Pages

Сэдвүүд

2024/10/29

Төр баялаг бүтээдэггүй?

"Төр баялаг бүтээдэггүй" гэдэг засрахаасаа өнгөрсөн супер тархи угаалт байх. Өнгөц сонссон масс үүнийг дараах байдлаар төсөөлөнгүүтээ тангад ном шиг цээжилчихнэ.

Нээрэн, төр чинь төмс тарьдаггүй, мал малладаггүй, хийдэг нь ердөө л баялаг бүтээгчдээс татвар хурааж аваад, буцааж тараах ажил л хийдэг (Монголд бол бүр долоон дор, дээгүүрээ хуваагаад идчихдэг). Тэгэхээр төр чинь ямар ч баялаг бүтээдэггүй, нийгмийн паразит юм байна.

Гэхдээ энэ удаад ахиад жаахаан толгойгоо ажиллуулах гээд үзэцгээе.

Юуны өмнө баялаг бүтээх гэж яг юуг хэлдэг юм бэ?

Маш явцуу утгаараа бол энэ нь ДНБ гэдэг тоонд чулуу нэмэрлэхийг хэлнэ. Яагаад явцуу вэ гэхээр, жишээ нь гэрийн эзэгтэй нарын (мэдээж нөхрүүд ч бас байлгүй яах вэ) гэрээ цэвэрлэж, хүүхдээ өсгөх ажил ДНБ-д ширхэг чулуу нэмэрлэдэггүй. Гэтэл тэдний чимээгүй хөдөлмөрийн ачаар нийгэмд ямар их баялаг бүтээгддэг гэж бодно? Хэрвээ эхнэрүүд бүгд өөрийнхөө гэрийг цэвэрлэхийн оронд хажуу айлынхаа гэрийг хөлсөөр цэвэрлэвэл Английн ДНБ даруй 60% өснө гэх тойм тооцоо байдаг ("Can’t We Just Print More Money?: Economics in Ten Simple Questions" номоос эшлэв). Уг нь хажуу айлаа цэвэрлэлээ гээд эцсийн үр дүн яг л хэвээрээ. Урьдын адил гэр цэвэрхэн, хүүхэд хоолтой, түрийвч ч турахгүй, ер юу ч өөрчлөгдөхгүй. Ердөө л "Чи манайхыг 5,000-р цэвэрлэчих. Би танайхыг 5,000-р цэвэрлээд өгье" гэсэн гэрээ л хийх төдий. Ингэж эдийн засагт бүртгэх төдийд л ийм агуу тоо гардаг хэрэг. Ингээд бодохоор ДНБ гэдэг илтгэцүүр ердөө л нэг тооны илбэ ч юм шиг.

Харин явцуу биш илүү гүн (мөн чанарлаг) утгаараа баялаг бүтээх гэдэг нь хүний нийгэм буюу бидний хамтын амьдралын эргэлтэд эерэг нөлөө үзүүлж буй бүхий л үйлдлийг хэлнэ.

Хэн ч гэрийн ажил хийхгүй, хэн ч хүүхэд нялхасыг асрахгүй бол бидний нийгэм маш хялбархан мөхөх биз. Үүнтэй адилаар төрөөс нийлүүлдэг боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, дэд бүтэц тэргүүтэй үйлчилгээнүүд ч бас явцуу утгаараа ч, гүн утгаараа ч баялаг бүтээдэг нь нэн илэрхий (ДНБ-д тооцогддог, нийгмийн оршин тогтнолд ч шаардлагатай).

Зөвхөн хууль тогтоох, шүүх тогтолцоог л бодоод үз. Хууль, шүүхийн үйл ажиллагаа ДНБ-д бүртгэгддэггүй ч баялаг бүтээхэд ямар зайлшгүй шаардлагатай чухал элемэнт гэж бодно? Хууль, дүрэмгүй газар хэн ч баялаг бүтээж гавихгүй л болов уу.

Гэвч ингэж хэлэхээр "Тээр, төр чинь баялаг бүтээх хөрсийг нь л бэлддэг болохоос яг өөрөө бол бүтээдэггүй л юм байна ш д" гэж санагдах вий. Төрийн элдэв үйлчилгээ, хууль, шүүх, эд бүгдээрээ хүмүүсийн баялаг бүтээх үйл хэрэгт л тус болдог гэхээс төр өөрөө баялаг бүтээдэггүй юм аа гэж хадууруузай!

Баялаг бүтээх болон баялаг бүтээхэд тус болох хоёрт ямар зааг байдаг юм бэ? Биднээс ер нь яг хэд нь төмс тарьж, мал малладаг билээ? Үнэндээ ихэнх нь юу хийдгээ бодоод нэг үз дээ. Үс засна, лангуу түрээслэнэ, ном орчуулна, наклад нөхнө, програм бичнэ, халтуурт явна. Бодоод үзвэл эд ч бас бүгдээрээ л бусдынхаа баялаг бүтээхэд тус болж байгаа төдий биш гэж үү? (Магад зарим нь хулхи бараа зарж, ус ч болдгийг үгүйсгэхгүй). Тиймээс үнэндээ бусдын баялаг бүтээхэд туслах ч бас өөрөө баялаг бүтээж буй хэрэг юм. Ер нь бидний хэн нэг, хэсэг бүлэг нь л баялаг бүтээдэг гэхээсээ илүү бид нийгмээрээ нэгдэж хамжаад баялаг бүтээлцдэг гэж ойлгох нь зүйтэй. Тэгээд баялаг бүтээлцэхэд хувь нэмэр оруулсан хүмүүс хариуд нь мөнгө авна. Эмч, багш, цагдаа, шүүгчид ч бас хийснийхээ хариуд мөнгө авдаг, яг адилхан. Өөрөөр хэлбэл тэд ч бас баялаг бүтээгчид мөн.

