Pages

Сэдвүүд

2014/11/22

Хувирдаггүй хүмүүс

Хадны сүг зураг шиг амьдралаар амьдрах хүмүүс гэж бас байх.

Нүцгэн хөлөөрөө их газрыг тийрэн, нум сум агсаж ан гөрөө хийнэ. Африк тивийн өмнөд хэсэгт нутаглах Сан омгийн тэдгээр хүмүүс хэдэн мянган жил гэлтгүй, яг л тэгж амь зууж иржээ.

Урьд цагт Бушман гэж нэрлэгддэг байсан тэдгээр хүмүүс Ботсвана, Намиби, Өмнөд Африкийг дамнан орших Калахарийн цөлд амьдрана.

Ан гөрөө нь угаас эрчүүдийн ажил боловч, ойрын үед нэг л янзгүй. Олз омоггүй өдрүүд сүүлийн 3 долоо хоногийн туршид үргэлжилж байгаа нь энэ.
Өнөөдөр ч дөрвөн эр уван цувсаар анд гарлаа. Гэсэн ч, хаанаас ч амьтны үнэртэй салхи алга. Зуршил юм шиг жижигхэн шувууны урхи бэлдэн, замын хажуугаарх үндэс мулталсан шиг газар хорооно.

Тэгтэл нэг нь зөгийний үүр олоодохов. Бусдынх нь царай хувьсхийн гэрэлтээд явчихлаа. Тэр дороо барьж явсан жижиг мөчирөөрөө гал өрдөж, утаагаар нь зөгийнүүдийг үргээв. Тэгээд нэг нь үүр рүү гараа дүрж амтат бал гарч ирэх нь тэр.
Бодсоноос шалихгүй хэмжээтэй гарч ирсэнийх юм болов уу, эрчүүд бүгдий нь газар дээр нь гүзээлж орхив.
Ургамлын үндсийг ухаж гарган шахаад, урсах шүүсээр нь зунгааралдсан гараа угааж авлаа. Ургамлын шүүс овоо гашуун байгаа бололтой.

Ингэж тэгж явтал нэг л мэдэхэд нар хэвийж, харамсалтай нь тэр өдөр бас л ганзага хоосон буцах нь. Явах замдаа бэлдээд орхисон жижиг шувууны урхиа өнгийвөл, амьтны байтугай сүнсний үнэр ч алга.

Отогтоо ирлээ, бас л гар хоосон. Гэвч тэднийг зэмлэх хүн нэг ч алга. Ангын талаар ч асуух хүн гарсангүй. Эрчүүд ч ичиж бантсан шинжгүй, тэр дороо л хураасан модны жимсийг огтлон, бүгдэд тарааж гарлаа...

Дараагийн өдөр, үүлний байдал нэг л сэжигтэй. Аягүй бол бороо орж мэдэх нь. Ингээд ангаа больчихов. Нум сум болон бусад хэрэглэлээ янзалж тойлсоор өдрийг барлаа. Тэдгээр зэвсэгүүд нь бүгдээрээ өөрсдийн гараар хийсэн зүйлс.

Ахиад дараагийн өдөр, харваас бороо орох нь. Заа ингээд бас л ан худлаа болж, отгоороо нэг бужигнан тоглож өнжив.

Маргааш нь харин цэлийтэл тэнгэр онгойлоо. Өнөөдөр олз олох болов уу?
Өглөөнөөс хойш нэг л өөр шүү. Амьтны мөр ч хэдийнэ олж харжээ. Тэд амьтны мөр харах төдийд л ямар амьтан болохыг нь дор нь таньж чадна. Тэгээд цаг л байх юм бол дараагийн мөр, дараагийн мөр гэж мөшгисөөр тэр амьтанаа олж ч чадах аж.

Ингэж явсаар тэд нэгэн нүхэн дээр ирлээ. Урт мөчирөөр онгичиж үзлээ, гарцаа байхгүй амьтан байгаа янзтай. Энэ удаагийн олз хээрийн туулай байлаа. Эсрэг талаас нь амдаж ухсаар туулайг сарвуудаж бариад, барьсан дороо савж орхитол газар дээрээ нам.

Тэд огтхон ч зэрлэгүүд биш. Амьдрахын төлөө амьтны амь таслах нь зайлшгүй шаардлагатай зүйл. Бидний иргэншсэн ухамсарт хүмүүс амь таслах процессийг харалгүйгээр цусалдаг төдий л болохоос. Гэхдээ бүр өдөр болгон цуслана шүү.

