Pages

Сэдвүүд

2012/10/26

Танзани. Алт болон шидтэнүүдийн орон


Танзани гэдэг улс урьд өмнө тэгтэлээ алт олборлож байсангүй. 10 гаруй жилийн өмнөх тоог харвал жилдээ 10 тонн ч хүрэхгүй.
Тэгтэл 2000 оноос хойш алтны экспорт нь нүд сэргэтэл өсөв. Хоромхон зуур жилийн 40 тонн хүрч, оргил үедээ 50 ч шахаж байлаа. Өнөө үед Танзани нь алт экспортоор Африк дотроо эхний гуравт бичигдэх сэхүүн нэгэн болсон.

Алт олборлолтын өсөлтөнд хамгийн том үүрэг гүйцэтгэгч нь гадны хөрөнгө оруулалт. Канад, Австрали, Өмнөд Африкийн аварга акулууд Танзанийг "алтан гулдмай" болгож өгсөн юм.

Энэхүү алтны бүүм, Танзаний ДНБ-ий хэмжээг сүүлийн 10 жилийн дотор даруй 2 дахин хөөргөж, "Африкийн онц сурлагатан" нэрэндээ тохирохуйцаар даяаршилын салхинд идээшсэн билээ.
  • Баялагийн төвлөрөл
Даяаршил хэмээх үзэгдэл нь, хуучны зам хаалтыг зайлуулангаа, шинээр зам хаалт үүсгэн урагшилдаг эд аж. Эдийн засгийн эрх чөлөөг дагаж хувийн хөрөнгө үер мэт урсаж ирэхэд, цөл шиг ядуу Танзани түүнийг жигд шингээж амжилгүй, баялаг нэг туйлдаа төвлөрч орхив.
Үр дүнд нь Танзаний хамгийн том хот Dar es Salaam-д нийгмийн чинээлэг хэсэг нь төвлөрөн суурьшиж, хязгаар нутгийнхантай харьцуулахад дундаж орлого нь дор хаяж 3 дахин болтолоо ялгарав. Харин хүн амын гуравны нэг болох 15 сая иргэд өдрийн 1 долларын төсөв бүхий тарчиг амьдралтайгаа хэвээр хоцорчээ.
Хийнд эрх чөлөө өгөхөд хандсан зүгтээ жигд тархдаг бол, эдийн засгийн баялаг гээч нь, эрх чөлөө өгөх тусам, улам бүр голдирол үүсгэн хөдөлж, явцуу хэсэгт хуримтлагдах хандлагатай этгээд нэгэн бололтой.
  • Нинжа
Хөдөөний ядуу тосгонд өдрийн 600 шиллингээр (500төгрөг) амь зуудаг хүн цөөнгүй. Харин алтны уурхайд ажил хийвэл хүүхэд ч бай 4000 шиллинг (3500төгрөг) олох боломжтой. Тийм болохоор хүн болгон л уурхайчин болохыг зорино.
Гэтэл уурхайн зүгээс тэдэнд тулгадаг ажил гэвэл энгийн хар ажил, эсвэл дан хортой ажил. Үүнд нь гэдийсэн Танзаничууд хэлээ гарган хигжүүрхэх боловч, яваад өгсөн хойно нь хүлээж авах цор ганц хөрөнгө нь алтны шороо юм.
Алтны шороо гэдэг нь дотроо шалихгүй хэмжээний алт агуулсан үлдэгдэл шороо. Гадны компаниудын хувьд ашиггүй хогон уул боловч, нутгийн иргэдийн хувьд яг л тэр утгаараа "алтан уул" билээ.
Тэрхүү алтны шороог өдөржин лантуудаж нунтаглаад, усанд зайлж алтыг нь угаахад өдөртөө 1 - 2 грамм алт гарна. Грамм алтны захын ханш нь 63,000 шиллинг буюу 50,000 төгрөг хавьцаа.
  • Өрсөлдөх чадваргүй үндэсний уурхайнууд
 Танзаний алтны уурхайнууд ээлж дараалан гадны хөрөнгө оруулагчидын гараар дамжиж, алтны шороо болон нутгийн иргэдэд буцаж ирэх дунд, Няамафна уурхай л Танзани хүний удирдлага дор ажиллах нь содон.
Гэвч түүний менежмент нь байнгын бэрхшээлтэй. Гадны уурхайнууд аварга том машин техник оруулж ирэн хөрсийг улаанаар нь эргүүлж байхад, Няамафна уурхайн ажил зөвхөн гар аргаар урагшилна.

