Pages

Сэдвүүд

2021/11/12

Нойр хулжаам хувьслын түүх - 3

Өмнөх: Нойр хулжаам хувьслын түүх - 2

Эс, ДНХ зөвхөн амьтдад байдаг


Үнэндээ гал гэх мэт автокатализаас ялгарах амьд биетийн онцлогууд гэвэл зөвхөн хувьсах чадвараар тогтохгүй өөр ч бас зөндөө бий. Жишээ нь саяын асуулгад ч гарсан “⑤ Эстэй” гэх онцлог байна.

Дэлхий дээрх бүхий л амьтад эс хэмээх бяцхан уутанд боогдсон бүтэцтэй байдаг. Одоогийн байдлаар энэ жишгийг эвдсэн эсгүй амьтан олдоогүй л байна. Хүний бие ч бас эс гэдэг хамгийн жижиг нэгж олноор цугласан бүтэцтэй байдаг.

Яг л лего тоглоомны блокорхуу гэж хэлж болно. Блокууд бүгд тогтсон хэмжээтэй ба асар олон блок угсарч байж аварга том бөгөөд ээдрээтэй хүн хэмээх комплекс биетийг үүсгэдэг. Мэдээж зөвхөн хүнээр тогтохгүй өт ч, өвс ч бас тийм. Бактери нэг эстэй буюу хамгийн цөөхөн блокоос бүрдсэн амьтан гэсэн үг. Мөнөөх төвөгтэй гал хүртэл эст бүтэцгүй тул “эстэй байх” гэдэг нөхцөл оруулчихвал галыг оруулалгүйгээр амьд биетийг тодорхойлж чадна.

Өөр нэг амьд биетийн онцлог гэвэл “⑥ ДНХ-тэй байх” ч бас мөн. Нээрээ ч дэлхийн бүхий л амьтад энэ нөхцөлийг хангадаг.

ДНХ гэдэг нь дезоксирибонуклейны хүчил гэх химийн бодисын товчлол юм. Амьтад энэхүү ДНХ-ийг удмын мэдээлэл хадгалах хэрэгсэл болгон ашигладаг. ДНХ нь аденин (А), гуанин (G), цитозин (С), тимин (Т) гэх дөрвөн төрлийн химийн суурь янз бүрийн дарааллаар холбогдсон уртаа гинжин хэлбэрийн бодис байдаг. Компьютерт бүх мэдээллийг 0 ба 1-ийн дараалал байдлаар хадгалдаг бол ДНХ-д энэхүү AGCT-гийн дарааллаар удмын мэдээллийг хадгалдаг. Өдийг хүртэл олдоод буй дэлхийн бүх амьтад ДНХ-тэй бөгөөд эдэнд ч бас жишгээс гажих амьтан үгүй. Мэдээж гал мэтийн автокатализад ДНХ байхгүй юм чинь үүнийг ч бас амьтай ба амьгүй биетийн ангилалд ашиглаж болно.

Дэлхийн амьтдад өөр ч зөндөө нийтлэг онцлог бий. Жишээлбэл, бүх амьтад тогтсон хэдэн амин хүчлийг л ашигладаг (амин хүчил гэдэг нь уургийн түүхий эдийг хэлдэг. Өөрөөр хэлбэл олон янзын амин хүчлийг угсарч холбоод уураг бүтээдэг). Үнэндээ дэлхий дээрх амьтад тоогүй олон амин хүчлүүд дотроос яагаад ч юм голчлон 20 төрлийн амин хүчлийг л ашиглаж байдаг. Мэдээж амьгүй биетэд тийм онцлог байхгүй.

Тийм бол эдгээр онцлогийг амьтай ба амьгүй биетийг ангилах нөхцөл болгон ашиглаж яагаад болохгүй гэж? Тэгвэл гал ч юм уу талстаас болж шаналаад байлгүйгээр амьд биетийг хялбархаан тодорхойлчихож болох бус уу?

Үнэндээ энд дахиад жаахан асуудал бий. Тэр бол эдгээр нөхцөлүүд нь зөвхөн дэлхийн амьд биетийн хувьд л хүчинтэй байх магадлалтай учраас тэр юм.


