Pages

Сэдвүүд

2023/10/31

Хүсэл шуналын Капитализм - Өсөлтийн капитализм бол эндүүрэл (2-р хэсэг)

Өмнөх хэсгийг ЭНДЭЭС унших


Өсөлтийн капитализм бол эндүүрэл


ー Одоо ярилцлагынхаа үндсэн сэдэв болох эдийн засгийн өсөлт ба хүүний талаар асууя. Өнөө үед Япон болон EU тэргүүтэй олон оронд хасах хүүний бодлого хэрэгжиж байна. Энэ талаар Колумбын Их Сургуулийн профессор Жосеф Стиглицтэй ярилцахад сонирхолтой зүйл өгүүлсэн (ярилцлагыг ЭНДЭЭС унших). Өнөөгийн бага хүү бол төв банкууд, сангийн яамдын буруу бодлогын үр дүн бөгөөд эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлбэл мөнгөний хүү 5% гэх мэт хэвийн түвшиндээ буцаж очих боломжтой.

Стиглиц профессорын энэ байр суурийг та юу гэж бодож байна вэ?

Седлачек ー Тэг хүү, хасах хүү мэтийн бага хүүний бодлого үр нөлөөгүй нь угаасаа л тодорхой. Шинээр үйлдвэрлэл ч нэмэгдээгүй. Япон бол маш гоё жишээ. 90-д онд Японы эдийн засгийн хөөс хагарснаас хойш урт хугацаанд эдийн засаг нь зогсонги байгаа шүү дээ. Төрөөс их хэмжээгээр бонд (өр) гаргаж, ирээдүйгээсээ асар их мөнгө нийлүүлж буй төсвийн бодлого, тэгж зээлсэн санхүүжилтээ бага харагдуулах гэсэн мөнгөний бодлого хоёроор эдийн засгаа зэрэг хөшүүрэгдээд ч нэмэр алга.

Бага хүүний бодлого ч, их хэмжээний бонд хэвлэх ч аль аль нь эдийн засгийн өсөлтийн төлөөх бодлого. Харин надад бол хэний ч эргэлздэггүй “Өсөлт бол сайн зүйл”, “Эдийн засаг өсөхгүй л бол болохгүй” гэсэн баригдмал бодол л жинхэнэ асуудал юм шиг санагддаг.

Би ингэж асуухыг хүсэж байна. Өнөөдрийн бидний амьдарч буй энэ нийгэм чинь “Капитализм” юм уу? Эсвэл “Өсөлтийн капитализм” юм уу? Миний харахад “Өсөлтийн капитализм” л болж таараад байна. Яагаад гэвэл хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг нь “өсөлт” болчихлоо. Олон хүн эдийн засаг өсөхгүй л бол дуусаа, шууд сүйрэл гэж бодон төөрөлддөг. Гэтэл хаана тэгж бичсэн байна вэ? Библид үү? Тэнгэр дээр үү? Математик моделд уу? Тийм гэж нотлогдсон хуучны түүх байна уу? Энэ бол ерөөсөө л эндүүрэл. Эдийн засаг заавал өсөх ёстой гэх нь хоосон мунхаглал.

Библийн тухай ярья. 3,500 жилийн өмнөх хүн төрөлхтний анхны эдийн засгийн мөчлөгийн тухай. Өнөөгийн эдийн засгийн мөчлөгийн талаар ярихын тулд түүхэнд тохиолдсон хамгийн эртний мөчлөгийн үеэр хүмүүс юу хийснийг харъя. Миний арга барил энэ л дээ.

