Pages

Сэдвүүд

2012/12/07

Миний харж байгааг чи харж байна уу?


Алдарт BBC–ийн "Do you see what I see?" гэдэг баримтат киног үзээд юм бодов.

– Миний нүдэнд харагдаж байгаатай яг адилхан зүйл бусдын нүдэнд харагдаж байгаа болов уу?
гэж бодож гайхширч явсан удаа танд бий юу?

Философид ч квалиа гэдэг ухагдахуун байдаг.

Харин тэр кинон дээр өнгөний тухай гайхмаар сонин зүйл хэлсэн нь
– Өнгө гэдэг юм бодитоор оршдоггүй. Нүд нь гэрлийг мэдэрдэг эрхтэн бол, тархи тэрхүү гэрлийн сигналийг өнгөөр зохиож буддаг


Бид нялх байхаасаа л өнгөний талаар төсөөлөлтэй байдаг гэнэ. Тэгээд жишээ нь улаан өнгөний талаарх төсөөллийг "улаан" гэдэг үгтэй холбоход, сая тархи улааныг боловсруулах чадвартай болдог аж.

...Африкийн Намиби улсад байх Химба омог гэж гарч байна. Улаан шаврыг тостой холиод бүх биеэрээ түрхсэн, хачин ганган хүмүүс байх юм. Онцлог нь жирийн бид 11 өнгө ялгах чадвартай байхад, тэр омгийнхон 5 хан өнгө ялгадаг аж. Ер нь өнгөний талаарх тэдний сэтгэлгээ их өвөрмөц.
– Ус ямар өнгөтэй вэ?
– Цагаан.
– Сүү тэгвэл?
– Цагаан.
– Сүү ус хоёр тэгвэл ямар ялгаатай юм?
– Амт нь өөр.


Химбачууд ногоон өнгийг тун нарийвчлалтай ялгах бөгөөд, тэр болгоноо өөр өөр үгээр илэрхийлнэ. Уулын ногоон өнгийн дүрснүүд дунд, үл ялиг цайвар ногоон дүрс нэгийг хийж холиод үзүүлэхэд, торолгүй ялгаад харчив. Тэр нь бидэнд бол үнэндээ ялгахын аргагүй. Харин шал өөр цэнхэр дүрс холиод үзүүлтэл "бүгдээрээ ижилхэн өнгө байна" гэж хариулж байна.


Шалтгаан нь Химбачуудын хэлэнд "цэнхэр" гэдэг үг байдаггүй бололтой юм. Үг буюу төсөөлөл л өнгийг үүсгэж байдаг гэдэг үнэхээр гайхмаар.

Библид "Эхлээд үг буй" гэж гардаг нь, яг л тийм болох нь нотлогдох мэт.

Тэгэхээр "Нүдээр харсандаа л итгэнэ" гэж муйхарлах нь амьдралгүй сэтгэлгээ болж таарлаа. Тархи гэдэг компьютер зөв байх гэж таамагласан тэр дүрсээ бидэнд зурж үзүүлдэг аж.
Жишээ нь,
– Бид салтаагаараа орчноо харвал, аль нь наана цаана байгааг ялгахад хүндрэлтэй болдог. Учир нь тархи рефлексээрээ дээр байгаа юмыг хол байна гэж үзээд алслалттай зурж дүрсэлдэг.
– Бид зогсож байгаа цахилгаан шатаар алхах гэвэл байн байн бүдчиж гардаг. Учир нь тархи туршлагаараа хөдөлж байгаа биетийг ямар төлөвт байгааг нь амдаж дүрсэлдэг.
гэх мэт, гэх мэт...

Өнгө гэдэг байгаль дахь хамгийн том хуурмаг үзэгдлийн нэг аж. Түүнд эх хэл, хуучны дурсамж, тухайн үеийн сэтгэл санаа гэх мэт олон зүйл хүчтэй нөлөөлж байдаг.

