2018/10/03

Шударга ёсны лекц 12-2: Шударга ёсонд хүрэх арга зам

Өмнөх - Ижил хүйстний гэрлэлтийн талаар хэлэлцэх нь

Сандел:
Бидэнд 2 асуулт үлдсэн. Юуны өмнө, шударга ёсны тухай тунгаах үед “сайн амьдрахуй”-н асуудлыг судлах нь зайлшгүй юу? Хариулт нь “Тийм”.

Дараах нь, сайны талаар онолдох боломжтой юу? Энэ ч бас “Тийм” байх. Тэгвэл эдгээр 2 асуултын хариултыг цааш нь ахиулан хөгжүүлье гэж бодож байна.


Эдгээр асуулт руу орохын тулд бид нар өмнөх хичээлээр ижил хүйстний гэрлэлтийн асуудлаар хэлэлцэж эхэлсэн. Тэгтэл ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцсэн санал гарч ирсэн. “Гэрлэлтийн зорилго буюу телосын нэг хэсэг бол нөхөн үржихүй бөгөөд, хүүхдээ төрүүлж өсгөх явдал” гэх нь тэдний эсэргүүцсэн үндэслэл байсан.

Нөгөөтэйгүүр, ижил хүйстний гэрлэлтийг өмгөөлөх хүмүүс ч байсан. Тэд “Эсрэг хүйстний гэрлэлтэнд нөхөн үржих чадвартай байх шаардлага, эсвэл хүүхэд хүсч байх шаардлага заавал тавигдаад байдаггүй” гээд, “Гэрлэлтийн зорилго бол нөхөн үржихүй” гэсэн тайлбарт өөр байр суурь илэрхийлсэн. “Бид үргүйдэлтэй хосуудын гэрлэлтийг зөвшөөрдөг” гэж Хана хэлсэн. Тэгээд хэлэлцүүлгийн төгсгөлд өөр өнцөг илэрхийлсэн Виктория “Бид энэ асуудлыг шийдэх гэж оролдох ёсгүй” гэж үзсэн.

“Бид, ямар ч байсан төрийн түвшинд, хуулийн түвшинд сайны талаарх иймэрхүү асуудлын тухайд зөвшилд хүрэхийг зорих ёсгүй. Яагаад гэвэл, бид ялгаатай ёс суртахууны, шашны итгэл үнэмшил оршин байдаг олон ургалч нийгэмд амьдарч байна. Тиймээс эдгээр харилцан зөрөлдөх байр суурийн тухайд, төвийг сахьсан (буюу дундыг барьсан) хууль болон эрхийн тогтолцоо бүтээх ёстой” гэнэ.

Сонирхолтой нь, үүнээс гадна гэрлэлтийг зөвхөн эр эмээр хязгаарлахыг дэмжихгүй, ижил хүйстний гэрлэлтийг баталгаажуулахыг ч дэмжихгүй, дундын байр суурьтай тийм хүмүүс байсан. Тэд төвийг сахих нэрийн дор “Төр гэрлэлт гээч зүйлийг баталгаажуулах үүргээсээ татгалзах ёстой” гэсэн гуравдагч боломжийн талаар дурьдсан. Тэр нь гурав дахь хувилбар байсан.

Тэгэхээр, Андреа Мэйроуз сонирхол татам санаа илэрхийлсэн (лекцийн блог дээр). Андреа төвийг сахих байр суурийг дэмжигч хүмүүст хандаж хэлэх санал байна гэсэн. Андреа хаана байна? Андреа! Чи саналаа хэлэхгүй юу, саналыг чинь сонсмоор байна. Яагаад чи төр ижил хүйстний гэрлэлт гэх мэт ёс суртахууны бөгөөд дээр нь шашны ч гэмээр асуудалд төвийг сахих нь буруу гэж бодно вэ?

Андреа:
Ертөнцийг хэрхэн харахаас хүмүүсийн аж амьдрал шийдэгдэх гээд байхад, төр төвийг сахиад байж болно гэж үү? Би Аристотелийн хэлсэнчэн, төрийн үүрэг бол хүмүүс юу сайн хийгээд юу муу болохыг нийтээр ойлгож амьдрахад нь туслах явдал, гэж бодож байна.

Сандел:
Тэгэх боломжтой эсэхийг, ижил хүйстний гэрлэлтийг жишээ нь үр хөндүүлэх асуудлаар орлуулаад бодож үзье л дээ. Чи үр хөндүүлэх нь ёс суртахууны хувьд зөвшөөрөгдөх эсэх дээр өөрийн байр сууриа тодорхойлолгүйрээр, эсвэл шүүлгүйгээр, үр хөндөлтийг зөвшөөрөх ёстой юу хориглох ёстой юу гэдгээ сонгох боломжтой гэж бодож байна уу?

