Pages

Сэдвүүд

2024/01/24

ЭРҮҮЛИЙН ДЭЭД (2-р хэсэг)

Өмнөх - ЭРҮҮЛИЙН ДЭЭД (1-р хэсэг)

 

I БҮЛЭГ – ИРГЭНШЛИЙН ӨВЧИН

4. Хотын залуучууд ба Химба омгийнхны хоорондох анхаарал төвлөрлийн агуу ялгаа!


“Хувьслын анагаах ухаан” таргалалтыг тайлбарлах төдийгөөр дуусахгүй. Учир нь биеийн элдэв тавгүйтлээс гадна сэтгэлийн асуудал, тархины үйл ажиллагааны уналтыг ч бас өнөөх л хувьслын үл нийцлээс улбаатай гэж үзэх боломжтой юм.
2013 онд Лондоны Их Сургуулийн профессор Карина Линнелл африкийн Намибид нэгэн сонирхолтой туршилт хийсэн байдаг. Тэр нутагт оршин суудаг Химба омгийнхны төвлөрөх чадварыг Лондон хотын залуусынхтай харьцуулж үзэж.
Туршилтад оролцсон Химбачууд бол одоо ч ан гөрөөчдийн уламжлалт амьдралын хэв маягтай хүмүүс. 2,000 жилийн турш лайфстайл нь өөрчлөгдөөгүй ба үхэр маллаж, ургамлын үндэс цуглуулж амь зуудаг.
Профессор Линнелл туршилтаараа төвлөрөх чадвар ба танин мэдэхүйгээ удирдах чадвар хоёрыг голлон шалгаж үзэв. Сэтгэлзүйн ухааны түгээмэл туршилт болох “Фланкер даалгавар” зэргийг ашиглан, хэрхэн хэрэггүй мэдээллүүдэд анхаарал сарнилгүйгээр үндсэн даалгавартаа тасралтгүй төвлөрч буйг нь шалгасан байна.
Түүний үр дүн олон жил Намибид судалгаа хийж ирсэн Линнелл профессорыг ч ангайлгах нь тэр. Юу гэвэл, Химбачуудын төвлөрөх чадвар Лондон хотын залуустай харьцуулахад 40% илүү өндөр байжээ. Сэтгэлзүйн төвлөрлийн тестэд ийм хол зөрүү гарах нь тийм ч элбэг байдаггүй.
Профессор үүний шалтгааныг “Хотод амьдардаг хүмүүсийн бүйлсэн тархи (амигдала) хэт мэдрэг болсных болов уу” хэмээн тааварлаж буй.
Бүйлсэн тархи гэдэг нь хүний тархинд тоноглогдсон аваарын систем бөгөөд ойр тойронд аюул нүүрлэвэл идэвхжиж, онц байдалд бэлтгэх тушаалыг тархинд буулгадаг. Биеэ барилт, стрессийн уршгаар мэдрэл хэт эмзэг болдог нь бүйлсэн тархины аваарын функцтэй холбоотой.
Энэхүү аваарын систем саваннад (хангай хээр байгаль) амьдарч байсан 6 сая жилийн өмнөөс хэлбэржин тогтжээ. Холоос сонсогдох араатны архираан, бутан дунд сүйтгэнэх үл мэдэх амьтан, бусад отгуудын учир битүүлэг довтолгоон бүхий эрт балрын орчин нөхцөлд зохицохын төлөө хувьсаж ирсэн урт настай эд.
Үр дүнд нь бидний бүйлсэн тархи сав л хийвэл ачааллаж, шаардлагатай шаардлагагүй хангинадаг болсон. Саваннад байгаагүй өндөр барилга, нарийн технологиос айж, өдөр шөнөгүй гялбах хурц гэрлүүдэд төөрөлдөн будилж, ан гөрөөчдийн амьдралтай харьцуулашгүй их мэдээлэлд манарахдаа байнга үймээн дэгдээнэ…
Өнөөгийн хүмүүсийн бүйлсэн тархи байнгын асаалттай төлөвт байдаг болж, түүний улмаас төвлөрөх чадвар ч сарнин доройтжээ.
Үүнийг илтгэх бэлэн жишээ гэвэл 2017 онд Техасын Их Сургуулийн хийсэн туршилт бий. Судалгааны баг 520 оюутнаар гарын доорх энгийн ажил хийлгэж үзэж. Тэгэхдээ оюутнуудыг хоёр хэсэгт хувааж, нэгдүгээр хэсгийн оюутнуудын нүдний өмнө гар утсыг нь унтраан байрлуулж, хоёрдугаар хэсгийн оюутнуудын гар утсыг нүднээс далд холдуулж байгаад аль хэсгийн төвлөрөл удаан үргэлжлэхийг шалгасан байна.
Үр дүн нэгдүгээр хэсгийнхний бүрэн ялагдлаар өндөрлөв. Харваас унтраалттай утас нүдний буланд байх төдийд л анхаарал төвлөрөл нь нөгөө группынхтэй харьцуулахад тал хэртэй болтлоо унасан гэнэ.
Судалгааны багийн дүгнэлтээр бол “Дижитал төхөөрөмж ойрхон байх төдийд л танин мэдэхүйн функцийн ажиллагаа эрс унана. Төхөөрөмж ойролцоо байгааг мэдэрсэн эгшнээс хийж буй ажилдаа зориулах танин мэдэхүйн ресурс (нөөц) буурчихдаг болоод тэр”.
Гар утас өнөөгийн хүмүүсийн аж амьдралыг мэдэгдэхүйц өөрчилсөн. Гэтэл нөгөө талаар эрт балар цагт бүрэлдэн бий болсон тархи маань технологийн хөгжлийг гүйцэж амжихгүй, танин мэдэхүйн хязгаарлагдмал нөөцөө хий дэмий урсгасаар байна. Энэ утгаараа өнөөгийн хүмүүсийн төвлөрөх чадварын сулрал ч бас иргэншлийн өвчний бултах аргагүй нэг илрэл мөн юм.

