Pages

Сэдвүүд

2013/06/07

Одны хүүхдүүд

Эрт үеэс эдүгээг хүртэл, хүмүүс од харвах үеийн хоромхон зуурын гялбалтаас "үхэл хагацалыг" төсөөлж, зарим нь түүний ховорхон тохиолоос "итгэл найдварыг" бэлгэдэж иржээ. Од харвалтаас тийн "үхэл амьдралыг" харж ирсэн нь, магадгүй цаанаа байгалийн зөнтэй үйлдэл юм болов уу? Учир нь сүүлийн үеийн шинжлэх ухаанд "дэлхий дээрх амьдрал одноос ирсэн" гэх хандлага дэлгэрээд байна. Шинжлэх ухаан гэхээргүй уран зөгнөл шиг санагдаж байна уу? Гэсэн ч ингэж хэлэх дайны нотолгоо цаана нь бий гэнэ.


Зарим орны хүмүүс од харвахаар нулимдаг бол, зарим нь түүнд хүслээ шивнэдэг. Гэсэн ч түүний 1 секунд хүрэхтэй үгүйтэй анивчаанд 3 нулимж, эсвэл 3 хүслээ шивнэж тун амжихгүй.


Гэхдээ үүнд харамсах явдалгүй ээ. Учир нь од харвах нь ховор юм шиг хэрнээ, хүний нүдэнд харагдах харагдахгүй бүгдий нь нийлүүлбээс өдөрт дундажаар 2,000,000,000,000 удаа манай дэлхийн агаар мандалын эргэн тойронд тохиож байдаг. Хүний тоонд хуваавал нэг хүн өдөр бүр 300 хүслээ шивнэж болно.



Тод од харвалтаас машины гэрлийн дайтай гэрэл гарна. Тэр гэрлийн тодыг хараад, түүнийг үүсгэж буй биет (метеоройд) нь нүсэр том эд байж таараа гэж төсөөлбөөс эртэдсэн тооцоо. Үнэндээ түүнийг үүсгэдэг тоосонцор нь элсний ширхэг шиг бяцхан. Томдоо хэдэн сантметр, ерөнхийдөө бол миллиметрээр хэмжигдэх дайны сансрын тооснууд (stardust) байдаг байна.



Яагаад тийм өчүүхэн биетүүд 100км-ийн цаанаас нүдэнд харагдтал гялалзаж чадна вэ?

Түүний нууц нь, сансрын тоос дэлхийн агаар мандалд нэвтрэх хурдтай холбоотой. Сансрын тоос агаар мандалыг сүлбэхдээ секундэд 10 - 70 км гэсэн, дуунаас ч өндөр хурдаар шунгинаж орж ирдэг.

Хэдий элсний ширхэг шиг өчүүхэн ч гэлээ, тэрхүү шунгинасан хурданаас болоод, замд тааралдах агаар мандал огцом агшиж, өндөр халуун, өндөр даралтанд шахагдана. Огцом өндөр даралтыг тэсээгүй агаар "плазма төлөвт" хувирч, түүнээс хурц гэрэл цацардаг байна.

Өөрөөр хэлбэл, сансрын тоос агаарын үрэлтэнд шатсанаар од болж харвадаг бус, хүчтэй даралтанд өртсөн өмнөх агаарууд нь гэрэлтэж харагддаг гэсэн үг. Мэдээж, үр дүнд нь түүний дараа сансрын тоос шатах болно.

Агаар мандалд нэвтрэхээрээ шатаад дуусчихдаг юм бол амьдрал тээж ирэх боломжгүй юм биш үү гэж санагдмаар. Үнэхээр ч бүгд шатаад дуусдагсан бол боломжгүй нь үнэн биз. Харин бодит байдал дээр тоймгүй хэмжээний тоосонцор дэлхий дээр бүрэн шаталгүй бууж байдаг. Түүний нийт хэмжээ нь жилд 30,000 тонноор хэмжигддэг гэгдэх агаад, өдөр бүр нэг шоо метр биет дэлхий дээр унаж байна гэсэн тооцоо болно. Тэд таны машин дээр ч унаж байгаа, амьсгалаар чинь дамжаад биенд чинь ч орж байгаа.

Яаж бүрэн шаталгүй газардаж болдог байна аа?

