Pages

Сэдвүүд

2014/10/16

Тэгээс хязгааргүйн хооронд

Das Wahre ist gottähnlich.
Үнэн бол бурхны энтэй. (Гёте)

Хар нүхний ёроолд хэвтэх “Үнэн”.
Гэрэл ч мултран гарч үл чадах хар нүхний ёроолыг хэрэвзээ математикийн томьёогоор илэрхийлж чадах аваас, сансар огторгуйг бүхэлд нь тайлж чадна гэх.
Энэ ертөнцийн түмэн үзэгдлийг ердөө л “цэвэр оюун бодлоороо” таньж мэдэхийг эрмэлзэх физикчдийн их аян мөдхөн огторгуйн эхлэлд дөхөж очоод байна.


13.7 тэрбум жилийн тэртээ “Их тэсрэлт” гэгдэх аварга дэлбэрэлтийн үр дүнд энэ огторгуй ердөө “ганц цэг”-ээс эхэлсэн гэгддэг.

Өдийг хүртэлх физикчдийн олж нээсэн томьёонууд тэрхүү Их тэсрэлт болоод 10-43 секунд өнгөрснөөс хойшхийг нэгэнт тайлаад буй.

Өөрөөр хэлбэл, хүн төрөлхитөнд үлдээд буй сүүлчийн таавар, тэр бол огторгуй яг мэндэлж буй чухам тэр агшин юм.

Харин тэрхүү сансар огторгуй үүсч мэндэлсэн яг тэр агшин нь “Хар нүхний ёроолд” тэмдэглээтэй байгаа юм гэнэ.

Яагаад гэвэл, хар нүхний ёроол гэдэг бол туйлдаа хүртэл агшигдан шахагдсан хэт бичил цэг, сансар огторгуй бүхлээрээ буцаж хуйлагдан нягтарчихсан мэт тийм газар юм.

Өөрөөр хэлбэл огторгуйн эхлэл цэг бол, огторгуйн төгсгөл ч гэж санагдам хар нүхний ёроолтой томьёоны хувьд ижилхэн учиртай.



·                     Харьцангуйн ерөнхий онол

20-р зууны төрүүлсэн суут физикч Эйнштейн компьютер ч байхгүй тэр үед холын огторгуйн хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай тодорхойлж чадсан (Угаас, шинэ томьёо нээж олоход компьютер ашиглах боломжгүй. Учир нь компьютер бол нэгэнт олдсон томьёонд тулгуурлан програмчлагдсан байдаг).

Эйнштейний нээн илрүүлсэн Харьцангуйн ерөнхий онол.
Хараагүй хэрнээ л хэцүү гэж санагдах тэрхүү томьёо үнэндээ тун энгийнээр илэрхийлэгдсэн байдаг гэх. Томьёоны зүүн тал нь “орон зайн муруйлтыг”, баруун тал нь “юмсын жин болон энергийг” илэрхийлдэг. Нэг ёсондоо, “жин болон энерги байхад орон зай муруйдаг” гэсэн утга тэндээс харагдана.

“Орон зай муруйх” гэж юу гэсэн үг вэ?

Жишээ нь, орны матрассан дээр бөмбөг өнхрүүлбэл, мэдээж матрасс бөмбөгний жингээр хотойно. Тэгж үүссэн хотойлт нь “муруйлт” юм.

Тэрхүү муруйсан матрасс (орон зай) дээр өөр нэг хөнгөн бөмбөг тавивал, тэр нь эхний бөмбөгний хотойлтыг дагуулан хөдлөх биз. Ингэж үүссэн хөдөлгөөн бол, нар гэх мэт том оддын татах хүчинд татагдах жижиг гаригсын хөдөлгөөн юм.

Эйнштейний Харьцангуйн ерөнхий онолоор бол, оддын жингээс болоод түүний ойр хавийн орон цаг муруйж, тэр муруйлтыг нь дагаад бусад гаригсууд хөдөлж байдаг учиртай. Тэгээд, тэрхүү орон цагийн муруйлт нь одны хэмжээ жижигхэн бөгөөд жин нь их байхын хэрээр том болж, хүчний үйлчлэл нь ихсэнэ. Энэхүү татах хүчний онолыг ашиглавал, огторгуй мэндлэх үеийн нууц тайлагдана хэмээн тухайн цаг үедээ маш том хүлээлт үүсээд байжээ.