Амьтай ба амьгүй биетийг ангилах шаардлага


Асуудал юу вэ гэхээр ерөөс яах гэж амьтай, амьгүй биетийг ангилах гээд байгаа юм бэ, тэрийг ангилж яг яах гэсэн юм бэ гэдэг асуулт руугаа буцаж очно. Амьтай ба амьгүй биетийг ангилах нэг зорилго бол зүгээр л “амьд биет гэж юу болохыг ойлгох” гэсэн эгэл хүсэлтэй холбоотой байх.

Гэвч түүнээс ч өөр шалтгаанаар амьтай амьгүй хоёрыг яв цав ялгаж салгахгүй л бол санаа нь амрахгүй хүмүүс бас бий. Тэд бол харь гарагийн амьдрал судалж буй хүмүүс юм. Амьд биетийг яв цав тодорхойлж авахгүй л бол сансар огторгуйгаас ямар нэг амьтанархуу юм оллоо гэхэд тэрийгээ амьтан мөн гэж баттай хэлж чадахгүйд хүрнэ. Энд бас нэг ярвигтай асуудал гэвэл, дэлхийн амьтдын жишгээр амьд биетийг тодорхойлчих юм бол тэр нь дэлхийн биш амьтдад хамаарахгүй байхыг ч байг гэхгүй юм. Жишээ нь ДНХ-тэй байдаг нь зөвхөн дэлхийн амьтдын онцлог байж ч мэднэ.

ДНХ бол компьютерээр жишээлж хэлбэл хард диск гэх мэт санах ойн төхөөрөмж л гэсэн үг. Компьютерийг ажиллуулахад санах ойн төхөөрөмж нь хард диск, флаш диск, ер нь өөр юу ч байсан болно. Дээр үед бол уян диск, кассет хүртэл ашигладаг байлаа шүү дээ. Ер нь бол мэдээллийг хадгалж л байвал юу ч байсан хамаагүй юм. Амьтад ч бас бодвол заавал ДНХ гэлгүйгээр мэдээлэл хадгалж чадаж л байвал өөр бодис ч ашиглах боломжтой байх. Дэлхийн амьтад бүгд ДНХ ашигладаг ч гэлээ, өөр гарагийн амьтад ДНХ биш өөр ямар нэг юм ашиглаж байх бүрэн магадлалтай.

Тэр ч бүү хэл өөр гарагийн амьтад эстэй байна гэсэн баталгаа ч байхгүй. Яагаад дэлхийн бүх амьтад эстэй болохыг үнэндээ сайн мэдэхгүй ч, эсгүй амьтан байх боломжгүй гэх ямар ч бодит шалтгаан байхгүй юм. Уран зөгнөлт зохиолд үе үе тийм амьтад гардаг шүү дээ. Шингэн амьд биет ч юм уу, хад чулуун амьтад хааяа гардаг.

“Эстэй байх” гэдгийг амьд биетийн тодорхойлолтод оруулчих юм бол бидний хувьд этгээд гэмээр тиймэрхүү амьтдыг орхигдуулахад хүрнэ. Амин хүчлийн хувьд ч ялгаагүй. Харь гарагийн амьтад ч бас дэлхийн амьтадтай адилхан 20 төрлийн хүчил л ашигладаг гэх баталгаа хаана ч байхгүй билээ.


Харь гарагийн амьтныг ч хамруулах амьд биетийн тодорхойлолт


Хараахан олдоогүй, байдаг эсэх нь ч тодорхойгүй харь гарагийн амьтдыг хүртэл хамруулаад амьд биетийг тодорхойлно гэдэг тийм ч амар ажил биш. Аль нь зөвхөн дэлхийн амьтдын онцлог, аль нь бүхий л амьтдад нийтлэг мөн чанар болохыг тунгаахгүй бол болохгүй.