Андреа:
Үгүй, тэгэх боломжгүй гэж бодож байна. Тийм ч учраас өдий дайны мэтгэлцээн өрнөсөн болов уу. Хүмүүс үр хөврөлийг амь мөн бишийн тухайд маш гүн гүнзгий итгэл үнэмшилтэй байдаг. Хэрвээ би “Үр хөврөл амьд явах эрхтэй” гэж итгэдэг байлаа гэхэд, өөрийн бодлоо хойш нь тавиад бусад хүмүүсийг дураар нь орхино гэдэг маш хэцүү явдал болно. “Миний хувьд аллага гэж боддог зүйлийг танаар хийлгэе” гэж байгаатай ижил явдал болно.

Сандел:
Тийм байж. Ижил хүйстний гэрлэлтийн асуудалдаа буцаж ороход, чи ижил хүйстний гэрлэлтийг дэмжигч гэж хэлсэн байх аа?

Андреа:
Тийм ээ.

Сандел:
Гэхдээ чи суурь ёс суртахууны асуудлын талаар бүрэн эргэцүүлсний эцэст сая тийм үзэл бодолтой болсон гэл үү?

Андреа:
Тийм. Ихэнх хүмүүсийн итгэл үнэмшил нь шашны нөлөөгөөр бий болдог. Би ч бас Христ шүтлэгтэй католик хүн. Би сайн бодож, залбирч, олон хүнтэй ярилцсаны үндсэн дээр “Ижил хүйстний хайр бол нүгэл” гэх католик байр суурийг эсэргүүцэхэд хүрсэн.
Тэгээд, миний хувийн бурхантай холбогдох холбоон дундаас тийм дүгнэлт гарахад, нэг тийм шашинлаг сонсогдож байгаа ч, олон хүн сүсэг бишрэлээс өөрийн итгэл үнэмшлээ гаргаж авдаг. Би бол төр ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөхийг дэмжинэ гэж хэлж чадахаар болсон. Яагаад гэвэл, би өөрөө тэрийг ёс суртахууны хувьд асуудалгүй гэж сэтгэлдээ зөвшөөрч байгаа болохоор тэр.

Сандел:
Баярлалаа. Хэн нэгэн, саяын саналыг эсэргүүцэх хүн байна уу? Чи ахиад жоохон зогсож байхгүй юу. Андреагийн хэлж байгаа нь “Ижил хүйстний гэрлэлтийн тухай асуудлыг шүүхийн тулд, ижил хүйстний хайрын ёс суртахууны байр суурийн тухай асуудлыг цэгцэлж, гэрлэлтийн утга учир хийгээд телос, түүний зохистой зорилгыг тодорхой болгох шаардлагатай” гэсэн санаа. Үүнд хандаж ямар нэгэн санал хэлэх хүн байна уу? Энэ асуудал дээр Андреаг няцаах санал сонсмоор байна. Чи!

Даниел:
Өөрийн ёс суртахууны байр суурь болон хууль ямар байх ёстой гэж бодож байгаа хоёрыг хооронд нь салгаж болно гэж бодож байна. Жишээ нь би үр хөндөлтийг илэрхий ёс суртахууны хувьд буруу гэж бодож байгаа ч, тэрийг хуулиар хориглосноор үр хөндөлтийг байхгүй болгоно гэж бодохгүй байна. Тиймээс би жирэмсэн эмэгтэйд үр хөндөлт гэдэг сонголт олгохыг дэмжинэ, эмэгтэйчүүдийн аюулгүйн төлөө ч тийм сонголтын эрх байх ёстой гэж бодож байна. Ёс суртахууны хувьд би эрэгтэй хүнтэй гэрлэмээргүй байгаа ч, хууль гэдэг талаасаа хэн нэгний хиймээр байгаа зүйлд саад болохыг хүсэхгүй байгаатай ижил.

Сандел:
Андреа?

Андреа:
Ямар нэгэн зүйлийг хууль ёсны болгох эсвэл хууль бус болгох нь, чимээгүй дэмжиж эсвэл эсэргүүцэж байна гэсэн үг. Хэрвээ үр хөндөлтийг хууль ёсны болговол, бид нийгмийн хувиар нийтээрээ “тэгэх нь асуудалгүй” гэж хэлж байгаа явдал болно. Эсрэгээрээ түүнийг хууль бус болговол, нийгмийн хувиар нийтээрээ “тэгж болохгүй” гэж хэлж байгаа явдал болно. Нийгэм болгонд ялгаатай итгэл үнэмшил байдаг.

Сандел:
Саяын чи! Нэр хэн билээ?

Даниел:
Даниел.

Сандел:
Чи юу гэж хариулах вэ?

