Pages

Сэдвүүд

2014/01/02

Хязгаараараа амьдар (TED)

Phil "Цэгэн зураг (Pointillism)" зурахдаа чадмаг нэгэн байлаа.

Гэсэн ч олон жилийн турш тасралтгүй цаас цэглэсээр, нэг мэдэх нь ээ гаранд нь салганаа сууж орхижээ.

- Тэр үед үнэндээ юутай ийтэйгээ бүх юм дууссан юм шиг л санагдаж билээ. Урлагийн хүн болох мөрөөдөл минь тэнд нэг удаа тасарсан байдаг юм...

Шулуун зураас ч зүгээр татаж чадахгүй. Төгс дугариг байсан нүхэн цэг нь салгалсаар байтал шанаган хорхой шиг тахир сүүлтэй болж орхино. Тэгүүлэхгүй гэсэндээ харандаагаа хүчтэй атгавал тэгэх тусмаа улам л салганаа нь даамжирахаас өөр үр дүнгүй. Тийн буруу эргүүлгэндээ шигдсээр нэг мэдэх нь ээ юм ч барьж чадахгүй болжээ.

Phil урлагийн сургуулиа орхилоо.

Эмчид очиж үзүүлбэл эдгэх найдваргүй мэдрэлийн согог юм гэнэ. Азаар эмч нь өөдрөг нэгэн байж таарав.

- Салганаандаа дасах гээд үзвэл яасан юм бэ?

Гэртээ харьсан Phil шалавхан туршиж үзэв. Салганаагаа хүчээр дарах гэж оролдохоо болиод, эсрэгээрээ "салганаагаа дагуулж" зураад үзье.

Зурагдсан зураг нь мэдээж түүний зурах гэсэн зураг биш. Нүхэн цэгнүүдийн цуглуулга бус мурилзсан зурааснуудын сараачилт гэх үү дээ. Гэхдээ л Phil түүндээ туйлаас сэтгэл өндөр байв.

- Аан зөв, заавал цэг зурах гэж ухнаталгүй, мурилзсан зурааснууд байсан ч тэрүүгээр бас юм дүрсэлж болох юм байна.

Phil тиймэрхүү хэсэгчилсэн зүйлсийг эгнүүлсээр том дүрс үүсгэхдээ тун дуртай нэгэн.

- Гар салганаад зогсдоггүй юм бол хөлөөрөө зураад үзье.

Ингээд будганд хөлөө дүрж байгаад зургийн дэлгэц дээгүүр холхиж гарав.

Дөрвөлжин банзаар хийсэн байшингийн ханыг гагнуурын алхаар шарж үзвэл 3 хэмжээст хавтгай товойн дүрслэгдэв.

Том материалаар том бүтээл хийхэд гар өвдөх явдал гарсангүй.

- Тэр үед анх "өөрийнхөө чадварын хязгаарыг хүлээн зөвшөөрсөн ч бүтээлч сэтгэлгээ улам өндөрсдөг" болохыг олж анзаарсан юм.

Урамшин хөөрсөн Phil зургийн материалын дэлгүүрт явж очмогц баруун солгойгүй сагсандаа цуглуулж гарав. Зөндөө материал байвал улам олон янзын юм хийж болно, хайрцагт баригдаагүй цоо шинэ бүтээл гарна гэж бодсон хэрэг.

Гэтэл, хэчнээн цаг бодоод..., толгойд нь юу ч орж ирсэнгүй (nothing came to mind).

Дараагийн өдөр, тэгээд дараагийн өдөр гээд урсаж өгөх нь тэр.

Хэрэгтэй хэрэггүй баахан материал дунд хөглөрсөн чигтээ Phil цөхрөлийн харанхуй тийш живэн одлоо.

- Яагаад юм бүү мэд. Хэрэгтэй зүйлс бүгд байхад бүтээлч сэтгэлгээ минь алга болчихсон...

Харанхуйн дунд, Phil өөрийнхөө "салганах гарыг" ширтсээр байлаа.