Нэгэнт хараахан харь гарагийн амьтан олдоогүйгээс хойш хэн ч зөв хариултыг мэдэхгүй л байх. Гэхдээ л дэлхийн амьтдыг сайтар судлаад явбал удмын мэдээллээ хадгалахын тулд заавал ДНХ биш байсан ч болох юм байна гэдэг ч юм уу, эс гэдэг бүтэц ч бас нөхцөл тохироо нь бүрдвэл хэрэггүй байж болно гэх мэт зүйлсийг ойлгож ирнэ. Энэ мэтээр ахиулан судлаад байвал харь гарагийн амьтдад ч хамаарахуйц амьд биетийн тодорхойлолтод дөхөж очих боломжтой.

Өнөөдрийн байдлаар NASA-гийн судлаачдын ашигладаг амьд биетийн тодорхойлолтыг, хариултад хамгийн дөхүү нь болов уу гэж олонх судлаачид үздэг. Тэр нь профессор Жералд Жоисын дэвшүүлсэн “Амьд биет гэдэг бол бие даасан бөгөөд хувьсах чадвар бүхий хувилах систем юм” гэх тодорхойлолт. Энд хэлж буй бие даасан гэдэг нь бодисын солилцоо хийн өөрөө энерги үйлдвэрлэдэг гэдэгтэй дүйнэ. Хувилах систем гэдэг нь хувилан үрждэг гэсэн үг. Тэгээд хувьсдаг гэх шинж нэмэгдсэнээр амьд биетийн тодорхойлолт болж байгаа юм. Энэ хүртэл бидний өгүүлж ирсэн тодорхойлолттой бараг давхцаж байгаа биз?

Дашрамд хэлэхэд хэрхэн яаж энэ тодорхойлолтыг хангадаг зүйлийг эрж олох вэ гэсэн том асуудал харь гарагийн амьдрал судлаачдын үндсэн даалгавар болдог учиртай.

Хэрвээ уран зөгнөлт зохиолд элбэг гардаг шиг оюун ухаантай амьтад хүрч ирээд бидэнтэй яриа өдөөд унавал тэр нь ямар ч царай төрхтэй бай бид бүгдээрээ амьд биет мөн гэдэгт нь огт эргэлзэхгүй биз ээ. Эсвэл тийм өндөр түвшний оюун ухаантай биш юм гэхэд жишээ нь энгийн нүдэнд үзэгдэхүйц дайны нэг юм бөмбийтөл алхаад явж байвал, хэдий тэр нь чулуу шиг төрхтэй байлаа ч түүнийг бид амьтан, үгүй ядаж л амьтны хийсэн ямар нэг юм байна гэдгийг үгүйсгэхгүй байлгүй.

Даанч өдийг хүртэлх гараг эрхсийн судалгааны үр дүнгээс ямар ч байсан Ангарагаас дотогшоо лав тийм том биетэй амьтан байх ямар ч магадлалгүй нь тогтоогдсон. Өнөөгийн харь гарагийн амьдрал судлаачдын дуран энгийн нүдэнд үзэгдэхээргүй бичил амьд биет, ер нь бол бактери маягийн юм руу чиглээд буй. Тийм бичил амьтдыг нэгэнт нүдээр харж чадахгүйгээс хойш судалгааны хөлгөөс илгээсэн зураг хараад дүгнэх аргагүй. Явж явж ямар нэгэн аргаар харь гарагийн хөрсний дээжийг дэлхий рүү зөөж ирээд баяжуулж үзэхгүй л бол эцсийн дүгнэлт хэлэх боломжгүй байх. Японы Хаяабуса (солирын гадаргаас дээж авч дэлхийд авчирсан прожект) шиг харь гарагаас дээж авчрах төслүүд л цаашдын судалгааны голлох даалгавар байх болов уу.


Дарвины дэвшүүлсэн хувьсал


За тэгэхээр дэлхийн амьд биетийн тухай яриандаа буцаж оръё. Сая өгүүлсэнчлэн гал гэх мэт физик үзэгдлийг амьд биетээс ангилах нэг том онцлог бол хувьсах чадвар. Тэгвэл энэ хувьсах гээч нь чухам ямар үзэгдэл юм бол? Тэр талаар жаахан дэлгэрэнгүй тайлбарлая.