Шинжлэх ухааны томьёоллоор бол өнгө гэдэг нь ялгаатай урт бүхий гэрлийн долгионууд. Тиймээс нэгэнт л ялгаатай долгионууд хойно хүнд үзүүлэх нөлөө нь ч ялгаатай байх нь зүй.

Таэквондогийн тэмцээнийг шүүтэл улаан өмсгөлтэй тамирчин нь илүү үнэлгээ авч ялав. Тэмцээний бичлэгийг дижитал боловсруулалт хийгээд хоёр тамирчны өнгийг сольтол үнэлгээ эсрэгээрээ эргэж, анх улаан байсан нөхөр ялагдаж орхих нь тэр. Ер нь тийм статистик тооцоо ч байдаг бололтой. Ойролцоогоор 2/3–ын магадлалтайгаар улаан булангийн нөхөд ялдаг гэж байгаа.


Дээрх үзэгдэл хөл бөмбөгийн тэмцээн дээр ч ажиглагддаг гэж болно. Английн лигт яагаад ч юм улаан өмсгөлтэй багууд ялах нь олонтаа байдаг.
Таэквондогоос ялгаатай нь, хөл бөмбөгийн ялагчийг тодорхойлдог нь шүүгч биш. Тийм ч учраас хөл бөмбөгийн хувьд өнгөний нөлөөнд автдаг нь шүүгч бус, тамирчид байдаг.

Улаан цэнхэр өмсгөлтэй тамирчдын шүлсний дээжийг шалгатал, стресстэй холбоотойгоор ялгардаг cortisol хэмээх гормоны агууламж нь өөр байна гэнэ. Нэг ёсондоо улаан тамирчид цэнхэрүүдийг бодвол стресс багатай, өөртөө итгэлтэй тоглоцгоожээ.

Үнэхээр ч бидэнд "улаан бол хүчтэй, цэнхэр бол сул" гэсэн сэтгэгдэл ухамсрын маань хаа нэгтэй байдаг мэт санагдана. Хөөрлийн гал улаан, эсвэл тайван хүйтэн цэнхэр гэх мэтийн зүйрлэл ч үүнтэй холбоотой биз ээ.

 Бидний өнгө ялгах чадвар нь орчний төлвөөс шууд хамаардаг. Улаавтар гэрлэн дор ямар ч зүйл улайж харагдаж, цэнхэрдүү өнгөн дор ямар ч зүйл цэнхэртэж харагдах жишээтэй.
Гэтэл бодит өнгийг нь урьдчилаад цээжилсэн дүрс болох банана мэтийг ямар ч ягаавтар гэрлэн дор тавиад шар өнгөтэй болж харагддаг гэнэ.


Энэ нь бидний тархинд байдаг өнгө тогтворжуулах шинж (color homeostasis) гэдэг хуурмаг үзэгдэлтэй холбоотой аж. Өнгөтэй нягт холбоотойгоор ухамсарт суусан аливаа биетийг ямар ч өөр өнгийн гэрэлд харсан яаж ийгээд л үндсэн өнгөөрөө харагддаг. Харагдах ч юу байхав, тархи бананыг хүчээр шараар будаж бидэнд үзүүлдэг байх нь. Харин зургийн аппаратанд тийм функц байхгүйгээс, цэнхэр бананыг цэнхэр чигээр нь л гаргаж орхих тул, дарсан зураг нүдээр харсантай авцалдахгүй байх явдал олонтаа ажиглагддаг аж.

Дараагийн сонин асуулт гэвэл
– Улаан цэнхэр өнгийн өрөөний алинд нь цаг удаан урсах вэ?


