Pages

Сэдвүүд

2020/09/11

Амьд явахын зорилго

Бид бүхэн юуны төлөө амьд явдаг юм бол? Эрт орой үхэх нь тодорхой байтал ихэнхдээ бид аль болох удаан амьдарчих гэж мөрөөснө. Гэвч, яагаад тэгтэл амьд явах гэдэг юм бол? Амьд явахын зорилго, амьдрахын утга учир, ямар нэг тиймэрхүү юм байдаг болов уу?

Гэнэт юу юугүй амьдралын зорилго шалгаавал хэн ч тулгамдаад хариулах гэж төвдөнө. Тиймээс арай өөр өнцгөөс тунгааж үзье. Бидэн шиг амьд биеттэй төстэй зүйл дээр жишээ авъя. Тухайлбал далайн хар салхи.

Далайн хар салхи үүсэх механизм маш ээдрээтэй. Өч дөчнөөн нөхцлүүд, жишээ нь халуун бүсийн бүлээн агаар хэрэгтэй, тэр агаар нь дэлхий тэнхлэгээрээ эргэдгийн эсрэг зүгт эргэж байх ёстой, тэгснээ тэнд нь долгион үүсэх ёстой гэхчлэн олон нөхцөл шаардлага байдаг юм байх.

Гэсэн ч тэдгээр бүх нөхцлүүд бүрдэж, төд удалгүй хар салхи үүсэх нь дээ гэтэл ихэнх тохиолдолд тэр нь бэхжиж амжилгүй устаад алга болно. Азаар (хүний хувьд бол гол төлөв эзээр) тодорхой зурвасыг давж гарснууд нь л цааш хар салхи болон бойждог гэх.

Тэгээд нэгэнт хар салхи болж чадсанууд нь хэдэн өдрийн турш идэвхтэй байна. Хар салхины дундаж нас ойролцоогоор 5 өдөр боловч, заримдаа 20 шахам хоног идэвхтэй амьдрах хар салхи ч бий. Хар салхи идэвхтэй байх явцдаа усны уур ус болж хувирахад суллагдах инергиэр амьдардаг. Усны уурыг их хэмжээгээр ялгаруулдаг нь дулаан бүсийн далайн ус тул, туйлшруулаад харвал хар салхины инергийн эх үүсвэр нь далайн усны дулааны инерги гэхэд болно. Тэр инергиэр ойр тойрныхоо усны уур болон агаарыг сорсоор өсөж томордог учиртай.

Нэг ёсондоо хар салхины идэш нь далайн усны дулаан аж. Хар салхи далайн усны дулааныг идэнгээ хэдэн өдөр амьдардаг гэсэн үг. Гэсэн ч дэлхийн эргэлтийн нөлөөгөөр хойд зүг рүү шилжих тусам далайн усны дулаан буураад ирнэ. Чингүүт хар салхины тэжээл хомсдоно.

Эсвэл эх газар дээр гараад ирвэл бас л хоолгүй болно. Ингэж хар салхины эрч саарсаар эцэстээ замхран алга болно. Тасралтгүй идэхгүй л бол хар салхи амьд явж чаддаггүй учиртай.


2017 оны зун үүссэн нэгэн хар салхи уултай мөргөлдөөд 2 болж хуваагдсан гэдгээрээ хэвлэл мэдээллээр тодорч олныг шуугиулж байсан нь саяхан. Тэгэхээр хар салхи гээч маань идэж байхдаа идэвхтэй ч байна, дээр нь бас хуваагдан үржих ч тохиолдол байдаг байх нь. Тэгээд идэж чадахаа болихоороо алга болно. Хэрвээ хэдэн 10 жилийн турш оршин үргэлжлэх хар салхи байсан бол яах байсан бол? Дэлхий дээр боломжгүй ч гэлээ сансар огторгуйн хаа нэг гариг дээр хар салхи тасралтгүй инерги шингээн оршин байх боломжтой тийм орчин байх ч юм билүү.

Лавтайяа тэр гаригийн далай дээр хар салхи зөндөө байх биз. Тэгснээ үе үе эх газар өөд авиран уултай мөргөлдөөд 2 болон хуваагдана. Хуваагдахаараа жижигхэн болох ч, дахин дулаан бүсийн далайд очвол инерги сорсоор буцаад том болно. Ийм орчин нөхцөл удаан хугацаанд хадгалагдвал, тэр үед хар салхи хэрхэн хувьсах бол?