Хэрэв тоосонцор нь үснээс ч хөнгөхөн, өчүүхэнээс өчүүхэн, 0.0001мм дайны бичил хэмжээтэй бол шатах ч явдалгүй, гэрэл ч гаргахгүй. Тэд өд шиг хөвсгөр тул агаарын эсэргүүцэлтэй тулмагц үрэлт үүсэх завдалгүй хурдаа алдан зогсох болно. Яг л цаасан онгоцыг хамаг хүчээрээ шидээд хол явдаггүйтэй адилаар.

Од болон харвах хувь дутсан тэдгээр тоосонцорууд нэгэнт хурдаа алдсан бол түүнээс цааш яг л усанд хөвөх планктон аятай хөвс хөвс хийн агаарт шүхрэлсээр, хэдэн долоо хоног зарцуулан алгуурхан гэгч газардана. "Сансраас амьдрал тээгчид" гэж эрдэмтэдийн хэлээд буй нь, чухам тэдгээр од болохоо шахсан сансрын тооснууд юм. Тэдгээр тооснуудад амьдрал үүсгэх материал болох "органик бодисууд" агуулагдаж, тэр бодисууд нь хоорондоо хэлхэлдэн урвалдсаар үр дүнд нь амьдрал үүссэн байх гэж төсөөлж байгаа юм.

Ингэхэд тэдэнтэй тэдэнгүй, дэлхий маань өөрөө органик бодис агуулдаггүй байсан хэрэг үү?

Харамсалтай нь тийм байх магадлал бараг үгүй шахуу. Үүнийг нарны систем анх бүрэлдэн тогтсон тэр процессийг сонжих аваас илэрхий харагдана.

Манай нарны систем анх бүрэлдэн бий болсон нь одоогоос 4.6 тэрбум жилийн тэртээх явдал. Тэр үеийн сансар огторгуйд их хэмжээний сансрын тоос болон хийнүүд хөвөлдөж, тэдэн дунд амьдралын эх ундрага болох органик бодисууд ч хангалттай ихээр агуулагдаж байв. Учир нь, сансрын цацраг (Cosmic ray) тэргүүтэнүүд чөлөөтэй сүлэлдсэн өндөр энерги бүхий орчинд элдэв урвалууд өрнөхдөө амархан тул, органик бодисууд ч харьцангуй хялбархан үүсэх боломжтой байсан хэрэг.

Тэдгээр органик бодисуудыг агуулах хийнүүд хоорондоо ойртон цугласаар, яваандаа нэгэн цул сансрын биет болон тогтоно. Ингэж үүссэн биетүүд нь бас дахин хоорондоо мөргөлдөн цугласаар улам том эрхэс болон бойжиж ирнэ. Дэлхий маань яг л ийм процессийн эцэст, эрхэсүүдийн хоорондох мөргөлдөөн дундаас бүрэлдэн бий болсон гариг гэж үздэг.

Эрхэсүүд хоорондоо мөргөлдөх үед асар их дулаан ялгарах тул, анх тэнд агуулагдаж байх учиртай органик бодисууд тэр нөлөөн дор задран устсаар бүрэн дуусчээ. Тийнхүү харамсалтайгаар дэлхий маань өөртөө амьдралын үр авч үлдэж чадаагүй байна.

Тэгтэл нөгөөтэйгүүр, нарнаас алслагдсан хэсгүүдээр байдал эрс өөр байлаа. Тэнд эрхэсийн ширүүн мөргөлдөөн төдийлөн өрнөлгүй, сансрын тооснуудын мөсөн бөмбөлөгүүд олноороо тогтожээ. Үүний улмаас сансар огторгуй дахь органик бодисууд бүрэн устах явдалгүй, тэдгээр хөргөгчүүдэд хав дарагдаад хадгалагдан үлдсэн байв.

Амьдралын үрийг хав дарсан мөсөн бөмбөгнүүд, юуны ч юм хэмнэлд хөтлөгдөн сансрын аянд гарах явдал бий. Чухам тэдгээр сансрын аялагчид болбоос, дэлхий дээр харвадаг оддыг асгагч Сүүлт од юм.

Сүүлт од гэдэг нь, алдарт Halley-н сүүлт од зэргээс мэддэгчлэн, урт гэгчийн сүүл үүсгэн сансар огторгуйгаар хий эргэлдэх (шаригдах) олон тооны биетийн бөөгнөрөл бөгөөд, манай нарны системд тоймгүй олноороо нисэлдэн буй. Харин тэдний дотроос 50-иад тооны сүүлт одны урсгал дэлхийн тойрог замтай огтлолцож байдаг.