Заа тэгээд, ганц жижиг туулай нь ганц жижиг ч гэлээ, бараг сарын турш харагдаагүй олз шүү дээ. Олзыг харсан омгийн хүмүүс шаагилдсаар цуглаад ирлээ. Гэдэс дотрыг нь авч, хөлийг нь мөчлөв. Хөлнийх нь арьсаар нум хийдэг гэнэ...
Хэсэг хугацааны дараа хагас шарагдсан махнаас амттай үнэр ханхийж эхлэв. Хоол бэлэн болжээ.
Эрчүүд юун түрүүнд хүүхдүүдэд мах тасалж өглөө. Тэдэнд туулайн тавхай оногдов. "Том болоод, туулайн мөр сайн олдог болоорой" гэж бэлгэдэх аж.
Хойно хойноос нь хувааж тараасаар, нүд эрмэхийн зуур бүтэн туулай алга боллоо. Ан хийсэн эрчүүд үмх мах амандаа хийсэн үү үгүй юу. Гэхдээ л тэд туйлын хангалуун харагдана. Бусад нь баяртай байгаад улам бүр урамшиж байгаа бололтой.

Тэдний амьдрал бол яг л тэр утгаараа, нүцгэн хөлөөрөө газарт тулсан амьдрал.
Бүтэн сар хүнс тасарсан ч, тэдний амьдрал тасрах нь үгүй. Хэдэн мянган жилийн турш, яг л ийм амьдралыг давтсаар, тэдний цус дамжигдан иржээ.

Тэдгээр хүмүүс оршин байдгийг нүдээр харсан жуулчид их бага гэлтгүй сэтгэл нь хөдөлж харагдана.
Тэд бол
– Би л өөрчлөгдөхгүй бол
гэсэн байнгын дарамтанд шаналагсад.
Харин энд "Хэзээ ч хувирашгүй хүмүүс" байна. Сан омгийнхон үүнээс цааш ч үл хувиран үргэлжлүүлэн амьдрах биз ээ.

Өнөө үе шиг өндөр хөгжилд хүрсэн иргэншил урьд өмнө байсан бил үү?
Өндөр иргэншилийг шагшин гайхаж болох ч, тэр нь нарийн багаж шиг хэврэг ч билүү.
Хэдий өндөр технологиор бүтсэн компьютер ч бай, дотроос нь нэг л хэсгий нь сугалж орхивол хоосон данхар хог болж хувирна. Өнөөгийн бидний амьдрал ч ялгаагүй, нэг жижиг зүйл дутагдахад л утгаа алдан дайвах биз.

Өндөр иргэншил гэдэг өндөр овоолго, өндөрсөх тусмаа улам л нурах аюулыг давхар өндөрсгөнө.

Харин Сан омгийн амьдрал яг эсрэгээрээ. Тэдний амьдрал эх газраасаа огтхон ч хөндийрөхгүй юмсан гэсэн шиг, нүцгэн хөлөөрөө илж өрнөнө. Яг л хүн төрөлхитөн анх үүссэн тэр л газар нутаг дээр, яг л тэр хэвээрээ.

Харин бүх дэлхийг хэрэн нүүдэллэж ирсэн бидний соёлт хүмүүс зогсоо зайгүй өөрчлөлтийг эрэлхийлсээр ирж. Цаашдаа ч тэгэх янзтай. Нэг мэдэхнээ, Сан омгийн хүмүүсийг дээрэнгүй нүдээр дооглон хардаг болж. Үнэндээ гай нь хүрээд ирвэл тэд биш бид л нурна шүү дээ.

Калахарийн цөлийн тэд иргэд буйн ачаар, магадгүй бид сэтгэл тайван байж болох ч юм шиг. Бидний бартаат амьдралын их аяндаа гээж орхисон үнэт чанарууд одоо ч тэдэнд нандигнан өвлөгдсөөр ирсэн мэт.

Эрчүүд нь хоол хүнсээр бүтэн сар тасалсан ч, отгийн эмэгтэйчүүдийн царай амар амгалан гэж чухам юу болохыг дүрслэх мэт мишээнэ. Арай хийж ангийн олзтой ирсэн эрчүүд олзноосоо бараг амссангүй. Тэд "Амьдралд, өөрт нь сэтгэл хангалуун байна аа" гэж мишээнэ.

Бид "амьдралын чанар"-ыг хөөх ёстой гэж үү? Зөвхөн чанар хөөсөөр "сэтгэл зүрх"-нээсээ хөндийрчихөөгүй биз?

Хоолоор дутагдсан үедээ ч бороонд цовхчин наадах Сан омгийнхон. Магадгүй тэдэнд нэгэнт ойлгосон хатуу ухаарал байгаа ч юм шиг...


4 comments:

Puujee said...

The Gods Must Be Crazy...

Anonymous said...

Amidralin chanar gj yuiin be.

Anonymous said...

Баярлалаа. Нэг ч гэсэн хүн ингэж тайвшруулах гэж...

Anonymous said...

margaash margaash .. ogloo ondog avah, odor bairnii mongoo toloh estoi yum bn

Post a Comment