Гэвч хэдий алдарт Харьцангуйн ерөнхий онол ч гэлээ, түүнд нэгэн цоорхой байлаа. Тэр бол “Хар нүхний ёроол” байсан юм.
Түүнийг гярхай анзаарсан хүн бол тэргэнцэртэй суутан Хокинг профессор.

Аймшигтай хүчээр бүхнийг сорон залгих хар нүх. “Түүний хамгийн гүн хэсгийг Эйнштейн анзааралгүй өнгөрөөсөн” хэмээн Хокинг хэлнэ.

Эйнштейний онолоор бол, биет жижигхэн бөгөөд хүнд байхын хэрээр орон зай илүү муруйна. Тэгвэл “туйлын хүнд мөртлөө өчүүхэн цэг” байвал юу болох вэ?

Тэр үед орон зай тэр цэг рүү чиглэн хязгааргүйгээр шигдэн орох учиртай. Энэ бол онол дээрх хар нүх юм.

Хар нүхийг илэрхийлэх томьёоны хуваарьт (буюу хуваагч) түүний ёроол хүртлэх зай болох “r” хувьсагч бий. Энэ бол, хар нүх гүн байхын хэрээр түүний орон зайн муруйлт их болохыг үзүүлж буй. Тэгвэл хар нүхний ёроолд тулж очвол юу болох вэ? Түүний зай болох“r”-ын утга 0 болно. Энэ үед хуваарийн утга ч бас “0” болж, томьёоны үр дүн “хязгааргүй” болно. Математикийн хувьд энэ нь тооцоолох боломжгүй гэсэн утгыг илэрхийлдэг.

 

Эйнштейний анзаараагүй цоорхой гэдэг нь энэ байсан аж.

Огторгуйн үүслийн нууцыг тайлна хэмээн бүхний хүлээлтийг өөртөө хураасан Харьцангуйн ерөнхий онол ийнхүү хар нүхний ёроолд хүрч чадсангүй.

Хокинг профессор
-         Хар нүхний ёроолд Харьцангуйн ерөнхий онол хүчинтэй байж чадсангүй. Энэ асуудлыг шийдэхгүй бол огторгуйн эхлэлийг таних боломжгүй юм.



·                     Нэгдэл

Эхэнд өгүүлсэнчлэн, хар нүхний ёроолыг харж чадахгүй бол, огторгуйн эхлэлийг ч бас мэдэж чадахгүй.

Харамсалтай нь Хокинг профессорын зааж хэлснээр, зөвхөн Харьцангуйн ерөнхий онолоор хар нүхний ёроолд үүсэх “хязгааргүйн нууцыг” тайлж чадахгүй нь тодорхой болсон.

Нэгэнт тийм бол гэсээр Оросын суутан Матвей Бронштейн Харьцангуйн ерөнхий онолыг “эгэл бөөмийн томьёотой” хольж угсрах санааг туршиж үзэв.

Яагаад аварга огторгуйн нууцыг тайлахад өчүүхэн микро эгэл бөөмийн (биетийн хамгийн язгуур нэгж) томьёо хэрэгтэй билээ?

Учир нь гэвэл, огторгуйн эхлэл болох анхны нэг цэг, хар нүхэнд сорогдон орох сүүлчийн ганц цэг ч тэр, хоёулаа “туйлдаа хүртэл агшигдсан микро цэг” учраас тэр. Мөнөөх Эйнштейн хүртэл анзааралгүй өнгөрөөсөн цоорхой гэдэг нь тийм микро ертөнцийн цэг байсан хэрэг.

Нэг ёсондоо, хэрвээ Харьцангуйн ерөнхий онолд туйлын бичил ертөнцийн онол болох “эгэл бөөмийн томьёог” холбож угсарч чадвал, тэр онол нь энэ ертөнцийг булан ч үлдээлгүй бүхэлд нь илэрхийлж чадах учиртай. Бронштейн ч бас тэгж боджээ.