Уг уурхайн 36 амыг бүгдий нь хөрслөг эрчүүд нүцгэн гараараа ухсан юм. Бага оврын өрөм ч байхгүй тэд, хүний ганц лоомоор бүхнийг амжуулжээ. Ухаж гаргасан шороогоо бас л бяцхан лантуугаар цуцалтгүй нүдэж нунтаглана. Ингээд нунтаг шороогоо усаар зайлаад, мөнгөн усаар алтыг нь ялгаж авах бөгөөд, тэр нь бас л нүцгэн гараар. Мөнгөн ус нь алтанд очиж наалддаг шинжтэй учир, үртэс төдий алтыг ч мөнгөн усаар сорон цуглуулж болдог юм байх. Эцэст нь шороогоо гарны алчууранд боож шүүхэд, мөнгөн ус нь алчууранд шингэж, үрлэн алт тунаж үлдэнэ. Тэрхүү үрлээ нүүрсний галд халааж шороог нь унагахад сая эцсийн бүтээгдэхүүн болох аж.

...Тэр өдөр олборлосон нийт алтны хэмжээ 20 грамм байлаа. Түүнийгээ тухайн өдрийн ханшаар тооцоод 1.5 сая шиллинг (1.25 сая төгрөг) олжээ. Харин тэр уурхайд нийт 300 хүн ажилдаг. Яаж ч бодсон уурхайн ажлыг залгуулахад хүрэлцэхүйц орлого биш. Гэвч сүүлийн үед үүнээс илүү алт гарахаа больсон гэх.
  • Засалчидын мандалт
Алтны гаралт муу байгаа нь зөвхөн Няамафна уурхайгаар зогсохгүй, нийт Танзани даяар тийм хандлагатай байгаа аж. 2000 оноос огцом өссөн алтны олборлолт 2005 он гэхэд оргилдоо хүрээд буужээ.

Газар газар шинэ уурхай дагаж нүүдэллэх гадны компаниудын хувьд ашгаа алдахгүй яваад байж болдог ч, төрсөн нутгаасаа өөр гишгих газаргүй уугуулчуудын хувьд алтны судал төгсөх нь, аз төгсөх явдал ч гэж хэлж болно.

Алтны гарц муудахтай зэрэгцэн дуу дуугаа авалцаж мандсан нь, Танзаниар нэг хөлхөх засал хийгчид байлаа. Засалчид л засаад өгвөл, хоосон уурхайгаас ч алт дахин цутгадаг гэлцэнэ.
  • Шившигдсэн уурхай
Алтны гарц нь илт муудсан дээрхи Няамафна уурхайн эзэд ч жишгийн дагуу нэгэн засалч урьж авчирлаа. Тэгтэл засалч нэгэн хурц үнэртэй бодис шатааж эхлэхэд, түүний утаанд улаан өнгийн бичиг битүү шивсэн нэгэн цаас гаргаж утав. Уг бичиг нь
– Алт улам гарах болтугай
маягийн утгатай юм гэнэ.
Утаанд нэвчирсэн цаасаа усанд дүртэл, улаан будаг нь уусан тархав. Улаассан усандаа, тийрэн дурладаг гэх далайн ус болон, тийрэнг хөөдөг гэх тос хийж холиход бэлтгэл ажил дууслаа.