Египетэд болсон явдал. Фараон (Египедийн хаан) зүүд зүүдэлжээ. Зүүдэнд нь 7 тарган шар, 7 эцэнхий шар харагдаж. Зүүдээ ойлгож ядсан фараон еврей зөнч Иосифийг дуудаж, ямар утгатай болохыг нь асууж гэнэ. Иосиф хэлж: “Долоон жил элбэг хангалуун ургац авсны дараа, үргэлжлээд долоон жил ган болж өлсгөлөн нүүрлэх гэж байна”. Тэгэхээр нь фараон яах ёстой талаар асууж. Иосиф түүнд нь ийм зөвлөгөө өгөв. “Ургац арвинтай жилүүдэд хураасан үр тариагаа дуустал нь хэрэглэлгүй, хурааж хадгал”. Төсвийн бодлоготой төстэй байгаа биз? Фараон зөвлөгөө ёсоор хийж гэнэ. Тэгээд өлсгөлөн нүүрлээд ирэхэд нь агуулах дүүрэн хураасан үр тарианыхаа ачаар Египед орон хүндрэлийг даван гарчээ. Фараоны зүүд бол хүн төрөлхтний анхны макро эдийн засгийн таамаг байсан юм.

Энэ үлгэрийг олон янзаар анализ хийж болох байх. Тэндээс хамгийн сонирхолтой сургамж нь ийм юм. Хүн төрөлхтөн өнөө цагийн хүндрэлээс хамаагүй ноцтой, иргэншил нь ч мөхөж мэдэхээр өлсгөлөнгийн аюулыг сохор зоосны ч өр тавилгүй даван туулж чадсан байна. Өнөө цагт төсөөлөхийн аргагүй зүйл. Хэнээс ч ийм санаа гарахгүй биз.

Хуучин библид ч бичсэн байдагчлан эдийн засаг дээр үеэсээ л дээш доош байнга хөдөлж ирсэн. Жилийн жилд дараалан өснө гэж угаасаа байхгүй. Өнөөдрийг хүртэл нэг ч тийм жишээ байгаагүй. Гэтэл өнөөдөр олон хүмүүс өсөхгүй л бол эдийн засаг нурна гэж бодон төөрөлдөж байна.

Эдийн засаг цаашид ч өссөөр байна гэсэн суурь нөхцөл дор эдийн засгийн үйл ажиллагаа явуулж, бодлого хэрэгжүүлж байгаа нь, өдөр бүр тааламжтай салхи сэвэлзэнэ гэсэн өөдрөг төсөөллөөр онгоц хийхтэй л адил зүйл. Тийм төсөөллөөр яаж сайн онгоц хийх юм бэ? Зөөлөн салхитайд ч, далайн шуургатайд ч ажрахгүй явдаг онгоцыг л сайн гэнэ биз дээ? Мэдээж цаг агаар сайхан байвал түүн шиг талархам зүйл байхгүй л дээ. Гэхдээ л өдөр бүр цаг агаар сайхан байх төсөөллөөр онгоц хийвэл эхний бороо салхиар л сүйрэх биз.

Гэтэл бидний одоо бий болгочхоод байгаа энэ нийгэм өөдрөг төсөөллөөр бүтээгдсэн. Эдийн засгийн хурд саарахдаа саарч, зогсохдоо зогсдог нь мэдээжийн үзэгдэл байтал бидний нийгмийн модел, тэтгэврийн модел, цаашлаад банкны үйл ажиллагаа хүртэл эдийн засгийн өсөлт дээр суурилж байна. Гэтэл эдийн засаг өсөхгүй тохиолдол ч гарна.

“Өсөлт шаардлагатай” гэж байнга л сонсогддог. Би “Тийм ээ, гэхдээ одоо өсөхгүй байна” гэдэг. “Нар гарах шаардлагатай. Цэлмэг өдөр шаардлагатай байна” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг хийхтэй л адил. “Тийм ээ, тийм. Мэдэж байна, Гэхдээ одоо бороо орж байна” ー.

Тиймээс жаахан бодит хөрсөн дээрээ бууцгаая гэж л хэлмээр байна. Жинхэнэ утгаараа байнгын тогтвортой өсдөлтийг бий болгоно гэдэг ямар ч боломжгүй зүйл.