Хувьсал гэдэг бол яриа байхгүй Дарвины анхлан дэвшүүлсэн, амьтад өөрчлөгдөн хувирдаг механизмын талаарх ухагдахуун. Амьтад дотор хүн, сармагчин, загас, шувуу, бактери гэхчлэн янз бүрийн төрөл зүйл байдгийн шалтгаан нь зүйл тус бүр өөр нэг зүйлээс хувьссаны үр дүн гэж үздэг. Энэ зарчим тун ч энгийн. Ердөө л “үр удмаа олныг үлдээж чадсан нь амьд үлдэнэ” гэх төдий зарчим юм.

Нэг амьтны сүрэг төсөөлж үзье. Хүн ч байж болно, загас эсвэл бактери байсан ч ялгаагүй. Тэр сүрэг дундах нэг бодгалийн ген нь өөрчлөгдөж, шинж чанар нь өөрчлөгджээ гэе. Жишээ нь хүзүү нь анаашных шиг сунаж ч болно, загасных шиг сэрвээ нь том болоод хурдан сэлдэг болсон ч болно. Эсвэл харагдах байдал нь огт өөрчлөгдөөгүй ч өмнө өгүүлсэн хуванцар задалдаг бактери шиг шинэ ферменттэй болоод төдийг хүртэл шингээж чаддаггүй байсан хоолыг шингээдэг болсон байж болно.

Ингэж бий болсон өөрчлөлт тухайн бодгалийн амьдрах чадвар, үр удмаа үлдээх боломжид лавтайяа эергээр нөлөөлнө. Тэгж өөрчлөгдөөгүй бусад бодгалиудаас илүү олон үр төл үлдээж чадах учиртай. Тэгээд үр төлд нь ч бас тэрхүү өөрчлөгдсөн шинж удамшиж таарна. Тэгмэгц дараагийн үе дээр уг өөрчлөлтийг агуулсан бодгалийн хувь хэмжээ бага зэрэг өснө. Энэ процесс давтагдаад явбал хэдэн үеийн дараа гэхэд тухайн сүргийн бүх бодгаль нөгөө өөрчлөгдсөн шинжийг агуулаад ирнэ. Иймэрхүү өөрчлөлт дахин дахин давтагдвал яваандаа амьтны шинэ төрөл зүйл болоод явна.

Энэ бол Дарвины дэвшүүлсэн хувьслын механизм юм. Энэ процессын явцад тухайн орчинд илүүтэй тохирсон шинж чанартай амьтад нь амьд үлдэж таарах тул дасан зохицогчийн амь гаралт ч гэж хэлдэг.

Хувьслын зарчмын чухам энэ энгийн шинж түүнийг маш хүчирхэг болгодог. Базаад хэлбэл “Сайн үржээд байвал амьд үлдэнэ ээ” гэсэн мэдээжийн шахуу юм хэлж буй л төдий юм.

Гэхдээ мэдээжийн болохоороо маш олон талбарт энэ зарчим ажилладаг.

Дарвины цаг үед хувьслыг зөвхөн амьтдад л хамаатай үзэгдэл гэж хардаг байж. Тэгтэл хожмын судалгааны үр дүнд хувьсал өрнөхийн тулд гурван нөхцөл байдаг ба тэрийг л хангаад өгчихвөл үнэндээ амьтан биш байсан ч хувьсаж болдог нь илэрсэн байна.


Хувьсахын төлөөх гурван нөхцөл


Хувьсал өрнөхийн тулд гурван нөхцөл хэрэгтэй.


1, Хувилах

2, Мутац тохиох

3, Шалгарал явагдах


Энэ гурван нөхцөлийг хангачихвал амьтай нь ч бай, амьгүй нь ч бай хүссэн хүсээгүй хувьсал өрнөнө.

1, Хувилах гэдэг нь шууд утгаараа буюу амьтан бол үр төл гаргаж, амьгүй бол олширдог (өөрийгөө хуулбарлаж хувилдаг) байвал нөхцөл хангагдана.

2, Мутац тохиох гэдэг нь хувилах явцдаа эхтэйгээ ив ижил юм гарах бус үе үе үл ялиг өөрчлөгддөг байх ёстой гэсэн үг. Тэгээд тэр өөрчлөлт ч бас дараагийн үедээ өвлөгддөг байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл удамшдаг шинжтэй байх ёстой.

