Pages

Сэдвүүд

2015/01/16

Философийн түүх (12-р хэсэг)

өмнөх - Платон (МЭӨ 400-д он)

  • Аристотель (МЭӨ 300-д он)

Шашин философи хоёрт шийдвэрлэх нэг ялгаа бий. Тэр бол
Шашин бол “Итгэл” дээр тогтдог.
Философи бол “Эргэлзэл” дээр тогтдог.


Өөрөөр хэлбэл, шашин гэдэг бол уул шугамандаа “итгэлийн зам” бөгөөд, философи гэдэг бол “эргэлзэлийн зам” юм.

Жишээ нь шашинд багшийн номлолыг “эргэлзэнэ” гэдэг байж боломгүй явдал.
Шашинд
- Энэ багш ламтаны номлол нэг л биш ээ. Надад болохоор ингэх нь л зөв юм шиг санагдахын.
маягийн үг шавийн амнаас гарах ном байхгүй.
Багшийн номлол хэзээд төгс бөгөөд, шавь нар түүнд зөвхөн итгэх л ёстой. “Багшийн номлолд итгэх”, “Багшийн сургаалийг сахин биелүүлэх”, энэ бол шавийн үүрэг юм.

Тэгвэл философид багшийн бүтээсэн философийн онолд “итгэнэ” гэдэг байж боломгүй явдал.
Мэдээж, багшийнхаа дутуу орхисон үйл хэргийг үргэлжлүүлэн гүйцээх нь шавийн үүрэг байж болох ч, хэрвээ багш нь “төгс философийн онол” бүтээчихсэн тохиолдолд түүнийг “нурааж унагаах” нь шавийн үүрэг болно.

Энэ бол философийн нэг сонирхолтой тал юм. Ямар агуу суут багш хэлсэн ч бай, логикийн хувьд хичнээн гоо үзэсгэлэнтэй онолын систем ч бай, тэр философи нь нэгэнт төгс төгөлдөрийн зэрэгт хүрч, түүнээс цааш өрнөх боломжгүй болж орхивол, шавь нар өөрийн эрхгүй түүнд эргэлзэж, хүчиндээд ч бай хамаагүй түүнээс асуудал эрж хайн, шинэ боломж эрэлхийлж эхэлнэ.

Философичид суут багшийнхаа бүтээсэн агуу философийг тахин шүтэж, түгээн дэлгэрүүлэхээр ухуулга хийж хэзээ ч явахгүй.
Харин ч эсрэгээрээ багшийнхаа философитой тэрсэлж, тууштайгаар шүүмжилж үртэс болтол нь давтаж хаяад, багшийнхаа философийг даван гарахыг зорьдог.

За тэгэхээр.
Платоны Идей онол нэгэнт төгс төгөлдөрийн таазанд тулсан, туйлаас үзэсгэлэнтэй философийн онол байв.
Идей онол: (онолын тайлбар)
“Сайн, шударга ёс гэх зэрэг нь хүн бүрийн хувьд харилцан өөр” гэдэг ч... аль ч улсын аль ч цаг үеийн хүмүүс “сайн” гэх үгийг сонсоод бүгд толгой дотроо ижил дүр зураг төсөөлдөг шүү дээ.

Хэл бичиг, ёс жаншил, “сайн” гэгдэх үйл хүртэл тэс ондоо мөртлөө, яагаад бүгд ижил “дүр зураг” толгойдоо ургуулан төсөөлнө вэ?

Тэр бол...,
Энэ ертөнцийн хаа нэгтээ “Өөр хэмжээсийн огторгуй (идей ертөнц)” оршиж, тэнд “абсолют сайн, жинхэнэ сайн (сайны идей)” байдаг бөгөөд, бидний хүмүүс тэр өөр хэмжээсийн огторгуйд байх абсолют сайнтай контактласанаар “сайн” гэх төсөөллийг олж авдаг байхгүй юу-----------!!!

Тэгээд л “сайн” гэх үг сонсоод бүгд ижил зүйл төсөөлдөг юм шдээ
Идей онол: (тайлбар дуусав)

Энэхүү идей онолын логик дотроо ямар ч зөрчилгүй бас утга төгс. Дээр нь Идей ертөнц, идей өөрөө ч бас нүдэнд үзэгдэж гарт баригдах зүйл биш тул үгүйсгэхийн ч арга байхгүй.
Аргагүй л Платон агуу юм...
Философийн сургууль хүртэл байгуулсан их багшийн философийг яахан эргэлзэж болох билээ.

