Pages

Сэдвүүд

2012/11/22

Баруун зүүн тархи


Тархи судлаач эрдэмтэн Jill Bolte Taylor хатагтайн тархинд цус харваж, мэргэжлийн хүний хувьд тархийг дотроос нь судлах ховорхон "аз завшаантай" учирчээ.


Анхандаа үүнийгээ мэдэлгүй үе үе зүүн тархи нь хатгаж, нэг л хэвийн бус мэдрэмж байгааг анзаарч. Сүүлдээ давтамжтай хатгалт нь улам зовиурласаар, цэх алхахад ч хүндрэлтэй болоод ирэв. Өөрийн эрхгүй тэнцвэр алдан гараараа хана тулан зогсвол, бас дахин сонин мэдрэмж төрөх нь тэр.

– Хана тулах түүний гар яг л ханатай нэгэн цул болсон юм шиг санагдав.

Өөрийнхөө биеийг хаанаас эхлээд, хаана дуусаад байгааг ойлгохгүй нь. Мэдэрч байгаа юм гэвэл, гарны эд эс, хананы атом молекултай холилдсон нэгэн цул энерги.

Jill–ийн цус харвасан нь зүүн тархи нь. Энэхүү зүүн тархи гээч нь бүхнийг эгнүүлэн жагсааж байгаад мэдээллийг дарааллын дагуу нэг нэгээр нь (сериалаар) боловсруулахдаа чадварлаг. Өөрийгөө орчин тойрон, юмс үзэгдэлээс тусгаарлаж сэтгэдэг нь ч зүүн тархи юм. Тийм ч учраас Jill өөрийн биеийн хил хязгаарыг ойлгохоо больсон хэрэг.

Харин бүрэн бүтнээрээ байгаа баруун тархи нь бүхий л зүйлсийг зэрэг зэрэг (параллелаар) боловсруулах чадвартай. Өчигдөр өнөөдөр ч гэхгүй, цаана нааныг ч ялгахгүй, бүгдийг нэгэн зэрэг ЯГ ОДОО боловсруулдаг баруун тархины ертөнц бол шууд утгаараа яг л "ЭНД, ОДОО ЦАГ" юм. Мэдээж би болон бусад гэж алаг үзэх ч сөхөөгүй түүний хувьд мэдэрдэг цорын ганц зүйл гэвэл ердөө л НЭГЭН ЦУЛ ЭНЕРГИ.


– Энэ, яг юу вэ? Юу болоод байна аа?
гэж гайхах зуур Jill–ийн зүүн тархи бүрэн зогсож, тэр дороо яг л зурагтын унтраалга дарсан юм шиг хорвоо ертөнц нам гүм болж орхив. Цоо шинэ мэдрэмжинд эхлээд мэдээж гайхсан хэдий ч үнэндээ тэр нь туйлын тааламжтай сайхан мэдрэмж байсан юмсанж.

Бие сэтгэлийн бүхий л хүлээс тайлагдаж, өөрийн энерги нь таран түгсээр орчин тойронтой холилдон сүлбэлдэж, хорвоо ертөнцийн нэг хэсэг болон уусаж одно.
Харин Jill илбэдүүлсэн юм шиг л энэ мэдрэмжинд автан мансуурав.

Хүүүүе? Яанаа? Болохоо байлаа, түргэн дуууд!!!!

Гэнэт сэрсэн зүүн тархи манарсан Jill–ийг цочоох нь тэр.
"Нээрээ яана аа, би болохоо байлаа шүү, ажлаасаа хоцрох нь" гэсээр Jill сандран сэргэх боловч дөнгөж саяын зүүд мөрөөдөл шиг ертөнцөө эргэн санагалзана.

Тэрхүү гайхамшигийн ертөнцөд ажлын стресс зовиур огтхон ч үгүй. Амар амгалан, энх тайван түүнийг гэгээн дүрээрээ эзэмдэн ноёлж, хандсан зүгтээ дүүлэн ниснэ.

– 37 жил үүрсэн ачаанаасаа гэнэт мултарсан юм шиг л мэдрэмж. Юутай аз жаргал?!

Босооч ээээ. Бушуул түргэн дууд. Бид болохоо байлааа
гэсээр ахиал зүүн тархины сэрүүлэг хангинаад явчив.