- Нээрээ тийм, бүтээлч сэтгэлгээгээ буцааж олмоор байвал хайрцагт баригдахгүйг хичээх биш, хайрцагтаа буцаж очих хэрэгтэй (get back into the box) ...

Цөхөрсөний шалгаан нь сонголт хэтэрхий ихэдсэний гай байсныг Phil анзаарчээ. Бөөн бөөн материал дундах чөлөөт сонголт нь эсрэгээрээ Phil-ийн чиг хандлагыг алдагдуулж орхисон бололтой. Харин ч эсрэгээрээ салганадаг гартайгаа эвлэрсэн "эрх чөлөөгүй Phil" нь илүүтэй бүтээлчээр сэтгэж, урнаар хийсвэрлэж чадаж байсан юм.

Тийн дүгнэлтэнд хүрсэн Phil өөрийн бодлоо улам няглахаар шийдэв.

- Өөртөө хязгаар тавих тусам бүтээлч сэтгэлгээ маань улам хурцлагдана, тийм биз???

Жишээлбэл, ганц доллараар бүтээл хийх гээд үзвэл яах бол?

Starbucks гэдэг кафе гуйвал илүү аяга өгдөг гэдгийг Phil мэддэг байв. Ингээд шулуухан шиг шууд 50 аяга гуйгаад үзтэл тэр дор нь бүгдий нь гаргаад өгч байна.

- Гартаа байсан харандаагаа ашиглаад, ердөө 80 центээр энэ бүтээлийг хийсэн.

Phil нэгэнт бат итгэжээ.

- Өөрийн чадамжаа давмаар байвал юун түрүүнд эхлээд хязгаар тогтоох хэрэгтэй.

Хайрцаг байснаар л сая хайрцагнаас гарч чадна. Тэгээд ямар нэгэн юмнаас даван гарахыг эрмэлзэх тэр үед бүтээлч сэтгэлгээ маань бидэнд туслах болно.

Дөнгө гэж санагдсан гарын салганаа нь үнэндээ эрх чөлөө тийш заах замын тэмдэг байсан юмсанжээ.

- Хэрвээ биенээс өөр зурах газар байхгүй бол?

Phil зургийн дэлгэцнээс холдож, өөрийнхөө биеэр түүнийг орлуулж үзэв.

- Бийр ашиглалгүй, зөвхөн каратегийн цохилтоор зурах гээд үзвэл?

- Жинхэнээсээ цохьсон болохоор хуруугаа гэмтээгээд, 2 долоо хоног тэрэнтэйгээ явсан шүү (хэхэ).


- Хэрвээ бүтээлийнхээ санааг өөрөө биш бусад хүмүүс бодож олно гэвэл яах бол?

Phil хүмүүс рүү утас цохин "Амьдралд чинь тохиолдож байсан гэнэтийн өөрчлөлтийн агшинаа ярьж өгөөч?" хэмээн гуйж, хүмүүсийн ярианаас төрсөн сэтгэгдэлээ эргэлддэг дэлгэц дээр буулган бичсээр ийм бүтээл урлав.

- Хэрвээ хийсэн бүтээлээ заавал устгах ёстой гэвэл ямар вэ?

Phil 7,000 илүү ширхэг чүдэнзээр James Marshall Hendrix-ийг бүтээв. Тэгсэнээ түүнийгээ шатаачхав.




Тэрээр иймэрхүү төрлийн устгадаг бүтээлийг "Goodbye art" гэж нэрлэв.

- Хэрвээ ерөөс анхнаасаа хэзээ ч оршин байгаагүй урлагийн бүтээлийн тухай төсөөлөх гээд үзвэл?

Туйлын "Goodbye art" байна гэвэл тэр бүтээл нэгэнт бүрэн төгс хэлбэрээрээ энэ ертөнцөд ганц удаа ч болтугай оршин байж таарахгүй.

Ширээн дээр лаа эгнүүлсэн Phil "лааг асаасан бол унтраах"-ыг дахин дахин давтав. Түүнийгээ видео бичлэгт буулгаж аваад, дараа нь томоо гэгчийн зураг болгон монтажлатал тэнд нэгэн бүтээл тодрон харагдлаа.



