Pages

Сэдвүүд

2012/09/21

Тюрин тест

Хиймэл оюун гэхээр "Оюун ухаант машин" санаанд буудаг. Тэгвэл "Оюун ухаан" гэж яг юу вэ?
Алан Тюрин-г өнөөгийн бидний хэрэглэдэг компьютерийн онолын загварыг бодож олсноор нь хүмүүс мэддэг.
Тэгвэл Тюрин компьютерийг оюун ухаантай эсэхийг шалгах "Тюрин тест" гээчийг бас дэвшүүлж байжээ.
Тэр нь нэг иймэрхүү.
Эхлээд 2 дэлгэц бэлдэнэ. Тестлэгч хүн нь тэр 2 дэлгэц рүү ээлж ээлжээр асуулт асууж юм ярина.
- Сайн уу хө?
- Өнөөдөр халуун өдөр байна шүү тиймээ хө?
гэх мэт. 2 дэлгэцний нэг нь ардаа хиймэл оюунт компьютертай холбогдсон байх бөгөөд, тестлэгчийн асуултанд хариулна.
- Сайн, сайн байна уу?
- Харин тиймээ, сайхан зун болж байна.
гэх жишээтэй. Нөгөө дэлгэцнийх нь ард нь жирийн хүн суух бөгөөд, кийбордоор бичиж асуултанд хариулна. Мэдээж тестлэгч аль дэлгэц нь хүн, аль нь компьютер болохыг мэдэхгүйгээр 2уулангаас нь юу дуртайгаа асуугаад явах юм. Ямар дуучинд дуртай вэ ч юм уу, өндөгийг аль талаас нь хагалж иддэг гэх мэт.
Ингэж ярилцсаар тест дуусахад тестлэгч аль нь компьютер байсныг мэдэж чадаагүй тохиолдолд уг компьютерийг тэнцсэнд тооцох гэнэ. "Энэ компьютер оюун ухаантай" гэж хэлж болноо гэсэн үг.
Ийм нэг хүүхдийн гэмээр энгийн санааг Тюрин дэвшүүлжээ.
Нэг ёсондоо, "тухайн компьютер, хүн шиг оюун ухаантай дүр эсгэж, хүнийг хулхидаж чадаж байгаа" эсэхийг шалгах төдийд, оюун ухаантай ухаангүйг нь тогтоочих юм гэнэ.
- Оюун ухаан байгаа байхгүйг, ийм өнгөцхөн байдлаар дүгнэж болох уу? Оюун ухаан гээчийн цаад мөн чанарыг огтхон ч хөндөөгүй юм биш үү?
гэж та эргэлзэж болох юм.
Гэвч Тюрингийн тест тийм өнгөцхөн байдлаар үгүйсгэгдэх эд биш ажээ. Шалтгаан нь "Оюун ухаан" гээчид байдаг нэгэн чухал шинж чанартай холбоотой юм. Тэр нь
- Оюун ухаан байгаа байхгүй нь эцсийн эцэст хувь хүний юу гэж бодохоос л хамаарна.
Жишээ нь танд "Энэ компьютер оюун ухаантай юм шиг санагдаж" байвал тэгээл болоо юм биш үү? гэсэн үг.
Ерөөс ямар ч оюун ухаант хүнийг барьж аваад тархийг нь ухаж гаргаад задалж судлаад, тэндээс "оюун ухаан" ч юм уу "зүрх сэтгэл" гэдэг биетийг илрүүлж чадах уу гэвэл чадахгүй. Тиймээс хүнийг оюун ухаантай эсэхийг бас л дээрхийн адилаар ярьж, асууж, янзы нь үзэж байж л дүгнэхээс өөр замгүй юм. Тэгэхээр жишээ нь эсрэгээрээ, "Энэ баагийд ямар ч оюун ухаан алга" гэж санагдвал үнэхээр түүнийг оюун ухаангүй гээд бодсон ч болно шүү дээ. Бодит амьдрал дээр нэг компьютерийг Тюрин тестэнд оруултал, тестлэгч нь хүнийг нь заагаад "Энэ робот байна" гэж дүгнэх ч юм билүү.
Шуудхан хэлэхэд оюун ухаан оршин байгааг баталдаг бэлэн арга гэж хаана ч байхгүй. Тиймээс оюун ухаан байгаа байхгүйг шийдэх нь таны өөрийн "сохор мэдрэмж", ердөө л тэр. Энэ утгаар нь бодоод үзвэл Тюрингийн тест бол оюун ухааныг шалгах хамгийн байгаа оносон арга гэж хэлж болох нь.
Та оюун ухаант робот бүтээлээ гэж бодъё. Тэгвэл таны робот бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд "оюун ухаантай юм шиг жүжиглэхээс" өөр замгүй. Энэ бол робот ч гэлтгүй, хүн дээр ч адилхан.
Та оюун ухаантай нь хэдий үнэн байлаа ч, түүнийгээ бусдад үзүүлэхээс нааш хүлээн зөвшөөрөгдөхгүй.
"Оюун ухаантай байх" болон "Оюун ухаантайгаа хүлээн зөвшөөрүүлэх" 2 бол тусдаа асуудал юм.
Тиймээс хүн ч бай, робот ч бай, бүгд жүжиглэхээс өөр замгүй. Онигоо ярьвал, ойлгоогүй ч гэсэн инээнэ. Хүн бүдэрвэл, өвдөөгүй ч гэсэн халаглана.

Дашрамд өгүүлэхэд, суут Алан Тюрин жинхэнэдээ гомо хүн байж. Ижил хүйстнийг гэмт хэрэгтэн гэж үздэг тухайн цагийн нийгэмд, "хэвийн хүнийг" жүжиглэж явсан түүний амьдрал өөрөө бүхэлдээ Тюрин тест байсан биз ээ.


1 comment:

Anonymous said...

гоё. ....гэж харагдах, .....юм шиг сэтгэдэл төрүүлэх нь л гол нь юм шиг амьдарч бншдээ. ер нь болуул

Post a Comment