Хүмүүс бидний удамшлын тухай бодож үзвэл энэ нөхцөл илүү ойлгомжтой байх болов уу. Хүн нэг бүрийн шинж чанар өсөж торних явцад ихээр өөрчлөгддөг хэдий ч үр удамд маань өвлөгдөх өөрчлөлтүүд зөвхөн ДНХ доторхоор хязгаарлагддаг. Жишээ нь фитнессээр хичээллээд ямар ч том булчинтай боллоо гээд тэр булчин хүүхдэд өвлөгдөхгүй. Булчин яаж ч нэмэгдээд бидний ДНХ огт өөрчлөгдөхгүй. Өвлөгдөж дамжих нь үржлийн эс (эр эсвэл эм бэлгийн эс) доторх ДНХ-д орсон өөрчлөлтүүд л байна.

3, Шалгарал явагдах гэдэг нөхцөлийн хувьд олон хувилбар байж болно. Байгальд бол хүрээлэн буй орчиндоо элдвээр дарлуулж явсаар орчиндоо зохицсон нь хар аяндаа шалгаран үлдэнэ. Үүнийг байгалийн шалгарал гэдэг.

Түүнээс гадна зохиомол сонголтоор тухайн нэг шинж чанар нь шалгараад явж болно. Үүнийг зохиомол шалгарал гэнэ. Хамгийн сонгодог жишээ гэвэл ногооны сортыг сайжруулах явдал байна. Хүнд ашигтай шинж (амттай ч юм уу, өвчинд тэсвэртэй шинж) бүхий бутыг сонгох байдлаар зохиомлоор хувьсгаж болдог.

Хувилах, мутац, шалгарал гэсэн эдгээр гурван нөхцөлийг хангавал хувьсал өрнүүлэх боломжтой. Өрнүүлэх гэх үү дээ, бараг өөрөө зоргоороо өрнөөд явна гэх нь зөв ч байж магадгүй. Байгальд бол эдгээр нөхцөлийг хангадаг нь зөвхөн амьтад. Тиймдээ ч бид хувьсах чадварыг амьтай ба амьгүй биетийг ялгаж салгах нөхцөл болгон ашигласан хэрэг.

Тэгтэл өнөөгийн шинжлэх ухаан технологийг ашиглавал амьгүй хэрнээ хувьсах чадвар бүхий зүйлийг бүтээж чаддаг болоод байна.

Чингэмэгц шууд эргэлзээ төрнө. Хувьсах чадвар бүхий хиймэл биетийг амьд биет гэж үзэж болох уу?

Энэ бол тун ч сэжигтэй асуулт. Өмнө нь танилцуулсан Жерард Жоис профессорын амьд биетийн тодорхойлолтоор шигшвэл сайх гурван нөхцөлийг хангаад хувьсах чадвартай болсон хиймэл зүйл амьд биетийн хүрээлэлд орчихно шүү дээ. Хувьсдаг хиймэл зүйлийг амьд биет гэж үзэж болно гэж үү? Хэрэв тэгж үзнэ гэхээр нэг л биш санагдаад байвал дахиад ямар нөхцөл дутсан болж таарах вэ?

Одоо тэгвэл өдийг хүртэл бүтээгдсэн хувьсдаг хиймэл биетийн талаар ярилцангаа энэ асуултыг эргэцүүлж үзье.


Шпигельманы мангас


Өнөөдрийг хүртэл амьгүй атлаа хувьсдаг биет хэд хэд бүтээгдсэн байдаг. Хамгийн анхны жишээг 1967 онд Америкийн Иллинойсын их сургуулийн Сол Шпигельманы баг бүтээснээ зарлаж байв.

Тэд гэдэсний савханцарын вирусын нэг төрөл болох бактериофаги Qβ-д агуулагддаг “РНХ хувилагч фермент”-ийг ашигласан байна. Энэхүү хувилагч фермент нь РНХ (рибонуклейны хүчил) гэж нэрлэгддэг гинжин бүтэцтэй химийн бодисыг хувилах чадвартай.

