Pages

Сэдвүүд

2021/04/19

"Гар утсан тархи" - номын оршил

Коронагаас улбаалаад ー Шинэ өмнөтгөл


Одоо таны гарт буй энэ ном хүний тархи дижитал нийгэмд тохироогүй тухай өгүүлэх болно. Тэгвэл өчигдрийн коронагийн аюулаас болж өнөөдөр гар утсаар гадаад ертөнцтэй холбогдон амь залгуулж буй бид энэ номыг одоо унших ёстой гэж үү?

Чухам тийм цаг үе учраас л унших ёстой гэж бичигч би бодож байна. Юуны өмнө эхнээс нь тайлбарлаж өгөхийг минь зөвшөөрнө үү.

Өнөөдөр том хүн өдөрт 4 цагийг гар утсанд зарцуулж байна. 10-аад насныхан бол 4-5 цагийг. Сүүлийн 10 жилд өрнөсөн энэхүү үйл хөдлөлийн хэв маягийн өөрчлөлт бол хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч тохиож байгаагүй хурдан өрнөл юм. Тэндээс тэгвэл ямар нөлөө гарах бол? Энэхүү “Гар утсан тархи” номоор тэр цэгийг хатгахыг зорьсон юм. Тэгээд бичигч би шинжлэх ухааны хүчинд найдахаар шийдсэн билээ. Өдийг хүртлэх судалгаагаар дижитал нийгмийн тухай хэр зэрэг мэдэж чадсан бол? Бидний сэтгэлийн эрүүл мэндэд яаж нөлөөлдөг бол? Нойр болон анхаарал төвлөрөлд нөлөөлж байна уу? Хүүхэд залууст? Сургуулийн боловсролд? Таамаг барагцаа ч юм уу субъектив санал бодол бус судалгааны үр дүнгээр хөдлөшгүй тогтоосон юу байна?

Юуны өмнө анзаарагдсан зүйл бол, хүмүүс бид гар утас хэрэглэх хугацаа энээ тэрээгээс хамаагүй том асуудалтай нүүрэлдээд байна гэх явдал. Би сэтгэцийн эмч тул сэтгэл хямралаар үзлэгт ирэх хүмүүс улам бүр нэмэгдэх болсныг анзаарч байсан. Тэгж яривал Шведэд томчуудын 9 хүн тутмын 1 нь депрессний эсрэг эм хэрэглэж байна, төстэй статистикууд ч өөр олон оронд ажиглагдах болж. Энэ өсөлт сүүлийн хэдэн 10 жилийн туршид бидний бэл бэнчин, ДНБ-ий өсөлтийг даган өндийсөн. Амьдрал сайжраад байхад бидний эрүүл мэнд эсрэгээрээ муудаад байдаг нь ямар учиртай хэрэг вэ?

Энэхүү “Гар утсан тархи” ном дээрх зөрчлийн учрыг тайлах гэсэн процесс дундаас төрөн гарсан билээ. Яагаад ийм их хүн эд агуурсаар элбэг хангалуун хэрнээ тавгүйтлыг тэгтэл мэдэрнэ вэ? Урьд хожид ч байгаагүйгээр бусадтай холбогдсон хэрнээ яагаад ганцаардлыг мэдэрнэ вэ? Үүний шалтгаан аажмаар тодорч ирсэн юм. Хариултын 1 хэсэг нь өнөөдөр бидний амьдран буй энэ ертөнц бол хүний хувьд туйлаас тохиромжгүй гэх факт. Энэ үл нийцэл, өөрөөр хэлбэл биднийг тойрон хүрээлэх орчин хийгээд хүний хувьслын үр дүн 2 тохирохгүй байгаа явдал бидний сэтгэлд нөлөөлж байна.

Машин, цахилгаан, гар утас, эд бүгд бидний хувьд байдаг л зүйлс. Ийм юмгүй ертөнц гэдэг өнөөдөр нэгэнт төсөөлөгдөшгүй. Гэтэл өнөөдрийн энэ нийгэм бол хүний түүхийн дөнгөж ганц эгшин төдий үзэгдэл. Дэлхий дээр бий болсон бүх хугацааныхаа 99.9%-ийг хүмүүс ан гөрөө хийж, жимс түүж амьдарсаар элээсэн. Бидний тархи одоо ч тэр үеийн амьдралын хэв маягтаа тохирсон чигээрээ яваа. Тархи сүүлийн 10,000 жилд шальтай өөрчлөгдөөгүй ー энэ бол бодит байдал. Биологи талаас нь харвал таны тархи одоо ч саваннад (халуун дулаан бүсийн хээр тал) амьдарч байгаа.

