Pages

Сэдвүүд

2021/11/01

Нойр хулжаам хувьслын түүх

Өмнөтгөл


Амьд биет гэж юу вэ?

Амьд биет хаанаас гарч ирээд, хаашаа зүглэн урагшилна вэ?

Амьд биетийн нэг болох бидний хүн төрөлхтөн чухам ямар учиртай оршихуй юм бэ?

Бусад амьтдаас юугаараа өөр юм бол?


Хүн төрөлхтөн оюун ухааныг гартаа оруулсан цагаас хойш эдгээр асуултыг өөрөөсөө давтан давтан асууж, басхүү одоо ч туйлын хариултыг хараахан олоогүй л явна. Би ч бас энэ мэт асуултуудад ховсдуулж, их сургуульд амьтны хувьслын талаар судалгаа хийж хариулт хайдаг нэгэн.

Энэхүү номд өдийг хүртэл биологийн салбараас төрсөн олон тооны судалгааны үр дүн, тэр дундаа өөрийн өчүүхэн судалгааны үр дүнд олж мэдсэн нэгэн хариултыг танилцуулах болно.

Тэр хариултыг шууд эхэнд нь хэлчихэд амьд биет гэдэг бол хамтралын үр бүтээл юм.

Амьд биетүүд үүсэн бий болсон цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл уул шугамдаа салангид байсан молекул болон амьтад тууштайгаар хамтарч нэгдсээр хувьсаж иржээ. Бактериас хүн хүртэлх зүсэн зүйлийн амьтад бол хамтрал, урвалт хоёрын хооронд өрнөх олс таталтаас төрсөн бүтээлүүд юм. Харин хүн бол бүх амьтад дундаас тодорсон хамтралын дэлхийн аварга.

Мэдээж үүнийг цорын ганц хариулт гэж хэлэх гэсэнгүй. Энэ бол амьтдын ертөнцийг хөндлөн зүсээд ганцхан өнцгөөс харж буй дүгнэлт төдий.

Гэхдээ “хамтрал” хэмээх түлхүүр үгэнд анхаарлаа төвлөрүүлбэл амьд биетийн үүсэл, түүний дараах хувьсал, хүний сэтгэл зэрэг хоорондоо ямар ч хамааралгүй мэт үзэгдлүүдийг бүгдийг нь нийлүүлээд ерөнхийлөн тайлбарлах боломжтой болно. “Хамтрал” бол амьд биетийн хувьслын нийтлэг хэв шинж юм. Эрт галвын дэлхийд амьд биет төрөн гарсан шалтгаан ч, тэгээд хүн бий болсон шалтгаан ч, бидэнд харилцан туслалцах сэтгэл байдгийн шалтгаан ч бүгд нэг үндэс язгууртай.

Амьд биетийн хувьслын учрыг ойлговол нэг сайн зүйл бий. Тэр бол бидний хүн төрөлхтөн хувьслын түүхийн уртаас урт урсгалын хэсэгхээн үргэлжлэл гэдгээ ухаарах явдал юм. Хүн бид хувь хувьдаа салангид оршин амьдарч буй мэт харагдаж, мөнхүү бусад амьтдаас ч тэс өөр гэмээр үйл хөдлөл гаргадаг.

Гэтэл хувьслын түүхийг бүхэлд нь харвал үнэндээ бүхий л амьтад биологийн хувьсал хэмээх аварга үзэгдлийг хамтдаа бүтээлцэн буй нэг цул ертөнц болохыг мэдэрч чадна.

Амьд явахад айдас тавгүйтэл гээч юм хэзээд дагаатай. Дандаа л мөнгө дутна, өөрийнхөө болоод гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа зовно. Ирээдүйд юу болохыг мэдэх ч юм биш.

Гэтэл 4 тэрбум жил хэмээх амьд биетийн хувьслын аварга давалгааны өндөрлөгөөс харах ахул тэр зэргийн айдас түгшүүр мэт нь даанч тоох үнэ цэнгүй шалихгүй зүйлс болохыг ойлгоно. Одоо ямар ч жаргалтай, эсвэл зовлонтой байлаа гээд зуухан жил л өнгөрөхөд бүгд үхэж үгүй болоод цайрна. Тийм тоогоод ч нэмэргүй асуудалд толгой гашилгаж суухаар энэ номыг уншаад, биднийг бүтээсэн дөрвөн тэрбум жилийн хувьслын түүхийг шимтэн сонирхох нь цаг хугацааг тань илүү утга учиртай болгож өгөх болов уу гэж найдна. Дээр нь энэ номоор дамжуулж биологийн хувьсалд дур сонирхолтой болоосой гэж зохиогчийн хувиар хүсэж горьдох байна.