Ядуу гэрт төрсөн хэдий ч хувиараа физикт суралцсан гэх Бронштейн. Дөнгөж 19 настайдаа Харьцангуйн ерөнхий онолыг ч, эгэл бөөмийн томьёог ч төгс ойлгосон байсан гэдэг.

Бронштейн юун түрүүнд туршиж үзсэн нь, орон зайг эгэл бөөмсөөс ч хамаагүй өчүүхэн “хэт микро хэмжээнд” хувааж, тэдгээрт үйлчлэх татах хүчийг тооцож үзэв. Нэг үгээр, эгэл бөөмсийн томьёонд дутагдаад байсан татах хүчний онолыг Харьцангуйн ерөнхий онолоор нөхөхийг оролдсон хэрэг байв.


·                     Хязгааргүй

Тэгтэл гайхмаар үр дүн гарав. Ахиад л хуваарьт нь 0 гараад ирэх юм гэнэ. Ямар гээчийн төөрдөг байшин бэ? Бас л тооцох боломжгүй болж таарав уу?
-         Хоёр зөв томьёо холбосон байтал яагаад?

Бронштейн улам цааш нь нарийвчлалаа өсгөн тооцож үзэв.
Тэгэх тусам л хоржоонтой гэгч нь олон хязгааргүй гарч ирнэ. Тэр нь эцэстээ “хязгааргүй тооны” хязгааргүй болж орхих нь тэр. Хязгааргуйн нууцыг тайлах гэсэн биш, ухах тусам л улам бүр хязгааргүйд булагдаж орхив.

-         Хэрвээ энэ үнэн бол, энэ орон зай ч бас хэзээ ч нураад уначихаж мэдэх нь ээ?...

Тийм айдас Бронштейныг нөмрөн авав. Үнэндээ бид бүхний эргэн тойрон дахь орон зай гээч нь, микро нүдээр харах юм бол үнэнхүү тогтворгүй бөгөөд хязгааргүйг төрүүлэх хар нүх шиг зүйлээр битүү бялхаж байдаг юм биш үү, гэх айдас.

Бронштейны толгой хязгааргүйгээр дүүрээд байлаа. Яг тэр үеэр түүний эх оронд (ЗХУ) аймшигт хуй салхи дэгдэн босч ирэв. Сталины үе ирж, нэг саяар тоологдох мэдлэгт хүмүүс хийгээд энгийн иргэдийг хамарсан их хядлага ороон авах нь тэр.

Өнөөдөр амьд сэрүүн буй Бронштейний охин (Елена) тэр үеийн тухай дурсана.
-         Би тэгэхэд 6 настай байсан. Яг миний төрсөн өдрөөр аав маань баривлагдаад явсан.

Эцэг Бронштейн нь хязгааргүйн оньсогыг тээсэн чигтээ нууц цагдаагийн албанд баригдаж, түүний дараа буудуулан нас баржээ (1937 оны 8 сар).

-         Яагаад Сталин ингэсэн юм бэ?

Бронштейны шавь байсан Зорев Алферов одоо ч гомдолтой хэвээр.

-         Сталин Бронштейны хувь хүний чадавхаас нь болгоомжилсон болов уу. Гэсэн ч энэ бол хэрхэвч зөвтгөх аргагүй эмгэнэл.

31 настай идэр залуухан суутан тийнхүү харамсалтайгаар мөнхөрчээ. Түүний үхлийг хагас зууны турш ар гэрийнхэнд нь дуулгасангүй. Санкт-Петербург хотын гаднах ойд байх 2 сумны ором сийлэгдсэн булш, тэнд Бронштейн нойрсон буй.




·                     Резинэн цагираг

Бронштейны үхлээс хойш хязгааргүйн нууц физикийн ертөнцөд бат суусаар байлаа. Тэгээд жийрхэлтэйгээр “Хязгааргүйн нууцад хүчээ сорих нь, амьдралаа гаргуунд нь гаргахтай ижил” гэж хүртэл хэлэгдэв. Явсаар ихэнх физикчид энэхүү хүнд асуудлаас харцаа буруулах болжээ.

