Pages

Сэдвүүд

2013/07/08

Параллел ертөнцийн тайлбар

Өмнөх - Абстракс БИ

"Шрёдингерийн муур" гэх хийсвэр туршилтын талаар, 1957 онд тухайн үедээ Принстоны Их сургуулийн ердийн нэг магистр оюутан байсан Hugh Everett гэгчээс байж боломгүй шинэлэг санаа дэвшүүлэгдэв.

Тэр санаа нь туйлын энгийн санаа байлаа.

Муур ч, электрон ч, бүхий л микро биетүүд "магадлал чигээрээ, олон төлөвт давхралдан оршиж байдаг" гэж хэлээд байгаа нь Квант физикийн дүгнэлт байх нь ээ?
Гэхдээ байна шдээ, "тэр муурыг ажиглаж байгаа хүн" ч бас адилхан микро биетүүдээс бүтсэн юм байгаа биз дээ?
Тийм бол яагаад тэр Квант физикийн дүгнэлтийг "Ажиглалт хийж байгаа хүнд" хамаатуулахгүй байгаа юм бэ?

Үүнийг сонссон хүн бүр зогтусав. Энэ бол яалт ч байхгүй тухайн үеийн суутнууд бүгд анзааралгүй орхисон арын булан байсан юм.

Нээрээ л сайн бодоод үзвэл "муурыг ажиглах тэр хүн" маань ч бас өөрөө яг тэр муур, электрон шигээ микро зүйлсээс тогтсон биет шүү дээ. Тиймээс түүнд ч бас Квант физикийн хууль эрх тэгш үйлчлэх нь шударга ёсонд нийцнэ.

- Ер нь яагаад хэн ч энэ талаар бодсонгүй вэ?
гэж дуу алдмаар дэндүү илэрхий санаа.

За тэгэхээр.
Нээрээ л тийм байна гээд, тэр "хүнд" нь ч бас квант физикийн хууль нь үйлчлэг. Тэгвэл тэр үед яг юу болох юм бол??

Шуудхан хэлэхэд, хүн ч бас муурны адилаар давхралдсан олон төлөвт байдлаар оршиход хүрнэ.

Өөрөөр хэлбэл, муур нь "амьд байгаа төлөв" болон "үхсэн байгаа төлөв"-үүд давхцсан байдлаар нэгэн зэрэг оршиж байдаг юм бол, түүнийг ажиглагч хүн ч бас "амьд муурыг харж буй төлөв" болон "үхсэн муурыг харж буй төлөв"-үүдийн давхцал байдлаар нэгэн зэрэг оршин байхад хүрнэ гэсэн үг.

Жишээлбэл, "Шрёндингерийн муур" туршилтыг бодитоор хийж үзсэн би, хайрцагийг нээтэл "амьд байгаа муур"-ыг олж харжээ гэж бодъё. Энэ үед надад ийм эргэлзээ төрнө:
- Квант физикийн томъёо ёсоор бол, муур гэдэг "микро биетүүдийн бөөгнөрөл" нь "амьд байгаа төлөв" болон "үхсэн байгаа төлөв" гэсэн хоёр хэлбэрт нэгэн зэрэг оршиж байх учиртай шүү дээ. Тэгээд тэр муур гэдэг "микро биетүүдийн бөөгнөрөл" чинь татах хүч нь ч нөлөөлнө үү, цахилгаан соронзон хүч нь ч нөлөөлнө үү, ер ямар ч хүчээр нөлөөллөө гээд "аль нэг төлөв рүүгээ тогтворжих" явдал хэзээ ч байх ёсгүй гээд байгаа.

Гэтэл бодит байдал дээр, би яг одоо "амьд байгаа муурыг" л харж байна.
Тэгвэл тэр "үхсэн байгаа муур" нь ингэхэд хаана байгаа юм бэ?