Даниел:
Бид “тэгэх нь асуудалгүй” гэж хэлж байгаа биш, харин “эмэгтэйчүүдийг хууль бус эрсдэлтэй үр хөндөлт хийж, аюулд унахыг хүсэхгүй байна” гэж байгаа биш үү?

Сандел:
Мөөн. Ижил хүйстний гэрлэлт рүү буцъя. Даниел! Чи ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөхийг дэмжиж байгаа юм байна тэ?

Даниел:
Тийм ээ. Тэгснээр намайг эрэгтэй хүнтэй гэрлэхийг албадахгүй. Насанд хүрсэн 2 залуу гэрлэмээр байхад яагаад би тэрийг эсэргүүцэх ёстойг ойлгохгүй байна.

Сандел:
Чамд ямар ч гай болохгүй юм чинь тэ?

Даниел:
Надад тэр нь ёс суртахууны хувьд буруу байлаа ч гэсэн, гай болохгүй.

Сандел:
Сайн байна. Тэгвэл үүн дээр, Андреа болон Даниел нарын мэтгэлцсэн ижил хүйстний гэрлэлтийн асуудлын талаар Массачусетс мужийн шүүх дээр ямар гойд шинэлэг шийдвэр гарсан талаар харцгаая. Хоёуланд нь баярлалаа.

Шүүх юу гэж хэлсэн бэ? Энэ бол Гүүдриж гэх залуугийн гаргасан зарга бөгөөд, Массачүсетс мужид хандаж гэрлэлтийн хүрээг эрэгтэй хос хүртэл тэлэхийг шаардсан зүйл байж.

Тухайн үед шүүхэд саналын талцал болжээ. Шүүхийн шийвэр бичгийг анхааралтай уншвал, бидний дөнгөж сая сонссон саналууд буюу Андреа ба Даниел нарын байр суурийн хооронд талцаж байсан нь харагдана.

Энэ бол шүүгч Маргарет Маршалын шүүхийн шийдвэр бичиг. Эхлэхдээ либерал төвийг сахих гэсэн оролдогоос эхэлнэ.
“Олон хүн гэрлэлтийг эр эмийн л хооронд болох ёстой, ижил хүйстний гэрлэлт бол ёс суртахуунд харшилна гэсэн хүчтэй шашны болон ёс суртахууны итгэл үнэмшилтэй байдаг.”



“Мөн зэрэгцээд олон хүн ижил хүйстнүүдэд гэрлэх зүй ёсны эрх бий, тэднийг эсрэг хүйстнүүдтэй (буюу хэвийн хүмүүстэй) ижил түвшинд авч үзэх ёстой гэсэн, мөн л хүчтэй шашны болон ёс суртахууны итгэл үнэмшилтэй байдаг. Аль ч байр суурь нь бидний өмнө байгаа асуудалд хариулт өгөхгүй.”



“Чухал нь гэвэл, хувь хүний хараат бус байдал болон хуулийн доорх тэгш хүндэтгэл. Чухал нь гэвэл, хувь хүн хоёулахнаа харилцан бие биедээ амлалт өгөх партнераа чөлөөтэй сонгох явдал юм.”



Өөр үгээр хэлбэл, асуудал болоод байгаа нь сонголтын ёс суртахууны үнэ цэн биш, хувь хүний сонгох эрхийн асуудал. Энэ бол шүүхийн шийдвэрийн либерал төвийг сахьсан байр суурь. Волунтарист байр суурь. Хараат бус байдал, сонголт, зөвшлийг чухалчилсан зүйл.

Гэвч үүн дээр шүүх ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөхийн тулд либерал байр суурь, төвийг сахьсан байр суурь төдийгөөр амжилттай явахгүй, тэр дүгнэлтэнд хүрч очих боломжгүй гэдгийг анзаарсан бололтой байдаг. Тэгж төвийг сахих нь хувь хүний хараат бус шинжийг хүндэтгэх төдий явдал байсан ба, чөлөөт бодол санаанаас үүдэх дотно харьцааны ёс суртахууны үнэ цэнийн тал дээр төр жинхэнэ утгаар нь төвийг сахьдаг байсан бол өөр бодлого явуулах байсан болохоор тэр.

Тэр бодлого гэдэг нь, төр болон засгийн газраас эр эмийн холбоог батламжлах үүргээ үгүй болгохыг хэлж байгаа юм. Үнэхээр л төвийг сахьсан төр бол бидний сая ярилцаж илэрхийлсэн шиг гуравдагч хүний байр сууринд байх ёстой.