Эдийн засаг аль ч улсад дээшээ ч чиглэнэ, доошоо ч чиглэнэ. Үүнийг би “Merry-go-round аюул (эргэлддэг морин тоглоомны аюул)” гэж нэрлэдэг. 60-д жилийн өмнө Англи улс европын эдийн засгийн хорт хавдар байсан, 20-д жилийн өмнө Герман, саяхан Грек. 1991 онд ЗХУ нурж унахад Финлянд европын хорт хавдар болж, мэргэжилтэй олон залуус гудамжинд гарсан. Сэргэлт, уналт гээч юм тухайн улс дотроо л цалгиад байхгүй. Тэр нь түүний сайн тал. Гэвч ирээдүйд аль улс нь цойлж, аль улс нь хорт хавдар болохыг тааварлах аргагүй.

Би өсөлтийг эсэргүүцдэг биш шүү. Үүнийг тодотгоод хэлчихье. Тэнгэр сайхан байхад дургүй хүн ховор. Харин өдөр бүр цэлмэх нь гарцаагүй, үргэлж өөдрөг байцгаая мэтээр төөрөлдөөд байвал тэнгэр муудахаар л хямраад явчихдаг хэцүүхэн л амьдрал болох болов уу. Бороотой өдөр, салхитай өдөр ч байдаг, тэр нь өөрөө шаардлагатай зүйл.

Намайг эсэргүүцдэг хүмүүс өсөлт өөрөө жам ёсны зүйл гэж хэлдэг ч тэр л жинхэнэ эндүүрэл. Хүүхэд өсдөг, харин том хүн өсдөггүй. Эдийн засаг тэгвэл хүүхэд үү? Том хүнийг хүчээр өсгөх гээд бордоод байвал нуруу нь өсөх биш гэдэс нь л таргалаад байх биз. Эдийн засаг ч бас адилхан. Өсөх нь жам ёсны тодорхой зүйл гэх нь эдийн засгийн ухаан дахь догма юм. Тоогоор нотлоод харуулчихсан юм ч байхгүй байхад өсөлтийн догма бий болчихсон.


Ардчилсан капитализмын утга учир “эрх чөлөө”-нд бий


ー Тэгэхээр өсөлтийг эсэргүүцээгүй боловч, хүмүүс өсөлтөд хэтэрхий ач холбогдол өгөөд байна гэсэн үг байх нь ээ?

Седлачек ー Өсөлтөд хандсан хэвийн бус шунал байна. Систем бүхэлдээ өсөлтөөр тодорхойлогдож байна. Би хуучин соц лагерын улсын хүн. Манай улс коммунист, тоталитарист төрөөс татгалзаж, капитализмд шилжиж эхлэх үеэр миний итгэдэг байсан, одоо ч итгэж явдаг нэг зүйл бий. Тэр бол ардчилсан капиталист тогтолцооны мөн чанарлаг утга учир нь “эрх чөлөө”-нд бий. Мэдээж өсөж байвал түүн шиг сайн зүйл гэж юу байх вэ, гэхдээ л өсөлт гарцаагүй шаардлагатай юу гэвэл тийм биш. Өсөлт чухал, гэхдээ хамгийн чухал нь биш. Машинаар яривал хамгийн дээд хурдтай төстэй гэх үү дээ. Тухайн нэг машин дээд талдаа хэд хүртэл хурдлах нь чухал л байх, гэхдээ хамгийн чухал нь уу гэвэл хариулт ҮГҮЙ.

Коммунизмаас гарах гээд хувьсгал хийж байх үед бидний чех хүмүүс ардчилсан капиталист тогтолцоог өсөлтийн хамгийн таатай хөрс шороо мөн гэдэгт итгэж байсан. Гэтэл өнөөдөр байр нь солигдоод, зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан тогтолцоо оршин тогтнохын тулд өсөлт зайлшгүй шаардлагатай гэж харанхуй итгэдэг болсон байна. Харин би бол итгэдэггүй. Үүнийг эндүүрэл гэж боддог.

Зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан тогтолцооны зайлшгүй нөхцөл нь өсөлт юм гэвэл капитализмыг өсөлтгүйгээр тогтоох боломжгүй гэсэн үг болно. Тэгэхээр хүчээр ч хамаагүй өсгөөд л байх шаардлагатай болж хувирна. Өр, банкны менежмент, өөр бусад олон зүйлийг золиослоод ч хамаагүй. Өнөөдөр Чехэд чухам яг ийм зүйл л өрнөж байна. Энэ янзаараа явбал цаашдаа Грек шиг л тавилан хүлээж байх болов уу. Үнэндээ Грек улс бусдаас хоцорч явсан бус, хэн бүхнээс түрүүнд явж, бусад улсуудаас 20 жилээр түрүүлж очоод дампуурсан ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

Тиймээс юунд итгэх вэ гэдэг маш чухал. Хэрвээ ардчилсан капитализмын мөн чанарлаг утга учир “эрх чөлөө”-нд бий гэх анхны санаандаа итгэх юм бол өсөхгүй байсан ч, тэр бүү хэл хасах өсөлттэй байсан ч асуудал биш. Яагаад гэвэл бидний итгэж буй нь ардчилал, өмчлөх эрх чөлөө болохоор тэр. Даанч харамсалтай нь одоо тийм биш болж. Бид өөрсдөө ч мэдэлгүй “Өсөлтийн капитализм”-д эзэмдүүлчихсэн байна.


Эдийн засаг өсөхгүй байгаа нь үүнээс илүү өсөх шаардлагагүйн шинж


ー Өсөлтөд шунахаа болихын тулд яах ёстой юм бол оо? Ялангуяа хөгжингүй орнуудад өсөлтийг мэдээжийн зүйл мэтээр хардаг болсон байна. Хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөх хэцүү, нэлээн цаг шаардах байх.

Би Японы залуу үеийнхэнд сэжүүр байж магадгүй гэж бодож байна. Амьдралын сэтгэл ханамжийн судалгаагаар 10 - 20-иод насны залуу үеийн сэтгэл ханамжийн түвшин өндөр гардаг. Миний таамгаар бол Японы залуучууд эдийн засгийн 0 өсөлт, хасах өсөлтөд дасчихсан болохоор хүлээлт ч багатай, өсөлтөд тэгтлээ шунадаггүй байж магадгүй юм.

Седлачек ー Магадгүй л юм. Энэ ч бас миний таамаг л даа, юу гэхээр Японы эдийн засаг өсөхгүй байгаа нь шилдэг эдийн засагчид байхгүйдээ биш. Харин ч Японы боловсрол дэлхийн топ түвшнийх шүү дээ. Тэгсэн хэр нь ээ л өсдөггүй. Байж болох нэг шалтгаан гэвэл хүн бүр 2 ipad-тай, ахиад нэгийг үнэгүй өгье гэсэн ч хүсэхгүй болчихсон байж магадгүй. “Алтан тааз” гэдэг таамаг гэх үү.

Энэ таамагт итгэх эсэх нь тийм ч чухал биш. Түүнээс илүү чухал нь, хэрвээ “Алтан тааз” таамгийг үнэн гэвэл яагаад түүнийг “муу” гэж бодно вэ гэдэгт байгаа юм. Арай өөрөөр харвал энэ чинь капитализмын төгсгөлд ирчихжээ гэсэн үг. Нэгэнт оройд нь гарчихсан. Хэн ч хүсэхгүй зүйл үйлдвэрлээд утгагүй юм чинь тэгтлээ их ажиллахгүй байсан ч болно. Ганц амьдрах амьдралаа хэнд ч хэрэггүй юм бүтээх гэсэн хархны уралдаанд (утгагүй өрсөлдөөнд) үрээд дуусах чинь тэнэг хэрэг биз дээ? Минийхээр бол энэ эгшнийг “Ура!” гэж л хүлээж авах ёстой байх. Үгүй гэж үү? Эдийн засаг өсөхгүй байгаа нь үүнээс цааш өсөх шаардлагагүй болоод л тэр.