Ийн дүнсийх цаг үеийн дундаас тодорч гарч ирсэн нь, тухайн үедээ огтоос нэр усгүй залуухан судлаач Жон Шварц байв.

Тэрээр Жоэл Шеркийн хамтаар 1974 онд “Хадрон бус эгэл бөөмийн хос модел” хэмээх ажлаа нийтэлж, хязгааргүйн нууцыг тайлах томьёог олсон хэмээн цуурав.

Шварцийн сууриа болгосон нь нэгэн “мартагдсан хуучин томьёо”. Утаслагийн онол гэж нэрлэгддэг санаа байв.

Шварц
-         Тухайн үеийн судалгаа маань “мартагдсан салбар” байлаа л даа. Хийсэн ажлууд маань огт үнэлэгдэхгүй, зүгээр л орон тоо бөглөсөн аятай л байдаг байлаа. Ямар сайндаа хариуцсан профессор маань намайг “Улаан номонд орсон зүйл” гэж хүртэл хэлж байх вэ (хэхэ).

Тэрхүү мөхлийн ирмэгт тулсан утаслагийн онол гэдэг нь, физик биетийн хамгийн язгуур нэгж болох эгэл бөөмийг цэг бус резинэн цагираг шиг “чичирхийлдэг утас” гэж үздэг эд юм. Энэ санааг хөгжүүлсэн Шварц болон Шерк нар түүнээ “Супер утаслагийн онол” гэдэг нэртэйгээр нийтэд зарлав.

 

Яагаад эгэл бөөмсийг цэг бус резинэн цагираг хэлбэртэй гэж үзсэн юм бол?

Шалтгаан нь, хязгааргүйг үүсгэх “хуваарийн 0”-ээс зайлхийхийн тулд байв. Хуваарь 0 болох нь, эгэл бөөмсүүдийн хоорондын зай 0 болох үед буюу эгэл бөөмсүүд мөргөлдөх үед тохионо. Тийм бол, хэрвээ эгэл бөөмсүүд цэг бус резинэн цагираг хэлбэртэй байвал юу болох вэ? Эгэл бөөмсүүд мөргөлдсөн ч өөрийн радиусаас жижиг болтлоо муруйхгүй. Үүний ачаар мөргөлдсөн эгэл бөөмсүүдийн хоорондын зай 0 болохгүй, улмаар хязгааргүй ч үүсэхгүй. Нэг ёсондоо энэ ертөнц “чичирсэн утаснуудын” зөөлөвчний ачаар сүйрчихгүй тогтнож байдаг гэсэн үг болно.

Ийнхүү хязгаагүйн нууц тайлагдав. Бронштейны эмгэнэлт үхлээс хойш 30 илүү жил өнгөрөөд байлаа...

·                     Өөр хэмжээс

Гэтэл онолоо зарласан тухайн үед, Шварцийн Супер утаслагийн онолыг хэн ч тоож харсангүй. Учир нь уг онол нь өөрөө “10 хэмжээст орон зай” гэх өөр хэмжээсийн огторгуй дээр тогтож байсан юм.

Бид бүхний мэддэгчлэн, бидний оршин амьдрах энэ ертөнц бол “4 хэмжээстэй”. Урт, өргөн, өндөр, дээр нь цаг хугацаа нэмэгдэнэ. Тийм атал, Супер утаслагийн онолын тайлбарлах ертөнц бол “10 хэмжээст” гэх туйлын хачирхам эд байлаа.

-         Бусад 6 хэмжээсийг хэрхэн ойлгох ёстой болж байна аа? Ингээд бодохоор Супер утаслагийн онол юуны ч шийдэл болж чадахгүй. Тухайн үед би Супер утаслагийн онолд ямар ч сонирхолгүй байлаа.
хэмээн Герард Хофт (1999 оны Нобелийн шагналтан) дурсан ярина.