Энэ бол сэтгүүлт Майкл Кинслийн дэмждэг зүйл бөгөөд, тэрээр гэрлэлт гэдэг төрийн функцийг байхгүй болгохыг дэмждэг. Ойлгомжтой хэлбэл, төр дэхь шашны тогтолцоо гэдэг юмыг халж байсны адилаар, гэрлэлтийн тогтолцоог халъя гэсэн үг. Кинслийн санаа нь ийм юм. Тэрээр ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцдэг өөрийн үндэслэлээ “Төвийг сахьсан байр суурийн хэм хэмжээнээс хальж, ижил хүйстний гэрлэлтийг төрөөс батламжлах дээрээ тулах учраас” гэж хэлдэг. Маргааны гол цөм нь энд байгаа юм.

Аристотелийн үгийг ашиглавал, үүн дээр асуудал болж буй нь “Үүрэг ба алдар хүндийн зохистой хуваарилалт”, өөрөөр хэлбэл нийгмийн батламжийн асуудал. Либерал төвийг сахьсан саармаг байдал болон үл ялгаварлах байдал, эсвэл зөвхөн хараат бус эрхэнд тулгуурлаж ижил хүйстний гэрлэлтийг зөвтгөх нь боломжгүй.

Асуудал болоод байгаа нь “Ижил хүйстний гэрлэлтэнд ёс суртахууны үнэ цэн байна уу? Тэр нь нэр хүнд оноож, батламжлах дайны гавьяатай зүйл үү? Гэрлэлт гэх нийгмийн тогтолцооны зорилгод нийцэж байна уу?” гэсэн асуудал.

Кинсли “Чи төвийг сахимаар байна уу?” гэж асууна. Тийм бол “Сүмээс гадна, бусад шашны байгууллагууд дээр ч гэрлэх ёслол хийдэг болгоё. Их дэлгүүр ч юм уу казино сонирхож байвал тэднийг ч бас оролцуулъя. Хосууд хүссэн хэлбэрээрээ хуримлаж, тэдний хүссэн үед нь тэднийг гэрлэсэнд тооцдог болъё.”



“Гэрлэхийг хүссэн 3 хүн байвал, эсвэл өөртэйгээ гэрлэхийг хүссэн хүн байвал, эсвэл хөндлөнгийн хэн нэгэн бусдын хуримын ёслолыг үйлдэж тэдний гэрлэлтийг зарламаар байвал, хэлснээр нь болгоё. Та болон таны төр үүнд холбоогүй л юм бол, санаа зовох юу байх билээ?” гэж Кинсли хэлнэ.



Гэвч энэ бол Массачусетсын дээд шүүхийн хүссэн тэр байр суурь биш. Тэд гэрлэлтийн тогтолцоог халахыг хүссэн учиртай биш. Шүүх ямар нэг дотно холбоонд нийгмийн батламж олгодог төрийн үүргийг асуудал гэж үзэлгүй, харин ч эсрэгээрээ гэрлэлтийг “Бидний коммунити дэхь хамгийн үр дүнтэй, эрхэмлэдэг тогтолцооны нэг мөн” хэмээн төвийлгөн тодотгоод, гэрлэлтийн тодорхойлолтод ижил хүйстнийг ч хамруулан өргөжүүлсэн.

Энэ явцдаа шүүх гэрлэлтийг хувь хүний сонголтыг хаа хүртэл зөвшөөрөх вэ гэдэг асуудлаас том зүйл болохыг хүлээн зөвшөөрсөн. Тэр бол нийгмийн батламжлал болон нэр хүндийн ч асуудал мөн. Шүүгч Маршал ингэж бичсэн байдаг.
“Бүхий л иргэдийн гэрлэлтэнд 3 тал оролцдог. Гэрлэхийг хүссэн хоёр хүн, тэгээд түүнийг нь батламжлах төр. Иргэдийн гэрлэлт бол хувь хүний гүнзгий амлалт мөнийн хажуугаар харилцан солилцоо, нөхөрлөл, дотносол, цэвэр ариун байдал, гэр бүлийн идеалд хандсан нээлттэй өргөмжлөл ч бас мөн.”



Энэ бол шүүхийн байр суурь. Либерал төвийг сахьсан шинжийг хамаагүй давсан байна. Тэд албан ёсны батламжлал гэдэг хэлбэрээр гэрлэлтийг хүндтэй зүйл хэмээн тэмдэглэж, бас алдаршуулсан байна. Шүүх гэрлэлтийн телосын талаар эргэцүүлэхээс зайлсхийх боломжгүй болохоо анзаарсан. Шүүхийн шийдвэр бичиг дотор шүүгч Маршал гэрлэлтийн гол зорилго бол нөхөн үржихүй мөн гэх ухагдахууны талаар судлаад, түүнийгээ татаж авсан байдаг. Тэрээр гэрлэх зөвшөөрөл хүссэн эсрэг хүйстнүүдээс хүүхэд төрүүлэх чадвар хийгээд хүсэл байгаа эсэхээ батлахыг шаарддаггүй болохыг онцолсон. Хүүхэд тээх чадвар гэрлэлтийн шалгуур биш. Үхэх гээд хэвтэж байгаа хүн ч гэрлэж болно.