РНХ нь суурь гэж нэрлэгддэг химийн бодисууд гинжин хэлбэрээр нэг цуваанд холбогдсон зүйл байдаг ба өмнө ярьсан ДНХ-тэй бараг адилхан бүтэцтэй. ДНХ-ийн сууринд аденин (А), гуанин (G), цитозин (С), тимин (Т) ашиглагддаг бол РНХ-д тиминий оронд урацил (U) ашиглагддаг. Мөн гинжний гол нуруу хэсэг дэх хүчилтөрөгчийн атомын тоо ДНХ-ээс нэгээр илүү гэдгээрээ ялгаатай. Гэсэн ч РНХ ба ДНХ хоёрын чаддаг юм бараг адилхан. РНХ ч бас A, G, C, U гэсэн 4 төрлийн дараалал ашиглан мэдээлэл хадгалж чадна.

РНХ хувилагч ферментийг ямар нэгэн РНХ ба түүний түүхий эд болох A, G, C, U молекулуудын овоолготой хамт хийгээд халаагаад байвал нөгөө хувилагч фермент чинь РНХ-ийг хувилан угсарч эхэлнэ. Үр дүнд нь РНХ нугарч үржээд явна (зураг 1).


Зураг 1. Шпигельман нарын РНХ хувилагч

РНХ нь хувилагч ферментийн нөлөөгөөр нугарч үржээд явна. Үе үе алдаатай хувилснаас болж мутац үлдэнэ. Жишээ зурагт голд байсан А нь G болж мутацлагдсан байна.


Зүйрлэвэл хувилагч фермент нь хувилагч машин (монголч уншигчид ойлгомжтойгоор нь канон гэе), РНХ нь ямар нэг мэдээлэл бичигдсэн цаас гээд бодчих. Канонууд ба түүнийг ажиллуулдаг баахан ажилчид эгнэж зогсоод ганц хуудас цаас хувилахаас хамаг ажил эхэлж байна гээд төсөөлөөд үзнэ үү. Эхэндээ ганцхан цаас байх тул хувилах хурд ч удаан явах байх. Гэвч хувилсан хуулбарыг өөр канон дээр барьж очоод түүнээс дахин хуулбар гаргаад явбал хурд хоёр дахин нугарч, нүд ирмэх зуур асар их хуулбартай болно.

Шпигельманы туршилтаар яг л тийм зүйл болж. Ердөө жаахан РНХ-ийг зөндөө их хувилагч фермент ашиглан урвалд оруулж эхэлтэл РНХ нь нуга нуга хувилан үржсээр юу юугүй бүх түүхий эдийг РНХ болгоод тавьчихсан аж.

Гэхдээ РНХ дээр каноноос ялгаатай нэг зүйл өрнөнө. Юу гэвэл мутац. Нэг цаасыг каноноор хувилаад, тэндээс гарсан хуулбараас нь ахиж хуулбар гаргах үйлдлийг хэд ч давтлаа гээд цаасан дээр бичигдсэн мэдээлэл өөрчлөгдөнө гэж байхгүй. Их багаар үсэг нь бүдгэрч бүрэлзэж магадгүй ч агуулга бол өөрчлөгдөхгүй. РНХ-ийг бол дахин дахин хувилаад байвал бага багаар РНХ дараалал өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл РНХ-д кодлогдсон мэдээлэл өөрчлөгдөж орхино гэсэн үг.

Ингэж мутац үүсдгийн шалтгаан нь РНХ хувилагч фермент РНХ-ийг хувилахдаа хааяадаа ганц нэг механик алдаа гаргадагтай холбоотой. Жишээ нь А байсан газар G болох, C байсан газар U болох, эсвэл хэсэг газар оргүй алга болох зэрэг үзэгдэл тохионо. Уг туршилтад ашигласан РНХ хувилагч ферментийн хувьд ойролцоогоор 10,000 - 100,000 суурь залгахдаа нэг удаа алдаа гаргадаг. Номоор яривал барагцаагаар нэг ном хувилах тоолонд нэг үсэг өөрчлөгдөх дайны тооцоо.

