Pages

Сэдвүүд

2014/12/18

Философийн түүх (11-р хэсэг)

Өмнөх - Сократ (МЭӨ 450-д он)
  • Платон (МЭӨ 400-д он)

- Муугийн ёсыг ч ёс хэмээн дагая. Цаазлуулах ёстой бол түүнийг ёсчлон биелүүлэе.
Ийн хэлээд хор уун өөрийгөө егүүтгэсэн Сократ.
Өөрийн итгэл үнэмшилдээ зогсохын төлөө амь насаа хүртэл гаргуунд хаясан Сократын оршихуй хожмын философичидод ямар том нөлөө үзүүлсэнийг хэмжих аргагүй.

Гэвч хэдий тийм гээд бодит байдал гэвэл.

Үнэндээ Сократ гээч хүн өөрөө ширхэг ном бичиж үлдээсэнгүй. Түүнийг жинхэнэдээ ямархуу хүн болох, ямар үзэл бодолтой байсан, үнэндээ хэн байсныг төдийлөн сайн мэдэхгүй.
Тиймээс Сократын талаар түүний шавь нарын үлдээсэн бичвэрүүдээс ургуулан төсөөлөхөөс өөр аргагүй нь бодит байдал юм.

Тэгтэл, шавь нарын бичвэрүүд дотор Сократыг “Сургах дуртай залхмаар өвгөн байсан” гэх зэргээр тэмдэглэсэн байх ч юм уу, ер нь бол шавь болгоны тоогоор тэс өөр сэтгэгдэлүүд үлдсэн байх нь бий. Тиймээс яг жинхэнэдээ ямар хүн байсан болон, ямар үзэл бодолтой байсан зэрэг нь одоо ч нууцлаг хэвээрээ гэхэд болно.

Тийм бол өнөөгийн бидний мэдэх Сократ буюу “Агуу философич” гэх тэр төсөөлөл зураг чухам хаанаас бий болсон юм бэ гэвэл, тэр бол бүгд “Сократын шавь Платоны” бичиж үлдээсэн номноос бий болсон юм.

Платоны бичиж үлдээсэн философийн номнууд, түүний ихэнх нь “Сократ гол дүрд нь тоглох үлгэр” хэлбэрээр бичигдсэн бөгөөд, өнөөгийн “Сократ” гэх төсөөлөл бол бүгд тэдгээр номнуудаас эхтэй юм.

Тиймээс үнэн байдал гэвэл, жинхэнэ Сократ нь “Платоны номон дээр гардаг Сократ” шиг цэцэн мэргэн эрэлхэг зоригтой баатар эр байсан уу үгүй юу гэдгийг өнөөдөр хэн ч мэдэхгүй.

Харин нэг л зүйл тов тодорхой харагдана. Тэр бол, Платон нь үнэнхүү чухамхүү гүн гүнзгийгээр багш Сократаа хүндэтгэн биширдэг байсан явдал юм.
Платон нь багш Сократаа туйлаас хүндэлдэг байсан учраас л философи өгүүлэх бүртээ багш Сократаа гавъяа байгуулж буй хэлбэрээр зохиомжилдог байсан хэрэг.

Тэгвэл Платон өөрөө ямар хүн байсан бэ гэвэл
Хаан сууринд хүрэх сурвалжит язгууртны хүү
Сонирхол гэвэл уран зохиол, шүлэг, жүжиг (дээр нь залуудаа зохиол хүртэл бичиж байсан)
Ирээдүйн зорилго улс төрч
Нэг үгээр бол Платон нь авъяас билиг бүрэн цогцолсон дээд элит нэгэн байв.
Элитийн доторх элит гаралтай, хосгүй авъяас билигт залуу Платон зүгээр өглөө өдөр оройн хоолоо идээд мөрөөрөө явж байхад л улс гүрнийг хөдөлгөх хүчирхэг улс төрч болох нь илэрхий байлаа.