Зорилго биелэх нь депрессийг идэвхжүүлдэг хамгийн ердийн шалтгааны нэг. Энэ бол сэтгэл судлал, мэдрэл судлалын ухааны наад захын ойлголт. Гэрлэх юм сан гэж бодсоор явсан хүүхэнтэйгээ гэрлэх. Мөрөөдлийн албан тушаалдаа очих. Оюутнууд жишээ нь галзуу юм шиг хичээлээ хийж, хэцүү шалгалтад тэнцэнэ үү үгүй юү депресст орчихдог. Хий хоосон оргих мэдрэмж төрдөг гэх үү дээ. Зорилгодоо хүрэнгүүт цаашаа зорилгогүй болчхож байгаа юм. Өнөөгийн бидний туулж буй капитализмын хүндрэл ч бас нэг ёсондоо амжилтын дараах депресс шиг зүйл бөгөөд цаашид хүлээж горьдох мөрөөдөл байхаа больсон төлөв ч юм бил үү.


Сэргэлтийн үед тормоз чухал


ー Бидний уначхаад байгаа Өсөлтийн капитализм гэх аюулыг маш сайн ойлголоо. Ингэхэд, хүмүүс өсөлтийг анзаарах эсэхээс үл хамааран эдийн засаг өсөх үе ч байдаг. Энэ тухайд үйлдвэрлэлийг нэмэх, өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлтийг зорих шаардлагатай гэж бодож байна уу? Эсвэл тэгэх шаардлагагүй юу?

Седлачек ー Би зохиомол өсөлт ба жинхэнэ өсөлт хоёрыг ангилж харна. Зохиомол өсөлт гэдэг нь, жишээлбэл 0 хүүний бодлогоор бий болсон өсөлт. Тогтвортой бус хиймэл өсөлт. Их хэмжээний төсвийн алдагдалтай өсөлт ч бас хиймэл.

Жинхэнэ өсөлт гэдэг нь жишээлбэл хэн бүхний хүсэн хүлээж байсан шинэ баттерей зохион бүтээх ч юм уу, тийм үед тохиодог. Ийм өсөлтөд асуудал байхгүй. Миний зөвлөгөө бол өссөний хэрээр хэрэглээгээ ихэсгээд байх бус өрөө багасгах хэрэгтэй.

Жаахан хэтрүүлэгтэй ч шинээр зохион бүтээсэн баттерейны ачаар ДНБ таван жилийн туршид 30% өсчээ гэж бодъё. Засгийн газар эдийн засгийн төлөвийг намжааж, илүүдэл энергиэрээ өрөө дарах хэрэгтэй. Тогтвортой байх нь хурдтай байхаас илүү чухал шүү дээ. Жаахан удаан байлаа ч тасалддаггүй интернеттэй байсан нь, хурдан хэр нь ээ байсгээд тасардаг интернетээс дээр. Кино татаж байтал дундаа тасраад байвал хэцүү биз дээ? Үүнийг л би хэлмээр байгаа юм. Уналттай үед эдийн засгаа сэргээмээр байвал түүндээ бэлдэж, сэргэлттэй үедээ өөрийгөө хязгаарладаг байх нь чухал.

Уналтын үеийн талаар бичсэн ном зөндөө бий. Шинэ онолуудын ихэнх нь уналтын үед л бичигдсэн байдаг. Кейнс ч, Австрийн урсгал ч бүгд уналтын үеийн бодлого ярьдаг. Гэтэл нөгөө талд сэргэлтийг хязгаарлах тухай бичигдсэн зүйл гэж бараг үгүй.

Бид инфляцид зорилго тавьдаг шүү дээ. Инфляц 0 байх нь таатай зүйл биш гэж үздэг. Үүнтэй адилаар өсөлтийн хувь дээр ч бас тааз тогтоох ёстой юм. Жишээ нь Японд гэвэл ДНБ өсөлтийн таазыг 1%-д барьж, түүнээс дээш өсөлтийг хязгаарлаж, илүүдсэн энергиэ уналтад бэлдэж хадгалах хэрэгтэй гэж хэлмээр байна.


Зах зээлд бурхан гэж байхгүй


Стиглиц “Адам Смитийн буруу байсан” гэж хэлсэн. “Үл үзэгдэгч гар” мэтийн зүйл байдаггүй гэсэн. Үнэхээр анхаарал татам цохолт боловч та үүнийг юу гэж бодож байна? Саналаа хэлээч.

