Pages

Сэдвүүд

2014/07/19

Сүүлчийн мишээл



Сасабару Рүико бол нэгэн тусгай чадварыг эзэмшсэн эмэгтэй. Тэр чадвар нь гэвэл, талийгаачийн гэмтсэн цогцосыг нямбайлан сэргээх техник. Тэрээр Япондоо ч тоотой хэдхэн “цогцос засварлагчидын” нэг юм.
Сорви дүүрсэн царайг цэвэрхэн угааж, цөмөрсөн болон зүсэгдсэн хэсгүүдийг хөвөнгөөр бөглөөд, нэмж тусгай суурь түрхлэг зэргийг ашиглан амьд ахуйн төрхөнд нь буцаана.
  • Уулзуулж өгөхсөн
Тэр өдөр түүний зорьж очсон нь, эхнэрээ алдсан Тобита Хироаки (36 настай) гуайн гэр. Эхнэр Кэйко нь зүүн Японд болсон хүчтэй цунамигаар тэнгэрт хальжээ. Балчир хүүхдүүддээ санаа зовохдоо, тосч очихоор явах замдаа машинтай чигээрээ цунамид хамагдчихаж. Гэсэн ч гаслан дундах золоор ч юм уу, хүүхдүүд нь бүгд амьд үлджээ.
Тэгээд цогцос нь түүнээс хойш сарын дараа олдож. Арай гэж олдсон Кэйкогийн цогцос хувирлын туйл болсон байлаа...
-         Сүүлчийн удаа хүүхдүүдтэй нь уулзуулж өгөхсөн.
Нөхөр Хироаки нь хэдий тэгж хүсэвч, гамшигт нэрвэгдсэн төрхөөр нь яагаад ч уулзуулах арга байсангүй. Ийм шалтгаанаар цогцос засварлагч Сасарбаруг анх олж мэджээ.

  • Мишээлийн зураас
-         Хоёр цаг гаруй болох байх. Зүгээр үү?
Ингэж хэлээд Сасабару ажилдаа оров. Эхлээд хатсан царайд нь зөөллөх массаж хийн, урьдын хэлбэрт нь оруулна. Тэгээд амьд үеийн арьсны өнгөнд нь ойртуулах зориулалттай нүүр будалт. Дулаанаа алдсан арьсанд нүүрний будгийг шингээж өгөхийн тулд гарын алгаараа суурь түрхлэгийг халаасаар ажлаа үргэлжлүүлнэ.
Тэгтэл Кэйко гуайн царайд бага багаар мишээл тодроод ирэв.
-         Ингэж мишээлийн зураас нь буцаж тодроход нь би дуртай байдаг юм. Бусдад байхгүй, зөвхөн тэр хүний мишээлийн зураас гэдэг, тэр хүний амьдралын түүх юм даа...

Шөнийн 12 цаг. Засварлаж эхлээд 3 цаг өнгөрчээ. Арайхийн Кэйко гуайн инээмсэглэл буцаж ирлээ. Амьсгаа нь уужирсан Сасабару мишээж буй цогцсонд хандан чимээгүйхэн шивнэв.
-         Хүүхдүүдтэйгээ уулзчихвал ч боллоо доо.

Мишээж буй эхнэрээ харсан Хироаки.
-         Кэйко!! Кэйко минь буцаад ирж.  За ашгүй, одоо л хүүхдүүдтэй нь уулзуулъя.
Кэйкогийн орхиж үлдээсэн 4 хүүхэд.
Хамгийн бяцхан отгон хүү Шүнсүкэ нь 1 настай. Юу болоод байгааг мэдсэн ч юмгүй гангар гунгар дуугарсан хэвээрээ. Дунд охин Сүзүка нь зогсолтгүй уйлсаар. Том охин Моэко чимээгүй хажуунаас нь ширтэж сууснаа “...Мххх, буцаж ирэх юм байх гэж бодсон чинь...” гэсээр бувтнав.
Том хүү Рюносүкэ огт ойртоё ч гэсэнгүй. Ойртуулах гээд гараас нь чангаавал гэнэт их дуу тавин уйлж гарлаа. Яг л төдийг хүртэл бугшаад байсан бүхэн нь дэлбэ үсрэв үү гэмээр.