Ерөөс хар салхи дотроо олон янз бий. Магадгүй эргэлдэх хэлбэрээрээ, дотоод дулаанаараа, эсвэл уултай мөргөлдөөд хуваагдах шинжээрээ өөр хоорондоо харилцан ялгаатай ч байж мэднэ. Тэгээд эргэлдэх хэлбэр болон дотоод дулаан гэх мэт шинж нь хуваагдсаны дараа ч удамшин хадгалагдах магадлалтай. Тийм бол хуваагдахдаа амархан хар салхи байна гэвэл, түүний хүүхдүүд ч бас хуваагдахдаа амархан, хуваагдахдаа муу хар салхи байвал түүний хүүхдүүд ч бас хуваагдахдаа муу байх магадлалтай (хүүхэд гэдэг нь хуваагдсаны дараах хар салхийг хэлэв).

Мөн магадгүй, эргэлдэх хэлбэр болон дотоод дулаанаасаа хамаараад далайн уснаас дулаан шингээх чадвар нь ч ялгаатай байж болно. Хэрэв тийм гэвэл дулаан шингээхдээ сайн хар салхи илүү олшрох магадлалтай байж болох юм. Учир нь тэр гаригийн орчин өөрчлөгдөж, дулаан нь бага зэрэг доошлох үе ч байж таарна. Тэр үед дулаан шингээлт сайтайнууд нь илүү тэсвэртэй байх биз.

Энэ бүхний үр дүнд хуваагдахдаа муу хар салхинууд цөөрч, хуваагдахдаа сайнууд нь олширно. Дулаан шингээлт муутайнууд нь цөөрч, дулаан шингээлт сайтайнууд нь олширно. Өөрөөр хэлбэл тэнд хувьсал өрнөнө.


Яахав, ийм байдлаар өрнөх эсэхийг мэдэхгүй ч гэлээ, ямартай ч өрнөнө гээд төсөөлж үзье. Тэгээд, тэр гариг дээр зөндөө олон хар салхи амьдарч байж. Далай дээр нь хэд хэдэн хар салхинууд хуйлралдан далайн усны дулааныг сорно. Дулаан сорсон хар салхиуд бяр нь багтахгүй улам хүчтэй бас хурдан салхилна. Үе үе дулаан сорохоо болиод эх газар өөд авиран, уултай мөргөлдөж хуваагдана. Тэгж төрсөн хүүхэд хар салхиуд далай руу уруудан бууж дулаан сорж эхэлнэ. Ингээд бойжиж томорсоор насанд хүрнэ.

Эдгээр хар салхиудад амьд явах зорилго гэж байх уу? Тэд бол эцсийн эцэст ердөө л хөдөлж байгаа агаараас цаашгүй үзэгдэл төдий шүү дээ. Гэхдээ эдгээр хар салхи амьтадтай мааш төстэй. Үгүйдээ л гэхэд эрт галвын үед амьдарч байсан анхдагч амьтадтай бол бүр ялгах юмгүй ижилхэн байж ч мэднэ. Яахав материал нь өөр л дөө. Хар салхи бол агаараас бүтдэг, харин анхдагч амьтад органик нэгдлээс бүтдэг байсан (байх).

Дээр нь эсийн бүрхүүл ч юм уу, арьс ч юм уу, заавал ямар нэг ханаар гадаад ертөнцөөс зааглагддаг. Шулуухандаа бол уутанд боолттой. Харин хар салхинд тийм уут байхгүй. Гэхдээ, хар салхи ч анхдагч амьтад ч аль аль нь ойр тойрноосоо байнга инерги болон бодис өөртөө сорон өөрийн хэлбэрээ хадгалж, хүүхэд гаргаж, тэгээд бас инерги болон бодис сорж чадахгүй болмогцоо задарна. Энэ талаараа бол өөлөх юмгүй ижилхэн.


Тэгэхээр үүн дээр хар салхийг “амьдарч байна” гэх үгээр илэрхийлье. Өөрөөр хэлбэл “инерги сорж байх тэр үедээ тогтсон хэлбэрээ хадгалж, үе үе ижил зүйл хувилан гаргах” үзэгдлийг “амьдрах” гэж илэрхийлье.

Ойр тойрноосоо инерги болон бодисыг тасралтгүй өөртөө сорсоор тогтсон нэг хэлбэр үүсгэх бүтцийг “Сарнидаг бүтэц” (Dissipative structure) гэдэг. Ойрын жишээ гэвэл хар салхинаас гадна газан плитка дээрх дөл ч бас сарнидаг бүтэц юм. Үүнийг Илья Пригожин (1917 - 2003) гэх орос гаралтай белгийн физикч анхлан дэвшүүлсэн байдаг ба уг судалгаагаараа 1977 оны нобелийн химийн шагналыг ч авч байжээ.