Өнгөц таамаглаад үзвэл, биднийг тайвшруулах үйлчилгээтэй цэнхэр өрөөнд байвал цагийг удаан мэдрэх болов уу гэж санагдах боловч, туршилтын үр дүн эсрэгээр гарлаа. Улаан өрөөнд цагийг дунджаар 20% уртаар мэдэрдэг юм гэнэ (1 минутыг 1 мин 11 секунд хавьцаа мэдэрдэг).
Хэдий эрдэмтэд ч гайхаж байгаа ч, тэдний тайлбар нь
– Улаан өнгө нь хүнийг түгшээдэг тул, сонор сэрэмж өндөр байж, өнгөрч буй агшин бүрийг хором хормоор мэдэрдэг байх. Яг л цагийн зүүг тасралтгүй ширтээд байвал цаг явдаггүйтэй адилаар. Харин цэнхэр өрөөн дотор, тайвширсан хүмүүс ангайж хэвтэж байтал сүр сар гээд цаг нь урсдаг болов уу.

...Баарны дотоод засалд улаан зонхилох нь түгээмэл боловч, нэгэн баар албаар цэнхэр засал хийж, үзэсгэлэнтэй хүүхнийг улам үзэсгэлэнтэй харагдуулахаар зорьжээ.


Төсөөлснөөс өөр явдал ажиглагдсан нь орой 10 цагаас хойш өрнөв. Тайвшруулах үйлчилгээтэй цэнхэр гэрлэн доор, хүмүүс харин ч хөөрөөд ирэх нь тэр. Баарны орлого ч цойлоод өгсөн нь мэдээж.
Улаан гэрэл байсан бол хүмүүс хөөрөхийг ойлгож болох ч, тайвшралын цэнхэр дор, очиж очиж зүүд нойрны 10 цагаар яагаад хүмүүс гэнэт намираад унав??

Шалтгаан нь хүний биеийн дотоод цагтай холбоотой гэнэ.
Хүн гэрлийг мэдэрснээр сэрж бас нойрмоглож байдаг. Тэр унтраалгад нөлөөлж чаддаг нь, зөвхөн цэнхэр гэрлийн долгион аж. Цэнхэр долгион бидний дотоод цагийг удирдаж байдаг хэрэг.

Тэгвэл яагаад зөвхөн цэнхэр долгион хүний цагийг зохицуулдаг юм бол?
Түүнийг мэдэхийн тулд бидний амьдралын уртаас урт эх түүхийг судлах шаардлагатай.

Амьдрал анх далайд үүссэн бөгөөд, тэндээ амьдарсан үлэмж урт хугацаандаа зөвхөн тэнгэрийг харж л амь зуудаг байж. Тэнгэр цагтай хамт өөрийн төлвөө ч бас хувиргана. Тэрхүү хувирлыг дагуулж, анхдагч амьтад нэгэн чухал аюулаас биеэ хамгаалдаг байсан нь "хэт ягаан туяаны долгион" юм. Тэд тэнгэрийн өнгө цэнхэртэх үеэр далайн гүнрүү шумбан дүрвэх авч, тэндээ удаан байвал нарны энерги дутагдаж эхлэх тул, цэнхэр туяа суларч үд унах үеэр хөвөн гарч ирдэг байв.
Ийнхүү цор ганц түшиг болох тэнгэрийн төлөвийг баримжаалж явсаар, цэнхэр болон шар өнгийг цээжилж сурчээ. Амьд байгалийн өнгөний түүх цэнхэр шар өнгөнөөс эхэлсэн бололтой юм (шар гэдэг нь цэнхэрийн гүйцээлт өнгө).

Нэлээдгүй хугацаанд амьтад цэнхэр шар ертөнцөд амьдарч ирсний дараа, нэгэн төрлийн амьтад улаан болон ногоон өнгийг мэдэж чадсан нь үлэмж том дэвшил байлаа. Тэр амьтан болбоос өөр хэн ч бус, хүн бид болох Сармагчны овог (Хүн дүрстнүүд) юм (ойролцоогоор 40 сая жилийн өмнөөс).
Энэ чадварыг эзэмшсэнээр сармагчингуудын хөгжил огцом хурдассан гэж үздэг.

