Pages

Сэдвүүд

2017/02/17

Квалиа (7) - Дайвар үзэгдлийн парадокс

Өмнөх - Квалиа (6) - Идэвхгүй ухамсрын тайлбар

  • Яагаад тархи квалиаг хүүрнэж чадна вэ?

Жишээ нь, физикчдын шинжлэх ухаанч байр суурийг үнэмшин Дайвар үзэгдлийн тайлбарыг баримтлаад, “Квалиа болон материйн хооронд ямар ч физик холбоо байдаггүй” гэж бодъё л доо.



Чингүүт, квалиа нь тархи хэмээх төхөөрөмжийн үйл ажиллагаанд огт нөлөөлдөггүй болох тул, квалиа байсан байгаагүй ялгаагүй, тархи яг л ажилладагаараа л ажиллах болно.
Тиймээс жишээ нь хэрэвзээ квалиа гэх оршихуй гэнэт нэг өдөр энэ ертөнцөөс ор сураггүй алга болсон ч, тархи гадаад байдлаараа ширхэг өөрчлөлтгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, төдийг хүртлэх өдөр тутмын амьдралаараа амьдраад л явах биз.

Нэг иймэрхүү байдлаар туршилт хийж үзье.
Ширээн дээр 2 тархи байна.
Тархи А бол квалиа үүсдэг хэвийн тархи.
Тархи Б бол квалиа үүсдэггүй “философийн зомби тархи” гэе.
Энэ үед хоёр тархийг атом молекулын түвшинд ив ижил төлөвт байна гэж үзээд, хоёуланг нь ижил мэдээллээр өдөөж үзье (өвдөлт ч юм уу, өнгөний сигнал явуулъя).
Тэгтэл үр дүнд нь урьтач нөхцөл ёсоор
- Тархи А-д ирсэн мэдээлэлтэй дүйцэх өвдөлтийн ч юм уу, өнгөний квалиа үүснэ.
- Тархи Б-д ямар ч квалиа үүсэхгүй.
Аа харин тэрхүү өдөөлтөд үзүүлэх хариу реакцийн хувьд, хоёр тархи ив ижилхэн үйлдэл хийх учиртай.
Яагаад гэвэл, хоёр тархи ердөө л квалиа үүсдэг, үүсдэггүйгээрээ л ялгаатай болохоос, бусдаар бол физик төлөв (анхны нөхцөл) нь атом молекулын түвшинд ив ижилхэн байсан шүү дээ. Тийм бол ижил мэдээлэл өгвөл физикийн хуулинд захирагдан механик үйлдэл хийж, ив ижил хариу үйлдэл хийх учиртай.
Өөрөөр хэлбэл “Квалиа байсан байгаагүй тархины үйл ажиллагаанд ялгаа байхгүй” л юм бол, мэдээж хэрэг “Квалиа нь тархины үйл ажиллагаатай ямар ч холбоогүй” гэсэн дүгнэлтэд хүрнэ.



Эцсийн эцэст Дайвар үзэгдлийн тайлбарын дагуу физикч байр суурийг тууштай баримтлан, квалиа хэмээх матери бус зүйл юутай ч физикийн харилцан үйлчлэлд орохгүй гэсэн итгэл үнэмшлээр дээрх туршилтыг хийх юм бол, “Квалиа нь тархинд огтхон ч нөлөөлөхгүй” болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Бодит байдал дээр ч физикчид бидний өдөр тутмын амьдралд өрнөж байдаг “Тэр алим ногоон өнгөтэй байна” ч юм уу, “Машинын чимээ ямар шуугиантай юм бэ” гэх мэтийн яриа шийдвэрүүд нь бүгд физик ертөнцөд орших тархи гээч биетийн үйл ажиллагаагаар бүрэн тайлбарлагдана гэж үздэг тул, "квалиа" "сүнс" "хийморь" гэсэн матери бус зүйлсийн тухай тунгаах ямар ч шаардлагагүй гэж бодоцгоодог.

Гэвч байна шүү.
Үнэхээр л “Квалиа байсан байгаагүй тархины үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт ордоггүй”, “Квалиа нь тархинд огт нөлөөлдөггүй” л юм бол, ерөөсөө тархи чинь хэзээ ч квалиа гээчийн оршихуйг анзаарч, түүний тухай хүүрнэн ярих боломжгүй юм биш үү?
Квалиа гэх оршихуй тархи гээч төхөөрөмжид ямар ч физик нөлөө үзүүлдэггүй л юм бол, квалиа гэдэг ухагдахуун тархинд хэрхэн яаж бий болох вэ?Би яг одоо квалиаг мэдэрч байна” гэж хэлэх тархины үг хаанаас ирнэ вэ?