Тэгээд юу гэж? хэмээн бодож магадгүй л дээ. Ой руу нүүгээд гөрөөс авлаад амьдар гэх гээ юү? Тийм ээ, мэдээж тэр бүтэхгүй. Гэхдээ л биологи талаасаа саваннагийн цаг үеэс өөрчлөгдөөгүй гэдэг факт бол чухал түлхүүр юм. Яагаад хүний бие физиологи нойр болон хөдөлгөөний шаардлага, дээр нь бие биесээ хүсэмжлэх хүчтэй шаардлагаар тоноглогдсон байдгийг ойлгохын тулд.

Иймэрхүү шаардлагуудыг үл тоогоод байвал сэтгэцийн төлөвийг муутгана. Гэтэл бид жилийн жилд тэр фактаас нүүр буруулсаар яваад байх шиг. Унтах цаг богиносож, ихэнх хөгжингүй орнуудад нойрны эмгэгийн эмчилгээ хийлгэж буй залуусын тоо энэ 10 жилд дэлбэ үсэрсэн. Жишээ нь Шведэд унтаж чадахгүйгээс болж үзлэгт ирдэг залуусын тоо 2000-аад оныхтой харьцуулахад даруй 8 дахин нэмэгдээд байна.

Биеэ хөдөлгөх боломж ч багасч, хуучин цагийнх шиг хэлбэрээр хүнтэй уулзахаа ч байж. Олон хүн, ялангуяа залуу хүмүүс өмнөхөөсөө ч илүү ганцаардлыг мэдэрч байна. Шинэ төрлийн коронагаас болж хөл хорионд орохоос хамаагүй өмнө шүү.

Нойр, хөдөлгөөн, тэгээд бусадтай холбогдох харилцаа бол сэтгэцийн эмгэгээс хамгаалах 3 чухал элемент юм. Үүнийг судалгаагаар ч бүрэн баримтжуулсан. Тэдгээр зүйлс багасаад ирэхээр бие тавгүйрхдэг. Хамгаалдаг элемент нь байхгүй болсноос болоод. Тиймээс амьдрал тав тухтай болоод байхад яагаад сэтгэцийн эрүүл мэнд доройтоод байгаа нь ойлгогдож ирнэ.

Өнөөгийн нийгэм хийгээд хүний түүх 2-ын “үл нийцэл” зөвхөн сэтгэцийн төлөвийн тухайд л чухал түлхүүр болдог юм биш.  Жишээ нь коронагийн аюулыг харъя. Дэлхий бүхэлдээ 2020 оны хавраас таг зогсчив уу гэмээр болсон хэдий ч, бид яагаад ингэтэл ихээр вирусээс сүрдэнэ вэ?

Хэрэв та вирусээс айгаад унтаж чаддаггүй төрлийн хүн бол хөгжингүй орнуудын хамгийн том үхлийн шалтгаан болоод байгаа хорт хавдар ч юм уу зүрхний шигдээсийн тухайд ч бас айсандаа бэмбэгнэж байх учиртай. Гэтэл түүхийн өнцгөөс харах юм бол хүний амийг булааж ирсэн нь хорт хавдар болон зүрхний шигдээс биш юм. Дэлхий дээр бий болсноосоо хойших бүх цагийн 99.9%-д нь бид өлсгөлөн, аллага, ган, тэгээд халдварт өвчнөөр үхэж ирсэн.

Өөрөөр хэлбэл хүний бие махбод хийгээд тархи нь хорт хавдар болон зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалдаг байхаар бүтээгдээгүй гэсэн үг. Эсрэгээрээ өлсгөлөн, ган, халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалдаг байхаар хувьсаж ирсэн. Та бидний тархи тэр талдаа илүү чадварлаг. Бид бол тийм төрлийн зовлонг туулан гарч ирсэн хүмүүсийн үр сад.

Амьд үлдэх талаасаа өлсгөлөн бол дэндүү аймшигтай занал байсан. Тиймдээ ч хүмүүс илчлэгийг хүчтэй шунадаг байхуйцаар хувьсаж ирсэн. Аз тааран өндөр илчлэг бүхий жимс олдвол эргэлзэлгүй бүгдийг нь ид ー өвөг эцэг минь тийм өдөөлтөд дөрлөгдөн үйлдэж ирсэн. Гэтэл илчлэг бодит байдал дээр үнэгүй шахуу болсон өнөөгийн ертөнцөд тийм өдөөлт байх нь маш тоогүй хэрэг. Дэлхий даяар 2-р төрлийн чихрийн шижин болон таргалалт халдварт өвчин шиг архагшин түгсэний шалтгааныг сайн ойлгож байна.


