Pages

Сэдвүүд

2012/10/09

Харьцангуйн онол

- Хялбархан тайлбарлаж чадахгүй байгаа бол бүрэн ойлгоогүйн шинж
гэж суут Эйнштэйн хэлсэн юм гэдэг.

Харин түүний нээсэн Харьцангуйн онолыг хэр олон хүн ойлгодог юм бол доо.

Бид нэрий нь сонсоод л
- за даа, ойлгоход их л бэрх байх
гэж сүрддэг ч, үнэндээ гол санааг нь ойлгочихвол Харьцангуйн онол нь тийм ч хэцүү яриа биш юм.

Тэгэхээр Харьцангуйн онол анх бий болсон үүх түүхээс нь хальт сонирхъё.

Ерөөс 1900 оны тухайн үед Michelson-Morley гийн туршилт гэгч нэгэн алдартай туршилт мэдэгдээд байсан бөгөөд, тунчиг хачин жигтэй уг туршилтын үр дүнг тайлбарлах гэж эрдэмтэн судлаачид цоо шинэ физикийн онолын эрэлд хатаад байсан үе юм.

Тэр туршилт болбоос
- Аль ч зүгээс дэлхий дээр ирж байгаа гэрлийн хурд нь ижилхэн
гэсэн үс өрвиймөөр зүйл байж.

Юунд нь үс өрвиймөөр юм бэ гэхээр,
дэлхий гэдэг маань дээр нь байхад хөдөлгөөнгүй юм шиг хэрнээ, үнэндээ төсөөлөшгүй хурдаар сансар огторгуйгаар давхиж, басхүү давхилтан дундаа эргэлдэж байдаг.
Тийм атал дэлхийн хөдөлгөөнөөс үл хамаараад, аль ч зүгээс дэлхий дээр бууж байгаа гэрлийн хурд нь тогтмол байна гэнэ.

- Хачирхалтай байгаа биз?

Төсөөлөөд үз дээ. Та 5км/цаг хурдтайгаар алхаж явна. Харин таны өөдөөс 50км/цаг хурдтай машин ирж явна гэе.

та(5км/цаг)                              машин(50км/цаг)
------------------->                        <-------------------------

Энэ үед машин таны хажуугаар 50 + 5 = 55км/цаг хурдтайгаар зөрөх болно.
Хэрэв та яг эсрэг чиглэл рүү явж байсан бол, машин таны хажуугаар 50 - 5 = 45км/цаг хурдаар зөрөх ёстой.
Үүнтэй адилаар, машиныг гэрэл, таныг дэлхий гээд бодох юм бол, дэлхийн чанх өөдөөс ирж байгаа гэрэл, эгц хойноос ирж байгаа гэрлийн хурд өөр байх учиртай.

Гэтэл Michelson-Morley гийн туршилтаар бол тийм биш гэнэ.

Энэ бол зөрчил юм.

- Одоо тэгээд яах вэ?
- Яах юу байх вэ, зөрчил гарсан үед яах ёстой билээ?
- Яг тийм. Зөрчил үүсэхгүй байхаар шинэ аксиом нэмчихэд л болоо.

Эйнштэйн ч яг тэгж бодож.

Хэмжигчийн төлөв байдлаас үл хамаараад, гэрлийн хурд тогтмол байдаг гэсэн үр дүн гарсан юм бол, тэрийг олон таван үггүй хүлээн зөвшөөрвөл зохино.

Ингээд Эйнштэйн

- Гэрлийн хурд хэзээд тогтмол
гэсэн шинэ аксиом нэмж зохиогоод, цоо шинэ онолын систем босгож, түүндээ тааруулаад урьдын динамикийн хуулиудыг хүчиндэж гарсан хэрэг.


Яахуу гэхээр, хурд гэдэг маань

хурд  = зам ÷ цаг

тул, гэрлийн хурдыг тогтмол байлгахын тулд, зам цаг хоёрыг зохицуулахаас өөр аргагүй болно.
Тэгэнгүүт,
- Хэмжигч бүрийн хувьд, цаг хугацаа болон орон зай нь харилцан адилгүй
гэж үзэхэд хүрнэ.

Үүнийг л Харьцангуйн онол гээд байгаа юм.
- Биетийн хурд гэрлийн хурданд дөхөх тусамтүүний хувьд цагийн урсалт удааширч ирнэ.
- Биетийн хурд гэрлийн хурданд дөхөх тусамтүүний хувьд орон зай агшиж ирнэ
болж, энэ нь нэг ёсондоо
- Хөдөлгөөн хийвэл цаг удааширдаг
гэсэн үг болно. Үүнийг онол гэлтгүй, өдөр тутамдаа та мэдэрч байсан л байлгүй? (Арай ч үгүй юу?)

Харьцангуйн онол гээчийг Эйнштэйн гэв гэнэт л, нэг өглөө хүзүү нь гоёотохдоо ч юм уу бодоод олчихсон юм биш. Michelson-Morley гийн туршилтыг тайлбарлах гэсэн шинжлэх ухааны урсгал дундаас зайлшгүйгээр урган гарсан эд юм.

PS:
Гэхдээ энэ хүртлэх яриа бол үнэндээ Харьцангуйн тусгай онол гээч бөгөөд, Харьцангуйн ерөнхий онолын тухайд гэвэл...

- За дараа ярьж өгье.

4 comments:

ulmedeh said...

uushee yariad ogooch dee...

Unknown said...

Гоё бичих юм аа. Унших дуртай шүү.

ТОМё БОДё said...

удахгүй ярьж өгье

bilguun said...

дараа ярьж өгсөн нь хаана байгаан болдоо :))

Post a Comment