...Бодит ертөнц (зүүн тархи), гайхамшигийн ертөнц (баруун тархи) хоёрын хооронд 45 минут холхисны эцэст арайхын тусламж дуудан түргэний тэргээр эмнэлэгийн зүг хөдлөв. Замдаа Jill бодит ертөнцөд үлдэхээс татгалдаж, гайхамшигийн ертөнцийн гүн рүү эргэлт буцалтгүйгээр алхан одлоо.

– АМЬД БАЙНА.

Эмнэлэгийн орон дээр ухаан орсон Jill, өөрийгөө амьд байгаад гайхав. Уул нь гайхамшигийн ертөнцийг л сонгосон юм сан.

Гайхамшигийн ертөнцөд түүний бие сэтгэл хоргоноос мултарсан сүнс болон дүүлэн нисч, аварга том халим загас лугаа адил аз жаргалын далайд сэлгүүцэн шумбаж байлаа. Тэгээд, тийнхүү дөнгөж диваажинг олж хараад байтал...

... Гэтэл, яагаад ч юм... гэв гэнэт л сэрж... эмнэлэгийн төмөр орон дээр... нөгөө л жижигхэн биендээ шургалан хэвтэж байх аж.

Гэхдээ тэрээр нэгэнт бат итгэжээ.
– Диваажин гэж огтхон ч холын тусдаа ертөнц биш. Дөнгөж л бид бүхний дэргэд байдаг зүйл юм байна. Би үүнийг нэгэнт мэдсэн. Одоо мэдсэн бүхнээ хүмүүст түгээн дамжуулах нь миний үүрэг.

Их хэмжээний цус алдалтаас 2 долоо хоногийн дараа Jill–ийн зүүн тархинаас гольфын бөмбөгний дайны цусны бөөгнөрлийг гаргаж хаяжээ. Түүнээс хойш эрдэмтэн маань бүрэн эдгэтэлээ даруй 8 жил зарцуулсан байна.

– Тэгэхээр, бид гэдэг чинь ингэхэд хэн юм бэ?

– Энэ хорвоо ертөнцийг ямар хүний дүрээр туулахыг та хүсч байна даа?

–Хэн болохоо СОНГОХ ЧАДВАР бидний хэн бүхэнд бүрдсэн байгаа
гэж эрдэмтэн Jill батлан хэлнэ.

Баруун тархины ертөнц (гайхамшигийн ертөнц) бол зах хязгааргүй нэгэн цул аварга ертөнц. Харин зүүн тархи (бодит ертөнц) бол БИ гэсэн ганц урсгалт давчуухан жим. Энэ жимээс цаашхи ертөнц бүхэлдээ хаалттай бөгөөд бусдаас бүрэн тусгаарлагдсан орон зай юм.

– Таны дотор хоёр ертөнц байна. Та алийг нь сонгох вэ?

– Хэзээ сонгох вэ?

...Баруун тархинд хэзээд бий гэх Гайхамшигийн ертөнц. Гүн гүнзгий амар амгалангийн ертөнц. Зарим нь түүнийг Нирван ч гэнэ...

Холбоотой – Баруун зүүн тархи (TED)

2 comments:

Unknown said...

Америкийн нейромэсзасалч Александерын бас нэг иймэрхүү ном бий, Диваажин байдгийн баталгаа гэж. ОЛон жил хүний тархинд мэс засал хийж нэг бусыг нөгөө ертөнц рүү явахыг харж байсан түүнд өөрт нь бас тархины ховор төрлийн мененгит тусаад 5 хоног ухаангүй байх үедээ там диваажингийн хооронд явж огт танихгүй , байдгийг ньч мэдээгүй байсан төрсөн дүү охинтойгоо уулзаж, өөрийнх нь төлөө залбирч байгаа хүмүүсийн царай зүсийг ч харж, тэр залбирлын ачаар гэрэл гэгээ рүү нисч байснаа ном болгон бичсэн. Сонирхолтой нь түүнд замчлан нисэж байсан бүсгүй түүний төрсөн аав ээжээс төрсөн , 20 насандаа нас барсан гэдгийг сүүлд нь ухаан санаа тархи нь гүйцэд сэргэсэн үедээ зургийг нь хараад таньсан байдаг. Дээрх бичлэг ч түүний бичсэн үнэн гэдгийг батлаад байна, Сонирхолтой байлаа, баярлалаа

ТОМё БОДё said...

"Жаргалтай үхэл" бичлэг дотор Александрын тухай байсан санагдаж байна.

Post a Comment