Тэгвэл шинэ төрлийн корона ба хүний тархи 2-т ямар хамаарал байна гэж? Хүний бие махбод бөөн бөөнөөрөө халдварт өвчнөөр үхэж ирсэн бодит фактанд тулгуурлан хувьсаж ирсэн. Жишээ нь гайхамшигтай дархлааны системийг хөгжүүлж ирсэн нь түүний нэг нотолгоо. Дээр нь халдварт өвчнөөс зайлсхийх үйл хөдлөлд ч суралцсан. Вирус болон бактери биенд нэвтрэхгүй байхаар урьдчилан сэргийлэх нь нэвтэрсний дараа арга хэмжээ авахаас ч дутахгүй чухал учраас тэр.

Бусдыг харангуутаа өвчин туссаныг нь илрүүлэх чадвар ч бас түүний нэг жишээ. Цаашлаад, халдвар авсан хүний мэдээлэлд дурладаг инстинкт хүртэл бий. Хэнээс зайгаа барих вэ? Тийм мэдээлэл амь насны дайтай чухал болохоор тэр.

Тиймдээ ч мэдээнээс нүдээ салгаж чадахгүй. Коронагийн аюулын үеэр телевиз, компьютер, гар утсаар өдрийн туршид мэдээлэл цутган ирж байна. Дэлхийн булан тохой бүрээс халдварын тоо болон үхэгсдийн мэдээлэл цуглаж, бараг л мэдээллийн хуй тогтох нь. Үр дүнд нь олон хүн нөхцөлгүй ихээр стресстэх болов.

Иймэрхүү аюулын үед дижитал төхөөрөмж чухал хэрэгсэл болно. Зайнаас ажлаа хийж, уулзалгүйгээр гэр бүлтэйгээ холбоо барьж чадна. Миний хувьд ч бас смарфон амин хэрэгцээ яриа байхгүй мөн. Байшин доторх тусгаарлагдсан амьдралыг маань гар утас хананы цаадах ертөнц тийш тэлж өгдөг. Үгүй сэн бол өдөр өдрөөс хана намайг шахан хавчих байсан биз.


Коронагийн аюулын үед дижитал хэрэгсэл гэдэг гадаад ертөнцтэй холбох гүүр л гэсэн үг. Гэвч асуудал тарих явдал ч бий. Өнөө үед хов жив хийгээд худал цуурхалууд SNS (сошиал медиа платформ)-ээр дамжин вирусээс ч хурдан тархах болж. Хов жив халдварлан тархах явдал бол аюулт цаг үед өрнөдөг тун ч байгаллаг дайвар үзэгдэл хэдий мөн гээд, дээр үед бол цөөн тооны хүмүүст хүрээд л зогсдог байлаа. Тэгтэл өнөөдөр бол хэдхэн цагийн дотор хэдэн сая хүнд тархаж орхино. Хэтэрхий өргөн далайцтай худал мэдээллийн тархалтыг анхааруулах гэсэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) “Бид пандемикийг дагаад инфодемикт ч дайруулж байна” гэж хүртэл хэлж байхав.

Худал мэдээллийн эсрэг хүн яагаад ийм сул дорой юм бол? Түүний өөдөөс хүн ямар арга хэмжээ авч чадах вэ? Уг номд тэдгээр асуултыг ч гаргаж тавих болно.


Мөн гар утас болон бусад дижитал дэлгэц ширтэх цаг, өөрөөр хэлбэл дэлгэцийн цаг (screentime)-ийн талаар ч гаргаж тавина. Үнэндээ бол энэ номыг бичих болсон хувийн шалтгаан надад бий. Жилийн өмнө, өөрийгөө өдөр бүр смарфонд 3 цагаа үрж байгаагаа мэдээд шоконд орсон юм. Бүхэн бүтэн 3 цагаа шүү дээ!.

Цагийн гарз гэдгийг мэдсээр байж бид гар утаснаас салж чаддаггүй. Буйдан дээр суугаад телевизийн мэдээ үзэж байхад хүртэл гар зоргоороо утас руу сунана. Ном унших угаас дуртай байсан байтал төвлөрөхдөө муу болоод ирж. Төвлөрөх шаардлагатай хуудас дээр ирэнгүүт номыг шууд хаагаад хаяна. Ийм зүйл ганцхан надад тохиолддог байх учиргүй л болов уу.