-         Супер утаслагийн онолыг физикийн онол гэж хэлэх аргагүй. Ийм юм хийж байгаа юмнуудыг хөөж гаргавал таарна.

Тухайн үеийн дуу хоолой ерөнхийдөө ийм л өнгө аястай байв.

Шварц физикийн салбарын эрх мэдэлтнүүдэд хүртэл чичлүүлнэ.
-         Заа Шварц!. Өнөөдөр аль хэмжээс дээрээ явна даа? (хаха)

Үнэндээ Супер утаслагийн онолыг боловсруулсан Шварц, Шерк нар өөрсдөө ч “Яагаад 10 хэмжээс юм бол?” гэдгийг гайширч байлаа. Математик тооцоо хийхээр яалт ч үгүй л тэгж таараад байсан хэрэг.

Супер утаслагийн онол хүлээн зөвшөөрөгдөхгүй байсаар, хамтрагч Шерк чихрийн шижингийн хүнд өвчинд нэрвэгдэн Франц руугаа нутаг буцахад хүрэв. Тэгээд тун удалгүй 34 насандаа таалал төгсчээ.

-         Тэр маань өөрийн явж буй зам нь үнэхээр зөв эсэхэд эргэлзэн дүнсийсэн байж билээ...
хэмээн эхнэр Анн нь дурсана.

Өөр хэмжээсийн судалгаандаа санааширсан Шерк туйлдан цөхрөв үү гэлтэй Буддын шашинд автан бясалгаж байсан гэдэг.
Түүний өрөө чихрийн шижин өвчний эм тариагаар дүүрэн үлдэж хоцорсон байлаа...

·                     496

Шеркийн гэрээсийг ганцаар тээж үлдсэн Шварц. Бусад физикчид нүд гялбам амжилт гарган тодрох дунд, зөвхөн өөрийн супер утаслагийн онолдоо нэг мөр тууштай явсаар байв.

Анхны онолоо зарласанаас 10 жилийн дараа, Супер утаслагийн онолд нэгэн шинэ суутан нэмэгдэв.

Майкл Грийн. Кембрижийн их сургуульд Хокинг профессор хүртэл заларч байсан өнөөх алдарт Лукас профессорын цол залгамжлагч.

Грийн хэлнэ
-         Ерөөсөө энэ ертөнц 4 хэмжээст байхгүй бол бол болохгүй гэсэн шалтгаан хаана ч байхгүй. Нэгэнт томьёо 10 хэмжээст гэж хэлж байгаа л юм бол, бидний ердийн ойлголт л буруу байна гэсэн үг шүү дээ.

Ийнхүү эхэлсэн Супер утаслагийн онолын шинжилгээ. Тэр бол, супер утаслагийн онолд Харьцангуйн ерөнхий онол, Эгэл бөөмийн томьёо агуулагдаж буй эсэхийг шалгах адармаатай тооцоо байв.

Өнгөц харахад ямар ч холбоогүй харагдах хоёр томьёо хэдий ч, Супер утаслагийн онолоос аажмаар тэдний дүр төрх тодрон гараад ирэх нь тэр. Ингэж томьёонд ямарваа зөрчил байхгүй болохыг шалгах сүүлчийн тооцоо хийж байх үед, “496” гэсэн тоо ээлж дараалан гараад ирэв.

-         Энэ тооны тухай хэлэлцэхээр дөнгөж эхэлтэл, гэнэт аянга цахилж билээ.
хэмээн Грийн ярив.
-         Бурхан байснаас зайлахгүй. Хариултанд хэтэрхий ойртсоноос болоод бурхны хилэнг бадраасан байх.

496.
Энэ бол төгс тооны нэг (бүх хуваагдагчийнхаа нийлбэртэй тэнцүү тоо) бөгөөд, эртний Грекийн үед тэнгэр газрыг бүтээхэд хамааралтай тоо гэгдэн шүтэгддэг тоо байж.

Энэ ариун тоо нэг дор гарч ирсэн явдал нь, Супер утаслагийн онолын томьёон дотор уудам огторгуй хийгээд өчүүхэн микро ертөнцүүд үзэсгэлэнтэйгээр хоршин зохицож буй болохыг илэрхийлж байлаа.

