа хүн “мэдэхсэн” гэж бодох учир үгүй. “Мэдэхгүй” гэж бодсоноор л сая “мэдэх”-ийг хүсэх болно.



-        Тиймээс юун түрүүн өөрийгөө юу ч мэдэхгүй болохоо хүлээн зөвшөөрөхөөс эхэлцгээе!!!



Энэ л Сократын “Мэдэхгүйгээ мэдэх” гэдэг үгний жинхэнэ санаа нь юм. Өөрөөр хэлбэл Сократ огтхон ч “Мэдэхгүйгээ мэддэг би мундаг шүү” гэж өөрийгөө даруухан рекламдаад өнгөрсөн юм биш. Харин мэдэхгүй болохоо анзаарснаар сая “үнэнийг мэдэхийн төлөөх гал халуун эрмэлзэл” цээжин дотор дүрэлзэн асдаг болохыг бусдад ойлгуулахыг хичээсэн хэрэг байлаа.

Тэгээд, үнэхээр ч бодит байдал дээр түүний хэлсэн нь байгаа оносон бус уу? Бид бүхэн өдөр тутамдаа, өөрсдийн үл мэдэх болохоо огтхон ч анзаарах явдалгүйгээр, яг л бүх юм мэдээжийн тодорхой мэтээр сэтгэн бор хоногийг элээж явдаг. Төрөөд ухаан орсон цагаасаа аваад л ясли, цэцэрлэг, дунд сургууль, их сургууль, ажил алба гэсээр нөгөө л тогтсон байгууллагуудыг дамжин, нөгөө л тогтсон хэдэн зүйлсийг улиг болгон давтсаар ирдэг. Тэгээд ядартлаа ажиллаад гэртээ харьж, үлдсэн жаахан цагаа зурагт үзэж РС тоглосон болж өнгөрөөгөөд, унтаж босоод ахиад ажилдаа явна,... гэсээр хөгширч үхтлээ үүнийгээ л давтан давтана.

Гэвч, ийм мэдээжийн тодорхой аж амьдралыг чинь бий болгож буй энэ “ертөнц”-ийн тухай бид бүхэн чухам юу мэдэх билээ? Яагаад орон зай байж, тэнд дэлхий оршиж, дотор нь ус, чулуу гэсэн бодисууд байна вэ? Ийм зүйлс огт байдаггүй байсан ч яагаад болохгүй гэж? Бүр ерөөс энэ ертөнц тэр чигээрээ “төгс хоосон” байсан ч болох л учиртай. Үгүй ээ, харин ч бүр тийм байх нь илүү ойлгомжтой байх байсан мэт. Яагаад заавал хэрэг болгож орон зай, элдэв бодисууд байх ёстой гэж? Тэгээд тэр элдэв бодисуудын учир замбараагүй мөргөлдөөн дундаас, яагаад ч юм хүн гэдэг оршихуй бий болж..., тэр нь сургуульд явж, компанид ажиллаж, хоорондоо харилцах гэж хэмлэлдэн мунгинана. Энэ бүхэнд чухам ямар утга учир байна вэ? Энэ бүх ердийн зүйлс уул шугамандаа байж боломгүй тохиолдлынх биш гэж үү? Гэтэл бид бүхэн энэхүү байж боломгүй тохиолдлын дэндүү учир битүүлэг ертөнцийг, дэндүү илэрхий ойлгомжтой мэдээжийн мэтээр хэнэг ч үгүй ажиглаж, онцын гойд эргэлзээгүйгээр хээв нэг амьдарч явна. Тэгснээ бүр сүүлдээ жишим ч үгүй ийм зүйл хэлж эхэлнэ.



-        Ёоох, ямар уйтгартай юм бэ...



Гэвч, хэрэвзээ!!!... Хэрвээ Сократын хэлснээр үл мэдэх болохоо, өөрөөр хэлбэл өөрийгөө жинхэнэ үнэний тухай ширхэг ч зүйл мэдэхгүйгээ, түнэр харанхуй дунд шидэгдэн орхигдож яах ч учраа олохгүй амьдран бэдэрч буй болохоо гүнзгий ухамсарлаж байсан бол,... тэр цагт арай ч ийм үг хэлээд сууж байхгүй байхсан. Ийм аймаар гайхмаар зүйл нүдний өмнө өрнөсөөр атал, түүнийг тэр янзаар нь хээв нэг үл ойшоон уйтгарлаж амьдрана гэдэг, хэрхэвч байж боломгүй байхсан. Тэгээд чухам тэр цагт, бид бүхэн жинхэнэ утгаар нь үнэн сэтгэлээсээ “мэдмээр байна” гэж хүсэхгүй гэж үү? “Сурмаар байна” гэж бодохгүй гэж үү?

Тиймдээ ч Сократын “Мэдэхгүйгээ мэдье” гэх уриалга хүмүүсийн сэтгэлийг хөндөхгүй өнгөрөх учир байсангүй. Ялангуяа тэр нь залуу хүмүүсийн сэтгэлд хүчтэй доргилт үүсгэсэн юм. Сократын ачаар нүд нь нээгдсэн залуус ташраараа Сократад шавь орохоор хуйлралдсан гэдэг.

