Pages

Сэдвүүд

2012/12/12

Хос нүхний туршилт (2р хэсэг)


Хос нүхний туршилтан дээр, ердөө л электрон буудах темпээ өөрчлөх төдийд
– Электрон бол БӨӨМ
– Электрон бол ДОЛГИОН
гэсэн хоёр өөр дүгнэлтэнд хүрэв.

Тэгвэл үүнийг илүү нухацтай бодож үзье л дээ.
– Үнэхээр туршилт А дээр, электрон нь ДОЛГИОН байхаас өөр аргагүй юм уу? Эсвэл туршилт В дээр, электрон нь БӨӨМ байхаас өөр аргагүй юм уу?

Үнэнийг хэлэхэд гарцаагүй тийм байх албагүй юм.

Бага зэрэг хүчиндэж тайлбарлаад, хоорондын зөрчилийг нь арилгачих бүрэн боломжтой. Үүнийг дараах хоёр вариантаар хувааж үзье.
  • Хэрвээ электрон нь ДОЛГИОН байсан бол
Хэрвээ электрон нь ДОЛГИОН байсан бол, туршилт А–д ямар ч гайхах зүйл байхгүй. Гайхмаар нь туршилт В юм. Яагаад дэлгэцэн дээр ганц цэг үүссэн бэ? Яагаад хоёр нүхний зөвхөн нэгээр нь электрон өнгөрч байна вэ?

Гэвч, электрон гэдэг ДОЛГИОН нь асар нарийхан, үл ялиг долгион юм гэж үзээд, тийм учраас хоёр нүхний зөвхөн нэгээр нь нэвтрээд байгаа юмаа гээд гөрдсөн ч болох л асуудал юм. Бас, асар нарийхан, үл ялиг долгион юм болохоороо дэлгэцэн дээр цэг шиг ором үлдээсэн юмаа гэсэн ч болно. Тийм л цэг шиг нарийхан долгион гэсэн үг.

Тэгэхээр электроныг ДОЛГИОН гэж үзвэл, туршилт А–г ч, туршилт В–г ч тайлбарлах боломжтой байх нь.
  • Хэрвээ электрон нь БӨӨМ байсан бол
Хэрвээ электрон нь БӨӨМ байсан бол, туршилт В нь илэрхий явдал юм. Асуудал харин туршилт А дээр үүснэ.

Гэвч, туршилт А дээр, нэгэн зэрэг бөөн электроноор буудсан гэдэг нөхцөлийг бодолцож үзвэл, "хоёр нүхээр нэвтэрч гарсан бөөн электронууд хоёр хэсэг болж хуваагдаад, дэлгэцний өмнө хоорондоо холилдож мөргөлдөж байгаа" байдлыг хялбархан төсөөлж болох биз. Тэгээд тэр мөргөлдөх процесс дунд нь, электронууд ямар нэгэн голдирол үүсгээд, үр дүнд нь цэвэрхээн гэгч нь тахьны хээ болон тогтжээ гээд тайлбарлахад болохгүй гэх газаргүй юм.

Өөрөөр хэлбэл, электронуудын үүсгэсэн интерференцийн тархалтын тод хэсэг дээр нь олон электрон тусаж, бүдэг хэсэг дээр нь цөөн электрон тусжээ гэсэн үг.

Ийм байдлаар чичрээд дайрвал үнэндээ болохгүй гэх газаргүй. Тэр чичрэлт нь үнэндээ ямар ч эрс буруу шаасан явдал байлаа гээд
– Электрон бол БӨӨМ бөгөөд ДОЛГИОН юм
гэсэн эвэртэй туулай шиг ярианы дэргэд хавьгүй шинжлэх ухаанч сонсогдох байлгүй.

– Тийм юм бол тэгээд хаанаас тэр "электрон бол БӨӨМ бөгөөд ДОЛГИОН юм" гэсэн гаж яриа гарсан юм бэ?
гэж та гайхаж байна уу?

Энэ бол, туршилт С–г яагаад ч эвтэйхэн тайлбарлаж чадахгүй байгаа учраас юм.

Үргэлжлэл – Хос нүхний туршилт (3р хэсэг)

No comments:

Post a Comment