Pages

Сэдвүүд

2012/11/27

Өндөр секунд

Бидэнд, мэдчихмээр ойрхон мөртлөө мэддэггүй зүйл бишгүй олон.
Энэ жил бол олимптой жил буюу өндөр жил. Энэ нь нарны тооллын системийн бутархай хэсгийг нийлүүлж байгаад, энэ жилд 1 өдөр болгон нялзааж орхисон учраас юм.
Үнэндээ олимп, өндөр жил хоёр огтоос хамааралгүй л дээ. 2100 онд олимп болдогоороо болж болох юм. Гэхдээ 2100 он бол өндөр жил биш.

Хэдийгээр бид дэлхийн тэнхлэгээ тойрч эргэх мөчлөгийг цагийн хэмжүүр гэж боддог ч, яг үнэндээ цаг хугацааны хоёр янзын хэмжүүр ашигладаг. Түүний нөгөө нь атомын цаг юм.
Энэ нь 20–р зуунд нээгдсэн атом гээч зүйлийн хөдөлгөөн дээр тулгуурлаж хийсэн эд.
Харамсалтай нь энэ хоёр хэмжүүр маань зуузай холбон довтолгох тул, байсгээд дунд нь зөрөө үүсч орхидог. Үүнийг зохицуулдаг нь Өндөр секунд юм.

Зөрөө үүсдэгийн шалтгаан нь, дэлхий маань жигд бус эргэдэгтэй холбоотой. Тэглээ гээд дэлхийг буруутгаж байгаа юм биш л дээ. Хоёрхон юм хоорондоо зөрсөний төлөө хэнийг нь буруу гэх билээ. Хэт жигд ажилдаг гээд атомын цагийг буруутгаж байгаатай л ижил.

Хэр жигд ажилдаг юм бэ гэвэл, 7 тэрбум жилд ганц л секундээр зөрөх магадлалтай. Түүний дэргэд дэлхий маань саранд татагдах, газар хөдлөх гэх мэтээр даялсаар, хэдэн жил өнгөрөхөд тэр зөрөө нь 1 секунд болон хуримтлагддаг байна. Үүнийг анзаарсан хүн төрөлхитөн 1958 оноос атомын цагийг албан ёсоор ашиглаж, түүнээс хойш 55 жилийн турш нийтдээ 25 удаа өндөр секундын зохицуулалт хийгээд байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн маань сүүлийн 55 жилийг тооцоолсоноос 25 секунд удаан эргэжээ гэсэн үг.

Хүн бол ганц секундын наана цааныг анзаарахгүй л дээ. Нэг өдөрт л 86,400 секунд байдаг хойно. Харин компьютерийн ертөнцөд бол "ганцхан секунд" гэж тойм ярихын арга байхгүй. Ганц секунд байхад л хүний иргэншилийг сүйрүүлэхэд хангалттай ч байж мэднэ.

Жишээ нь, энэ жилийн 7 сарын 1нд болсон өндөр секундын зохицуулалтан дээр (өмнөх нь 2008 оны 12 сард болсон) дэлхийн том том серверүүд crash хийн тасалдсан байна. Тодруулж хэлбэл, Java гэдэг програмыг ашигласан системүүд газар сайгүй осолдож, үүнд нь LinkedIn, foursquare, Yelp, StumbleUpon, Gawker, mixi, au, Mozilla мэтийн компаниуд өртсөн гэнэ.

Ерөөс дээрх хоёр хэмжүүр маань аргачилалын хувьд тэс өөр юм. Нэг нь харьцангуй цаг бөгөөд, дэлхий нэг тэнхлэгээ эргэхийг нэг өдөр гэж үзээд, түүнийгээ 24 цаг, 60 минут, 60 секундэд хувааж тооцдог. Харин нөгөө нь абсолют цаг бөгөөд, Цезий 133 гэдэг атомын хөдөлгөөний мөчлөгийг 9,192,631,770 аар үржүүлж нэг секундыг тооцдог (туршилтаар гаргаж ирсэн тоо учраас онцын утга учиргүй). Нэг ёсондоо, нэг нь бүхлийг хуваах замаар хэмждэг бол, нөгөө нь бутархайг цуглуулах замаар хэмждэг гэсэн үг.

Юмыг мэдэх тусам нарийн болж ирдэг нь яршигтай. Хүмүүс бидний цагийн баримжаа уул нь илүү сар тооцдог байсан тэр үеийнхээ л хэвэнд байгаа шүү дээ. Харамсалтай нь, орчин үеийн өндөр технологи цагийн гажилтыг нэгэнт хүлээн зөвшөөрөхгүй болж. Тэднийг, 1 секундээс илүү гажилт үүсэхгүй гэсэн урьтач нөхцөл дээр суурилж схемчилдэг. Харин бид бол тэр технологиосоо хөндийрөх аргагүй хамаарал дунд амьдарч байна. Ядахад яр гэгчээр дэлхийн эргэлт улам удааширсаар, ирэх зуун гэхэд жилийн 2 секунд өндөрлөдөг болох гэнэ.

Магадгүй ойрын ирээдүйд өндөр доль, өндөр нано секунд гэж хүртэл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Энэ ертөнц улам бүр өндөр нарийвчлалтай болсоор л байна. Бидэнд нэгэнт буцах зам үлдээгүй бололтой...

No comments:

Post a Comment