Ингээд үр дүнд нь Сократын нэр хүнд нүд ирмэхийн зуур залуучуудын дунд алдаршин түгсэн боловч, тэрхүү өндөр нэр хүнд улс төрчдийн хувьд мэдээж зугаатай санагдсангүй. Эцэстээ Сократ улс төрчдөд адлагдан, “залуусыг уруу татсан” хэргээр цаазын ял сонсоно.

Цуу ярианд гардгаар бол, Сократад цаазын ял гүйцэтгэх хүртэл нэлээд хугацааны тэнсэн заагдаж, тэрээр хэзээ л бол хэзээ зугтах боломжтой байсан гэдэг. Магадгүй улс төрчид Сократыг ум хумгүй зугтан одохоор нь ард олны шившиг болгоё гэж тооцсон байж ч болох юм.

Гэсэн ч Сократ зугтсангүй. Учир нь Сократ бол үхлийн айдастай нүүр тулсан ч хэрхэвч дальдрах явдалгүй туйлын үнэн, эргэлзээгүй жинхэнэ тэр нэгэн зүйлийг эрэлхийлэгч байлаа.

Хэрвээ хоолойдоо хутга тулгуулаад хэлснээсээ буцаж орхивол, тэр болбоос Харьцангуй үзэлтэн лугаа адил болж хувирна. Өөрийн сэтгэлээсээ “жинхэнэ ариун явдал” гэж бодоод хэлсэн зүйлээ, амь биед аюул учирсан гэдэг шалтгаанаар үгүйсгэж орхивол, тийм зүйл мөн л “абсолют ариун явдал” биш болно. Нөхцөл байдлаас шалтгаалан юу хэлэх нь хувирдаг бол яахан “эргэлзээгүй жинхэнэ” байх билээ. Тиймээс тэрийг л тэвчих хэрэгтэй. Тэгж л яасан ч болохгүй. Ийнхүү Сократ уйлан хайлан ятгах шавь нараасаа зөрөн, хортой хундагыг гартаа атган нэг амьсгаагаар хөнтөрч орхих нь тэр ээ.

Тэгээд яг тэр цаг мөчид!. Нэгэн эр үнэний нэрийн өмнөөс өөрийн амийг егүүтгэсэн чухам тэр агшинд!. Хорвоо ертөнц Харьцангуй үзлийн философиос чанх эсрэг зүг рүү алгуурхан хөдөлж эхлэх нь тэр. Учир нь, Сократ хор уун өөрийн амийг тасалсан тэр үйл явдал бол, “Энэ ертөнцөд амь насны үнэтэй үнэн гэж оршиж, хүн тэр үнэнийг эрж олохын төлөө амь амьдралаа хөсөр хаян зүтгэж болдог” болохын хөдлөшгүй нотолгоо болж, тэнд байсан залуусын зүрх сэтгэлд балрашгүйгээр сийлэгдэн үлдсэн юм.

“Үнэн бол хүн болгонд харилцан адилгүй”...

“Юу сайн гэх мэт бол тухайн цаг үеийн л асуудал шүү дээ”...

“Хүн болгон адилгүй юм хойно, юундаа ч тэгтлээ улайрах вэ”...

Ийм заримдаг нийгэмд амьдарч байсан залуучууд Сократын “Үнэний төлөө үхлээс ч айгаагүй төрх”-өнд гүн гүнзгий цочирдов. Тэгээд тэд Сократын гэрээсийг өвлөн авахаар хатуу шийдэцгээнэ. Тэдэн дунд идэр залуухан философич Платон ч бас байлаа. Платон Сократын эрж хайсан “туйлын үнэн”, өөрөөр хэлбэл хэзээ ч харьцангуйгаар авч үзэх боломжгүй “үл хөдлөх үнэн гэж хэлэхүйц төсөөллийн төгс ямар нэгэн зүйл” байдагт итгэн, түүнийгээ эрэлхийлэх философийн цогц онол болгож “Идей онолыг” бодож боловсруулав. Түүнийхээ дараа тэрээр Академиа хэмээх, өнөөгийн их сургуулийн үндэс болох учиртай сургалтын институц байгуулж, үнэнийг эрэлхийлэх сурагчдыг бэлтгэхэд өөрийн үлдсэн амь амьдралаа зориулсан гэдэг.
Мастер доктор гэлцэн амьдралаараа дэнчин тавьж эрдмийн мөр хөөх өнөөгийн олон судлаачид, одоо ч үе залгуулан дамжигдах эрдмийн олон салбарууд, эд бүгд бол Сократын шавь нарын сэтгэлд ассан “үнэнийг мэдэхийг хүссэн тэрхүү гал халуун эрмэлзлээс” эхэлсэн нь тэр байсан ажгуу.


Үргэлжлэл - 3. Декарт. Эргэлзэхийн аргагүй найдвартай юм юу вэ?

Философи цагаан толгой

1 comment:

Unknown said...

gaihaltai

Post a Comment