  • Хүчгүйдэл
Цогцос засварлагч Сасабаруг гамшигийн газраар сайн дурын буяны ажил хийхэд хүргэсэн шалтгаан гэвэл, моргонд учирсан охины цогцос байлаа.
-         Хувцсандаа орооцолдсон 3 хэрийн насны охин, нүүр нь цөмөрч, тоогүй олон сорви үлдсэн байж билээ.

Тэрхүү нүд дальдрам өвдмөөр царайны өмнө Сасабару “хэвэнд нь буцааж өгөхсөн” гэж үнэн сэтгэлээсээ бодсон гэдэг.
-         Цэвэрхэн болгоод өгвөл, нүдээ ширгэтэл хайж яваа ижий аав нь олоод авах ч юм билүү.

Гэсэн ч ар гэрийн зөвшөөрөл үгүй тул, нэгэнт тэр санаа нь биелсэнгүй.
-         Тэр үед үнэхээр хүчгүйдэл гэдгийг мэдэрсэн. Өөрийнхөө юу ч хийж өгч чадахгүй гар мухардмал байдлаа...

Түүнээс хойш гамшигийн газрыг хэрэн Сасабаругийн сэргээсэн хүмүүсийн тоо 300 гарчээ. Ямар ч завгүй гээд, хүүхдийн цогцосны гуйлтанд татгалзсан удаагүй, өдийг хүртэл нийт 100 илүү хүүхдийг сэргээж өгсөн гэнэ.

  • Таталбар цуглуулга
Гамшигаас хойш 4 сар өнгөрөхөд Сасабаругийн гар сая суларч эхлэв. Тэрээр таталбар буулгаж эхэлсэн нь тэр үеэс эхэлсэн бөгөөд, сэргээсэн хүмүүсийнхээ царайг дурсан дурсан нямбайлан байж “сүүлчийн мишээлүүдийн” таталбарыг буулгах болжээ. Тэр дулаахан таталбарууд дунд үнэхээрийн дөлгөөхөн инээмсэглэл тодруулсан царайнууд олноороо эгнэж харагдана.
-         Бурхан болоочидын хамгийн гоё мишээлүүдийг үргэлж санаж явах гэсэн юм.
Тэгээд тэдгээр мишээлүүдийн доод буланд салах үеийн дүр зураг болон Сасабаругийн өөрийн сэтгэгдэл бичээстэй байна.

  • Дүр зургууд
-         Арай гэж л уйллаа.
Төрөөд 10 хоногтой нялх үрээ алдсан эцэг амнаасаа үг унагаж чадахаа байжээ. Сасабару сэргээж өгсөний ачаар, тэрээр арай гэж уйлахтайгаа болж ирэв.

...
-         Хумсаа барагдтал эрж хайж олсон охин минь.
Аав нь дэргэдээс нь огтхон ч холдолгүй мэлтэртэл уйлсаар сууна. “Охиноо хамгаалж чадсангүй...”. Дэргэдээс нь Сасабару тайтгаруулна
-         Гэхдээ та ингээд дэргэд нь байж өгч байна шүү дээ. Ийм их нулимс урсган уйлж байна шүү дээ. Та өөрийгөө муу эцэг гэж бодох хэрэггүй ээ.

...
-         Ийм юм болох байсан бол, яах гэж тэр өглөө ээжтэйгээ хэрэлдэв дээ...
гэсээр ахлах сургуулийн хүү халаглана. Сасабару
-         Ээж чинь шүү дээ. Чиний сэтгэлийг лавтайяа бүхнээс илүү ойлгож байсан л байж таараа. Ээж чинь чамайг буруугаар ойлгохгүй ээ.

...
-         Аав аа, Баяртай.
Эцгээ алдсан цэцэрлэгийн охин. Ээж нь дэргэдээс нь
-         Баяртай гэж хэлэх дэндүү гунигтай юм. “Дараа уулзъя” болгоё тэгэх үү?
Охин
-         Дараа уулзъя, Аав аа.
(Бүгд уйлав)

  • Гүнзгий цаг
Хэдэн салах ёс дараалан болсон цогцос хадгалах газар.
Тэнд уй гашуугаар дүүрэн байж болох ч, Сасабару “зөвхөн уй гашуугаар дүүрээгүй” хэмээн мэдэрсэн гэнэ.
-         Тэнд, ямар нэгэн илч нөмөр гэмээр юм бас байсан.
Сасабаругийн яг тэгж мэдэрсэнчлэн, түүний таталбарт уй гашуу гэхээсээ дулаахан уур амьсгал илүүтэй дүрслэгджээ.
-         Миний хувьд үнэхээрийн, үнэхээрийн гүн гүнзгий хормууд тэнд өнгөрсөн дөө.