Засалчийн хэлж буйгаар, алт гарахаа больсон нь алтны хоолой нь шившигдэж, тийрэн орогносон юм байх. Ингээд дээрх бэлдсэн эмээ алтны хоолой руу цацсанаар тийрэн хөөгдөх гэнэ.
– Энэ эм алтыг өөртөө татдаг байхгүй юу. Одоо ингэсгээл алт гараад ирнэ дээ
гэсээр засалч уурхайг орхиж одлоо.
  • Зальхай засалчид
Түүнээс хойш юу болсон бэ гэвэл, харамсалтай нь онцын өөрчлөлт юу ч гарсангүй.
Аягүй бол тэр, зальхай засалч байсанаас зайлахгүй.
Сүүлийн үед Танзанид иймэрхүү зальхай засалчид ер тасрахгүй байгаа юм. Түүгээр ч тогтохгүй, гэнэт тодрон гарч ирсэн тэдгээр зальхайчуудын гайгаар газар сайгүй нийгмийг хамарсан асуудлууд үүсээд байгаа аж.

Хэдэн жилийн өмнө, хүүхэд алаад биеийнх нь хэсгийг заслын эм болгож ашигласан хэрэг гарчээ. Хэдийгээр үүнээс үүдэн орон даяар "залилан ажилгаа" эрчээ авсан боловч, хүмүүсийг онхолдуулан хулхидах явдал Танзанид амархан хэвээрээ л байна.

Дээрх байдалд эгдүүцэх "уламжлалт засалчид" тунчиг бухимдуу байна.
– Хүний биеэр эм хийдэг гэж сонсож байсан удаа үгүй. Муу сайн юмнууд мөнгө олохоо л бодохоос, засал гэж юу болохыг үнэндээ мэдэхгүй шүү дээ...
Тэд мөн ийн захина
– Засал гэдэг чинь мөнгө олох хэрэгсэл биш юм шүү. Хүний тусын тулд хийдэг ажил юм.
  • Амьд өргөл
Няамафна уурхайн хүмүүс, зальхай засалчид молигодуулжээ гэсээр, энэ удаа нутаг усандаа нэр хүндтэй нэгэн уламжлалт засалчийг залахаар болов.
Шинээр уригдсан тэр засалч уулан дээр хөл тавьбуу үгүй юу зогтусав. Тэндээс цаашлан алхах тусам царай нь улам ширүүн болно. Тэгсэнээ
– Энд амьд өргөл барьсан уу?
гэх нь тэр. Үнэхээр ч, өмнө нь зальхай засалчийн үгээр энд амьд өргөл хийж булсан байв. Тийрэнг хөөж явуулах зорилгоор булж орхисон амьд өргөл нь, эсрэгээрээ энэ ууланд тийрэн бүгэх шалтгаан болжээ.
  • Биедээ тохироогүй хувцас
Ингэхэд засалч гэдэг эрлэгийн элч юм болов уу, сахиусан тэнгэр юм болов уу?
Басхүү гадны компаниуд гэж аврагчид уу, цөлмөгчид үү?

Гадны хөрөнгө оруулалтын урсгал тус улсын ДНБ–ийн тоог өсгөж, Танзанийг юутай ч баян мэт харагдуулна. Гэвч гадны хөрөнгөөр бий болсон тэрхүү хувцас, биенд үл тохирох эв хавгүй тул, ард түмэн жихүүн бодолдоо бүдчисээр л явна.

Дээрхи уламжлалт засалч ийн хэлнэ
– Өнөөгийн танзаничууд, биедээ тохирсон үндэсний хувцасаа тайлж хаяад, гадны хувцас өмсөж өрсөлдөж байна. Ийм хувцас бидний биенд хэзээ ч зохих нь үгүй.

