Pages

Сэдвүүд

2012/09/24

Галилей Галилео

Хүнд жинтэй биет, хөнгөн жинтэй биет, бүгд ижилхэн хурдаар унадаг.


Өнгөц бодоод үзэхэд, хүнд нь илүү хурдан унамаар юм шиг санагдана...



Үнэндээ дээр үеийн хүмүүс бүгд тэгж боддог байж. Тэд ч гэлтгүй, өнөө үеийн бид нар ч гэсэн, сургууль соёлоор явж номыг нь үздэггүй л юм бол тэгж л бодох биз.

Харин хаа байсан 1600 оны үед Галилей Галилео
- Хүнд биет, хөнгөн биет, бүгд ижил хурдаар унана
гэж анх хэлжээ.

Уул нь түүний улаан фенүүд амьхандаа дэмжих санаатай
- Галилей Итали дах Pisa-гийн хазгай цамхагаас юм унагах туршилт хийж байгаад мэдсэн гэсэн
гэдэг зохиомол цуу тараасан шиг байгаа юм.

Даанч, дэлхий шиг гадуураа агаар мандалтай газар бол, хөнгөн биет илүүтэйгээр агаарын үрэлтэнд өртөх нь мэдээж шахуу юм болохоор, барагтай бол хүнд нь түрүүлж унаж таарна.
Тэгэхээр хазгай цамхагийн туршилт этр хийх юм бол Галилейн хэлсэн үг няцаагдсаар байгаад таарах биз.

Үнэхээр л туршиж үзье гэвэл, үүнийг агааргүй вакум орчинд хийхгүй бол болохгүй. Харин тийм вакум орчин анх үүсгэж, бодитоор өд, үзэг хоёрыг унагаж, зэрэг унахыг нь тогтоосон нь, Галилей үхээд даруй 100 жил өнгөрсний дараах явдал юм.

- Тэгвэл Галилей яаж үүнийг мэдсэн юм бол?

Тэрээр ингэж сэтгэж л дээ.
Юуны өмнө доорх урьтач нөхцөл А-г үнэн гэж үзэв.

А: - Хүнд биет нь хөнгөнөөсөө хурдан унадаг.

Тэгчээд, хүнд хөнгөн хоёр биетийг хооронд нь утсаар холбож байгаад, дахиж унагавал яах бол гэж бодов.

Урьтач нөхцөл А ёсоор бол
- Хүнд биет нь хурдан унах тул, хөнгөн биетээ доош нь чангаасан байдалтай унана.
- Хөнгөн биет нь удаан унах тул, хүнд биетээ дээш нь чангаана.

Тэгэхээр, хүнд биет нь хурдан унах боловч, хөнгөн биет гэдэг шаврын хаалт хойноос нь чирэгдэх тул, тэрэнд татагдасхийгээд хурд нь бага зэрэг саарч, үр дүнд нь хүнд биет, хөнгөн биет хоёрын дундуур хурдаар унах болно гэж дүгнэсэн байна.

Ингээд бодохоор нэг ойлгомжгүй зүйл гарч ирж байгаа биз?

Бодоод үз дээ, хүнд хөнгөн хоёр биетийг нийлүүлж холбосон тэр зүйлийг, бүхэлд нь бас нэг биет гэж үзэж болноо доо?
Тэр биет болохоор, мэдээж анхны хүнд биетээс ч хүнд байх нь ойлгомжтой. Тийм юм бол, урьтач нөхцөл А ёсоор өмнөх хоёр биетээс ч илүүтэй хурдан унах учиртай. Тэгтэл төсөөлөөд бодохоор харин ч эсрэгээрээ удаан болох гээд байдаг.

- Нээрээ?? Ямар сонин болчив оо??
- Харин тэх.

Тэгэхээр ойлгомжтой, урьтач нөхцөл А л худлаа болж таараа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүнд хөнгөн биетүүд бүгд ижил хурдаар унадаг байх нь.

- Гайхалтай байгаа биз?

Ер нь, зүгээр нэг вакум орчин үүсгэж байгаад, юу ч юм унагаж үзсэнээ
- Тийм байна, зэрэг унадаг юм байна
гээд хэлэх бол, шуудхан хэлэхэд үнэндээ хэн ч чадна.
Харин түүний оронд, ямар ч туршилт хийлгүйгээр, тааз ширтэж суунгаа иймэрхүү юмыг толгойгоороо бодоод олчихдогууд нь л ЖИНХЭНЭ СУУТНУУД байдаг юм даа.

үргэлжлэл: Инерци ба Гравитаци

1 comment:

aNSeLMO said...

Тэгээд эцсийн дүндээ яг юу болж таарав

Post a Comment