Ингээд шүүгч бидний өмнө эхлүүлсэнтэй адилаар гэрлэлтийн зохистой зорилго, мөн чанарлаг шинж, телосын талаар тунгааж, ийм дүгнэлт хийсэн. “Нөхөн үржих бус, партнерууд харилцан биестээ өгөх үүрдийн амлалт нь гэрлэлтийн мөн чанарлаг зүйл бөгөөд зорилго нь юм.”



Тэгэхээр энэ шүүхийн шийдвэрийн тухайд миний хэлмээр байгаа зүйл бол, ижил хүйстний гэрлэлтийг дэмжсэн ч юм уу эсэргүүцсэн эсэх нь биш. “Уг язгуурт нь байгаа ёс суртахууны, шашны асуудалд төвийг сахьсан байдлаар ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж, эсвэл үгүйсгэж болно” гэх санааг үгүйсгэж байгаа явдал нь юм. Эндээс дараах зүйл гарч ирнэ. Бидний нийгэмд өрнөдөг шударга ёс болон эрхийн асуудлаарх ширүүн мэтгэлцээнүүдийн заримд нь “Энэ бол ердөө л зөвшил ч юм уу сонголт ч юм уу хараат бусын асуудал болохоор, бид ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй” гэж хэлээд төвийг сахихыг оролдох нь амжилтанд хүрэхгүй (Өөрөөр хэлбэл, “Наад чинь тухайн хүний л эрхийн бас сонголтын асуудал, надад падгүй” гэж хэлэх нь зарим тохиолдолд буруу). Ёс суртахууны, шашны маргаанд төвийг сахихыг хүсдэг шүүх хүртэл тэгж чадахгүй болохыг ойлгож авлаа.

Тэгвэл сайныг онолдохын тухайд яах бол?

Шударга ёс болон эрхийн талаарх яриан дээр сайны тухай ярих нь зайлшгүй юм бол, сайныг онолдох арга бий болов уу?

Сайны тухай онолдохыг “ёс суртахуунтай холбоотой саналын зөрүү гарах болгонд харьцуулж хардаг сайн амьдрахуйн тухай цор ганц зарчим, эсвэл дүрмийг олж тогтоох явдал” гэдэг утгаар хэлж байгаа бол, хариулт нь “Үгүй”. Ердөө ганц зарчим, дүрэмтэй байх нь сайн амьдрахуй хийгээд шударга ёсны тухай онолдох цорын ганц арга ч биш, хамгийн шилдэг ч арга биш.

Шударга ёс болон эрхийн тухай, мөн сайн амьдрахуйн тухай бидний өдийг хүртлэх яриаг эргэн санана уу.

Яриа ямар байдлаар өрнөсөн билээ? Яг Аристотелийн хэлсний дагуух хэлбэрээр өрнөж ирсэн. Өөрөөр хэлбэл, жишээ, болсон явдал, асуудал тус бүрийн талаарх бидний шийдвэр үргэлж эргэж буцаж байсан. Жишээ, асуудал тус бүрийн талаарх шийдвэр болон, тэнд тийм байр суурь баримталсан үндэслэлээ тайлбарлах илүү ерөнхий зарчмуудын хооронд эргэж буцаж байсан.

Иймэрхүү ёс суртахууны онолын диалектик хэлбэр нь эртний Грекийн философич Платон, Аристотель хүртэл хөвөрнө. Гэвч тэр нь тэд нараар төгссөн нь үгүй. Жон Ролз шударга ёсны онолоо зөвтгөх аргаа тайлбарлах үедээ, тэрээр гайхамшигтай тодорхой бас оновчтой байдлаар сократлаг ёс суртахууны үндэслэл, диалектик ёс суртахууны үндэслэл (dialectical moral reasoning)-ыг хамгаалсан.

Ролзын онол бол зүгээр нэг үл мэдэх гивлүүр ба түүний ард сонгогдох зарчим төдий яриа биш. Ролз үүндээ Тусгалын тэнцвэрт байдал (reflective equilibrium) хэмээх ёс суртахууны үндэслэлийн тухай ч бас онолдсон бий. Тусгалын тэнцвэрт байдал гэж юу вэ? Тэр бол жишээ тус бүрийн талаар бидний гаргасан шийдвэр болон тэдгээр шийдвэрийн үндэс язгуурт байгаа ерөнхий зарчим хоёрын хооронд эргэж буцах явдал юм (Өөрөөр хэлбэл, шинэ юм болох бүрд өмнөх шийдвэрүүдээ эргэн харж, өмнөх шийдвэрүүдээ эргэн харах бүртээ суурь зарчмаа эргэн харах явдал).