Седлачек ー Адам Смитийн бүтээлүүдийг уншихаар үнэхээр төөрөлддөг. “Үндэсний баялаг” бүтээлд нийгмийн дэг журамд шаардлагатай “цавуу” нь хувийн ашиг бөгөөд зөвхөн тэр байхад хангалттай гэж ойлгогдохуйцаар бичсэн байдаг. Гэтэл үүнээс чанх эсрэг зүйлийг ч бичсэн байдаг. “Ёс суртахууны мэдрэмжийн онол (The Theory of Moral Sentiments)” номынх нь эхэнд “Хүн хэчнээн хувиа бодогч байгаад ч, өөрт нь ямар ч ашиг гарахгүй зүйл дээр бусдын аз жаргалыг анхаардаг гэх төрөлхийн шинжийг ч агуулдаг” гэсэн байдаг. Хуваагдал харагдаж байгаа юм. Нэг талд нийгмийн цавуу нь хувийн ашиг гээд, нөгөө талд болохоор энэрэл (sympathy) гээд.

Бид бусдыг ч бас зовоосой гэж боддоггүй. “Have a good day” гэж мэндчилдэг шүү дээ. Бие биедээ сайн сайхныг хүсэж буйн нотолгоо. “Have a bad day” гэж хэлдэг хүн байдаг гэж үү? Хүмүүс үүн дээр Адам Смитийг буруу ойлгодог байх.

Минийхээр бол Адам Смит “Нийгэмд хоёр хөл бий” гэж хэлэхийг хүссэн. Нэг нь “Хувиа бодогч шинж”, нөгөөх нь “Энэрэл”. Хэрвээ зөвхөн аль нэг хөл дээрээ босох гэвэл ямар нэг эрхэм чухал юмаа алдахад хүрнэ.

Стиглицийн хэлж буйчлан “Үл үзэгдэгч гар” мэтийн зүйл оршин байдаггүй. Тийм гэдгийг нь ч бид мэднэ. “Үл үзэгдэгч гар” ー хэлээд үзэхэд ч нэг л сонин үг. Ёс суртахууныг үл тоон хувийн ашгаа хөөхөд л үл үзэгдэгч гар яаж ийгээд зохицуулаад өгнө гэж байгаа боловч бидэнд баруун, зүүн гараас өөр юм байхгүй. Баруун гараараа сайн зүйл хийв үү гэтэл зүүн гараараа мууг хийнэ. Биднийг хөтөлж, сөрөг санаархлыг маань ариусгаж өгдөг зах зээлийн “бурхан” мэтийн юм яаж ч бодсон байхгүй л дээ.


Сайхан амар л даа


ー Стиглицийн ярианаас ахиад ганцыг эшлэе. Түүнийхээр бол өнөөгийн уналтын шалтгааны нэг нь нийт эрэлтийн бууралт тул эдийн засгийн дүрэм дэх тэгш бус байдлыг залруулж, байгаль орчин болоод боловсрол, дэд бүтцэд хөрөнгө оруулж, нийт эрэлтийг тэлбэл эдийн засаг сэргэнэ гэж хэлсэн. Нийт эрэлтийг та юу гэж бодож байна вэ? Та сая зохиомол өсөлт ба жинхэнэ өсөлтийн ялгааны тухай ярилаа шүү дээ. Тэгвэл нийт эрэлтийн талаар саналаа хэлээч.

Седлачек ー Чех улсаар жишээлж ярья. Коммунист засгийн үед ч эдийн засгийн аюул байсан. Тэр нь нийлүүлэлтийн аюул байсан. Эдийн засагт юм бүхнийг эрэлт, нийлүүлэлтээр тайлбарладаг. Тухайлбал сахарын эрэлт байсан ч нийлүүлэлт байгаагүй. Банана ч, машин ч тийм байсан. Хуучин машин шинэ машинаас илүү үнэ хүрсэн сонин үзэгдэл ч гарч байлаа. Шинэ машин авахад аймар удаан хүлээх болдог байснаас тэр л дээ.

Тэр үеийн эдийн засгийн аюул нь нийлүүлэлтийн аюул байсан. Эрэлт эрүүл, нийт эрэлт ч хангалттай байсан авч нийлүүлэлт нь тэрийг гүйцэж очдоггүй. Нэг жил ариун цэврийн цаас тасарч, өөр нэг жил сахлын хутга үзэгдэхээ байсан. Миний сахлыг харвал ойлгомжтой байгаа биз?