Гэтэл Платон тохиолдлоор нэгэн өдөр Сократтай учирч орхих нь тэр.

Дашрамд өгүүлэхэд, тухайн үеийн софистууд бүгд “гудамжинд олон түмэнд хандаж илэрхий нэг талын яриа (speech) хийх” хэлбэрийн үйл ажиллагаа явуулдаг байсан бол, Сократ тэднээс онцлогтойгоор  гудамжаар явж байгаа хүнтэй тааралдсан бол түүнээс асуулт асууж, харилцан ярилцах байдлаар хамтдаа аливааг тунгаах” хэлбэрийн стилиэр үйлддэг байж.

- Жинхэнэ сайн гэж юу вэ?
- Жинхэнэ хайр гэж юу вэ?
- Бүгд хээв нэг сайн, муу, хайр гэлцэн хүүрнэх боловч, үнэндээ бид огтхон ч түүнийгээ мэддэггүй биз дээ? Тиймээс жинхэнэ хайрын тухай хамтдаа тунгаацгаах ёстой бус уу?
- Алив тэр алхаж яваа нөхөр! Чи юу гэж бодож байна?

Тэрхүү Сократтай таарсан учрал бол Платоны хувьд төдийг хүртэлх ертөнцийг үзэх үзлийг нь нураахуйц цочир үйл явдал байлаа.

- Би ч гэсэн... нээрээ юу ч мэдэхгүй юм биш үү? Мэдэхгүй хэвтэж, зохиол хүртэл бичээд хөөрөөд явж байдаг...??!!?

Платон, Сократын яриаг сонсох зуураа өөрийнхөө бичсэн шүлэг зохиолуудаас гэнэт ичих шиг болж, тэр дор нь бүгдийг нь галд шатааж хаяад, шууд Сократад шавь орон, түүнээсээ хойш философийн ертөнцөд хадагдан үлдсэн учиртай боловч, багш Сократ нь мөнөөх хэргээр гэнэт цаазын ял заагдаж, өөрөө хор уун амиа таслах нь тэр.

Энэ явдал, цэвэр ариухан элит Платоны хожмын амьдралд балрашгүй тод мөр болон үлдэв.

- Багш минь яасан гэж энэ вэ?? Ердөө л үнэнийг эрэлхийлсэн бус уу?? Яагаад заавал цаазаар шийтгүүлэх ёстой гэж????
Түүний харуусал, цөхрөл, гомдол, хорсол, түүнийг урьд урьдынхаас илүүтэй философийн гүн тийш туун одов.

Ийнхүү Сократын “Мөн чанарын эрэл” хэмээх дүрэлзсэн бамбар Платонд өвлөгдөн очсон учиртай.

Платон багшийнхаа хүсэл тэмүүллийг өвлөн авч, бясалгахын чанадад бясалган тунгаав.
- Багш минь хоосон үгээр зугаацалгүй “Жинхэнэ сайн”, “Жинхэнэ хайр”, түүнийг хайж олохыг хэлсэн. Гэтэл тийм юм гэж үнэхээр байдаг юм болов уу? Үгүй. үгүй. багшийнхаа хэлсэн тэрхүү “Жинхэнэ тэр нэг зүйлийг” би заавал олох ёстой.

Гэвч, цаг үе Харьцангуйн үзлээр хүрээгээ тэлсэн хэвээр л. Хавийн бүх мэдлэгтэнүүд
- Наадах чинь хүн бүрийн хувьд харилцан өөр юм шүү дээ.
гэнэ.

Нээрээ ч тийм үү гэвэл тийм.
Аль нэг улсад “Бүдэрч унасан хүнд туслах нь САЙН” гэгдэх атал, өөр нэг улсад “Туслана гэдэг хэрхэвч тэр хүний төлөө явдал болохгүй” гэдэг шалтгаанаар МУУ гэгдэн дүгнэгдэж, харин ч туслахгүй байх нь САЙН болж хувирна.