Энэ ном дөрвөн бүлгээс бүрдэж буй.

Юуны өмнө нэгдүгээр бүлэгт амьтай ба амьгүй биетийн ялгааны талаар тайлбарлаж, тэднийг зааглах гол ялгаа нь "хувьсах чадвар" болохыг танилцуулна.

Удаах хоёрдугаар бүлэгт амьд биет төрөн гарч ирснээс эхлээд хүн үүсэх хүртэлх хугацаанд хамтралаар дамжуулан тууштай хувьсаж ирсэн тухай өгүүлнэ.

Улмаар гуравдугаар бүлэгт хамтрахын эсрэг үзэгдэл болох урвалтын талаар, яагаад урвалт үүсдэг вэ, яаж түүнийг хязгаарладаг вэ, мөн урвалт оршин байдаг цаад утга учрын талаар өгүүлнэ.

Төгсгөлийн дөрөвдүгээр бүлэгт амьд биетийн хувьсал дахь нийтлэг хэв шинжээс бид цаашид хаашаа чиглэн урагшлах бол гэдгийг эргэцүүлж харах болно оо.


    I БҮЛЭГ ー АМЬД БИЕТ ГЭЖ ЮУ ВЭ?

    Дэлхий амьд биетээр дүүрэн

Дэлхийн хүн ам 2017 оны байдлаар 7.6 тэрбумд хүрээд байна (*1). Хүний (хомо сапиенс) тоо толгой 70,000 жилийн өмнө ердөө 10,000 болтлоо цөөрсөн байсан гэдэг (*2). Тэгээд түүнээс хойших хэдэн арван мянган жилийн турш тасралтгүй үржиж өссөөр иржээ.

Энэхүү хүн амын өсөлт нь нийгэм дэх хүнсний хомсдол, энергийн дутагдал, байгаль орчны асуудал зэрэг толгой тоншсон асуудал олныг төрүүлж буй, ерөнхийдөө бол хар бараан сэдэв гэдэг талаас нь хүмүүс хардаг шиг санагддаг юм.

Тэгвэл ийм байдлаар төсөөлөөд нэг үз дээ. Хүн 1,000,000 ~ 200,000 жилийн өмнө төрөн гарч, урт удаан цөвүүн цаг үеийг даван туулж ирсэн. Хурц хумс ч үгүй, хурдан хөл ч үгүй бидний хүмүүс махчин араатнуудын бэлэн хоол шиг л байсан биз. Дээр нь хүнс тэжээлийн хомсдол, цаг уурын хүйтрэл зэргийн нөлөөгөөр хялбархаан мөхвөл мөхчихөөр даанч сул дорой амьтад байсан байх учиртай.

Тэгтэл өнөө үед технологи, мэдлэгээ ашиглан байгалийн дайсан хийгээд орчны өөрчлөлтийн асуудлуудаа шийдэж, улам бүр үржин олширсоор байна. Амьтан гэдэг утгаар нь харвал хүмүүс бид бэрхшээлийг сөрөн зогсож, өнөөдөр чухамхүү хөгжлийнхөө түүхэн оргил үе дээрээ явна гэж хэлэхэд тийм ч буруудахгүй санагдана (урьд нь хэзээ ч ийм олуулаа байгаагүй, цаашид ч энэ хэвээрээ байх эсэхийг мэдэх аргагүй).

Хөгжлийн оргилд хүрснээ бахдан дуулж буй нь зөвхөн хүмүүс биш л дээ. Хүн бол харин ч шинэ оролцогч бөгөөд дэлхий дээр хүнээс ч өмнө агуу амжилтад хүрч дэлхийг дүүртэл үржсэн амьтад олон тоогоор оршин бий.