Гэвч бидний өнгөц бодол алдаатай ч байж мэдэх тул, тэр шийдвэр дээрээ зогсох биш шийдвэр гаргасныхаа дараа тухайн шийдвэрүүдээ зарчимтай тулгаж харах явдал ч байж болно. Тэгээд зарчмаа ч засах тохиолдол байхад, тухайн шийдвэр хийгээд өнгөц бодлоо ч засах тохиолдол байна. Ролзынхоор бол түүний ерөнхий санаа нь ийм юм.
“Шударга ёсны ойлголт нь илэрхий суурь нөхцлөөс мөрдөн гарах боломжгүй. Тэр бол олон харгалзах хүчин зүйлсээр харилцан түшилцэж, бүгд хоорондоо уялдан цэгцэрснээр сая зөвтгөгддөг.”



Хожим нь тэрээр “Шударга ёс” номондоо ингэж бичсэн байдаг.
“Ёс суртахууны философи бол сократлаг шинжтэй. Бид өөрсдийн гаргасан шийдвэрээ хүртэл, нэгэнтээ түүнийг тодорхойлох зарчим нь ил гарсны дараа өөрчилмөөр санагдаж болно.”



Ролз ийм байдлаар тунгааж, тусгалын тэнцвэрт байдлын санаагаа хөгжүүлсэн юм гэвэл, бидэнд ямар асуудал үлдэх вэ гэхээр, тэрээр түүнийгээ ёс суртахууны болон сайн амьдрахуйн асуудал бус зөвхөн шударга ёсны асуудалд ашиглаж байгаа явдал юм. Тийм ч учраас Ролз “Сайнаас илүү эрх дээгүүрт тавигдана” гэсэн санаан дээрээ зогссоор байгаа юм.

Ролз тусгалын тэнцвэрт байдлын аргаараа, шударга ёс болон эрхийн талаар дундын шийдвэрт хүрч чадна гэж бодож байгаа боловч, тэр нь сайн амьдрахуй, цогц ёс суртахууны болон шашны асуудлын талаар ч бас дундын шийдвэрт хүрнэ гэж бодоогүй.

Яагаад гэвэл Ролз “өнөөгийн нийгэмд сайны талаарх үзэл бодол олон ургалч хэлбэрээр оршин байдаг” гэж боддог болохоор тэр. Хичнээн сайн санаат логик сэтгэлгээтэй хүмүүс ч хүртэл сайн амьдрахуйн асуудал, ёс суртахууны болон шашны асуудлын талаар харилцан санал зөрөлддөг нь анзаарагдана. Үүн дээр Ролзын зөв юм шиг харагдах байх. Тэрээр олон ургалч нийгэмд саналын зөрөлдөөн байна гэх төдий факт яриагүй. Сайн амьдрахуй болон ёс суртахууны, шашны асуудлын хооронд ямагт саналын зөрөлдөөн байсаар байхыг ч гаргаж тавьж байна.

Гэвч тэр нь үнэн юм гэвэл, “Харин шударга ёсны тухайд бол тийм биш” гэх түүний дараагийн санал ч бас зөв байх боломжтой юу? Бид бодит байдал дээр олон ургалч нийгэм дунд шударга ёсны талаар ч бас зөвшилд хүрэхгүй юм биш үү? Тэгээд тэдгээр саналын зөрөлдөөний ядаж зарим нь зүй ёсны, байх ёстой зөрөлдөөн биш гэж үү?

Либертари шударга ёсны онолыг дэмжих хүмүүс байхад, илүү эгалитари шударга ёсыг таашаах хүмүүс ч бий. Үл оролцогч хэлбэрийн либертари шударга ёсноос, илүү эгалитари маягийн гээд бидний нийгэмд олон янзын үзлүүд бий. Бид шударга ёс, үг хэлэх эрх чөлөөний утга учир, шашны чөлөөт байдал гэсэн сэдвүүдийн талаар хэлэлцэх үед үүсэх ёс суртахуунлаг үндэслэл болон саналын зөрөлдөөний хооронд, ямар нэгэн зарчмын шинжтэй ялгаа бий юу? Дээд шүүхийн төлөөллийг сонгохтой холбоотой мэтгэлцээнийг бодоод үз. Тэр чигээрээ шударга ёс болон эрхийн талаарх саналын зөрөлдөөн.

Зүй ёсны үзэл бодлууд олон ургалч байдлаар оршин байдаг гэх фактанд, шударга ёс ба эрхийн тохиолдол, тэгээд ёс суртахуун ба шашны тохиолдлын хооронд ялгаа бий юу? Минийхээр бол тэнд зарчмын ялгаа байхгүй. Аль ч тохиолдолд, хэрвээ санал нийлэхгүй бол бид энэ хичээлийн турш хийсэнтэй адил хэлбэрээр харилцагчтайгаа саналаа солилцоно. Тэгээд жишээ тус бүрээс гарах яриануудыг судалж, биднийг нэг зүг рүү чигүүлж өгөх үндэслэлийг хөгжүүлэхийг зорино.