Судалгааны үр дүнд тодорч ирсэн зүйл гэвэл, хэнэггүйхэн тохируулаад орхисон компьютер амархан хакердуулдагтай адилаар бидний тархи ч бас хакердуулах магадлалтай гэх явдал. Сэргэлэн компаниуд зээ гээд нэгэнт тэрийг хийгээд явж байна. Бидний анхаарлыг булаадаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар шүү дээ. Халааснаасаа гар утсаа гаргах бүртээ өөрийнхөө хүсэл зоригоор үйлдэж байна гэж боддог бол та том эндүүрч байна. Фэйсбүүк, Снапчат, Инстаграм зэргийг хөгжүүлдэг компаниуд бидний тархины урамшууллын системийг тун амжилттай хакердаж чадсан байна. 10 жилийн дотор бүх дэлхийн сурталчилгааны зах зээлийг бүрэн атгах дайны амжилт гээд бод доо. Иймэрхүү компаниудын хэрэглэдэг арга мэхийн талаар номын VI бүлгээс нарийвчлан суралцахыг хүсье. 


Шинэ технологитой зохьцоод явахад л болно шдээ гэж хэлэх хүн байдаг ч, би бол эсрэг бодолтой байна. Хүн технологит нийцүүлэх биш, технологи бидэнд нийцүүлэх ёстой юм. Фэйсбүүк болоод бусад SNS-үүдийг бодит ертөнц дээр уулзахын төлөөх хэрэгсэл байдлаар зохион бүтээж болох л байсан. Нойронд саад болохгүй байхаар, биеэ хөдөлгөхийн төлөөх туслагч байдлаар, худал мэдээлэл түгэхгүй байхаар ч хийж болох л байсан.

Тэгж хийгээгүйн шалтгаан, тэр бол мөнгө. Таны Фэйсбүүк болон Инстаграм, Твиттер, Снапчатанд зарцуулж буй ширхэг минут бүр компанийн хувьд алт шиг үнэ цэнтэй. Учир нь түүгээр дамжуулж зар сурталчилгаа зардаг. Тэдний зорилго бол биднээс аль болох их цаг хулгайлах явдал. Та болон миний анхаарлыг булаацалдсан хүчний өрсөлдөөний явцад тэдний технологи улам хөгжинө. Үр дүнд нь бид улам бүр их цагийг SNS-т зарцуулдаг болно. Тэгээд өөр зүйл хийх цаг маань улам бүр багасаад явна.

Технологи янз бүрийн хэлбэрээр хүнд тусалдаг, мэдээж цаашид ч байх ёстой зүйл нь үнэн. Гэлээ гээд сайн ба муу талтай гэдгийг ч бас тогтоож явахгүй бол болохгүй. Тэгж байж сая нэг бие сэтгэлээрээ бүрэн эрүүл байж чадахуйц бүтээгдэхүүнийг шаардах ёстойгоо ойлгоно. Мөнгө олохын төлөө хүний шинж чанарыг ашиглах бус, хүнд улам зохьцон нийцэхүйц тийм бүтээгдэхүүнийг.

Нэг ёсондоо бид хүний суурь архитектурыг ойлгож, дижитал нийгмээс авах нөлөөг ухамсарлахгүй бол болохгүй юм. Энэ ном тэр тал дээр хувь нэмэр оруулаасай хэмээн хүсэж найдаж буй билээ.




Үргэлжлэл - I бүлэг


4 comments:

Jagana said...

Bayarllaa

Muk said...

Ystoi sain bichsen bn aa bayrlaa iim bolohoor l facebook instagramm ordoggvi ym ugaasaa ter mergejliin setgelzvich programmistuudiin hiisen effect-tvvdiig minii tarhi uhamsarlaj ervvleer shiidwer gargaj chadah magadlal tun baga hoino, Negent ylahgvi daind orood yaahaw hedhen minute web uhna geed heden tsag garzdah tohioldol zondoo l bn odoo ahij iimerhvv aldaagaa dawtmaargvi l bn, thanks

1 said...

Ном нь энэ нэрээрэй байгаа эсвэл өөр. Англи нэрийг нь тавиад өгөөч

ТОМё БОДё said...

Skärmhjärnan (https://www.goodreads.com/book/show/43439699-sk-rmhj-rnan)

Post a Comment