- Эцсийн эцэст энэ бүтээлийг би бүхэлд нь харж чадаагүй. Оршин бий болохоосоо өмнө түрүүлээд устчихсан.

Цаг хугацаа хэмээх хуурмаг үзэгдлийг чадварлаг ашиглах Phil оршин байдаггүй бүтээлийг хүртэл урлан зугаацана. Ёстой л үхэшгүй мөнхийн бүтээл. Төрөөгүй юм чинь нээрээ яаж ч үхэх билээ.

Энэ мэт түүний бүтээсэн нийтдээ 23 "Goodbye art" бий гэдэг ч мэдээж тэднээс одоо юу ч үлдээгүй.

Phil хэлнэ
- Өдийг хүртлэх аливаа хязгаар дор сэтгэж бүтээсэн зүйлс маань үнэндээ "Туйлын эрх чөлөө (ultimate liberation)" байсан юм.

- Бүтээлээ хийж дуусгамагц устгасанаар би "төв төлөвтөө (a neutral place)" буцан шилжиж, дахин цоо шинэ эрч хүчээр дараагийн бүтээлдээ шамдан ордог. Бүтээлээ устгасанаар сурсан зүйл маань гэвэл "Юуг ч тоохгүй байх явдал (to let go)". Үр дүнг ч, алдааг ч, оноог ч, юуг ч тоох хэрэггүй юм.

Нэгэнт үр дүнг ойшоохоо больсон Phil. Тэгтэл шинэлэг санаанууд түүний дотроос булаг мэт цутгадаг болжээ.

Тэрээр "Хязгаар (limitation) бол бүтээлч сэтгэлгээний ундрага мөн" болохыг гүнзгий ухамсарласан бололтой.

- Энэ бол амьдрал, амьдрах урлагтай хамаатай зүйл. Бид бүхний өдөр тутамдаа хийдэг зүйлсийн ихэнх нь үргэлж ямар нэгэн хязгаарлагдмал хүрээн дотор өрнөж байдаг (inside the box). Тиймэрхүү хязгаар дор бүтээлч сэтгэлгээгээ дайчлах аргыг эзэмшиж сурвал өөрийгөө, цаашлаад ертөнцийг ч өөрчилж мэдэх хамгийн найдвар бүхий зам байх болно. Эрх чөлөө гэдэг бол "Хязгаарлалтгүй байх"-ын нэр биш юм (freedom is not about unlimitness). Харин "Өгөгдсөн хязгаарыг даван гарахын төлөө өөрийгөө дайчлах чадамж"-ийн нэр юм. Хязгаарлалт байхгүй бол бидэнд өөрийгөө дайчлах шаардлага ч гарахгүй, зүгээр л усанд хөвөх навч аятай юм болно. Тийм төлөвийг хэн эрх чөлөөтэй гэх билээ?

Бусад хүмүүст ч түүнийг олж мэдрээсэй гэсэндээ Phil бананан дээр шивээс яаж зурахыг зааж өгдөг гэнэ. Мэдээж, бананан дээр бий болсон урлагийн бүтээлд эрт орой "баяртай" гэж хэлэхгүй бол болохгүй (хэлсэн хэлээгүй бананын хальс харлаад муудчих биз).

- Хязгаарлагдмал нөхцөлд бүтээлч сэтгэлгээгээ дайчлах нь хэцүү зүйл болохыг үгүйсгэхгүй. Гэсэн ч, эсрэгээрээ тийм ч учраас "Өнөөдрөөрөө амьдаръя (seize the day)" гэхээ болиод, оронд нь ингэж сэтгэвэл ямар вэ?
Хязгаараараа амьдаръя (seize the limitation).

3 comments:

Anonymous said...

sobnirholtoi yum bn, hyazgaaraaraa amidaray

Unknown said...

Энэ их сонирхолтой юм. Орчин үед хэт их мэдээлэл боломж нь бүтээлч байдлыг бууруулж байна.

Anonymous said...

улмаар арилган үйлдвээс бурхны хутгийг олмуй...

Post a Comment