Бусдын үндэслэлийг сонсож, заримдаа өөрийн байр сууриа өөрчил гэж ятгуулна. Өөрийн байр сууриа бэхжүүлэн хүч оруулахыг тулган өрсөлдөх ч явдал гарна. Гэвч, шударга ёсны талаарх ёс суртахуунлаг мэтгэлцээн ийм байдлаар урагшилдаг бөгөөд, сайн амьдархуйн асуудлын тухайд ч бас адилхан гэж би бодож байна.

Одоо ахиад нэг болгоомжлол, либерал болгоомжлол үлдсэн.
Бид ёс суртахуун хийгээд шашны хувьд санал зөрөлддөг юм чинь, шударга ёсны тухайд ч бас санал зөрөлдөх нь мэдээжийн зүйл гэж үздэг болчихвол яах вэ? Яавал санал нийлдэггүй ахан дүүсээ (нэг улсын иргэдээ) хүндэтгэхийг зөвшөөрдөг нийгэмд хүрч очиж чадах вэ?

Тэр бол, бид нар ямар хэлбэрийн хүндэтгэлийн ойлголттой байхаас хамаарах байх. Либерал ойлголтоор бол, ахан дүүсийнхээ ёс суртахууны болон шашны итгэл үнэмшлийг нь хүндэтгэх гэдэг нь тэдгээрийг улс төрийн зорилгын төлөө харин ч үл тоох явдал. Тиймэрхүү ёс суртахууны болон шашны итгэл үнэмшлийг нь хойш тавьсан чигээрээ тэрэнд нь хушуу дүрэлгүйгээр өөрсдийн улс төрийн мэтгэлцээнээ үргэлжлүүлэх явдал.

Гэвч тэр нь ардчилсан аж төрөх ёсонд зайлшгүй байх ёстой харилцан хүндлэлийг ойлгох цорын ганц арга биш төдийгүй, магад хамгийн зохистой арга ч биш. Бидэнд ахан дүүсийнхээ ёс суртахууны болон шашны итгэл үнэмшлийг хүндэтгэх ахиад өөр аргууд ч байж болно. Түүнийг нь үл ойшоох биш түүнд нь оролцох, түүнийг нь сонирхох, заримдаа сонжиж бас өрсөлдөх, заримдаа анхаарлаа хандуулж суралцах байж болно.

Ёс суртахуунд нь болон шашинд нь санаа тавих (буюу хушуу дүрэх) хэлбэрийн улс төр нь ямар ч тохиолдолд зөвшилд хүрнэ гэсэн баталгаа байхгүй л дээ. Тэр нь бусдын ёс суртахууны болон шашны итгэл үнэмшлийг гүнзгий ойлгохтой холбогдоно гэсэн баталгаа ч байхгүй. Шашны, ёс суртахууны сургаалд гүнзгий суралцсанаар эцэстээ түүндээ улам дургүй болох явдал хэзээд тохиох боломжтой.

Гэвч надад, бусдын талаар гүнзгий эргэцүүлж гүнзгий холбогдох нь, олон ургалч нийгэмд илүү зохистой бөгөөд тохиромжтой идеал юм шиг санагддаг. Бидний хооронд ёс суртахуунлаг болон шашинлаг саналын зөрүү байж, хүний сайны талаарх туйлын олон ургалч шинж оршин байгаа л бол, бид зөвхөн ёс суртахуунлагаар холбогдох байдлаар нийгмийн төрөл бүрийн сайныг илүү гүнзгий ойлгож чадна гэж бодож байна.

Хичээлийн эхний өдөр энд цуглах үедээ би улс төрийн философийг сайшаахын хажуугаар түүний аюулын тухай бас ярьсан. “Улс төрийн философи хэрхэн биднийг ижил дасал зүйлсээс маань хөндийрүүлж, бидний тайван суурь нөхцлийг маань түгшүүртэй болгодог вэ” гэсэн яриа. Би “Ижил дасал зүйлс маань нэгэнтээ танихгүй юм болоод хувирчихвал, буцаж хэзээ ч урьдын хэвэндээ орохгүй” гэдгийг та нарт анхааруулах гэж оролдсон.

Та бүгд жаахан ч атугай тэр түгшүүрийг мэдэрсэн бол сайн байна. Яагаад гэвэл тэр түгшүүр бол шүүмжит сэтгэлгээ болон улс төрийн дэвшил, тэгээд магадгүй ёс суртахуунлаг амьдралыг хүртэл сэргээх зүйл учраас тэр. Бидний хичээл нэг талаар төгсгөлдөө ирсэн ч, нөгөө талаар үргэлжилсээр байна. Бид анхандаа “Яагаад хэзээ ч шийдэгдэх боломжгүй асуудлуудыг гаргаж тавьсаар, эдгээр мэтгэлцээнүүд үргэлжилнэ вэ?” гэж асуусан. Түүний шалтгаан нь, бид нар өдөр тутамдаа эдгээр асуултанд хариулангаа амьдарч явдагт бий.