Сүүлт одноос сунан чирэгдэх сүүл нь, тэднийг наранд ойртох үед үүсдэг. Энэ нь нэг ёсондоо наранд ойртсоноор хайлсан мөсөн дотроос сансрын тооснууд суллагдан ялгарч буй хэрэг юм. Үр дүнд нь тэд яг л утаатай онгоц яваад өнгөрсөн мэт ором үлдээгээд талийж одно. Тэгээд тэрхүү гол мөрөн шиг сунан тогтсон сансрын тооснуудыг дэлхий дайрч өнгөрөх үед, тийнхүү дэлхийд татагдан асгарсаар од болон харвацгаадаг байна.

Нарны системийн булан тохойд нөөцлөгдсөн органик бодисууд нарны илчээр суллагдаж дахин сансар огторгуйд шидэгдээд байтал, гэнэт өөдөөс нь дэлхий дайрч ирээд тэднийг хамаад явчихаж буй нь тэр юм.

Ингэхэд тэгээд үнэхээр тэр тооснууд өөртөө органик бодис агуулдаг юм болов уу?

Үүнийг шалгах зорилгоор сансарт тавьсан хөлгийг "Stardust" гэдэг. 1995 онд Америкаас хөөрсөн Stardust хөлөг ойролцоогоор 5 тэрбум километр зам туулаад 7 жилийн дараа дэлхийд буцаж иржээ. Stardust-ийн зорьж ойртсон нь "Wild 2" гэх сүүлт од бөгөөд, хөөрснөөсөө хойш 5 жил аялаад сүүлнийх нь гүнд шургалан орж, тэндээсээ 100,000 илүү тооны сансрын тоос цуглуулж аваад амжилттайгаар зорилгоо биелүүлсэн юм. Түүний авчирсан тооснууд дотроос илэрхий органик бодисууд, тодруулж хэлбэл нэгэн төрөл амин хүчил (amino acid) болох Glycin агуулагдаж байжээ.

Glycin нь амьтаны биеийг бүтээхэд зайлшгүй шаардлагатай бодисын нэг. Тийм бодис хүртэл сансрын тоосон дотор байдаг байх нь. Мэдээж дээр өгүүлсэнчлэн, тэр бодис агаарт шатах явдалгүйгээр дэлхий дээр газардах боломжтой.

Эдгээр үр дүнгүүдийг нэгтгэвэл, дэлхий үүсэх үед устаж орхисон органик бодисууд сүүлт од гэдэг түгээгчээр дамжин дэлхийд хүрч ирсэн байх магадлал эрс өндөрсөж байгаа юм.

Үнэхээр бид нар үлгэр домог ч бус, үнэнгээсээ "одны хүүхдүүд" байж мэдэх нь. Сүүлт од гэдэг сансраас илгээсэн бэлэг, харин бид бол бэлэгнээс унасан амьнууд болж таарах нь.

Хэрэв энэ үнэн бол, уудам огторгуйд биднээс өөр амьдрал байх боломж хангалттай бий мэт санагдана. Амьдралын үрийг тээгч сүүлт однууд одоо ч тэрүүгээр өртөөлөн аялцгааж бийгээс хойш.

Хүн төрөлхитөн одот тэнгэрээс "хүсэл мөрөөдлөө" ч харна, "үхэл хагацалыг" ч харна. "Тэр тэр солирын урсгал" гэсэн мэдээ сонсох бүрийд, "Аль? аль?" гэсээр сортолзон тэнгэр өөд ширтэнэ. Өөрөө ч мэдэлгүй эх үүсэл рүүгээ, ирсэн зүг рүүгээ тольдон хардаг нь тэр байжээ. Тэр хязгааргүй уудмын гүнд ирээдүйн замыг гийх "итгэл найдвар" яваа, хүний бахыг хангах "туйлын үнэн" ч яваа.

Одот сансарт хүслээ шивнээд, одны хүүхдүүд минь тайван нойрсоорой.


1 comment:

altangerel said...

Сүүлийн үед хүүхдүүд зургаа гэхийг зургай, эсэргүүцэл гэхийг эсэргүйцэл гэж ярьж бичээд байх боллоо. Нэг сэтгүүлч бүр хуваарь ба хувиар гэх 2 үгийг сольж бичсэн байна лээ. Бид л энэ мэтээр хэл яриандаа анхаарахгүй бол Монгол хэл маань модон болж дуусах нь байна шүү.

Post a Comment