Бидэнд бидний гэх хувцас байсаар атал, цагаан арьстнуудыг дуурайн дагалдаж, байх ёстой төрхөөсөө алсран холдсоор байна.
  • Алдагдсан социалист нийгэм
Санахнээ, Танзаний тусгаар тогтнол нь барууныхны эсрэг хөдөлгөөнөөс үүссэн юмдаг. Олон үеэрээ колони болж Англи дөнгөнд хадагдсан Танзаничууд, цагаан арьстануудыг яс махнаасаа үзэн ядах аж.
Тиймдээ ч тусгаар тогтносоныхоо дараа, барууныхныг эсэргүүцэж социалист замналыг сонгосон билээ. Мэдээж европ Оросоос бус, ази Хятадаас социализм импортолж, үр дүнд нь Өмнөд Африк, Родесия, Мозамбикчуудтай ана мана нүдэлдэлдэсээр ирж.

Харамсалтай нь, газар тариаланг дагнаж өндийсөн Танзани социализм, уг хэмнэлдээ нэг л орсонгүй. Умажа хэмээх нэгэн бригад байн байн ганд нэрвэгдэж, ундны усаар тасарсаар төгсөх нь тэр.

Ийнүү социализмд эргэлзсэн танзаничууд ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийг далимдуулж, эрх чөлөөний зүг залуураа чиглүүлэн эргэвээ. 90 ээд оны үед өмч хувьчлалыг эрчимжүүлж, дотоод эдийн засаг эгшин зуур өсөв. "Африкийн онц сурлагатан" хэмээн өрнөдүүдэд цоллуулах болсон нь ч тэр үеэс эхтэй.
  • Сэжиг
Харин одоо онц сурлагатанууд маань бас дахин эргэлзэж эхлэв.
- Ингэхэд ер нь хожоод байгаа нь хэн юм бол? Гадны компаниуд уу? Засгийн газар уу?
Ямар ч байсан "ард түмэн" бол энэ асуултын зөв хариулт биш нь ойлгомжтой. Статистик тоонууд өсөх тусам, ард түмэн тэр тоонуудад хаягдсаар байгаа.

Түрхэн зуурын уурхайн ажил ч, цаг нь ирэхээр "баярлалаа, баяртай" гэсээр одно. Тэндээс үлдэх алтны шороог гомдолын мөр дахин дахин самрахаас өөр юу ч хийлтэй билээ. Социализмын гэрэлт ирээдүйгээсээ хагацсан тэд, арга буюу хөрөнгөтний шороон замаар гэлдрэх боловч, зам нь ахих тусмаа улам нарийссаар л...
  • Хуучны анд Хятад
Цөхөрсөн Няамафна уурхайн сүүлчийн найдвар нь хятадын хөрөнгө оруулалт болов. Өнөөг хүртэл хараахан бодитоор хөрөнгөө оруулаагүй ч, Танзаничуудын хувьд Хятад хүн л хамгийн найдаж болох түшиг болсон юм.
Тусгаар тогтнолоос хойшхи урт удаан найрамдалт харилцаатайн хувьд,  Хятад гэдэг нь огтхон ч хар санах учиргүй анд. Хэдий тийм ч, Хятадын компаниуд танзанийн уурхайнуудыг цөлөмчөөд явчихгүй гэсэн баталгаа хаана ч байхгүй нь бодит үнэн...

Ерөөс, Танзанид социализм нуран унасны цаад шалтгаан нь, Хятадын уламжлалт социализмыг огтхон ч хүлээж авалгүй, өөрсдийн цаасан дээрхи бодлогоо хэт дагасаных гэлцэх нь бий.
Харин зах зээл үүдээ нээснээс хойш, тэрхүү цаасан бодлого нь улам бүр хуйларч орхио биз.

Ухаад эхлэхэд нэг л өдөр дуусдаг алт. Үлдэгдэл нь ердөө л шороон уул, хуйларсан нийгэм.
Килиманжарогийн өндөр оргил тэдний явдалыг тухлан тольдох мэт амгалан дүнхийсээр байх ажээ...



No comments:

Post a Comment