Жишээ нь Японд гадуур алхахад ургамалтай тааралдахгүй байна гэж заяа нь байхгүй. Жаахан л сул газар байвал тэр дороо зүсэн зүйлийн ургамал ургаад ирнэ. Сансраас дэлхийг харвал цэнхэртэж харагддаг. Тэр өнгө бүх гадаргын 70 хувийг эзлэх тэнгис далайн өнгө боловч үлдсэн 30 хувийн эх газар ч зарим нэг говь цөл газрыг эс тооцвол үндсэндээ ургамлын ногоон өнгөөр хучигдсан харагддаг (*3).

Амьтад гэхээр бүгд нүдэнд харагддаг ч бас биш. Харин ч эсрэгээрээ нүдэнд харагдахааргүй бичил биет нь хамаагүй олон бий. Захын шороог имрэхэд л ганц чимх (1гр) шороонд нэг тэрбум хүртэлх тооны 10 мянга гаруй төрлийн мөөгөнцөр (нэг ёсны хөгц, мөөг), бактериуд (бактери буюу нян) агуулагдаж байдаг (*4). Эдгээр амьтад тоо ширхэгээрээ л гэхэд хүний 7.6 тэрбумтай жишихийн аргагүй олон, дэлхийн амьд байгалийн үндсэн төлөөлөл гээд хэлсэн ч хэтрүүлэг болохгүй.

Амьтад, ялангуяа эдгээр бактери төрөлтүүд бол ямар ч туйлын орчинд амьдрах тэсвэртэй. Өмнөд мөсөн туйлын хасах 20 хэмээс газрын гүн дэх нэмэх 100 хэм давсан орчин, хүчтэй хүчиллэгээс хүчтэй шүлтлэг орчин гээд баргийн тамыг юман чинээ тоохгүй. Хүн бол газар дээрээ үхээд өгмөөр радиацид дасан зохицсон бактери ч бас байна. Газрын гүнээс озоны давхарга хүртэлх дэлхийн аль ч орон зайнаас амьтангүй газрыг хайж олох нь эсрэгээрээ хэцүү гэмээр. Тэр ч бүү хэл зарим амьтад бүр сансрын орон зайд амьдарч чаддаг нь ч батлагдсан байдаг (*5).

Хэтрүүлэг зүйрлэл ч биш, ёстой л шууд утгаараа манай дэлхий амьтдаар дүүрэн бялхаж, захаасаа сансар огторгуй руу халиад асгарчихсан бололтой юм. Хэрвээ зөвхөн амьд биетүүдийг гэрэлтдэг болгочихвол дэлхий маань маш хурцаар гялалзан гялтганаж харагдах биз ээ.


Амьд биетийн үйл ажиллагаанд хэм хэмжээ үгүй


Бялхаж цалгисан тэр их амьд биетүүд дэлхийн орчин нөхцөлийг ч бас өөрчилж орхижээ. Хүний үйл ажиллагаанаас болж хүлэмжийн хий (СО2) сүүлийн 100 жилийн дотор 0.01%-иар өсчихлөө (*6). Хүлэмжийн хийн агууламж ихсэх нь дулаарлын шалтгаан болох тул үгүй ядаж л хүмүүсийн хувьд ноцтой асуудал үүсгэж байна.

Гэхдээ амьд биетүүдээс дэлхийн орчин нөхцөлд үзүүлсэн нөлөөний дэргэд энэ зэрэг юу ч биш шахуу. Гурван тэрбум жилийн өмнө бий болсон фотосинтетик бактериуд (нарны гэрэл нийлэгжүүлдэг бактери) төдийг хүртэл агаар мандалд бараг байгаагүй хүчилтөрөгчийг 20% хүртэл өсгөж орхисон байдаг. Тэгээд зогсохгүй тэр агууламж түр зуурын явдал бус түүнээс хойш өнөөдрийг хүртэл гурван тэрбум жилийн турш үргэлжилж байна.

Уул шугамдаа хүчилтөрөгч нь фотосинтез хийх үед ялгардаг дайвар бодис байсан гэгддэг. Дээр нь хүчилтөрөгч химийн урвалд орохдоо амархан тул олон амьтдын хувьд хор байсан нь дамжиггүй. Тэгэхээр нэг ёсондоо фотосинтетик бактериуд гурван тэрбум жилийн өмнө дэлхий даяар байгаль орчныг бохирдуулж байжээ гэсэн үг. Тэгтэл амьтад адтай юм болохоор хүчилтөрөгч хуримтлагдаад ирмэгц түүнийг ашиглан энерги гаргаж авах арга сүвэгчлэн хувьсаж, эсрэгээрээ түүнгүйгээр амьдарч чадахааргүй (бидэн шиг) амьтад олшроод ирсэн байна. Түүний үр дүнд дэлхийн хүчилтөрөгчийн агууламж 20%-ийн торгон түвшиндээ тогтворжжээ.