Харин өнөөгийн Чехийн асуудал яг эсрэгээрээ. Нийлүүлэлтэд асуудал алга. Сахар ч, сахлын хутга ч, машин ч, юм бүхэн бялхаж байна. Асуудал нь нийт эрэлтээс хэтэрсэн их машин үйлдвэрлэж буй явдал. Коммунист засгийн үед хүмүүс өлсөж байхад идэх юм хүрэлцэхгүй байсан бол өнөөдөр идэх юм хангалттай байхад хоолны дуршил нь хүрэлцэхгүй байна. Хоолны дуршлын дутагдлын эсрэг засгийн газар төсвийн бодлого болон мөнгөний бодлогоор зохиомол хоолны дуршил, бэлгийн дур (libido) өдөөхийг хичээж байна.

Хэрвээ миний энэ анализ зүйрлэл үнэн бол, өөрөөр хэлбэл идэх юм илүүдээд хоолны дур хүрэлцэхгүй байгаа нь асуудал юм бол яагаад хоолыг улам ихээр, улам өндөр бүтээмжтэйгээр хийх бодлого хэрэгжүүлнэ вэ? Яагаад хоол хийхээ болихгүй байгаа юм бэ? Түр болиод, сайхан амар л даа.

Япон хэлэнд “кароши” гэдэг үг байдаг даа?


ー Кароши?

Седлачек ー Тийм ээ. Ажлын хэт их ачааллаас болж үхэх. Аймшигтай үзэгдэл. Эхнэр, хүүхэд нь юу юугүй өлсөж үхэх гээд, гэрийн тулгуур багана болсон нөхөр нь гэр бүлээ тэжээхийн төлөө үхтлээ ажиллаж байгаа бол ойлголгүй яах вэ. Гэтэл дэлхийн хамгийн баян чинээлэг орны нэг Японд кароши болж байна. Энэ чинь “Өсөлт байхгүй бол сайн хүн биш”, “Өсөлт байхгүй бол сайн эдийн засаг биш” гэсэн гаж харах өнцгөөс болж байгаа юм. Тэгж харах нь эндүүрэл. Эдийн засаг биш өөр талбарт өсөж яагаад болохгүй гэж? Урлаг, андлал, оюун санааны өсөлт ч юм уу. Хүн төрөлхтөн өсөж хөгжих ёстой салбарууд ахиад зөндөө бий. Элбэг хангалуун болохын хэрээр ажил ч дагаад ихсэнэ гэвэл түүн шиг гунигтай юм байхгүй.

Би америк, европ найзуудтайгаа уулзахдаа их ярьдаг юм. “Европчууд япончуудыг дуурайж үхтлээ ажиллаад ч…”, мэдээж бид яагаад ч тэгэхгүй л дээ. Япончууд маш сайн боловсрол эзэмшиж, хичээнгүй ажиллаж, дарга нь л хүсэх юм бол хэзээ хүртэл ч ажил дээрээ сууж чаддаг. Гэхдээ, “...жишээ нь бид тэдэн шиг байдгаараа ажилласан ч эцсийн эцэст өсөлт зогсох үе ирэх л болно.”

Тиймээс миний харахад Япон маш баян чинээлэг боловч, жишээ нь японы жуулчдыг харахаар амралт нь асар богинохон, Европыг бүхэлд нь ганц хоёр өдөрт л гялс тойрсон болоод буцаад явчихдаг. Тэгээд би боддог юм. Юуны төлөө ийм баян байна вэ? Манай Чехтэй харьцуулахад япончуудын эзэмшил юм юмаараа илүү биз дээ? Хоол нь ч гайхалтай амттай. Гэвч, түүнээс өөрөөр баян чинээлэг харагдах юм алга.


Trickle-down үр өгөөж муу


ー Эдийн засгийн өсөлтөд олон үр нөлөө байдаг. Түүний нэг нь дунд давхрага төдийгүй доод давхрага ч дээш татагддаг гэж үздэг.