5. Элбэг хангалуун болох тусам депресс ихэсдэг нь юуных вэ?

Нэмээд “депресс”-ийн тухай ч бас бодож үзье.
Өнөөдөр депресс (сэтгэл гутрал) бүх дэлхийгээр тасралтгүй нэмэгдэж, жилд 1 сая хүний амийг булаах дайны нийгмийн асуудал болоод байна. Японд гэхэд 10 хүн тутмын нэг нь депресс гэж оношлогдох болж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны статистикаар 1996 онд 433,000 гэгдэж байсан өвчтөний тоо 15 жилийн дараа 958,000 болж огцом өсчээ.
Депресс амьдралыг нураадаг өвчин. Өдрийн туршид идэвх унтарч, шөнө унтахаа байж, амьдралаас баяр баясгалан мэдрэх чадвар арилж одно. Тэр хүртлээ даамжирдаггүй юм гэхэд яагаад ч юм өдөр хоногууд нэг л хоосон оргиж, үргэлж урвайн дүнсийх дайны хөнгөн депресст шаналж буй хүмүүс ч цөөнгүй байх учиртай.
Жаахан бодоод үзвэл хачирхалтай биш гэж үү?
100-аадхан жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөгийн бид ямар дэвшилтэд орчин нөхцөлд амьдарч байгаа билээ? Хоолгүйн зовлон байхгүй, крантаа мушгихад л ус гараад ирнэ, хүсэх л юм бол хэнтэй ч эгшин зуур холбогдож чадна. Тийм байтал яагаад сэтгэл мэдрэлээ өвтгөсөн хүмүүс дэлхийгээр нэг өснө вэ? Ёстой л орчин үеийн зөрчил гэмээр.
1976 онд хүн судлаач Эдвард Шеффелин гайхалтай нэгэн датаг нийтэд дэлгэсэн байдаг. Тэнд дурдсанаар, Папуа Шинэ Гвинейд амьдардаг Калули омгийн 2,000 хүнд судалгаа хийтэл депресстэй хүний тоо бараг 0 байна гэнэ.
Профессор Шеффелин олон арван жилийн турш Калули омогт хээрийн судалгаа хийж ирсэн хүн. Калули омог ердөө зэрлэг амьтан, үр жимсээр л амьдралаа залгуулдаг бөгөөд тэдний амьдралын хэв маягийг 2 сая жилийн өмнөх хуучин чулуун зэвсгийн үетэйгээ ижил гэж үздэг.
Судалгааны үр дүнгээс харвал Калули омгийнхны депресст өртөх магадлал хөгжингүй орныхтой харьцуулахад 100 дахин бага. Амиа хорлох тохиолдол ганц ч байхгүйгээр барахгүй ерөөс “цөхрөл” гэдэг үг ухагдахуун ч тэдний хэлнээс илрүүлээгүй байна.
Өнөөгийн хүмүүс сэтгэцийн эрүүл ахуйн тал дээр тэднээс хамаагүй хоцрогдолтой яваа бололтой юм.

