Pages

Сэдвүүд

2013/04/08

Өнгө сонсдог хүн (TED)

Төрөлхийн өнгө ялгах чадваргүй (Color blindness) Neil Harbisson-ийн хүүхэд ахуй үе нь тэр чигээрээ хар цагаан байв. Тиймдээ ч өөрийгөө бусдаас ялгаатай гэж санасан ч үгүй.
Тэгтэл нэг өдөр бага сургуулийн найзууддаа "хоёр өөр өнгийн гутал өмсөж ирсэн" гэж шоолуулсанаас хойш, тэрээр өнгөнөөс зугтаадаг болж, хар цагаанаас өөр хувцас өмсөхөө болив.
Ингээд харах ертөнц нь ч, харагдах төрх нь ч хар цагаан болсон Neil боловч, хожмоо нэгэн хүнтэй учирснаар түүний амьдрал хүнээс илүү өнгөлөг болон хувирчээ.

Хөгжим сурахаар Англид очсон Neil, компьютерийн ухааны оюутан Adam Montandon-той танилцав. Adam түүнд "өнгийг дуунд хувиргадаг" eyeborg гэдэг төхөөрөмж хийж өгөхийг санал болгожээ. Ингээд Neil-ийн толгой дээрээс унжих "шоргоолжны тэмтрүүл" шиг тэр багажны ачаар нүднийхээ өмнөх өнгийг дуу болгон сонсож чаддаг болсон байна.

Eyeborg нь тусгай sensor-оор өнгийг мэдэрч, түүнийгээ тодорхой харгалзаатайгаар дууны давтамжинд буулгаж Neil-д дамжуулна. Өөрөөр хэлбэл, Neil төхөөрөмжөөс гарах дууны давтамжийн өндөр намаас нь ямар өнгө харж байгаагаа ялгаж мэдэх боломжтой юм.

Шинэхэн эрхтэн нь тэр дороо л Neil-д таалагдав. Анхандаа аль дууны давтамж аль өнгөний нэртэй харгалзаж байгааг цээжлэх гэж хэсэг төөрөлдсөн боловч, тэрээр юман чинээ бодсонгүй. Төрснөөсөө хойш анх удаагаа "өнгөний ялгааг" анзаарсан Neil-ийн өмнө ертөнц 360° цэлийтэл нээгдэх нь тэр. Түүний eyeborg-ийнхоо тусламжтайгаар ялгаж чадах өнгөний тоо нь 360 төрөл. Өөрийг нь тойроод дан ялгаатай өнгөнүүд бүрхсэн ч бүгдий нь ялгаж сонсож чадна аа гэсэн үг. Одоо түүний зүүд хүртэл өнгөт болсон. Яг л cyborg...

Уран зургийн галерейд орсон Neil хөөрөн баясав. Уул нь Пикассо хөгжмийн зохиолч биш л дээ. Гэхдээ eyeborg-оор харах Пикассогийн зураг түүнд симфони тоглож өгнө.

Ердийн нэг их дэлгүүрийн тавиураас хүртэл хөгжим хангинана. Дан ялангуяа, бүх өнгө солонгорсон угаалгын нунтагны тасаг бол диско клуб л гэсэн үг.

"Амьдралдаа өнгө хараагүй" гэх Neil-ийн хар цагаан ертөнц, eyeborg-ийн тусламжтайгаар хөгжим хангинасан нүргээнт ертөнц болон огцом хувирчээ. Одоо бол хар цагаан хувцас өмсөх нэгэнт уйтгартай.
- Өнөөдөр Би "си мажор" өмсөж ирлээ
гэж хэлэх Neil-ийн хувцас нь, цэнхэр цамцан дээр ягаан хантааз, тэгээд шар өмд. Neil-ийн чихэнд цэнхэр өнгө "До", ягаан өнгө "Ми", шар өнгө "Со" болж сонсогдоно. "До Ми Со"-гийн нийлэмж гэхээр...? Яг тийм "си мажор", гайхалтай сайхан таарч байна.

- Оршуулганд гашуудлын "би минор" л яг тохирно.
Тэр нь өнгөөр хэлбэл оюу ногоон, үзмэн ягаан, тэгээд улбар шар өнгөний нийлэмж. Оршуулгын хувцас гэхэд арай л юм даа. Гэхдээ eyeborg-оор сонсвол нээрээ л гашуудлын "би минор" юм (оюу ногоон нь "си", үзмэн ягаан нь "рэ", улбар шар нь "фа#").
Neil аятайхан харагдахаас илүүтэйгээр "аятайхан сонсогдохуйцаар" хувцасладаг болжээ.

Хувцаснаас гадна хүний царайнаас бас дуу сонсогдоно.
- Царайлаг мөртлөө аймар сонсогддог хүн бий, тэрний эсрэг хүн ч бий.

- Миний дуртай царайнууд гэвэл Хун тайж Чарлз, Tom Cruise, Leonardo De Carpio, Nicole Kidman. Ялангуяа Nicole Kidman-ий царай маш сонсголонтой.