Седлачек ー Тийм ээ, trickle-down эффект (дээд давхрага баяжих тусам хаялга нь доод давхрагаа услах үзэгдэл) байх нь байдаг. Эдийн засаг өсвөл ядуу давхрага ч бага сага өгөөж амсана. Гэхдээ доод давхрага хүртэл тэр эффект хүрч очихын тулд маш их хугацаа ордог тул ядуурлын эсрэг бодлого талаасаа үр өгөөж муутай.

Жишээ нь Америк улсад 2 - 3 үеийн туршид ДНБ-ий өсөлт үргэлжилсэн боловч ядуучууд тэндээс огт өгөөж хүртээгүй. Өсөлтийн өгөөжийг өсөлтөд хамгийн ойр хүмүүс, өөрөөр хэлбэл баячууд болон том компаниуд л хүртсэн.

Trickle-down нөлөөг ойлгомжтой тайлбарлах жишээ ярья л даа.

Та маш ядуу оронд очжээ гэж бодъё. Талх авахаар талхчны мухлаг ортол эзэн нь асууж байна. “Та хаанаас ирсэн бэ?”. Найз болох гэсэндээ биш, аль улсын хүн гэдгийг л мэдэх гэснийх. “Японоос ирсэн” гэтэл талхчин толгой дотроо Японы талхны зах зээлийг таамаглаж үзээд хэлж байна. “1 тал 400-гаар ав. Онцгой үнэ шүү”.

Та тэндэхийн талхны ханшийг мэддэг болохоор мэдээж уурлана. “Арай дамлаж байгаа юм биш үү? Талх 50 л гэдэг биз дээ?”. Талхчин няцааж байна. “Ахиж олдохгүй боломж шүү. Японд талх 500 гэдэг биз дээ?”

Үнэндээ 400-р талх авах нь шударга наймаа. Та 100-г хэмнэж, талхчин 350-г олно. Гэвч мэдээж бодит амьдралд энэ онол хэрэгжихгүй. Та өөр дэлгүүр ороход л болно.

Талхны үнэ тохироход ядуу орны талхчнаас баян улсын хүн нь илүү давуу нөхцөлд байдаг. Өөрөөр хэлбэл баян хүн илүү баяжих боловч ядуу хүн түүн шиг их өгөөж хүртэхгүй.

Олон улсын эдийн засгийн ухаанд ч үүнтэй төстэй худлаа онолууд байдаг. Гадаад худалдаа улс хоорондын баян ядуугийн зөрүүг багасгах нөлөөтэй гэдэг ч гарцаагүй тийм байх албагүй. Худалдаа аль аль талдаа ашиг авч ирдэг нь үнэн л дээ, гэхдээ тэндээс баян орны олох ашиг нь илүү байдаг.

Энгийн жишээ авъя. Нэг ядуу оронд 1 кг кофег 10-р зардаг гэе. Японд ижил чанарын кофег 1000-р арилждаг байг.

Тэгвэл тэр улсаас хэдээр кофе авах ёстой вэ? Этик талаас нь бодвол аль аль талаасаа дунд нь очихоор бодож 500 гэж хариулах ёстой байх. Ядуу орон 490-ийн ашиг олж, баян тал нь ч 500-ын ашиг хийнэ. 500-с ч өндөр үнэ тогтоож, ядуу оронд улам их ашиг үлдэхүйц байлгавал этик талаасаа бүр л зөв хариулт болно.

Гэвч бодит байдал мэдээж өөр. Үнэ ойролцоогоор 11 дээр ч юм уу тогтоно. Бодит амьдрал дээр гадаад худалдаагаар баян орон нь бараг 990-ыг олдог бол ядуу орон нь ердөө 1-ийг л олдог. Яагаад вэ? Хариулт ойлгомжтой. Баян орон үнэ хэлэх эрхтэй болоод л тэр. Үнийг баян орон тогтоож, ядуу орон зүгээр л хүлээж авдаг.


Үргэлжлэлийг ЭНДЭЭС унших

No comments:

Post a Comment