Тэгтэл түүний байгуулсан сургуулийн сурагч болох Аристотель, багш Платоноо харанхуй дагахыг хүссэнгүй.
Аристотель багшийнхаа Идей онолыг шууд л няцаах нь тэр.
- Наад нэг идей гэсэн НО-той эд чинь ер нь оршин байдаггүй юм биш үү? “Сайн”, “шударга ёс” энэ тэр гээд байгаа чинь үнэндээ бол зүгээр л хүмүүсийн бодож олсон хийсвэр ухагдахуун биз дээ?

Шууд л үгийн зөрөөгүй няцаалт. Дэндүү мэдээжийн бодоожийн барих барьцгүй буруушаалт.

Мэдээж Аристотелийн няцаалт зүй ёсны бас утга учиртай.

Жишээ нь, нэг хүн “4 хөлтэй гонзгой царайтай амьтан” хараад түүнийг “морь” гэж таних үед, Идей онол ёсоор бол тэр хүн өөр ертөнцийн “морины идей”-тэй контактлаж, морь гэх төсөөллийг олж авах болно.

Харин Аристотелиэр хэлүүлбэл, хүний танин мэдэхүйг заавал тэгж учир битүүлэг байдлаар тайлбарлах шаардлага огтоос байхгүй.

Зүгээр л хүн ижил төрлийн “4 хөлтэй гонзгой царайтай амьтанг” дахин дахин харах явцдаа “морь” гэх “хийсвэр ухагдахууныг” толгой дотроо шинээр үүсгэсэн төдий л яриа.

Нээрээ ч төрсөн цагаасаа эхлээд ганц ч удаа морь үзээгүй хүнд гэнэт жинхэнэ морь үзүүлэх юм бол “Юу вэ энэ хачин амьтан чинь?” гэж л бодохоос биш, юу юугүй “морь” гэдэг нийтлэг дүр зургийг толгой дотроо ургуулахгүй нь лав биз.

Удаан хугацааны туршид дахин дахин морийг харах явцдаа л арай гэж толгой дотроо “морь” гэх төсөөллийг дүрсэлж чаддаг болж, тэгсэнээрээ сая “Аан, энийг морь гэдэг юм байна шд” гэж хэлж чаддаг болно.

Үнэхээр “морьны идей” гэж юм байсан бол, тэгж цаг зарцуулалгүйгээр жинхэнэ морь харах төдийд л “морь” гэх төсөөлөл тэр дороо урган гарсан ч болох шүү дээ.

Аристотелийн хэлж буй нь туйлаас амьдраллаг бөгөөд дэндүү ойлгомжтой няцаалт юм.

Харин, тийм илэрхий ойлгомжтой няцаалтыг илэрхий ойлгомжтойгоор хэлж чадсан нь, Аристотельд жинхэнэ “филосифич хүний мөн чанар” оршиж байсныг гэрчилнэ.

Бодит байдал дээр агуу багшийн онолын эсрэг няцаалт хийнэ гэдэг тийм ч амархан болдог эд биш. Хожмын хүмүүс зориг гарган няцааж чадалгүй өнгөрөөсний гороор илт худлаа зүйлийг олон зуу мянган жилийн туршид илэрхий үнэн мэтээр бодон төөрөлдөж явсан жишээнүүд өчнөөн бий.

Ингэхэд Аристотелийн жинхэнэ агуу байсан нь, тэрээр ердөө л “Морьны идей гэж юм байхгүй ээ. Тэр чинь зүгээр л хүний тархин дотор зохиомлоор бий болсон ухагдахуун байхгүй юу” хэмээн Идей онолыг няцаасан төдий бус
- Тийм болохоор за юу. тийм байгаа байхгүй нь мэдэгдэхгүй идей энэ тэр гэж онолдож байхаар, энэ хүрээлэн байгаа хавь орчиныхоо юмсыг сайтар ажиглаад мөн үү, нийтлэг онцлог юу байна, нийтлэг шинж чанар юу байна, тэр бүрийг нь тэмдэглэж цуглуулаад, эмхэлж цэгцлээд авах ёстой байхгүй юу.

