Pages

Сэдвүүд

2012/10/11

Тархи хуваалтын асуудал (1р хэсэг)

1960–аад оны үед, татдаг өвчтэй хүмүүст зориулж тархины дамнуур судсыг таслах мэс засал туршиж үзжээ.

Энгийнээр тайлбарлавал, татах өвчин гэдэг нь мэдрэлийн эсийн доголдлоос болж, бүх биеэр хэвийн бус сигнал цацагдаж, шөрмөс татах гэх мэтээр илэрдэг тархины эмгэг юм гэнэ. Энэхүү хэвийн бус сигналууд нь баруун зүүн тархийг холбох дамнуур судсаар дахин дахин хоёр тийшээ гүйж циклдэхэд таталт үүсдэг бололтой.
Эндээс тухайн үеийн эмч нар ингэж сэтгэж.
– Гүй ээ ер нь, энэ муу дамнуур судсыг тастаад хаячуул яадаг юм? Тэгвэл цикл үүсэхгүй, таталт ч багасна.
Тэгтэл үнэхээр ч асуудал шийдэгдэж, дамнуур судас таслах мэс заслын ачаар олон хүн татдагаа больсон гэнэ.

Заа тэгээд, судсаа таслуулсан эрэмдэгүүд цаашдаа юу болсон гэхээр, ер нь яагаа ч үгүй юм байх. Жирийн хүн шиг л жирийн амьдраад жирийгээд өгсөн аж.

– Хачирхалтай байгаа биз? Дамнуур судас тасарсан ч, хүнд онцын хүндрэл гардаггүй байх нь.
Түүгээр ч зогсохгүй нөгөө муу таталт нь ч арилж, ёстой нэг "ViVA〜, Тархи хуваалт" болсон хэрэг.

Гэсэн ч зарим эрдэмтэд тайвширч чадсангүй.
– Асар чухал судсаа таслуулчаад юу ч болоогүй өнгөрнө гэж хэрхэвч байх учиргүй. гарцаагүй ямар нэгэн өөрчлөлт гарсан л байж таараа.
Ингээд нарийвчлан судлах зорилгоор нэгэн туршилт явуулав.

Хуваагдсан тархитай хүн дээрх туршилт 1

Товчхоон хэлбэл,
– Хуваагдсан тархиных нь аль нэгэнд нь үсэг үзүүлээд, үзсэн үсгээ амаар нь хэлүүлэх
гэдэг туршилт.
Хүний хоёр нүд хоёулаа,
баруун хэсгээрээ баруун тархитай,
зүүн хэсгээрээ зүүн тархитай холбоотой
байдаг аж. Тэгэхээр цэх харж байгаа хүний баруун талд "аяга" гэдэг үг тавьбал хоёр нүд нь тэрийг баруун хэсгээрээ харах бөгөөд, харсан мэдээлэл нь зөвхөн баруун тархинд хүрэх юм.
Гэвч баруун зүүн тархи нь мэдээлэл солилцдог дамнуур судасгүй учир зөвхөн баруун тархинд очсон мэдээллийг зүүн тархи мэдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл "аяга" гэдэг үгийг зөвхөн баруун тархи л мэдэж байгаа.

За тэгчээд яах вэ гэхээр, өвчтөнд хандаж
– Хоёр нүдээ аньж байгаад саяын харсан зүйлээ зүүн гараараа сонгоно уу
гэж хэлнэ.
Тэгтэл өвчтөн маань зүүн гараараа тэмтчиж байгаад аяга хэлбэртэй гэж санагдсан зүйлээ сонгоно.
Дараа нь
– Сая та юу харсан бэ? тэрийгээ хэлнэ үү?
гэж асууна.
Тэгтэл гайхмаар юм болж, нөгөө өвчтөн чинь
– Юу ч хараагүй, мэдэхгүй.
гэх нь тэр. Харсаар байтал дөнгөж сая зүүн гараараа "аяга" сонгоод байсан шүү дээ.

Шалтгаан нь хүний хэл яриаг удирддаг нь зүүн тархи учраас тэр.
Зүүн тархи "аяга" гэдэг үгийг үзээгүй, тийм ч учраас "мэдэхгүй" гэж амыг ХЭЛҮҮЛЖ байгаа хэрэг.

Хуваагдсан тархитай хүн дээрх туршилт 2

Яг дээрх туршилтыг нөгөө тархины хувьд хийж үзэв.
Зүүн талд нь "халбага" гэсэн үг үзүүлээд бас л
– Зүүн гараараа сая харсан зүйлээ сонгоно уу
гэтэл юу сонгохоо мэдэхгүй байв. Дараа нь
– Сая та юу харсан бэ?
гэж асуутал
– "халбага" гэсэн үг
гэж хариулав.

Дүгнэлт

Дээрх туршилтыг дүгнэж хэлбэл, хальт бодоход туйлын хачирхалтай санагдах авч, шинжлэх ухаан талаасаа тунчиг илэрхий үр дүн юм.

Бодоод үз л дээ. Хоёр тархи хоёулаа л юу мэдэж байна түүгээрээ л хариулсан.
– Зүүн гарыг баруун тархи удирдах тул, баруун тархи харсан үгээ зүүн гараар сонгуулна, хараагүй бол юу ч сонгуулахгүй.
– Хэл яриаг зүүн тархи удирддаг тул, зүүн тархи харсан үгээ амаар хэлүүлнэ, хараагүй бол "мэдэхгүй" л гэж хэлүүлнэ.

Ойлгомжтой биз??? сайн байна.

Эсрэгээр нь хэлбэл, хэрвээ шинжлэх ухааныг давсан дээд орон зайд хүний сүнс, онгод... юу юу ч билээ тиймэрхүү юм байгаад, тэр нь үзсэн харсан зүйлээ баруун зүүн тархиар дамжуулан хийлгэдэг байсан бол дээрх үр дүн гарахгүй байсан биз. Харамсалтай нь тийм юм болсонгүй.

Юутай ч, туршилт ч дуусав. Шинжлэх ухаан ч тайвшрав. Эрдэмтэд ч амар сайхандаа жаргав. Бүх зүйл хэвийн гэж үзлээ...

...Гэвч... дээрх туршилтыг БИ гэдэг өөр дээрээ тусгаж, философи талаас нь тунгааж үзвэл...
Тэнд... шинжлэх ухаан ч, физикийн ухаан ч, анагаах ухаан ч, хэзээ ч, яагаад ч, шийдэж үл чадах, хачин жигтэй асуудал урган босох бөгөөд, түүнийг Тархи хуваалтын асуудал хэмээн нэрийдэх бөлгөө.

Үргэлжлэл – Тархи хуваалтын асуудал (2р хэсэг)

No comments:

Post a Comment