- Үзэгчдийн царайгаар хөгжмийн зэмсэг хийгээд концерт тоглосон ч болно. Яахав, онцгүй концерт болбол өөрсдийнх нь л буруу юм чинь (хаха).

Neil түүнээс гадна, эсрэгээрээ дуу чимээнээс өнгө төсөөлдөг болжээ. Утас дуугарахаараа ногоорч, BBC-ийн цагийн мэдээ оюу ногоон болно.

Хөгжим сонсоод тархиндаа төсөөлөх өнгөнүүд сонирхолтой байсан тул, Neil хөгжимөөр зураг зурж эхлэв.
Neil-ийн зурсан "Шөнийн хатан (Mozart)" зурган дээр улаан цэнхэр шар өнгөнүүд үер мэт давалгаалан сүлэлдэнэ. Хөгжимийн хэмнэл өгсөн уруудан үсчин дэгдэх шиг, түүний өнгөний хоршил ч бас тод хийгээд эрчтэй аж.
Харин Justin Bieber хүүгийн "Baby" дуу нь яг л дуучиндаа тохирсон өхөөрдөм ягаан өнгө голложээ. Харьцангуй нэгэн хэвийн өнгө зонхилно...

Өнгө, дууны ертөнцөөр хөл толгойгүй зугаацах Neil маань яваандаа бага багаар сонирхол нь буурч эхлэв. Ингээд Adam-д eyeborg-оо улам сайжруулж өгөхийг хүссэнээр, хүнд харагддаггүй өнгийг ч дуугаар харах боломжтой болгож авчээ.

Хүний нүдэнд харагдах өнгөний хүрээг "Үзэгдэх спектр (380 - 780nm)" гэдэг бөгөөд, түүнээс бага давтамжтай хэт улаан туяа, эсвэл түүнээс өндөр давтамжтай хэт ягаан туяа нь хүний нүдэнд үзэгддэггүй. Харин багажаар мэдэрч дуунд хувиргаж бол болно. Өөрөөр хэлбэл хүний нүднээс давсан чадвартай болсон хэрэг.

Телевизийн удирдлага дарахад л Neil шууд анзаарна. Хэт улаан туяа түүнд сигнал өгөх учраас тэр. Гадаах нарны гэрэл арьсанд халтай байгаа эсэхийг дор нь л танина.
- Хэт ягаан туяа ихтэйхэн шиг байвал гадуур гарахгүй шүү хө.

Хэт ягаан туяаг мэдэрдэг гэх эрвээхэй болон зөгийнүүд цэцгэнд бал байгаа эсэхийг холоос хараад таньж, хэт улаан туяаг мэдэрдэг зарим зүйл могойнууд харанхуй шөнөөр ч ангуучилдаг гэдэг. Харин хүний мэдэрч чаддаггүй тэдгээр долгионыг хүртэл мэдэрдэг болсон Neil бол superman л гэсэн үг.

Eyeborg гэдэг нь eye (нүд) ба cyborg (амьд организмыг автомат удирдлагын системтэй холбож нэгтгэсэн биет) хоёроос үүсгэсэн үг бөгөөд, Neil-ийн хувьд түүний eyeborg нь нэгэнт түүний биеийн нэг хэсэг болжээ. Паспортны зурган дээрээ ч тэрээр eyeborg-тойгоо гарсан байгаа. (Уул нь паспортны зурган дээр электрон төхөөрөмжтэй гарахыг хориглодог боловч, "биеийн нэг хэсэг" болохоо тайлбарласны үндсэн дээр зөвшөөрөл авчээ).

Neil ийн хэлнэ.
- Мэдлэг гэдэг бол мэдрэхүйгээс орж ирсэн мэдээлэл л байдаг. Тэгвэл мэдрэхүйгээ өргөтгөвөл мэдлэг ч бас өргөжих нь дамжиггүй.

Eyeborg-ийнхоо тусламжтайгаар өөрийн харах хязгаараа хэт улаан ягаан туяа хүртэл өргөжүүлсэн Neil-ийн хувьд, түүний өмнө цэлийх бодит ертөнц байгаагаараа л гайхамшигийн ертөнц юм.

- Гар утсанд зориулж аппликешн хийж байхаар, хүнд зориулж аппликешн хийвэл хамаагүй хүнд хүрнэ шүү.

(Neil 2010 онд Cyborg сан NPO байгуулж, технологиор хүний мэдрэхүйг тэлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд буй. Eyeborg-ийг хараагүй хүмүүст түгээх ажил зохион байгуулдаг)

Neil eyeborg-ийг "хүнд зориулсан аппликешн" гэж тодорхойлж буй боловч, өнөө үед гар утас зэрэг нь өөрөө тэрхүү "хүнд зориулсан аппликешн" гэж дүгнэсэн ч болох юм. Энэ аппликешнгүйгээр (өөрөөр хэлбэл гар утасгүйгээр) нүүр тулан уулзах боломжгүй хүнтэй ярилцана гэдэг бараг л бүтэхгүй болов уу.