Энэ хандлага сүүлийн үеийн судалгаагаар ч нотлогдсоор байна.
Жишээ нь 2006 онд Дартмотын Их Сургуулийн судалгаагаар Нигерийн хотын захын хороолол болон Америкийн том жижиг хотуудын нийт 657 эмэгтэйг шалгаж үзтэл орчин үежсэн хотод амьдрахын хэрээр депресст өртөмхий хандлага ажиглагдсан байна. Нигерийн хөдөөтэй харьцуулахад Америкийн хотын иргэдийн сэтгэл 2 дахин өвчлөмтгий байсан бололтой.
Цаашлаад Хонг Конгийн Хятад Их Сургуулийн ажиглалтаас харвал 1966 оноос хойш төрсөн хятад хүмүүс 1937 оноос өмнө төрсөн хятад хүмүүстэй харьцуулахад депрессээр өвчлөх хувь нь бүр 22.4 дахин өндөр байх жишээтэй. Хятад бол дэлхийн хамгийн өндөр хурдтай орчин үежиж буй бүс газар болохоор иргэншлийн өвчний бараан нөлөө ч тэр хэрээр их байдаг биз.
Депрессийн цаад шалтгаан одоогоор бүрэн тайлагдаагүй, орчин үежилтийн юу нь асуудалд хүргэдэг нь тийм ч тодорхой биш. Гэсэн ч баттай хэлж болох ганц зүйл бий. Тэр бол өнөөгийн хүмүүсийн сэтгэлийн асуудлууд ч бас ихэнх нь хувьслын үл нийцлээс болж буй нь гарцаагүй юм.


6. “Үрэвсэл” ба “түгшүүр” – Өнөөгийн хүмүүсийн тавгүйтлийн шалтгаан

Уг номоор дамжуулан хүн нэг бүрийн асуудлыг ширхэгчлэн шийдэж өгч арай чадахгүй ч, “иргэншлийн өвчин” гэх санааг ашиглан таны зовлонг шийдэх замын зургийг харин гаргах боломжтой. Асуудлыг уг үндэс хүртэл нь ухаж л чадвал шийдэлд хүрэх зам хамаагүй дөт болох вий.
Сайтар цэгцлээд харвал асуудлын шийдэл хүртэлх алхам ердөө ч энгийн.

① Өөрт тулгарч буй асуудал хаагуураа удамшилтай үл нийцэж буйг олж тогтоох
② Үл нийцэл үүсгэж буй орчноо удамшилд нийцүүлэн өөрчлөх