Тэгэхээр энэ удаад “хувилах чадвартай сарнидаг бүтэц”-ийг “амьд биет” гэж томьёолж үзье. Тэгвэл хар салхи хэрхэн яаж амьд биет болж чадсан бэ? Магадгүй анхандаа далайн усны дулаан ердөө л дээшилсэн төдий байсан. Тэгээд далайн усан дээр усны уур хуримтлагдсан. Эд бүгд ердөө л физик үзэгдлүүд байсан. Гэсэн ч энэ мэт өч дөчнөөн физик үзэгдлүүд давхралдан бүрэлдсэний үр дүнд тэндээс хар салхи амьдарч эхэлсэн. Ердөө л тохиолдлоор амьд болсон. Тохиолдлоор “инерги сорж байх тэрхэн зууртаа тогтсон хэлбэрээ хадгалангаа, үе үе ижил зүйл хувилан гаргадаг” болсон төдий.

Амьтад ч бас ялгаагүй. Тохиолдлоор л бүрхүүлэнд боолттой бүтэц бүхий органик нэгдэл бий болж, тэдгээр нь тохиолдлоор амьдардаг болсон биз. Тохиолдлоор л “инерги сорж байх тэрхэн зууртаа тогтсон хэлбэрээ хадгалангаа, үе үе ижил зүйл хувилан гаргадаг” болсон байх.

Лавтайяа эрт галвын дэлхий дээр олон тооны “хувилдаг сарнидаг бүтэц”-үүд төрөн гарсан биз. Гэсэн ч тэдгээрийн ихэнх нь тэр дороо устаж арилснаас зайлахгүй. Дэлхий дээрх хар салхины адилаар нэг төрж нэг устаж, нэг устаж нэг төрцгөөж байсан биз. Тэр дунд тохиолдлоор уутанд боогдож, тохиолдлоор удаан оршин тогтнох тийм “хувилдаг сарнидаг бүтэц” бий болж. Тэр нь одоогийн байдлаар 4 тэрбум жилийн турш усталгүй үлджээ. Тэр бол өнөөгийн дэлхий дээрх амьд биетүүд юм.


Хэрэв тийм гэвэл, амьдрах зорилго ч юм уу, амьд явахын утга учир мэтийн тухай тунгаах нь бага зэрэг утгагүй ч юм шиг. Нээрээ ч амьдрах боломж бүхий бүтэц бий болсны үр дүнд төрөн гарсан нь амьд биет юм хойно, “амьдрах”-ын араас юм залгаж болох ч “амьдрах”-аас өмнө юу залгана гэх билээ? “Амьдрах”-ын төлөөх нандин зүйл гэж байж болох ч, “амьдрах”-аас нандин зүйл гэж юу байх билээ? Нэг ёсондоо, амьд биет гэдэг бол амьдрахын төлөө амьдардаг тэр зүйлийг л хэлэх бус уу?


Хүн бид азаар ч юм уу, эзээр ч юм уу оюун ухаан гэх чадвартайн тул өдөр тутам элдвийг бодон амьдарна. Мэдээж хэрэг мөрөөдлөө хөөж, бусдын төлөө хичээн чармайх нь хүндэтгүүштэй л байх. Боломжтой бол тэр мэт бүтээмжит амьдралыг идэвхтэй өрнүүлэх нь юуны муу байх вэ. Харин нэг хямрахаараа өөдрөг амьдарч чадахгүй үе ч гэж байна. Элдэв нөхцөл шахалтан дунд эрх чөлөөтэй амьдарч чадахгүй хүн ч гэж байна. Тийм үедээ бид бүхэн хүн гэдгээсээ урьд амьд биет гэдгээ эргэн санууштай. Амьд биетүүд амьдрахын төлөө л амьдардаг шиг, бид ч бас амьд л байх төдийд хангалттай мундаг биш гэж үү? Юу ч чадахгүй байлаа гээд ердөө ч ичих юм биш. Угаасаа тийм амьтад өчнөөн байдаг юм.


1 comment:

Одгэрэл said...

Хүн юуны төлөө амьдардаг вэ гэвэл аз жаргалын төлөө амьдардаг. Гэвч билиг ухаан нь сохорсон учир түүнийгээ олж харахгүй аз жаргал гэж яг чухам юу болохоо мэдэхгүй танихгүй явсаар хорвоогийн аар саар хэрэггүй жижиг зүйлд цагаа баран насыг бардаг. Салхинд чөлөө учрал алга. Хүнд харин ашдын амгалангийн нууцад хүрч танин барих ухаан бүрдсэн Бурхан багшийн хэлснээр 8 чөлөө 10 учрал бүрдсэн бусдаасаа өвөрмөц Dissipative structure юм. Тиймээс үүнийг ашиглаж чадсан нь сая нэг хүний төрлийг олсны хэргийг бүтээж чадна.

Post a Comment