Pages

Сэдвүүд

2014/03/08

Философийн түүх (7р хэсэг)

өмнөх – Эмпедокл (МЭӨ 450 он)
  •   Демокрит (МЭӨ  420 он)
МЭӨ 450 оны үед Эмпедокл "шороо, ус, гал, салхи гэсэн язгуур махбодууд нийлж холилдсоноор ертөнц бүрэлдэн тогтдог" хэмээн сэтгэв.

Тэндээс, МЭӨ 420-иод онд түүнийг улам зүлгэн төгөлдөржүүлж "Атомын онол" гаргаж ирсэн нь Демокрит (болон түүний багш Левкипп) юм.

Демокрит "Хэрхэвч хувирдаггүй, бас устдаггүй оршихуй" хэмээн Атом гэх нэгжийг гаргаж ирэв.

Юу гэвэл, алимыг хуваагаад л байвал, эцэстээ "Үүнээс цааш хуваах боломжгүй хамгийн жижиг нэгж болох Атом болно" гэж Демокрит сэтгэж.

Яахав, энэ хүртэл бол Эмпедоклын бодсоноос онцын ялгаагүй боловч, Демокритын жинхэнэ агуу байсан нь, атомууд оршиж бас хөдөлгөөн хийж байх талбар болгож "Хоосон (kenon)" гэх оршихуйг бодож олсон явдал юм.

Юу гэхээр, биллъярдын бөмбөгнүүд хөдөлж байхын тулд ширээ хэрэгтэй шиг, атомууд хөдөлж байхын тулд "Хоосон орон зай" хэрэгтэй гэж сэтгэжээ.

Энэ бол төдийг хүртэл огт тооцож байгаагүй санаа юм. "Байхгүй юм бол байхгүй" гэх нь төдийг хүртлэх философи байсан учраас тэр. Харин Демокритийнхээр бол
- "Байхгүй" гэдэг ч бас, "Байгаа"-тай нэгэн адил оршихуй юм.


Бодоод үзвэл нээрээ л сонирхолтой.
-  "Байхгүй" гэж хэлэх мөртлөө, байхгүйг нь хүмүүс анзаарч, "Байхгүй" гэж илэрхийлж буйгаас хойш, түүнийг ч бас "оршихуй" гэж хүлээн зөвшөөрч болох учиртай
гэсэн чухал сэтгэлгээ юм.
Ийнхүү Демокрит нь
-  Юу ч байхгүй хоосон орон зайд, атомууд хөдөлгөөн хийж, нэгдэж задрахыг ээлжилэх байдлаар, орчлон ертөнц тогтнож байдаг.
гэх "Атомын онолыг" босгож ирсэн учиртай. Бараг орчин үеийн шинжлэх ухааны яриа гэмээр ийм яриаг хаа байсан МЭӨ 400 он гэх балар цагт олоод мэдчихсэн байж гэдэг гайхмаар.

Дашрамд хэлэхэд, Демокрит нь
-   Энэ ертөнц бол, бүгд "Атом" гэдэг бодисоос бүрэлдэн тогтсон болохоор, үхэх гэдэг бол ердөө бүрдүүлж буй атомууд нь задарч байгаа үзэгдэл бөгөөд, үхлийн дараах хойд ертөнц гэх юм огт байхгүй
хэмээн "Материалист ертөнцийн үзлийг" тов хийтэл нь илэрхийлсэн анхны хүн гэдэг.

Мөн, "Атомуудын хөдөлгөөн нь тодорхой хуулийн дагуу хөдөлж байдаг болохоор, ертөнцийн бүхий л үзэгдэлүүд бол зайлшгүй шинжтэй" хэмээн сэтгэж, "Хүнд чөлөөт сонголтын эрх байхгүй" гэсэн "Механик ертөнцийн үзлийг" ч бас гаргаж ирсэн хүн юм.

Ийм Демокрит боловч,
Үнэндээ тэрээр туйлаас гэгээлэг, өөдрөг зантай нэгэн байсан гэх бөгөөд, "Инээдэг философич" хэмээн авгайлуулж, тухайн цаг үедээ гайхаж цочмоор 100 давсан өндөр насыг зооглосон гэдэг. Лавтайяа, Демокрит материалист гэгдэн ихээхэн шүүмжлэлд өртсөн нь төсөөлөгдөх ч, түүний өөдрөг зан чанараас нь ямар ч философичоос илүү гайхалтай амьдралыг туулсан болов уу гэдэг нь ч бас төсөөлөгдөнө.

Гэлээ гээд, харамсалтай нь...
Тийм эрт балрын үед юм хойно, мэдээж микроскоп ч байхгүй, хими ч хөгжөөгүй. Тиймээс, тийм цаг үед Демокрит Атомын онолыг зарлалаа гээд, тэрийг нь магадлан нягтлах боломж үгүй.

Демокрит өөрөө ч,
-  Заа даа, Байгалийг хичнээн таньж мэдлээ гээд, явж явж цаасан дээрх хоосон онолоос хэтрэхгүй юм дөө, хэхэ.
гэж өгүүлсэн нь бий.

Ийнхүү МЭӨ 600-аад онд Фалесаас эхэлсэн Байгалийн философийн эрэл, сүүлчийн байгалийн философич болох Демокрит хүрээд төгсгөв.

Хэлбээс, Философийн түүхийн “Байгалийн философи” хэмээх тэргүүн бүлэг оршив.

Демокрит байгалийн философичийн хувиар, тухайн цаг үедээ очиж болох тэр хязгаарт нэгэнт тулчихсан юм хойно, арга ч үгүй. Түүнээс цаашхи өрнөл, шинжлэх ухаан технологийн хөгжилийг хүлээхээс өөр замгүй.

Тэр болтол "Атомын онол" ичээндээ орон нойрсоно...

Харин философийн түүх байгалиас хөндийрч, өөр сэдэв тийш шилжин одно оо...

Үргэлжлэл - Харьцангуй үзлийн эхлэл (МЭӨ 450-д он)


No comments:

Post a Comment