Тэгээд ч уг тоо гарч ирэхтэй зэрэгцээд, Супер утаслагийн онолоос Харьцангуйн ерөнхий онол болон Эгэл бөөмсийн томьёо зөрчилгүйгээр мөрдөн гарч ирсэн байв.

Шварцийн сэтгэл хөдлөв.
-         Тийм дээд түвшний томьёонууд миний онол дотроос хойно хойноосоо мөрдөн гарч ирж байгаа нь яг л ид шид гэмээр байж билээ.


·                     Нуугдмал хэмжээс


-         Энэ бол хувьсгал

Шварц болон Грийн нарын тооцооны үр дүн дэлхийг уулга алдуулав.
-         Сансар огторгуйн тухай бүгдийг мэддэг болно.

The theory of everything (Бүх юмны тухай онол) гэгдэн тэнгэрийн дуутай цуг соёрхогдсон Супер утаслагийн онол.

Үүнээс хойш бүх дэлхийн физикчид энэ сэвдийг тойруулан ялаа мэт шавалдан судлаж гарах нь тэр.

Урьд цагт “мартагдсан томьёо” байсан утаслагийн онол “Супер утаслагийн онол” болон шинэчлэгдсэний үр дүнд гэнэтхэн физикийн хамгийн тэргүүн фронт дээр гарч ирсэн нь тэр байв.

Ингэхэд тэгээд хэрхэн өөр хэмжээсийн асуудал хүлээн зөвшөөрөгдсөн юм бол?

Үүнд хэмжээс гэх ухагдахууныг яльгүй мэдэх шаардлагатай.

-         Хэмжээс гэдэг бол “Хөдлөх боломжтой тэнхлэгийн тоог” заадаг юм
хэмээн Грийн тайлбарлана.

Жишээ нь урт (баруун зүүн), өндөр (дээш доош), өргөн (цааш нааш) гэсэн 3 зүгийн дагуу хөдөлбөл, энэ бол 3 хэмжээст юм. Цаашлаад цаг хугацаа (өнгөрсөн ирээдүй) бас хөдөлбөл 4 хэмжээст болно. Өөрөөр хэлбэл бидний мэдэх ертөнц.

-         Олсон дээр явах циркчин охины хувьд олс бол “1 хэмжээстэй” юм.
хэмээн Полчински тайлбарлаж байна.
Олсон дээр явах циркчин охин “урагшаа, хойшоо” л явж чадна. Өөрөөр хэлбэл олсны ертөнцөд (1 хэмжээст) байна гэсэн үг.

-         Тэгвэл тэр олсон дээр яваа цох хорхойг төсөөлж үзье. Тэрээр тун өчүүхэн тул, түүнд ганц олс бус “хавтгай (2 хэмжээст)” харагдаж байх учиртай.

Нээрээ ч цох хорхой зөвхөн хойшоо урагшаа төдийгүй, баруун зүүн тийшээ ч хөдөлж чадна. Өөрөөр хэлбэл, харах өнцгөө улам жижигрүүлээд байвал “нуугдмал хэмжээс” тодорч ирэх болно.

Энэ бол Супер утаслагийн онолын илэрхийлэх 10 хэмжээсийн хувьд ч бас ижилхэн.

Туйлаас өчүүхэн микро ертөнц, атомыг нэг их наяд хуваасны нэгийг дахин нэг их наяд хуваасны дайтай туйлын өчүүхэн ертөнцөд “нуугдмал хэмжээс” байгаа гэх.

Хэт микро учраас ердийн бидний нүдэнд тэр хэмжээс харагдах боломжгүй. Гэвч тэр нь гарцаагүй нуугдан байгаа юм гэнэ.

-         Ихэнх физикчид огторгуйд үл мэдэх хэмжээсүүд үнэхээр байдаг гэдэгт итгэж байдаг.
хэмээн Полчински хэлнэ.