Төрөлхийн бус олдмол мэдлэг болох ногоон улаан нь, тэрхүү суралцаж эзэмшсэн процессоо дагаад хүн болгоны хувьд янз бүрээр төлөвшинө. Үүний бэлэн жишээ нь дээрх Химбачууд юм.

Өнгө гэдэг, өнгөц бодоход бүгд л эрх тэгш мэт санагдавч, үнэндээ түүхээс харвал эхлээд цэнхэр болон шар өнгө байж, дараа нь ногоон болон улаан өнгө бий болсон байх нь. Тийм ч учраас бидний суурь ухамсар цэнхэр (эсвэл шар) болон улаан (эсвэл ногоон) өнгөнд хэт алагчилж ханддаг юм гэнэ.

Тэгэхээр өнгө гэдэг маань бүгд эрх тэгш биш юм байна. Миний харж байгаа цэнхэр болон шар өнгө танд ч бас ижилхэн харагдаж байгаа гэж хэлж болох авч, олдмолоор суралцсан ногоон болон улаан өнгө та бидэнд харилцан адилгүй мэдрэмж төрүүлдэг байхыг үгүйсгэх аргагүй.
Тийм ч учраас гал улаан бэлгэдэл гээч нь үнэнхүү гүн ухаанлаг шинжтэй хэлц гэж болмоор. Хүн бүрийн хувьд өөр сэтгэгдэл төрүүлэх дүрэлзсэн улаан өнгө нь тунчиг байгаллаг үзэгдэл билээ.

Нийгэм гэдэг хүн бүрийг эрх тэгш байхыг хүсэмжилдэг авч, үр дүн нь эсрэгээрээ эмгэнэлт харгислал болох нь бишгүй. Учир нь байгаль эхийн өгөгдөл хэзээ ч эрх тэгш байдаггүй бөгөөд, түүхийн урт давалгаа үргэлжид тэгш бусыг төрүүлж байдаг. Түүх урт байхын хэрээр ив ижилхэн замаар замнагсад үгүй болж, амьтан, хүн, улс, хот, бие хүн нэг бүрчлэн өөр өөр түүхийг туулна. Тэрхүү түүхийн ялгаа их байх тусам тэдний хоорондох эрх тэгш бус байдал гүнзгийрнэ.

Харин байгаль эхэд эрх тэгш байдлыг хүсэмжлэх шаардлага огтоос үгүй. Эрх тэгш бус байх нь харин ч зүйлийн төрөлжилт хэмээх байгальд тэсвэртэй эерэг шинж чанарыг хадгалж өгнө.

Өнгө хүртэл эрх тэгш бус болохыг хүлээн зөвшөөрөх нь амьдралын мөн чанарыг зөв үнэлэхэд тань дэм болж юуны магад биз ээ.


8 comments:

Oyunerdene said...

Сонирхолтой нийтлэл байна.

Anonymous said...

aaviig eej ungu yalgadaggyi geed shoolood baidiin....

Anonymous said...

bidnii harj baigaa yums muur vheriin nvdend yamar haragddag boloo

Anonymous said...

Миний уншихыг хүсдэг зүйлүүд энд байж байна,баярлалаа

Puujee said...

Гайхалтай юм!

Unknown said...

Сайхан нийтлэл байна, баярлалаа

Unknown said...

бид харахыг хүссэн зүйлээ л хардаг гэдэг бил үү. үүнчлэн өнгийг бодлоор нэрийдэн улаан ногоон гэж байгаачлан бусад бүхий л мэдрэмж хүрэлцэхүйг тийн нэрийддэг байх нь.хэрвээ өмнийн нэрийдэх туршлага байхгүй бол бид юу ч харахгүй мэдрэхгүй буюу нэрийдэхгүйгээр харагдах боломжтой гэрэл байдаг гэюэл түүийг л харах нээ.

ТОМё БОДё said...

ингэж харагддаг гээд танд үзүүлбэл та тэрий нь харахдаа ахиад өөрийнхөөрөө хувиргачих байх.

Post a Comment