Дээрх эргэлзээг, өөрөөр хэлбэл “Квалиа нь физик ертөнцөд ямар ч нөлөөгүй юм бол, яагаад тархи квалиаг мэдээд, түүний тухай хүүрнээд байна вэ?” гэх асуудлыг “Дайвар үзэгдлийн парадокс” гэж нэрлэдэг.

Мэдээж, квалиаг мэдэрдэггүй гэгддэг хиймэл оюун болон робот зэрэг нь өөрийгөө хөгжүүлсээр
- Би яг одоо улаан өнгө харж байна. Улаан гэдэг зүйлийг мэдэрч байна
гээд өөрийн танин мэдсэн зүйлээ өгүүлэх нь байж болох зүйл төдийгүй, хиймэл оюун судалдаг олон хүмүүс “их хэмжээний замбараагүй мэдээллийг нэгтгэн боловсруулахад ашигтай” гэдэг шалтгаанаар хиймэл оюун нь өөрийнхөө дотоод төлвийг хянах зориулалттай “БИ (self monitoring program)” гэсэн програмыг суралцах явцдаа бий болгох боломжтой гэж үзэцгээдэг.
Эндээс “Тархи яагаад квалиаг хүүрнэж чадна вэ?” гэх дайвар үзэгдлийн парадоксод хандан, програм гэх абсолют дүрэмд захирагдан хөдөлдөг механик хиймэл оюун хүртэл “Би улааныг харж байна” гэж хэлэн, өөрийн субъектив туршлагаа өгүүлэх боломж хангалттай байгаа л юм хойно, яг адилханаар
- Тархи ч бас хувьслын явцдаа “БИ” гэх субъектив функцтэй болж, өөрийн дотоод туршлагаа хүүрнэн өгүүлдэг болсон төдий л байлгүй дээ.
гэж тайлбарлаад аргалах хүмүүс олон байдаг.
Гэвч үнэхээр энэ асуудал тийм хялбархан шийдэгдэх зүйл мөн үү?
Та бодоод үз дээ. Квалиаг гээч зүйлийг оогт мэдэрдэггүй этгээд доорх байдлаар хүүрнэн ярьж үнэхээр чадна гэж үү?
- Улаан өнгө харахаар, нэг тийм өвөрмөц тод, аюул айдас төрүүлээд ч байгаа юм шиг, эсвэл зориг эрч хүч ч амтагдах шиг, нэг л тийм хурц мэдрэмж ухамсар дотор төрдөг тэ? Тэр өвөрмөц биет мэдрэмжийг квалиа гээд байгаа юм л даа. Гэхдээ л бас яг үгээр илэрхийлэх гэхээр нэг л болдоггүй юмаа. Ер нь бол () энийг л хэлээд байгаа шдээ тэ? За байз, миний хэлж байгаа юм яг тэгж ойлгогдож байна уу гүй юу. За за, гэхдээ ойлгож байгаа биз дээ тэ?

Ерөөсөө “Би улааныг харж байна” гэх маягийн, ердөө л “тархин доторх ухамсрын төлвөө өгүүлэх” болон, “Яг үгээр илэрхийлж сайн чадахгүй байна л даа, гэхдээ би яг одоо квалиа гэдэг өвөрмөц ямар нэгэн юмыг мэдэрч байна” гэсэн байдлаар () энэний тухай өөрийн сэтгэгдлээ хүүрнэх хоёрын хооронд 100 тэрбум гэрлэн жилийн ялгаа бий.
Ямартай ч, квалиа нь тархины эсүүдэд өчүүхэн төдий ч нөлөөлдөггүй оршихуй юм бол, тархины эсүүд квалиаг танин мэдэх боломжгүй учиртай бөгөөд, квалиа үүсч байгааг бүр анзаарах ч ёсгүй байх учиртай. Тийм атал бодит байдал дээр тархи квалиагийн учир битүүлгийн тухай хүүрнэж, квалиагийн тухай мэтгэлцээд сууж байна. Энэ бол маш том ЗӨРЧИЛ гэж санагдана.
Тийм бол эсрэгээр нь
- Тархи квалиа гэх оршихуй, тэр ухагдахууныг илэрхий мэдэж байгаа.
- Яг яаж гэдгийг бол мэдэхгүй ч, ямар нэгэн байдлаар хаанаас ч юм тархи квалиагаас мэдээлэл авч байдаг.
гэж тунгаах нь илүүтэй зохистой хийгээд байгаллаг гэж санагдана.