Тиймээс зарим нь баялаг бүтээж ядраад, зарим нь паразиталж жаргаад байгаа зүйл онол талаасаа байхгүй юм аа. Иргэд баялаг бүтээлцдэгийн адилаар төр ч бас баялаг бүтээлцдэг. Тэгэх тэгэхдээ бүр баялаг бүтээх үргэлжилсэн процессийн хамгийн тулгуур хэсгүүдийг нь хариуцаж нугалдаг нь төр юм.

Төрийн бүхий л бодлого уул шугамандаа хувийн хэвшлийн бүтээмжийг хэрхэн дээшлүүлэхэд л анхаарах ёстой. Хувийн хэвшил буюу иргэдийн бүтээмж дээшлэхэд юу саад болов, ямар дэмжлэг хэрэгтэй гэдгийг сайтар судалж, сурагласны үндсэн дээр долоо хэмжиж, нэг огтолсон мяндсан шийдвэр гаргахад л төрийн үндсэн зорилго оршино.

Бид төрийн мөн чанарыг зөв харахгүйгээсээ болж учраа мэдэхгүй хараан зүхээд, гуниж гутраад байх шиг. Төр нь ч бас өөрөө үндсэн даалгавраа ойлгохгүй, иргэдтэйгээ өрсөлдөж бизнес хийгээд гүйгээд байх. Хиймэл дагуултай болсноор гадны хиймэл дагуулд төлдөг доллараа хэмнэнэ л гэнэ. Төрийн үндсэн ажлыг доллар олох гэж хараад байна уу? Магадгүй түгжрэл, утааг шийдчихвэл түүнээс ч их доллар хэмнэх ч юм бил үү? Гэхдээ л долларын араас гүйх нь төрд дэндүү жижигдэнэ. Иргэдийнхээ бүтээмжид анхаарах л төрийн үндсэн даалгавар юм.

Үүнтэй уялдуулан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал зэрэг төрийн зарим үйлчилгээг заавал төр хариуцах ёстой юу гэсэн асуудлыг тунгааж болно. Юу гэхээр төр нэг л бодлого бодоход хангалттай. "Боловсролыг хэн хариуцвал иргэдийн бүтээмж хамгийн өндөр байх вэ?". Бусад дээр нь ч бас адилхан бодлого. Гүйцээ.

Тэгээд бодлогоо бодоод, хариугаа гаргах хэрэгтэй. Боловсролыг нийтэд аль болох нээлттэй тэгш байхуйцаар төр хариуцвал иргэдийн бүтээмж ямар байх вэ? Эсвэл зах зээлд бүрэн даатгаад, мөнгөө төлсөн нь л боловсордог болчихвол иргэдийн бүтээмж ямар болох вэ? Ер нь бол боловсрол, бүтээмж хоёрыг бараг шууд хамааралтай гэдэг. Нийгэмд боловсролгүй хүн олон байх тусам тухайн нийгмийн бүтээмж бага байдаг. Тиймдээ ч өнөөдөр дэлхийн ихэнх төр ерөнхий боловсролын үйлчилгээг бүрэн хариуцдаг.

Олны хараан зүхдэг халамжийн бодлого ч бас эцсийн эцэст бүтээмжийн өсөлтийг зорилгоо болгох ёстой. Халамжийн бодлогод бүтээмжийг өсгөх шид байх уу гэж гайхаж болох юм. Халамжийн бодлого нийгмийг тогтворжуулах эффектээр дамжуулж бүтээмжийг өсгөх тооцоо байж болно. Гэхдээ үүний тулд мэдээж зөв хүндээ, шаардлагатай цагт нь, зохистой хэмжээний халамж төлөвлөх ёстой байх.

Эндээс харж буйчлан аливаа бодлого бүтээмжид заавал шууд нөлөөлөх албагүй. Магадгүй маш тойруу замаар дам нөлөөлж ч болно. Эсвэл буруу тооцсоны уршгаар эсрэг эффект гарахыг ч байг гэхгүй. Ганцхан бодлого бодно гээд хэлэхэд амар байж болох ч бодлого тус бүр нь тийм ч энгийн хялбар гэж хэлээгүй шүү.

Энэ мэтчилэнгээр ямар ч төрийн бодлого наанаа хэчнээн сайхан тайлбартай бай ацаг дээр нь тавих асуулт нь ямагт нийгмийн бүтээмжийн өсөлт юм. Гэхдээ дахин давтаж хэлэхэд "нийгмийн бүтээмж = ДНБ" гэж харвал хэт явцуурч, хэлбэр хөөсөн болно. Зөвхөн ДНБ-ийг өсгөе гэвэл ядах юм биш. "Гэрээ өөрөө цэвэрлэхийг хориглоно" гэдэг хууль гаргахад л хангалттай. Гэхдээ тэгж өөрийгөө хуураад яах ч билээ.

Ямартай ч төр зах зээлд оролцдоггүй, оролцох ёсгүй энэ тэр огтоос биш. Харин ч бүр хамгийн их оролцдог, оролцохыг нь нийгэм шаарддаг тийм субъект юм. Гэхдээ бусад субъект шиг ашгийн төлөө биш гэдгээрээ л ялгаатай. Юуны төлөө гэдгийг нь одоо та ойлгосон биз ээ.

Дараагийн удаа төсөв тойрсон тархи угаалтын шинжтэй элдэв догмануудын талаар ярьж өгье.

No comments:

Post a Comment