Энэ хоёр алхмыг л тултал нь хийж чадвал баргийн асуудал шийдэгдэнэ.
Гэвч ердөө л ганц үгээр “Удамшил ба орчны үл нийцлийг хайж ол” гэж хэлэх төдийд дэндүү барьцгүй санагдаад, яахаа мэдэхгүй байх л даа. Асуудлынхаа шалтгааныг тогтоох илүү дэлгэрэнгүй зааварчилгаа хүсэх биз.
Тиймээс энэ номд өнөөгийн хүмүүст элбэг тохиолддог бие чилээрхлийн үндсэн шалтгааныг хоёр элементэд хувааж, түүнээсээ цааш улам нарийсган хамтдаа харцгаах болно.
Юун түрүүнд иргэншлийн өвчин үүсгэдэг нэг дэх элемент бол “үрэвсэл”.
Энэ бол хүний биеийн эсийн түвшинд өрнөдөг гал түймэр маягийн зүйл. Олон судалгааны үр дүнд үүнийг депресс, таргалалт, чихрийн шижин зэрэг олон төрлийн өвчний шалтгаан гэж үзэх болсон. Хоёрдугаар бүлгээс “үрэвсэл” хэрхэн яаж бүхий л асуудлын суурь болдог талаар тайлбарлах болно.
Тэгээд өөр нэг өнөөгийн хүмүүсийн хувьд чухал элемент нь “түгшүүр”.
“Түгшүүр” бол эрт цагаас байж ирсэн эмоц хэдий боловч үнэндээ өнөөгийн хүмүүсийн тээдэг “түгшүүр” нь эртний хүмүүс, ан гөрөөчин омгийнхны мэдэрч байсан тэр зүйлтэй шинж чанарын хувьд огтоос өөр болсон. Тэр ялгааны гайгаар өнөөгийн хүмүүсийн бүтээмж ямар ихээр унаж байгааг хоёрдугаар бүлэгт бодит жишээгээр танилцуулна.
Цаашлаад 3 - 5-р бүлэгт “үрэвсэл”-ын асуудлыг шийдэхийн төлөөх суурь удирдамжийг санал болгоно. “Гэдэс”, “орчин”, стресс” гурвыг засаж, тархи, бие махбодоо үндсээр нь шинэчилцгээе (reset).
Мөн адилаар 6 - 8-р бүлэгт “түгшүүр”-ийн асуудлыг шийдэхийн тулд “үнэ цэн”, “үхэл”, “тоглоом” гэсэн гурван сэдэвт төвлөрөнгөө өнөөгийн хүмүүсийн өртөх нь элбэг сэтгэлзүйн хавхаас мултрах аргыг тунгаацгаана.
Бүгдийг нь нэгд нэгэнгүй хэрэгжүүлэх хэцүү байж магадгүй ч ядаж нэгийг нь бүрэн давах төдийд таны тархи болоод бие махбод анхдагч төлөвтөө буцаж, тэр хэрээр тэнхээ орон сэргэх биз ээ.
За ингээд эхэлцгээе.





2 comments:

Төгөлдөр said...

Би орчиноо нэлээн сайн уншдаг юм гэх үү дээ. Энэ цагаан сараар хүмүүс ширээ тойроод сууж байхад, за энэ хүн ингэх гэж байна, тэр хүн тэгэх гэж байна гээд, юм хум хэлүүлэлтгүй ойртуулаад холдуулаад өгдөг. Гэртээ гэрийнхэнтэйгээ бол зүгээр сонсоод л, хэн ийм юм хийж байна, тэр тэгэх гэж байна гээд мэддэг, заримдаа юм асуух гэж байхад нь асуухаас нь өмнө хариулж байдаг. Нэг тиймэрхүү орчиноо сайн ажигладаг - сайн чанар, давуу тал гэж боддог байсан юм. Эндээс уншихаар стресстээд мэдрэл хэт эмзэг, бүйлсэн тархи хэт мэдрэг болчихсон. Биеэ бариад, орчиноо соргог ажигладаг, урдаа байгаа юманд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, орчиноо анхаараад байдаг, орчин тойрон луугаа анхаарал алдаад байдаг - сул тал, муу зүйл гэж ойлгож болохоор л юм байна. Тэгвэл гадуур явж байхад энд тэнд хүний зам таглаад мал шиг зогсож байдаг нөхдүүд, эргүү тэнэг биш харин сайхан стрессгүй атаархмаар амьдралаар амьдарч байгаа нөхдүүд байдаг юм шиг байна шүү.

Төгөлдөр said...

Адилхан санаанд орох нэг юм байна. Аягүй хатуу ширүүн, загнаж цагддаг эцэг эхтэй өссөн хүүхэд дараа нь: би тийм эцэг эхтэй өсөөд яасан гэж санана? Мундаг хүн болсон уу? Үгүй шдээ. Харин хүний хөлийн чимээг андахгүй сайн сонсож сурсан. Одоо хамт ажилладаг хүмүүсийнхээ хөлийн чимээг нь сонсоод хэн, хаана явж байна гэдгийг нь шууд мэддэг. Тэгээд дарга ойртож ирэхэд 2 сэкундийн дотор ажил хийж байсан хүний дүр үзүүлж чаддаг. Тийм л хүн болсон доо гэсэн яриа интернэтээс сонсож байсан юм байна.

Post a Comment