Гэтэл байна шүү.
Гэтэл хэрвээ үнэхээр “Тархи квалиаг мэддэг” гэчих юм бол, тэр нь тархи квалиагаас ямар нэгэн хэлбэрээр гарцаагүй feedback хүлээн авдаг гэсэн үг болох тул, тэрхүү feedback-ийн нөлөөгөөр тархины дотоод төлөв өөрчлөгддөг болж таарна.

Өнөөгийн физикт биетийн төлөвийг өөрчилдөг нь үндсэн 4 хүчнээс өөр юу ч байх боломжгүй гэж үздэг. Тиймээс хэрвээ квалиа (эсвэл түүнийг мэдэрч буй субъектив ухамсар)-ын feedback тархинд мэдээлэл үлдээжээ (өөрөөр хэлбэл квалиа тархины атом молекулын физик төлвийг өөрчилжээ) гэж хүлээн зөвшөөрөх юм бол, тэр бол яриа байхгүй квалиа, ухамсар гэх мэтийн орчин үеийн физикт тодорхойлогдоогүй матери бус ямар нэгэн зүйлээс үүдэх физик үйлчлэл оршин байгааг, өөрөөр хэлбэл ямар нэгэн “оккульт шинжтэй 5 дахь хүч”-ний оршихуйг цаагуураа хүлээн зөвшөөрсөнтэй агаар нэг болох тул, ердийн стандарт физик үзэлтэй харшилдахад хүрэх болно.

Мэдээж хэрэг, эрүүл ухаантай шинжлэх ухаанчид бол тийм шинжлэх ухаанч бус оккульт физик үйлчлэлийг болж л өгвөл хүлээн зөвшөөрөхгүй талаас нь тунгаахыг хичээнэ. Тэгээд тийн тунгаасны үр дүнд бодож олсон дүгнэлт нь Дайвар үзэгдлийн тайлбар байсан учиртай.

Гэтэл одоо энэ Дайвар үзэгдлийн парадокс гэх асуудлын ачаар “Квалиа нь тархитай (буюу материтай) ямар ч физик холбоогүй” гэсэн тайлбар ч бас төдийлөн үнэмшилтэй бус болж, “Квалиа материтай физик үйлчлэлд ордоггүй юм чинь физикийн ухаан квалиатай зууралдах ямар ч шаардлагагүй” хэмээн цоглог дуугарч, квалиад тусгаарлах бичиг хүртэл гардуулж байсан физикч нөхдүүд өнөөдөр яах учраа олохгүй цочирдолд орчоод байгаа юм.

Ер нь ингэхэд, өнөөдрийн бидний тархи квалиаг мэдчихээд байдаг. Тэгвэл тэр “квалиаг мэдэх” гэсэн тархин доторх физик өөрчлөлтийг бий болгосон нь физикийн чухам ямар харилцан үйлчлэл байсан юм бол оо?

Физикчид үнэхээр тийм оккульт шинжтэй “5 дахь хүч”-ийг шинээр тодорхойлохгүй бол болохгүй юм болов уу?

Эсвэл энд ямар нэгэн эндүүрэл үүсээд, бид буруу эсвэл дутуу сэтгээд байна уу?

Танд ямар нэгэн санаа оноо байна уу?



Үнэхээр бид бүхэн квалиаг ойлгох өдөр ирэх болов уу?



4 comments:

Suldstn said...

квант болон астро физикийк нэгтгэсэн супер онол шиг л юм болох бх даа, физик квалиа 2-г хамтад нь тодорхойлсон юм болох болов уу... гэхдээ л материалист...

Dolgion said...

Claviag zuwhun unguur todorhoilj jisheelehgui bh tiime, turuhuus haraagui bgad nasand hursen hoinoo haraatai bolson hun bolon turulhiin haraatai 2 hunii claviag oguuleh chadwar 2 uur bhar chin yu gsn ug boloh ym boloo.

Unknown said...

Туршилтаар шууд баталж болохгүйд учир байгаа юм боловуу, хүний хийсвэр бодол хүртэл алга болохгүй хаа нэгтээ тэнэж явдаг гээ биздээ...Аан тэгэхээр бурханы бидэнд суулгасан чип болж таарах нээ :-)

Anonymous said...

yag unendee buruu setgeed baih shig baigaa yum.

Post a Comment