·                     Угаалгын машин

Ийнхүү бүх ерөнцийг бөөрөнхийлөн багцалсан мэт санагдах Супер утаслагийн онол.
Гэтэл үүн дээр бас дахин Хокинг профессор ус цацаж орхив.

Тэр бол хожимоо “Хокингийн парадокс” гэж нэрлэгдэх болсон, хар нүхний ёроолоос ялгарах “нууцлаг дулаан” байлаа.

Хар нүхний жинхэнэ ёроол болох туйлдаа хүртэл нягтарсан ёроолын ганц цэг дээр, эгэл бөөмс хүртэл яагаад ч хөдлөх учир байх ёсгүй. Тийм бол яагаад тэндээс дулаан ялгарна вэ?

Энэ бол Хокингийн асуулт байв.

Улам хүнд асуудал тулгагдсан Шварц энэ тухай дурсан ярьж байна
-         Хокинг профессорийн асуулт туйлын хурц, бид энэ асуудлыг шийдэх гээд ерөөсөө чадахгүй байлаа. Хокингийн парадоксийг тайлахаас нааш Хокинг профессор Супер утаслагийн онолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм.

Ахиад л Шварц гар мухардах нь тэр.

Тэгтэл шинээр залуухан аврагч гараад ирэв.
Жосеф Полчински. Олсон дээр явагч охин болон цох хорхойгоор жишээлэн өөр хэмжээсийг тайлбарлаж өгсөн хүн.

Тэрээр санаандгүй нийтийн угаалгын газраар явж байгаад нэгэн санаа олов.
-         Хувцас бол нарийхан утаснууд олон тоогоор нийлж бүтдэг. Тэгвэл микро ертөнцөд ч бас эгэл бөөмсүүд болох утаснууд нь нэг нэгээрээ бус, бөөндөө байдаг байвал яах уу?

Ийн төсөөлсөн Полчинскийн томьёоноос мөрдөн гарсан нь, асар олон тооны утаслагууд цуглаад “хальс шиг хөдөлж буй үзэгдэл” байв.

Хокингийн парадоксийг тайлах түлхүүр болсон нь тэрхүү хөдөлгөөн биелэх нөхцлийг бүрдүүлэгч, хар нүхний ёроолд нуугдаж байсан бас нэгэн “өөр хэмжээс” байж таарав. Тэр өөр хэмжээсээр хальс шиг болон цугласан утаслагууд эргэлдэн хөдөлж дулаан ялгаруулдаг гэсэн үг.

Ийнхүү Полчински Супер утаслагийн онолд “хальсны томьёог” шинээр нэмснээр хар нүхний “нууцлаг дулаан”-ыг тайлсан юм.


·                     Эрэл

2004 онд Хокинг профессор эцэстээ хүлээн зөвшөөрөв.
Хокинг
-         Би урьд өмнө олж тогтоосон хар нүхний нууцлаг дулааны талаар өдий хүртэл эндүүрч байсан болохоо энд мэдэгдэж байна.

Полчински, Хокинг профессорын асуултанд талархана.
-         Хэрвээ Хокингийн парадокс байгаагүйсэн бол бидэнд урагшаа ахих өөр өдөөлт олдохгүй байсан болов уу гэж боддог юм. Энэ парадокс бол шинжлэх ухааны түүхэнд үлдэхүйц агуу хийсвэр туршилт юм.

Хокинг профессорын дараалан гаргаж тавих асуултуудыг нэг нэгээр нь даван туулж ирсэн физикчид. Тэд ийнхүү мөдхөн огторгуй мэндлэх тэр эгшинд ойртон ирсээр байна.

Гэвч, түүний гол хөзөр болох Супер утаслагийн онолыг төрүүлсэн эцэг Шварц хэдийнэ 71 нас хүрчээ. Өөрийн амьд байгаа цагтаа огторгуйн үүслийн нууцад хүрч очихгүй ч байж мэдэх нь хэмээн бодож эхлэх болов.

-         Эцсийн мөчид хариултыг мэдэж чадалгүй өнгөрнө гэдэг харамсалтай.
Гэсэн ч тэр бас ингэж хэлнэ
-         Гэхдээ хариултыг мэдчихвэл, тэр ч бас гунигтай л байх (хэхэ). Эрэл үргэлжилсээр байна гэдэг л юу юунаас илүү гайхамшигтай явдал юм даа.