Оогт шалихгүй юм шиг санагдаж магадгүй ч мутацын аймшигтай нь ямар ч жижиг алдаа үүрд хадгалагдаад явна. Номыг бол жишээ нь алдаа гарвал засаад явж болно, гэтэл РНХ дараалал дээр юу нь зөв гэх юм үгүй тул хэн ч түүнийг засахгүй. РНХ-ийг хувилж л байгаа бол нэг орсон мутац түүнээс цааш үеийн үед үр удамд нь тасралтгүй өвлөгдөх болно.

Шпигельманы багийнхан тэрхүү РНХ хувилах урвалыг урт хугацааны турш үргэлжлүүлж үзсэн байна. Эхэндээ ганц хуруу шилэнд РНХ хувилж үзэж. Яваандаа хуруу шилэн дэх түүхий эд дуусахтай зэрэгцээд хувилах процесс зогсож мэдэх тул багахаан РНХ ялгаж аваад шинэ түүхий эдээр дүүрэн хуруу шил рүү шилжүүлэх байдлаар цааш нь үргэлжлүүлэн хувилав.

Ингэж РНХ шилжүүлэн суулгалтыг дахин дахин давтаад байсан чинь яасан гэж бодно?

РНХ-ийн урт нь улам бүр богиносож, зэрэгцээд РНХ хувилах хурд тэр хэрээр ихсээд ирж. Анхны РНХ нь 4,000 хавьцаа суурь бүхий урттай байсан бол 70 удаагийн шилжүүлэн суулгалтын дараа дөнгөж 200 гаруй суурь болтлоо богиносож, хувилах хурд 20 дахин нэмэгдсэн гэнэ. Нэг ёсондоо богинохон бөгөөд илүү хурдан үрждэг РНХ болон хувьссан хэрэг.

Энэ бол яриа байхгүй амьтдын өрнүүлдэг чухам тэр хувьсах үзэгдэл. Шпигельманы баг амьгүй биет хэрнээ амьд биеттэй ижил зарчмаар хувьсах чадвартай зүйлийг анх удаагаа нээн олсон нь тэр байсан юм.

Энд РНХ богинохон болж хувьссан нь мэдээж цаанаа шалтгаантай. Уг туршилтад ашигласан РНХ хувилагч фермент нь богинохон РНХ байх тусам амархан хувилдаг шинж чанартай байж. Мөн РНХ богинохон байвал хувилахад түүхий эд ч бага орно. Тиймээс мутацын нөлөөгөөр зарим хэсэг нь устан богиносох л юм бол тэр РНХ бусдаасаа хурдан бас олноор үр удмаа үлдээж чадахуйц болно. Нэг ёсондоо уг туршилтаар богино РНХ-үүд сонгогдоод явсан гэсэн үг. Ингэж ямх ямхаар богиноссон РНХ-үүд гарч ирсээр эцсийн бүлэгт сүргийг бүхэлд нь дүүргэжээ гэж ойлгож болохоор байна.

РНХ гээч амьтан биш зүйл хуруу шилэн дотор хувьссан тухай мэдээ 1967 оны тухайн үедээ бөөн шуугиан тарьсан юм билээ. Ахмад судлаачид тэр үед яаж цочирдсон тухайгаа их ярьж өгдөг юм. Тэр үеийн сонин сэтгүүлийг харвал хувьссаны дараах богинохон РНХ-ийг “Шпигельманы мангас” гэдэг нэрээр танилцуулсан байдаг. Төдийг хүртэл дэлхий дээр оршин байгаагүй РНХ хувьслын аргаар хиймлээр гараад ирсэн юм хойно “мангас” гэсэн нэр нь нээрээ ч зохисон юм шиг. Гэсэн ч тэр мангас тухайн нэг хувилагч фермент болон РНХ-ийн түүхий эд элбэг арвин орчин биш л бол үржих чадваргүй, бас үржихээс өөр ямар ч шидгүй “өхөөрдөм хөөрхөн” мангас байжээ.







Үргэлжлэл: Нойр хулжаам хувьслын түүх - 4


No comments:

Post a Comment