Pages

Сэдвүүд

2014/05/13

Нойр хулжаам сансар огторгуй




Оршил
Энэ ном бол Сансар огторгуйн тухай ном юм.
Бид бүхний гайхал сонирхлыг татаж, мөн чанар, үнэн төрхийг нь мэдэхийг хүсдэг хамгийн том мөрөөдлийн нэг бол яах аргагүй сансар огторгуй билээ. Дэлхийн өнцөг булан бүрт ертөнцийн үүсэл гарлын тухай өөр өөрийн үлгэр домог байдгаас үзвэл, хүн төрөлхитөн эрт балрын үеэс л сансар огторгуйг онцгойлон сонирхож иржээ.
-           Сансар огторгуйд (эсвэл ертөнцөд) эхлэл байсан уу?

-           Байсан гэвэл тэр эхлэл нь ямар байсан бол?

-           Тэр эхлэлээс өмнө юу байсан бол?
Бидний элэнц хуланцууд энэ мэт зүйлсийн талаар эцэс төгсгөлгүй бясалган төсөөлсөөр ирсэн юм.

Тэгээд тийнхүү 20-р зуунтай золгож, бид бүхэн физик болон технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар, ертөнцийн үүслийн талаар шинжлэх ухаанчаар хариулт өгөх боломжтой болж ирээд байна. Тэр “хариулт”-ын талаар ч энэ номонд нарийвчлан танилцуулах болно.

Ер нь ингэхэд яагаад бидний хүн төрөлхитөн сансар огторгуйг ингэтэл сонирхож ирсэн юм бол?
Түүний цаана, сансар огторгуй болон хүн төрөлхитөний хооронд тасалъя гэвч үл тасрах гүн холбоо байгаа мэт санагдана. Ялангуяа эрт цагийн хүмүүс “Одон зурхай” гээчээр аз эзээ мэргэлдэг байсанчлан, тэнгэрт болсон элдэв үзэгдэл өөрсдийн аж амьдралд нь шууд нөлөөлнө гэж итгэцгээдэг байж. Тэдэнтэй харьцуулахад орчин үеийн соёлт хүмүүс бидний хувьд, сансар огторгуй нь дэндүү уудам хийгээд холын оршихуй болж, өдөр тутмын амьдралд маань төдийлөн холбоогүй мэт санагддаг болж.
Гэсэн ч, өнөө үед ч мөн л бид сансар огторгуйтай нягт холбоотой хэвээрээ л бий. Учир гэвэл, сансар огторгуйг таньж мэдэх явдал бол, сансар огторгуйн дунд оршин буй хүнийг таньж, “БИ” өөрийгөө олж мэдэх явдал болох учраас тэр. Энэ номонд гарах сансар огторгуйн талаарх хүн төрөлхитөний бодол төсөөллийн түүхийг тольдон харах аваас, энэ учрыг бэлхнээ ойлгон анзаарах болов уу гэж санана.
Мөн сансар огторгуйн нууцууд хараахан бүгд тайлагдаагүй л байна. Огторгуйн тухай илүү ихийг мэдэх тусам шинэ нууцууд ар араасаа төрөн гарсаар л байдаг. Бидний огторгуйн талаарх бодол төсөөлөл үүнээс цааш ч улам бүр өөрчлөгдөн шинэчлэгдсээр явах биз. Яг л тийм сэтгэл догдлом, ёстой л нойр хулжаам сансар огторгуйн тухай ярианд чих тавингаа, таныг сансар огторгуйн талаар эргэцүүлэн нэг бодоосой гэж хүснэм.



Үргэлжлэл - Хүн яагаад сансар огторгуйг бодно вэ?

No comments:

Post a Comment