Тиймээс “Сайн” гэдэг бол улс гүрэн, цаг үеэс хамаарч хувирч байдаг “Харьцангуй шинжтэй” эд бөгөөд, “Абсолют сайн”, “Жинхэнэ сайн” гэж хаа ч оршин байхгүй.

Энэ бол хэрхэвч утгагүй бус учир жанцантай рационаллаг агаад үл няцаагдах мэт санагдана.

Харин Платон тийм байсан ч үргэлжлүүлэн бясалгасаар.
Өөрийн бодлоо зогсоож орхивол, багшийн маань хэлсэн хийсэн үхсэн бүхэн бүгд үнэ цэнэгүй болно.

- Үгүй ээ. Үгүй. Лавтайяа хаа нэгтээ, бүх хүн нийтлэгээр хүлээн зөвшөөрөх тийм “Жинхэнэ сайн”, “Жинхэнэ хайр” гарцаагүй байх учиртай! Харин тэр чухам юу болохыг би хайж олох ёстой.

Ийнхүү бясалган шаналсаны эцэст, явсаар Платон нэгэн зүйлийг анзаарна.
- Байз! “Сайн бол харьцангуй бөгөөд, хүн бүрийн хувьд харилцан өөр” гэж хэлдэг ч, бид бүгдээрээ “Сайн” гэх нийтлэг үг (ухагдахуун) хэрэглэж байна бус үү?
- Үнэхээр ч, “Сайн” болохуйц үйлийг нэрлэ гэвэл, тэр нь хүн бүрийн хувьд харилцан өөр биз. Харин хүн тус бүрийн өгүүлэх тэрхүү “Сайн” гэх үгнээс ургах төсөөлөл бүгд “Ижил зүйл” биш гэж үү?
- “Сайн” гэх үгийг сонсох үед, “Бүгдээр нийтлэгээр ургуулан бодох тэр төсөөлөл” чухам хаанаас гарч ирдэг юм бол?!?!?

Жишээ нь, нүдний өмнө гурвалжин чулуу байна. “Энэ чулуу гурвалжин байна” гэж хэлэх хүн байхад, “Өнцөг нь муруйсан байна, яавч гурвалжин шиг харагдахгүй байна” гэх хүн ч гарч ирнэ.
Харьцангуй үзэлтнүүдийнхээр бол
- Бүх нийтээр хүлээн зөвшөөрөх “төгс гурвалжин чулуу” хэрхэвч оршин байхгүй. Тиймээс “гурвалжин” гэж оршин байдаггүй.
болно.

Харин Платон ингэж бодно.
- Нээрээ ч энэ ертөнцөд “Төгс гурвалжин чулуу”, “Жинхэнэ гурвалжин чулуу” гэж бодитоор оршин байдаггүй. Гэвч тэглээ гээд “гурвалжин” гээч юм огт ор тас байхгүй гэж хэлж болно гэж үү?

Үгүй ээ, Тийм байх учиргүй.

Бид бүхэн төгс гурвалжин гээчийг үзсэн удаа үгүй. Гэсэн ч, бид бүхэн “Төгс гурвалжин”, “Жинхэнэ гурвалжин” гэж юу болохыг мэддэг шүү дээ.
Тийм ч учраас “Энэ чулуу бол төгс гурвалжин биш” гэж хэлдэг учиртай.
Тийм атал “Төгс гурвалжин”, “Жинхэнэ гурвалжин” огт оршин байдаггүй гэж дүгнэж болно гэж үү?

Ерөөс “Оршин байх” гэдэг нь “Бүгдээр нийтлэгээр харж, хүртэж чадах” явдал юм бол, “гурвалжин, дөрвөлжин, дугуй” зэрэг “Бүгдээрээ нийтлэгээр ойлгож, мэдэрч чадах” явдлыг ч бас адилхан “Оршин байна” гэж үзэж яагаад болохгүй гэж?