Энэ мэтээр амьд биетүүдийн амьдрал дэлхийн орчин нөхцөлд хүчтэй нөлөөлж байдаг. Ёстой л дэлхийг амьд биетэд эзлэгдсэн эрхэс гэж хэлж болмоор.

Миний хувьд амьтдын энэ мэт дэндүү гэмээр хэтрүүлдэг шинжийг харахаар гайхалтай санагддаг юм. Дараа дараагийн бүлгүүдэд ч хэд хэдэн жишээ гаргаж өгүүлэх боловч, амьд биетийн үйл ажиллагаанд хэм хэмжээ гээч юм байдаггүй. Өөрийн оршин тогтнол хийгээд үржин олшрохын төлөө за арай ч дээ гэж санагдмаар үйлдлийг хээв нэг хийнэ. Амьд биетүүд хүний төсөөллөөс хамаагүй агуу ертөнцийг бүтээн бий болгоно.

Нэг жижигхэн жишээ татахад идсэн будаа ч юм уу бэлэн хоолны үлдэгдлээ тэр чигт нь орхиж байгаагүй биз? Тэгж үзээгүй хүмүүст ядаж ганц удаа туршиж үзэхийг санал болгох байна. Зуны халуунд бол ганц 7 хоног л зөнд нь орхиход өнгө алагласан хөгцөн ширэнгэ бий болно. Аз таарвал мөөг ч ургаж магадгүй.

Тэгээд мөөгөнцрүүд тэжээлээ дуустал ихсэж багасах байдлаар амьд үлдэх өрсөлдөөн өрнүүлнэ. Тэжээл дууссан ч ус, нарны гэрлээр хангаад өгвөл амьд үлдэх өрсөлдөөн зогсоно гэж үгүй. Дараагийн удаад гэрэл нийлэгжүүлдэг амьтад ихсэж, дараа нь тэднийг иддэг амьтад ихсэж гэх мэтээр үүрдийн өрсөлдөөн оволзох вий.

Ингэж зоргоороо үржиж, улам бүр хувираад явдаг нь амьд биетийн онцлог юм. Амьгүй зүйлс бол хэрхэвч ингэхгүй. Амьгүй биет, жишээ нь чулуу, сандал, ном зэргийг амьгүй биет гэдэг. Амьгүй биетийг хэн нэгэн оролдохгүй л бол үндсэндээ юу ч өөрчлөгдөхгүй. Цаг хугацааны уртад ердөө л элэгдээд, эвдрээд дуусна. Хэзээ ч ихсэж, багасаж, орчиндоо зохицон хувирахгүй.

Мэдээжийн хэрэг боловч амьтай ба амьгүй биетийн хооронд маш том ялгаа бий. Тэрхүү амьтай, амьгүй хоёрын ялгаа юундаа байдаг юм бол? Амьд биет гэж чухам ямар оршихуй юм бэ? Нэгдүгээр бүлэгт юун түрүүнд энэ тухай өгүүлье гэж бодож байна.

3 comments:

Anonymous said...

Ном таалагдлаа сонирхолтой байлаа баярлалаа биологийн үүднээс бодоод үзвэл нээрэн ч эргэн тойрон нийгэмд бухимдаж өөрийгөө чамлаж атаа жөтөө гэхгүй арай өөр өнцгөөс уужуу харж дүгнэх нь сонирхолтой юм гэдэг бодлыг төрүүлж өгсөнд баярлалаа.Цаашид ч өөрийн мэдсэн уншсанаа түгээж түүнээсээ кайф урмын үг олон олонг сонсож байгаарай амжилт

Anonymous said...

Энэ номыг хаанаас авах вэ?

ТОМё БОДё said...

Internom, азхур, алфабүүк гээд ихэнх номын дэлгүүрт байгаа.

Post a Comment