хэмээн уриалсан явдал юм.
Нэг ёсондоо Платон нь бүх хүн төрөлхитөн нийтлэгээр мэдэрч ойлгох ухагдахуун хийгээд төсөөллүүдэд анхаарлаа төвлөрүүлж
- Ингэж бидэнд мэдрүүлэх хачирхалтай ямар нэгэн юм (идей) хаа нэгтээ байх шиг байна.
гэж бодсон бол, Аристотель нь
- Ингэж бидэнд мэдрүүлэх хачирхалтай ямар нэгэн юм байгаа байхгүй нь мэдэгдэхгүйгээс хойш, тэрийгээ орхиод оронд нь тэр нийтлэг мэдрэмжийг төрүүлээд байгаа шинж чанар болон зүй тогтлыг шалгаж цуглуулаад цэгцлэе
гэж сэтгэсэн хэрэг юм.

Ийнхүү Аристотель амьтан ургамлыг олноор ажиглаж, ямар онцлог байна, ямар шинж чанартай юм байна гэхчилэн нэг бүрчлэн тэмдэглэж
- Энэ төрлийн амьтан тэр төрлийн амьтан хоёр ийм нийтлэг шинж чанартай юм байна. Тиймээс ийм шинжтэй чанартай амьтадыг “○○” гэж нэрлээд ангилчихъя.
гэх байдлаар мэдлэгийн цогц систем үүсгэж эхэлсэн байдаг.

Тэр нь амьтан ургамалаар тогтохгүй шөнийн тэнгэрээс (одон орон судлал) авахуулаад цаг агаар (цаг уур судлал) хүртэлх ер бүхий л талбарыг хамруулж, олсон мэдлэгүүдээ системчлэн категорилсоноор өнөөгийн шинжлэх ухааны суурь үндсийг тавьсан юм.

Тэгэхээр “Аливаа юмс үзэгдлийг ажиглаж тэмдэглээд хуримтлуулж, шинж чанар болон онцлогуудыг нь эмхэлж цэгцэлсээр мэдлэгийн цогц систем бүтээе” гэх шинжлэх ухааны суурь бол Аристотелиас эхтэй байх нь.

Дээр нь Аристотель бол Александр их хааны гэрийн багш байсан. Александр их хаан гэвэл, тухайн үеийн дэлхийг нэг захаас нь нөгөө зах хүртлэх нь эзэлж орхисон агуу хүчит удирдагч тул, тэр домогт хүний багш байсан гэдгээрээ Аристотелийн нэр сүр ч бас тухайн үедээ алдрын оргилд цуурайтаж байлаа. Үр дүнд нь “Дэлхийг эзэлсэн агуу удирдагчийн багш” гэх дэвсгэр ч тусалж, Аристотель нь мэдлэгийн салбарын ертөнцийн “Үлэмж” гэгдэн цоллуулж, түүний бүтээн босгосон мэдлэгийн цогц систем нь хожмын хүмүүсийн дунд 1000 илүү жилийн турш няцаалт шүүмжлэлгүйгээр дэмжигдэж ирсэн гэдэг.

Тэрхүү агуу Аристотельд ганц дутагдал бий гэвэл, тэр нь “шавь бэлдэж чадаагүй” явдал болов уу. Магадгүй хэлбэр төдий шавь нар тоогүй олноороо байсан ч байж болох юм. Харин өөрийнх нь философийг даван гарах дайны тэр жинхэнэ утганд дүйх шавь бэлдэж чадаагүй юм.

Түүний ачаар Аристотель алдрын оргилд тахин шүтэгдэж, улмаар
- Эмэгтэй хүн бол эрэгтэй хүнээс сул дорой оршихуй
- Хүнд жинтэй биет, хөнгөн жинтэй биетээс хурдан унадаг
- Огторгуй дэлхийг тойрч эргэдэг
- Тархи бол цус хөргөөх зориулалттай эрхтэн
гэх мэтийн илт буруу ойлголтууд хүртэл хожмын хүмүүст бат нот гэгдэн
- Агуу Аристотель багш хэлсэн юм чинь үнэн л байж таараа.
гэгдэн, хэн ч эргэлзэлгүйгээр 1000 жилийн туршид итгэгдэж ирсэн гэдэг.

Ямартай ч ийнхүү Грекийн философийн алтан үеийг бүтээлцсэн Сократ Платон Аристотель хэмээх багш шавийн гинжин цуваа харамсалтай нь энэ хүрээд тасарч, философийн ертөнц үймээн самууны эринтэй золгох болно оо.

Үргэлжлэл - Эллинизмийн соёл (МЭӨ 300-д он)

No comments:

Post a Comment