Ийнхүү Платон “гурвалжин, дөрвөлжин, сайн, хайр, ариун ёс” гэх зэрэг Хүн бүхэн нийтлэгээр төсөөлөн бодож чадах зүйлс, бодитоор оршин байдаггүй ч яагаад ч юм бүгд утгыг нь ойлгодог тэр зүйлсийг Идей гэж нэрлэн, түүнийгээ “Оршин байдаг” гэж онцлов (Идей онол).

Нээрээ л, Харьцангуй үзэлтнүүдийн хэлдэгчлэн улс гүрэн цаг үе өөрчлөгдвөл, “Сайн” болохуйц зүйл ч бас өөрчлөгдөн одно.
Гэвч, яаж ч улс гүрэн цаг үе хувирлаа гээд, “Сайн” гэж сонсох үед толгойд буух төсөөлөл өөрөө хэрхэвч хувирах нь үгүй биз. Хичнээн ч галав юүлдэг бай, “Сайн” гэдэг ухагдахуун бол хэзээд үүрд мөнх, үл хувирах болно.

“Бүдэрсэн хүнд туслах хүн”, “Харин ч туслахыг тэвчих хүн”, хэдий хийх үйл нь эсрэг ч гэлээ, түүнийг үйлдэхдээ зорьж буй тэр “Сайн” нь нийтлэг бөгөөд ижил зүйл юм.

Хэрэв тийм гэвэл, “Абсолют сайн”, “Жинхэнэ сайн” болохуйц зүйл энэ ертөнцөд оршин байдаг гэж хэлэхэд юуны буруу байх билээ.

Энэхүү “Идей онол” гэх санааг анх сонсоод гүнзгий цочирдон дуу алдах нэгэн байхад, “Ердөө л иймхэн яриа байсымуу?” гэж санагдах хүн ч гарах биз.
Идей онолын хувьд, түүнээс төрөх сэтгэгдэл болон үнэлэмж бол хүн бүрийн хувьд харилцан өөр юм.

Харин “Жинхэнэ сайн”, “Жинхэнэ тэр нэгэн зүйл”-ийг эрж олъё гэж хашгиран, хүсэл зоригийнхоо замд цаазын ялд унасан философичын үйл хэргийг өвлөсөн залуу хүн, тухайн цаг үеийнхээ ердийн ойлголтын (Харьцангуйн үзэл) өмнө өвдөг сөхрөлгүй, Идей онол гэх цоо шинэ санааг босгож чадсан гэх тэрхүү “Философилог мөн чанар” бол эргэлзэхийн аргагүй шижир юм.

Түүнээс хойш Платон Академиа гэх сургууль байгуулж, үлдсэн амьдралаа сурган хүмүүжүүлэхэд зориулж, эцэстээ ном бичсээр насан эцэслэсэн гэдэг.

Сократаас эхэлсэн мөн чанарын халуун эрэл Платоноор дамжигдаж, тэрхүү Платоны байгуулсан сургууль цаашаа 900 жилийн турш залуу философичидыг төрүүлэн гаргасан билээ.

Үргэлжлэл - Аристотель (МЭӨ 300-д он)

5 comments:

Одгэрэл said...

Төгс өөрийн мөн чанараар оршин байдаггүй болохоор л хоосон чанартай гэж байгаа юм ш дэ.

Unknown said...

Harinch tugs mun chanaraaraa orshin bui ym

Unknown said...

Хэхэ одоо хүртэл мэтгэлцсээр үү? Оршин байдаг, байдаггүй гэж... Ямартай ч хүн энэ нэг ертөнц гээч гайхлыг нээж тайлахдаа л нэг тайлна гэцэн байгаа тийм үү?

Unknown said...

Тайлж байж л санаа амрах байлгүй.

ТОМё БОДё said...

Тэр ч бас эргэлзээтэй.

Post a Comment