Энэ асуултанд Everett-ын тайлбарыг ашиглавал, хариулт нь нэг иймэрхүү болно.
- Юу шүү дээ хүү минь. "амьд байгаа муур" болон "үхсэн байгаа муур" хоюулаа л оршин байгаа. Тэр ч байтугай, энэ туршилтын ажиглагч болох чи ч бас "амьд муурыг харж буй чи" болон "үхсэн муурыг харж буй чи" гэсэн байдлаар нэгэн зэрэг давхцан оршиж байгаа юм шүү дээ. Яагаад гэхээр, хүү минь чи ч бас "микро биетүүдийн бөөгнөрөл" төдий биет юм чинь.

- Юу гэнээ??!?!? Түр хүлээж байгаарай.
Наадах чинь тэгээд..., нэг ёсондоо..., арай "надаас өөр би" байдаг гэсэн үг биш биз дээ? Тийм утгагүй тэнэг яриа гэж байж болох уу?

- Гэхдээ, "Баруун нүхээр гарсан атом" болон "Зүүн нүхээр гарсан атом" хоёр нэгэн зэрэг оршин байдаг гэхэд ямар ч гаж яриа болохгүй биз дээ? Яг л тэрэнтэй чинь адилаар "Амьд муур харж буй чи" болон "Үхсэн муур харж буй чи" хоёр нэгэн зэрэг оршин байгаа байхгүй юу.

- Арай ч дээ...!!?!!!?!! Юу гэсэн үг вэ???
Тэгэхээр чинь тэгээд..., тэгэхээр чинь тэгээд..., нэг ёсондоо "ПАРАЛЛЕЛ ЕРТӨНЦ" байдаг гэсэн үг болж таарч байна уу???????

Ийнхүү дээрхи тайлбарыг "Параллел ертөнцийн тайлбар" хэмээн нэрийдэв.

Нэг иймэрхүү байдлаар төсөөлөх гээд үз.

Шарик шиг цул гэгдэж байсан нэг ширхэг микро атомыг, үнэн хэрэгтээ огт тийм бус "энд ч байж магадгүй, тэнд ч байж магадгүй" гэсэн магадлалууд давхацсан "долгиолсон оршихуй" гэж хэлээд байгаа Копенгагены тайлбар үнэн юм бол, хүнийг оролцуулаад ер бүхий л биетүүдийг (сансар огторгуйг) ч бас "боломжит бүх магадлалууд давхацсан долгиолсон оршихуй" гэж төсөөлж болно.

Өөрөөр хэлбэл, сансар огторгуй гэдэг бол, долгион шиг намирсан "Аварга том магадлалын бөөгнөрөл юм" гэж хэлж болно.

Тэндээс, сансар огторгуй дээрх боломжит бүхий л магадлалууд нь ЯГ ОДОО, ЯГ ЭНД, давхцан оршин байгаа болж таарна. Тийм учраас
"Амьд муурыг харж буй би" ч оршин байгаа,
"Үхсэн муурыг харж буй би" ч оршин байгаа,
"Paris Hilton-той гэрлэж буй би" ч хаа нэгтээ оршин байж л таараа (магадлал нь 0 биш л бол).



- Тийм бий вий. Тэгэх гээд байсан юм аа. Яалт ч байхгүй ЗӨГНӨЛ худлаа хэлээгүй л байж.

- Нээрэн тийм. Орифлейм эгчийн түмэн зөв. 2012.12.21 нд үнэхээр дэлхий сөнөжээ.
Параллел ертөнцүүдийн аль нэгэн дээр.

Үргэлжлэл - Параллел ертөнцийн асуудал

3 comments:

Unknown said...

ingevel arai buruu tiish hazaihana dee,

Unknown said...

yr ni buh ym bodol sanaa ym bish uu
bi chi nar sar hair mair tsag hugatsaa unen edr burd magadlal ymuu da

Одгэрэл said...

Яг үнэн. Санал нийлж байна. Параллель ертөнц оршин байна. Агуу тайлбар баййна шүү. Шинжлэх ухаан ч бас гайхалтай юмаа. Ухсаар байгаад миний мэдэх параллел ертөнцийг гаргаад ирдэг байна шүү.

Post a Comment