Ингээд бодвол машин ч бас адилхан. Давхихаас хурдан хөдлөх нь хэрхэвч хүний хийх ажил биш. Онгоц ч мөн ялгаагүй. Ер нь хүний хийсэн түгээмэл нээлт бүтээл болгоныг "хүнд зориулсан аппликешн"-ий категорит багтааж болох биз.

Тэр ч бүү хэл "хэл яриа" ч бас тийм биш гэж үү?
Хэл яриагүйгээр өнөөдрийн түүхийг маргаашт дамжуулах боломжгүй шүү дээ. Гэхдээ арай ч хэл яриаг аппликешн гэдэг категорит оруулах нь хаашаа ч юм дээ. Дэндүү өргөн хэрэглэгддэг суурь функц болохоор аппликешн гэхээс илүүтэй OS (суурь үйлдлийн систем) гэх нь зүйтэй ч юм уу...

Буцаад аппликешн гэдэг яриандаа оръё. Юу гэвэл гар утасны тухай. Энэ бол одоогийн байдлаар хамгийн шинээр гарч ирээд байгаа "хүнд зориулсан аппликешн" юм. Хүмүүс ямархуу байдлаар гар утсыг хэрэглэж байгаа талаарх янз бүрийн судалгаанууд дунд Full-time intimate community (бүрэн хугацааны нягт нэгдэл) гэх судалгаа бий.

Орчин үеийн хүн бид гар утсаа ашиглан, өөрөөсөө бусад хэдэн тооны хүний үйл хөдлөлийг бүтэн цагаар (цаг тутам) хараандаа байлгаж явдаг. Өөрийн болон бусдын блогоор дамжуулж ч юм уу, facebook, twitter зэргийг шалгах байдлаар ч байж болно. Нэг ёсондоо таны тархи олон хүнээс тогтсон нэгдэл (community) -тэй холбогджээ гэсэн үг. Таны тархи гар утас гэдэг мэдрэх эрхтнийхээ тусламжтайгаар бусад хүмүүсийн талаарх мэдээллийг цаг тутамд хүлээн авч, санаатай санаандгүйгээр тэр мэдээллээ боловсруулж буй төлөв юм. Энэ бол, бидний тархи шууд бусаар өөр хоорондоо холбогдсон байгаа хэлбэр юм. Яг л биеийн нэг хэсэг. Түүнгүй бол танд нэг л эвгүй, бас тавгүй...

Юу юугүй cyborg гэж ярих нь арай хэтрүүлэг байж болох ч, орчин үеийн бидний хувьд технологи гэдэг нэгэнт биеийн маань салшгүй нэг хэсэг болжээ. Огтоос Neil-ийн eyeborg мэт нь гойд тусдаа юм биш. Бид бүхэн, орчин үеийн хүмүүс бүгдээрээ технологийн хүчээр өөрсдийн мэдрэхүйгээ, тэгээд бодит ертөнцийг ч цааш нь "өргөтгөсөөр" байна.

- Та ямар мэдрэхүйгээ өргөтгөмөөр байна даа?

Энэ зууны дотор, магадгүй бидний "харах" гэдэг мэдрэхүй тэс өөр зүйл болохыг ч байг гэх газаргүй. Сонсголын аппаратаар ердөө л сонсголын эрхтнийг дэмжих төдий бус, сонсох боломжгүй зүйлийг ч сонсгодог болох ч юм билүү, хэн мэдэх вэ.

Амтлах мэдрэхүй маань яах бол? Neil тэнд аль хэдийнэ дуртай дуугаа иддэг болоод байгаа.
- Үндсэн цэсэнд Рахманинов (Оросны хөгжмийн зохиолч), амттанд Мадонна, тэгээд салатыг Lady Gaga-аар хийвэл. Ногоо иддэггүй хүүхдүүд аягүй л бол дуртай иднэ дээ?

...
... Өргөжин буй бидний "бодит ертөнц".
Бодит хэрнээ яагаад улам бүр өөрчлөгдөнө вэ?
Бодит гэж чухам юуг нь хэлэх болж байна аа?

Бодит ертөнц хэмээх барьцтай ч юм шиг сонсогдох тэр хөдлөшгүй орон зай, мэдрэмж хэмээх барьцгүй сулхаан хальсанд боолттой буй. Тэгээд, сулхаан хэрнээ нимгэхэн тэр хальс технологи даган хөгжсөөр, нэг нэгээр өөрийн зузаанаа давхарлан буй бололтой.

I listen to color


3 comments:

Unknown said...

янзтай...
ямар гоё вээ

Unknown said...

янзтай.. яасан ч гоё юм...
хүүш ээ нээрэн яасан ч гоё юм...

Unknown said...

сул талаа давуу тал болгоно гэдэг л энэ дээ

Post a Comment