  • Хотын баатар
Гамшигийн үед 3 сартай жирэмсэн байсан Сакамото Күмико цунамигаар нөхөр Тошиакигаа алджээ. Гал сөнөөгч байсан Тошиаки, боомтын усан сувгийн амыг хаах гэж яваад цунамид дайрагдсан гэнэ.
Тошиаки гуайн гэнэтийн үхэл. Түүний цогцост тэвчихийн аргагүй зовлон шаналалын төрх тодорч байлаа. Күмико гуай тамираа тасартал зөвхөн уйлсаар...
Уй гашууд автсан Күмико гуайд гэрэл бэлэглэсэн нь Сасабару байлаа. Сасабаругийн сэргээж өгсөн нөхрийнх нь төрхнөөс зовлон шаналал цэвэрхэн гэгч нь арилсан байв.
-         Үнэхээр зөөлхөн хацар, дулаахан... Арай гэж өвдөлт шаналалаас чөлөөлөгдсөн байх даа. Хүйтэн цэвдэгээс суллагдсан байх даа хөөрхий. Одоо л нэг амар тайван нойрсох байх даа...

Жилийн дараа Күмико гуайн ой тойнд тодрон дурайх нь “дөлгөөхөн зөөлөн тэр л төрх”. Хотын баатар, гал сөнөөгч. Дэлхийн хамгийн сайхан залуу.

  • Өөдрөг
Эргээд Тобитагийнхан.
Эхнэрээ алдсан Хироаки, эцгийн гараар 4 хүүхдээ өсгөж явна.
Хамгийн балчир Шүнсүкэ хүү сүүнээсээ гарч, аавынхаа хийсэн бор хоолыг идэж чадахаар болжээ. Түүнийг асардаг нь, өнөөх их дуугаар уйлдаг том хүү Рюносүкэ.
2 охин нь цовоо гэгч нь гэрийн ажилд туслана.
-         Сасабару гуай эхнэрийн маань сүүлчийн мишээлийг буцааж өгсөний ачаар, хүүхдүүд маань бүгд ээжтэйгээ уулзаж чадсан. Бодвол тэр үед бугшсан байсан бүх юм нь дотроос нь гарч, бүгдээрээ уужирсан юм болов уу гэж боддог юм.
-         Одоо бол бид их өөдрөг амьдрах болсон шүү.

  • Дурсамж сэргээгч
Байгалийн гамшигт гэнэтхэн амиа алдсан хүмүүс.
Тэгээд туйлдаа хүртэл хувирсан цогцосуудын өмнө яах учраа олохгүй зогсох үлдэж хоцрогсод.
Сасабаругийн буцааж өгсөн “сүүлчийн мишээл” тэрхүү уймарсан хүмүүсийн сэтгэлд дахин амь оруулж өгчээ.
-         Баярлалаа.
Тийн талархах хүндлэл шингээн, хүмүүс Сасабаруг “Дурсамж сэргээгч” хэмээн дуудна.
Таталбарт буулгасан тэдгээр мишээлүүд бол өнөөдрийг амьдрах хүмүүсийн тулах цэг нь болсон юм.
Гашуудал дундаас олж харсан дулаан нөмөр...

Одоо хүсэх юм гэвэл, гамшигт нэрвэгдсэн газар ганц хормоор ч атугай хурдан бүлээцээсэй дээ...



6 comments:

Энхбатын Энхтөр said...

:)

Anonymous said...

goy yumaa

Bayarkhuu said...

Neg nom unshsan yum shig l bolloo

Anonymous said...

Departures (2008) kino sanaand orov...

miracle said...

Ёстой нэг сайхан ном уншсан юм шиг боллоо. Баярлалаа

enkhbuyan said...

harin yg teglee

Post a Comment