Бидний нийтийн амьдрал, хувийн амьдралын дунд заримдаа хариулт гэж байхгүй мэт санагдавч, философи бол тойрох боломжгүй зүйл. Бид Кантын үзэл санаанаас эхэлсэн.
“Үгүйсгэл бол хүний оюун бодлын амрах өрөө юм. Тэр бол хувийн бодол дотроо бардамнан тэнүүчилж болох газар. Гэхдээ үүрд тэндээ үлдэх газар бол биш. Зүгээр л үгүйсгэлтэй санал нийллээ гээд, оюун бодлын түгшүүр зовнилыг хэрхэвч анагааж чадахгүй.”

Кант ингэж бичсэн байдаг. Энэ хичээлийн зорилго бол оюун бодлын түгшүүр зовнилыг сэрээн босгож, тэр түгшүүр хаа хүрэхийг харах явдал байсан. Бид ямар ч байсан түүнийг хэрэгжүүлж, тэр түгшүүр ахиад хэдэн жилийн турш та нарыг шаналгасаар байвал, бид хамтдаа нэгэн том ажлын ард гарлаа гэсэн үг. Баярлалаа (Бүгд босч алга ташив).

Тайлбар:

Үнэхээр сэтгэл хөдлөм төгсгөл байлаа. Оюутнууд ч бас профессортой хамтран энэ хичээлийг бүтээлцсэн мэт мэдрэмжээр дүүрэн байсан болов уу гэж санагдана.

Энэ удаагийн лекцээр өмнөхийн үргэлжлэл болгож ижил хүйстний гэрлэлтийн жишээг гаргангаа, шударга ёсыг тунгаахын тулд сайныг тунгаах шаардлагатай болохыг эхлээд тодорхой болгосон. Энэ бол профессор Санделын улс төрийн философи дахь хамгийн том ажил бөгөөд, үүнийг “Сайн бүхий шударга ёс” гэсэн үзэл гэж хэлж болно.

Энэ үзэл дээр “сайн”-ыг хэрхэн тунгаах вэ гэдэг нь чухал асуудал болно. Үүн дээр уг асуудлыг тунгаахын тулд, зарчим болон бодит жишээ хоёрын хооронд нааш цааш эргэнгээ тунгаах гэсэн санааг илэрхийлсэн учиртай. Үнэндээ энэ санаа нь профессор уг лекцийг хөтөлсөн шиг, сократлаг маягийн харилцан ярианы арга гэж хэлж болох болов уу гэж санана. Тиймээс тоймлоод хэлбэл, профессор Сандел иймэрхүү харилцан ярианы аргаар аливаа нэг коммунити дэхь “шударга ёс”-ны үзлийг давсан “сайн”-ыг эрэлхийлж, тэр “сайн”-тай холбоотойгоор “сайн бүхий шударга ёс”-ыг эргэцүүлэх аргыг дэлгэн үзүүллээ, гэж хэлж болох болов уу.

Ингэхэд энэ лекц бүхэлдээ ямар асуудлыг тулган тавьж байна вэ? Өнөөгийн ертөнцөд эрх болон эрх чөлөө гэх санаанд тулгуурласан либерализм голлож байна. Гэвч өнөөгийн улс төрийн философи бол жишээ нь зах зээлийн асуудал, дайны асуудал зэргийг авч үзэхдээ, заримдаа амь насны асуудлыг, цаашилбал сайны асуудлыг орхигдуулчих гээд байдаг талтай. Үүнд хандаж профессор Сандел сайн тэргүүтэй этикийн болон оюун санааны асуудлыг халз барьж аван, энэ талаар бид нар эргэцүүлэн тунгаахын чухлыг гарган асууж байна. Энэ бол үнэндээ өнөөгийн нийгмийн үндэс язгуур тийш хөндсөн чухал асуулт бөгөөд, профессор Санделын улс төрийн философи нь үүнд хандсан туйлын чухал бөгөөд шинэлэг сорилт гэж санагдана.


4 comments:

  1. Anonymous9/10/18 15:15

    Буддизмээ үргэлжлүүлээрэй. Бас эзотерик сонин шүү.

    ReplyDelete
  2. бас фермагын сүүлчийн теором-г одоо болтол хүлээгээд л байгаа шүү

    ReplyDelete
  3. Баярлалаа. Бүгдийг нь уншиж нэгэн мундаг философичтой танилцлаа. Сайн орчуулжээ.

    ReplyDelete