Өнөө цагт, хамгийн шинэлэг томьёоны дүрслэх огторгуй бол 11 хэмжээстэй (супер утаслагийн онолын 10 дээр нэмэгдээд хальсны 1 хэмжээс).
Тэгээд зогсохгүй, "10500 зэрэг" хэмээх ой тойнд оромгүй олон тооны огторгуй оршин байх боломжтой гэх хүнд асуудал бас шинээр босч ирээд буй гэх.

-         Бид хариулт хайж байдаг. Гэхдээ, яагаад асуудгаа мэддэггүй
Cumrun Vafa.

Хэдий хүн төрөлхитөн хар нүхний ёроолыг өнгийн харж чадлаа ч, түүний цаана улам уудам хил хязгааргүй огторгуй цэлийн байх ч юм билүү.

Эйнштейнээс хойш мэдэх тусам л тэлж ирсэн сансар огторгуй.
Мэдэх ч боломжгүй хэмжээс ахиад цаана нь хэд байгаа бол?...





Das Wahre ist gottähnlich.
es erscheint nicht unmittelbar, wir müssen es aus seinen Manifestationen erraten. (Goethe)
Үнэн бол бурханы энтэй.
Үнэн хэрхэвч шууд ил гарч ирэхгүй. Бид бүхэн бодит үнэнийг бурхны илчлэлээс тааварлахаас өөр боломжгүй юм. (Гёте)


14 comments:

Одгэрэл said...

Бурханы шашинд бүх зүйл хоосон чанар дээр суурилсан бөгөөд бүх зүйл хоосон чанартай гэж үздэг. Хоосон чанар нь математикаар бол 0 тоо юм. 0 тоо үнэндээ юу ч байхгүйг илтгэдэг мөртлөө бүх зүйлд нөлөөгөө үзүүлж асар хүчтэй тоо юм. Хэрэв 0 байхгүйсэн бол өнөөгийн бидний хэрэглэдэг компьютер ч байхгүй байх байсан. 0 тоо бол хоосон мөртлөө хязгааргүй зүйлийг илэрхийлэх чадалтай.

магнай said...

сайхан нийтлэл байна. баярлалаа.

магнай said...

Бурхан хүнд аливааг танин мэдэх чадвар, асар их хүсэл эрмэлзэл өгсөн. Магадгүй үнэнийг "хэлж" өгөөгүй нь өөрсдөө хайж олог гэснийх биз.

deegii said...

Үнэхээр сонирхолтой. Баярлалаа

Asdasd said...

Шашинтай холбож зохиохоо болиорой.

Unknown said...

Үнэхээр сонирхолтой зүйлс нийтэлдэг шүү. Одоо нэмээд нэг хэл сурах аргаасаа хуваалцвал сайхан л байна

Anonymous said...

их хөвчийн онол 4 хүчийг нэгтгэж чадаагүй л байгаа

Хүн санаа said...

Ёстой гайхалтай сайхан нийтлэл болж. Их ойлгомжтой тайлбарласан байна. Баярлалаа. Өөрийн блогтоо түгээхийг зөвшөөрнө үү?

Anonymous said...

Бронштейний нэрий яагаад Броштейн гээд явчихав

Unknown said...

Энэ талаар юу ч мэдэхгүй ч супер чавхдас гэхээр гоё санагдаад байдгийм :)

Unknown said...

nuguu neg s erdene guai chin neechihlee geed bsan yu bolsiin bol super negdliin onol prentsip matematik 1 gnewton 2 g ni winshtein 3 g ni bi zohioloo onoloo gargalaa geed bsan..............

Unknown said...

einshtein

ТОМё БОДё said...

засчихлаа.

Unknown said...

ч.эрдэнэ гэгч эцсийн онолыг нээсэн гэж солиороод байна,500000 ₮ үнэтэй номыг нь уншсан бол санаагаа хэлээч.

Post a Comment